Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/67

 

 

 

 

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч С.Ууганбаяр,

шүүгдэгч Б.О-, түүний өмгөөлөгч Т.Маргад-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.О-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн ***** дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Аюулгүй байдал хууль сахиулах мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, нөхөр хүүхдийн хамт  ... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Б.О /РД:..../,

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Б.О- нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хан хиллс хотхоны автомашины зогсоол дээр 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Г.Э-тэй маргалдаж улмаар түүний биед халдан зодож биед нь тархи доргилт, духны гол зүүн хэсэгт хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шууны дотор доод хэсэгт цус хуралт, эрхий хурууны хумсны хууларсан шарх, баруун гарын долоовор, дунд хуруу, зүүн гарын эрхий, дунд хурууны хумсны хугарал, толгойн оройн хэсэг, баруун мөрний ар дотор хэсэг, аюулхай баруун өгзөгний дээд хэсэг, баруун гуяны гадна дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О-ээс: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй. гэсэн болно.

 

Хоёр: Эрүүгийн ***** дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн Г.Э-ээс 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Хан хиллс хотхоны зогсоол дээр бусдад зодуулсан. гэх утгатай ирүүлсэн гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),

2. Хохирогч Г.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн: Хан-Уул дүүргийн Хан хиллс хотхоны спорт зааланд талбайн газрын теннисийн дугуйланд явчхаад 12 цаг 50 минутын үед гарч ирээд Спорт заалны хашаагаар гараад хажуу талд нь байрлуулан тавьсан *** улсын дугаартай хар өнгийн Мерседес бенз маркийн машиныхаа багажид цүнх, эд зүйлээ хийж байхад зүс мэдэх Б.О- нэг найзынхаа хамт ирээд чамд хэлэх зүйл байхгүй юу гэхээр нь сандарсан. Яагаад сандарсан бэ гэхээр 2 долоо хоногийн өмнө нь инстаграмм хуудас дээрээ Б.О- пост оруулаад утасны дугаарын сүүлийн дугаарыг оруулаад “зарим нэг хүний хүн лүү шунадаг сэжгийн хямдхан хүүхнүүд ичих нүүртэй бол нэг мөсөн зайлмаар байна шүү үстэйгээ байгаа дээрээ” гэсэн утга бүхий зүйл байсан. Б.О- найзтайгаа машины багаж онгорхой байхад шахаад намайг үсдээд толгой, нүүр лүү гараараа цохиод, гэдэс рүү өшиглөж гуя руу өшиглөөд байхаар нь болиулах гээд хувцаснаас нь зуураад биеэ хамгаалах гээд салах оролдлого хийсэн байж магадгүй. Б.О-ийн биед халдсан зүйл огт байхгүй. Энэ асуудлаас 2 сарын өмнө Билгүүнийг эхнэртэй талаар нь мэдээд тэрнээс хойш харилцаагаа таслах гэсэн боловч салахгүй мессеж бичиж утсаар ярьдаг байсан. Сэтгэл санааны хувьд хүнд байдалд орсон. Нэхэмжлэх зүйлгүй. Холбогдох дүрс оношилгооны шинжилгээний хариу СD-г гаргаж өгч байна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

 

3. Гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр найз Б.О-ийн хамтаар найзын нөхөртэй явалдаж байсан Г.Э- гэх охинтой таарсан. Манай найз Г.Э-тэй очиж уулзъя гэсэн. Тэгээд яваад очтол найзыг чи юу хийж яваа юм бэ, одоо яах гээд байгаа юм бэ гэж хэлтэл Б.О чи яагаад ингээд байгаа юм бэ, уучлалт гуйхгүй юм, яагаад юу ч болоогүй юм шиг байгаад байгаа юм бэ гэж асуусан. Тэгсэн чинь одоо бүх зүйл болоод өнгөрсөн, яах гээд байгаа юм бэ юу хүсээд байгаа юм бэ, би одоо ажилтай байна гээд Б.О-ийг түлхсэн. Тэр хоёр бие биеэ үсдээд, алгадаад, өшиглөөд эхэлсэн. Би дундуур нь орж салгаад болиулсан. Г.Э гэх охин би теннисийн багш даа юм өгөөдөхье гээд хамт заал руу нь орсон. Тэгээд багшдаа юм өгчхөөд гарч ирээд хоёр биеэсээ уучлалт гуйгаад, нөгөө Г.Э гэх охин би танай нөхөртэй дахиж уулзахгүй, хичээл заадаг өдөр нь би ирэхгүй байгаа, дахиж тааралдахгүй, ийм асуудал болохгүй гээд салсан. Бид Хүннү 2222 дээр байр үзээд явж байтал найз Б.О хүзүүний зүүлтээ алга болгочхож гээд манай найз залуу Б.О бид гурав буцаад Хан хилсс хотхон руу явсан. Тэгээд зүүлтээ хайгаад байж байтал Г.Э гэх охины ах нь гарч ирээд та нар дүүгээс мөнгө хүсээд байгаа юм, одоо яах гээд байгаа юм бэ, би та нар шиг халтрыг мэднэ, та нар хэний хүүхдээр оролдсоноо мэдэхгүй байна гээд хэл амаар доромжилсон. Би Г.Э лүү чи юу болсон талаараа наад хүмүүстээ тайлбарлаж өгөөч гэтэл Г.Э наад хоёрт чинь буруу байхгүй, Одоо зүгээр больцгооё гэж хэлээд байж байтал Г.Э-ийн аав, ээж нь ирээд та нар хүүхдийг яаж байгаа юм бэ, хэний хүүхдээр оролдоод байгаа юм бэ гээд орилж хашгирсан. Манай найз залуу машин дотор сууж байтал машиныхаа түлхүүрийг өг, би том хүн шүү та нарыг шоронд явуулна шүү гэж найз залууд хэлсэн гэсэн. Би тухайн үед Г.Э-ийн найзтай юм яриад зогсож байсан. Манай найзын нөхөртэй Г.Э 2022 оны 10 дугаар сард үнсэлцээд зогсож байхаар нь та хоёр юу хийгээд байгаа юм гэтэл бид хоёр тамхи татаж байна гэсэн. Татаж байгаа тамхи чинь хаана байгаа юм, ингэж тамхи татдаг юм уу, наад хүн чинь эхнэр, хүүхэдтэй гэж хэлтэл би мэдэж байгаа, чиний харсан шиг зүйл болоогүй гээд зугтаагаад явсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-33 дахь тал),

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн № 14735 дугаартай хүний биед хийгдсэн :

- Г.Э-ийн биед тархи доргилт, духны гол зүүн хэсэгт хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шууны дотор доод хэсэгт цус хуралт, эрхий хурууны хумсны хууларсан шарх, баруун гарын долоовор, дунд хуруу, зүүн гарын эрхий, дунд хурууны хумсны хугарал, толгойн орой хэсэг, баруун мөрний ар дотор хэсэг, аюулхай, баруун өгзөгний дээд хэсэг, баруун гуяны гадна дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн № 1052 дугаартай хэргийн материалаар хийгдсэн:

- Шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14735 дугаартай дүгнэлт үндэслэлтэй.

-Г.Э-ийн биед учирсан тархи доргилт, духны гол зүүн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Баруун шууны дотор доод хэсэгт цус хуралт, баруун гарын эрхий, долоовор, дунд хуруу, зүүн гарын эрхий, дунд хурууны гэмтэл, толгойн орой хэсэг, баруун мөрний ар дотор хэсэг, аюулхай, баруун өгзөгний дээд хэсэг, баруун, гуяны гадна дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 44-45 дахь тал),

 

6. Яллагдагч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр найз Бямбацэцэгийн хамт Хан хиллс хотхонд байр үзчихээд явж байгаад санаандгүй автомашины зогсоол дээр Г.Э-тэй таараад нөхрийн асуудлаас болоод маргалдсан. Намайг эхлээд түлхэхээр нь зөрүүлээд алгадаад бие биеэ үсдэхэд Г.Э- гэдэс рүү өшиглөсөн. Би зөрүүлээд өшиглөөд нэг удаа гараараа цохисон. Бямбацэцэг бид хоёрыг салгасан. Тэгээд Г.Э- багштайгаа уулзана гээд ороод гараад ирэхээр нь уулзаад ярилцсан. Бие биетэйгээ уулзаад ярилцсан. Би найзын хамт Хүннү хороололд байр үзэж байхад гинж алга болсон байхаар нь Г.Э-тэй ноцолдож байгаад алга болгочхож гээд буцаад ирэхэд Г.Э- найз болон ах ээж, аав нартайгаа байсан. Намайг хэл амаар доромжилсон. Удалгүй цагдаа ирсэн. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85-56 дахь тал),

7.Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч Б.О-ийн бичгээр гаргасан хүсэлт, прокурорын тогтоол, ялын санал (хавтаст хэргийн 93-97 дахь тал),

 

8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 64-68 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчийн эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх яллагдагчийн хүсэлтийг прокурор хүлээн авч, ялын санал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад  зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ шүүгдэгч Б.О-ийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Маргад-Эрдэнээс: Б.О- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.О- нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хан хиллс хотхоны автомашины зогсоол дээр 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Г.Э-ийг нөхөртэйгөө хардаж маргалдан улмаар түүнийг үсдэх, цохих зэргээр бие, эрүүл мэндэд нь тархи доргилт, духны гол зүүн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:  

- Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн Г.Э-ээс ирүүлсэн гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),

-Хохирогч Г.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

 

- Гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-33 дахь тал),

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №14735 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №1052 дугаартай хэргийн материалаар хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 44-45 дахь тал),

 

- Яллагдагч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 85-56 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. гэж хуульчилсан.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.О- нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон байх ба хохирогчид учирсан гэмтэл нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно”. гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ.

Шүүгдэгч, хохирогч нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу хардалтын улмаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нөхцөл болсон байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос ирүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ажиллагаа хуулийн шаардлагад нийцсэн гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.О-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Тус хэргийн улмаас хохирогч Г.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх боловч хохирол, хор уршгийн зардал нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч Б.О-д ялын санал танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд төлүүлэх саналыг. гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Маргад-Эрдэнээс: Улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Мөн хэрэгт авагдсан баримтаар 450,000 төгрөгийн торгох ялыг төлөх бүрэн боломжтой. гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

Шүүгдэгч Б.О- нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар ял шийтгэлгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

 

Шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар шүүх хуралдаанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангагдсан гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Б.О- нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч Б.О-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хохирогчоос хэрэгт хавсаргуулан ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.О-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.О-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хохирогчоос хавсаргаж ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.О-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН