Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/66

 

 

 

 

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жавхлантөгс,  

улсын яллагч М.Сумъяа,

шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектур мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт, ... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Б.Б (РД:...).

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Б.Б- нь 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эм эст” ХХК-ийн барилгын хашаанд О.Б-ыг биед нь халдан цохиж зодон эрүүл мэндэд нь зүүн дээд 2-р шүдний сулрал, зүүн хөмсөгт няцарсан шарх, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салст буйланд цус хуралт, хэвлий баруун өвдөгт зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-гаас: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй. гэсэн болно.

 

Хоёр: Эрүүгийн *** дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр иргэнээс “баригдаж байгаа барилгын хүмүүс манай нөхрийг зодсон байна” гэх утгатай ирүүлсэн дуудлага, лавлагааны хуудас (хавтаст хэргийн 6 дахь тал),

2. Хохирогч Р.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн ажиллаж байсан Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эм эст ХХК-ийн замын эсрэг талд байрлалтай Хатан туул цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд сахиулаар байсан. Бага хэмжээний архи хэрэглэсэн байсан. Гэрээсээ бие засах гээд явж байсан чинь хажуугийн барилгын захирал Тулга гэх залуу нааш ир хөгшөөн гэхээр нь яваад очсон. Бид хоёр ажил сайн уу, юу байна, сонин сайхан гээд ярьж байсан чинь танил Б.Б-араас татаж унагаад босгоод толгой руу мөргөөд зүүн хөмсөг язраад шүд хөдөлсөн. Би яаж байгаа юм бэ, яагаад ингэж байгаа юм гэж хэлээд өөрийгөө хамгаалах гэж газраас чулуу хайсан боловч олдохгүй байсан. Тэгээд газраас шороо барьж аваад асгуулаад дахиад боож унагаагаад өвдгөөр чирсэн. Би гэр лүү гүйж ороод жижиг отверки аваад гараад ирсэн чинь Баясгалан явсан байсан. Би эхнэр лүүгээ залгаад болсон үйл явдлыг хэлсэн чинь эхнэр ирээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Баясгалан уучлал гуйгаад, эмчилгээний зардлын мөнгө гэж Хаан банкны *** тоот эхнэр Д-ийн данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

 

3. Гэрч Н.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нөхөр Р.Б- гэртээ архи ууж байгаад унтаж амарсан. 16 цагийн орчимд нөхөр босож ирсэн. Би тэр үед хүүхдүүдээ сургууль цэцэрлэгээс нь авах гээд гэрээсээ гараад явсан. 16 цаг 40 минутын орчимд нөхөр гар утас руу залгаад хажуугийн барилгын Б.Б- зодчихлоо хаана байгаа юм, ирж байна уу гэж асуухаар нь очиж байна гэж хэлээд хэсэг хугацааны дараа гэртээ ирсэн. Тэгэхэд нөхрийн зүүн хөмсөгнөөс цус гараад шүд нь хөдөлчихсөн, амнаас нь цус гарсан байдалтай байсан. Б.Б-тай уулзах гэсэн чинь барилгаас огт гарч ирэхгүй байсан. Тэгэхээр нь өөрийнхөө гар утсаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Цагдаа нар ирээд Б.Б-, нөхөр Б.Б нарыг аваад явсан. Б.Б- уучлалт гуйгаад 500,000 төгрөгийг миний Хаан банкны *** тоот данс руу мөнгө шилжүүлсэн. Одоо Б.Б-тай хэвийн харилцаатай байгаа. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19 дэх тал),

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн № 126647 дугаартай хүний биед хийгдсэн :

-Р.Б-ын биед зүүн дээд 2-р шүдний сулрал, зүүн хөмсөгт няцарсан шарх, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салст буйланд цус хуралт, хэвлий, баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

 

5. Яллагдагч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр би өөрийн ажиллаж байгаа барилга дээр байхад хажуугийн хашаанд сахиулаар амьдардаг Р.Б гэдэг залуу согтуурхаад найз Тулгыг дуудаад байсан. Ингээд Р.Б-бид хоёрын дунд маргаан үүсээд Р.Б-тай зууралдаад Р.Б-ын нүүрэн тус газар нь цохисон. Хөмсөгнөөс нь цус гараад Р.Б гэр лүү гээ орсон. Удалгүй цагдаа нар ирээд бид хоёрыг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Би цагдаагийн хэлтэс дээр ирээд уучлалт гуйгаад гар барьсан. Миний буруу гэдгээ хэлсэн. Миний ажиллаж байгаа барилгын зүүн талын хашаанд Р.Б сахиулаар ажилладаг том тэрэг орох гарах гэхээр маргаан үүсэж байсан. Бусдаар зодолдож зууралдаж байсан зүйл байхгүй. Сүүлд л 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зууралдаж цохиж биед нь гэмтэл учруулсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал),

6. Хүний биед 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үзлэг хийсэн: Хохирогч Р.Б-ын биед үзлэг хийхэд хөгжлийн бэрхшээлтэй зүүн гар тахир дутуу зүүн хөмсөг язарсан шархтай. гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 55-56 дахь тал),

 

7.Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хохирогч Р.Б, яллагдагч Б.Б- нарын бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 59-60 дахь тал), прокурорын ялын санал, тогтоол (хавтаст хэргийн 65-69 дэх тал),

8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 45-52 дахь тал), болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчийн эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх яллагдагчийн хүсэлтийг прокурор хүлээн авч, ялын санал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад  зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Б-гийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, хохирол, хор уршгийн талаар маргаагүй болно.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Б- нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эм эст” ХХК-ийн барилгын хашаанд 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Р.Б-ыг согтуурхаад найз Тулгыг дуудлаа гэх шалтгаанаар түүнийг гараараа цохиж бие, эрүүл мэндэд нь зүүн дээд 2-р шүдний сулрал, зүүн хөмсөгт няцарсан шарх, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салст буйланд цус хуралт, хэвлий баруун өвдөгт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ирсэн иргэнээс ирүүлсэн дуудлага, лавлагааны хуудас (хавтаст хэргийн 6 дахь тал),

-Хохирогч Р.Р.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

 

-Гэрч Н.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19 дэх тал),

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн № 126647 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

 

-Яллагдагч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал),

-Хүний биед 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 55-56 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Б нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдсон байх ба хохирогчид учирсан гэмтэл нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно”. гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

Шүүгдэгч нь хохирогчтой маргаан үүсгэж улмаар бие, эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос ирүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ажиллагаа хуулийн шаардлагад нийцсэн гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Тус хэргийн улмаас хохирогч Р.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирол, хор уршгийн зардал нэхэмжилсэн баримтыг ирүүлээгүй, нэхэмжлэл гаргаагүй. Шүүгдэгч Б.Б нь хохирогчийн эхнэр Н.Д-ийн “Хаан банк”-д эзэмшдэг *** тоот данс руу 500,000 төгрөгийг эмчилгээний зардалд гэсэн утгаар шилжүүлсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон дансны хуулга (хавтаст хэргийн 54 дэх тал) зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж тус тус хуульчилсан.

 

Талуудын санал, дүгнэлт:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Б-д ялын санал танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэх саналтай, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.” гэсэн дүгнэлт гаргасан ба   шүүгдэгч өөрийгөө өмгөөлж дүгнэлт хэлэхдээ ялын саналыг зөвшөөрч байгааг илэрхийлсэн бөгөөд мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

Шүүгдэгч Б.Б-г эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

 

Шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар шүүх хуралдаанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангагдсан гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Б.Б нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч хувиараа ажил эрхэлж цалин хөлс, орлого олдог зэргийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар:

 Шүүгдэгч Б.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд төлүүлэхээр  тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Б-гийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН