| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2019/01507/И |
| Дугаар | 184/ШШ2019/01518 |
| Огноо | 2019-06-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 184/ШШ2019/01518
| 2019 оны 06 сарын 05 өдөр | Дугаар 184/ШШ2019/01518 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, .... тоот хаягт оршин суух, О- овогт Б-ийн Ч- /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, .... дугаар хороо, .... гудамж, .... тоот хаягт оршин суух, .... овогт С-ийн Э-ийн /РД:..../-д холбогдох,
9,399,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д- нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Ч- нь 2018 оны 02 сарын эхээр Э- гаргасан хашаа байшин зарах зарын дагуу холбогдон уулзаж үнийг нь сонсоход 45,000,000 төгрөг гэж хэлсэн байдаг. Нэхэмжлэгч нь би цалингийн зээл хөөцөлдөж байгаа үүнийг хүлээж болох уу гэхэд Э- болно гэж талууд амаар тохиролцсон байна. Нэхэмжлэгч нь уг хашаа байшинг очиж үзэхэд 8 өрөөтэй нийтийн байрны зориулалттай, ямар ч халаалтгүй, хүйтэнд өвөл хүн амьдрах боломжгүй, өрөөнүүд нь засвар хийх шаардлагатай, маш бохир, хүнгүй байшин байсан. Ингээд нэхэмжлэгчийг зээлээ хөөцөлдөж байх хугацаанд Э- нь нэхэмжлэгчтэй яриад урьдчилгаа өгөх боломж байна уу хүүхэд гадагшаа явах болчихлоо гэхэд нь ээжийнхээ тэтгэврийн зээлийг аваад 4,500,000 төгрөгийг Э-ын хэлсэн, түүний хүүхэд гэх С- гэдэг хүний дансанд шилжүүлсэн байдаг. Энэ мөнгийг шилжүүлсэн үеэс талуудын хооронд худалдах, худалдан авах хэлцэл байгуулагдсан гэж үзэж болно. Нэгэнт хашаа байшин авахаар 4,500,000 төгрөг шилжүүлсэн байсан тул Б.Ч- нь Э-аас хашаа байшинд засвар хийгээд хүн оруулаад хөлслүүлж байж болох уу гэхэд Э- нь та нарт ч гэсэн хэрэгтэй, хэд гурван төгрөг нь хаа юм гэж зөвшөөрсөн байдаг. Ингээд Э-аас зөвшөөрлийг нь аваад байшингийн 2 давхрын гадна хаалгыг бүргэд хаалгаар сольж, бүх өрөөний хана таазыг нь засаж, паарнуудад нь тень тавьж, шалыг нь солихоор болж нийт 2,899,800 төгрөгийн засвар хийсэн. Хашаа байшин тоггүй байсан. Тэгээд зассан байшингийнхаа тогийг залгуулах гэж Б.Ч- нь “Драгон” төвийн нэг цэгийн үйлчилгээний төвөөр маш их хөөцөлдсөн. Гэтэл Э- нь “УБЦТС”-д олон сарын өртэй, хулгайгаар 380 вольт тог ашиглаж байсан нь баригдаад тогийг нь салгасан байсан. Ингээд тогийг нь залгуулах талаар хөөцөлдөхөд 380 вольт татах боломжгүй гэсэн хариу өгсөн. Б.Ч- өөрийн мөнгөөр байшингийн өрөө болгоныг зассан. Өвөл байшингийн халаалтанд нэмж суурилуулсан теннүүдээ ажиллуулах гэтэл тоггүй байсан. Энэ засварт хийсэн материалуудын баримтуудыг гаргаж өгсөн байгаа. Засвар хийсний дараа 2019 оны 1 сард 2,000,000 төгрөгийг Э- данс руу нэмж шилжүүлсэн байдаг. Нийт урьдчилгаанд 6,500,000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Энэ хоорондоо зээлээ хөөцөлдөж байсан. Ингээд Б.Ч- байшинд нь нүүж очих талаар ярихад Э- эхнэр нь зөвшөөрсөн байдаг. Гэтэл тэр орой нь Э- хүүхэд нь гэж хүн яриад мөнгө бүтнээр нь өгөхгүй бол бид хашаа байшингаа зарахаа болилоо гэж хэлсэн. Б.Ч- нь зээл хөөцөлдсөн боловч бүтэхгүй байсан учраас урьдчилгаанд өгсөн мөнгөө авъя гэхэд бид өгөхгүй гэж Б.Ч-д хэлсэн байдаг. Б.Ч- нь уг хашаа байшинг худалдан авах зорилготой байсан учраас өөрийн машинаа зарж 2,000,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт өгөөд үлдсэн 3,000,000 орчим төгрөгөөр хашаа байшинг зассан. Тэр хашаа байшинд засвар хийж, урьдчилгаанд мөнгө өгсөн боловч нэг ч хоног амьдраагүй. Хариуцагчийн мэдэлд хашаа байшин байсаар байгаа. Одоо хариуцагч байшингийнхаа 4, 5 өрөөг бусдад түрээсэлсэн хэмээн тайлбарлаж байна. Б.Ч- засвар хийсэн учраас хүн амьдрах боломжтой болж түрээсэлж байгаа. Тиймээс худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзаж, урьдчилгаанд өгсөн 6,500,000 төгрөг, засвар хийсэн 2,899,800 төгрөг, нийт 9,399,800 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна” гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э- нь Сонгинохайрхан дүүргийн .... хороо, хамбын .... гудамж ....од байрших өөрийн эзэмшлийн 8 айлын нийтийн байр, 2 авто гражтай хашаагаа зарахаар нийтэд 2018 оны 02 сарын эхээр зар тавьсан. Зар тавиад хэд хоногийн дараа хүмүүс ирж үзэж эхэлсэн байдаг. Иргэн Б.Ч- гэдэг хүн эхнэртэйгээ ирж хашаа байшинг үзсэн. Ингээд талууд 45,000,000 төгрөгөөр зарж, авахаар тохиролцсон. Б.Ч- нь би хашаа байшинг чинь авна та зараа авчих, өөр хүнд битгий зараарай гэж хэлсэн байдаг. Б.Ч- нь эхлээд урьдчилгаанд 4,500,000 төгрөгийг өгөөд 14 хоногийн дараа үлдсэн мөнгийг нь өгнө гэж хэлсэн учраас Э- нь Б.Ч-д итгэж бүх зараа авсан. 4,500,000 төгрөгийг Э- өөрийн хүү С-гийн дансаар авсан нь үнэн юм. Б.Ч- нь 4,500,000 төгрөг өгсөний дараа зээл бүтэхгүй байна, машин зарах гэж байгаа зэрэг янз бүрийн байдлаар бидэнд итгэл төрүүлж байсан. Э-ад мөнгөний хэрэг маш их байсан учраас Б.Ч-д олон удаа хэлж байсан. Б.Ч- нь мөнгөө өгөөгүй байж маш олон хүн дагуулж ирж хашаа байшинг үзүүлдэг байсан. Улмаар 2018 оны 07 сард ирээд та нар хашаа байшингаасаа нүүчих бид авах нь тодорхой гэж хэлсэн. Ингээд нэгэнт л хүлээсэн юм чинь Э- нь гэр бүлийнхэнтэйгээ сар гарангийн хугацаанд нүүсэн байдаг. Гэтэл Б.Ч- нь мөнгөө өгөөгүй. Тэгсэн Б.Ч-гийн ээж нь гэх хүн Э- болон түүний эхнэртэй уулзаад та нар хашаа байшингийнхаа бичиг баримтыг өгч болохгүй шүү наад хүн чинь цалингийн зээлтэй байгаа хэрнээ хашаа байшин авна гээд яваад байна гэж хэлсэн. Э-ад мөнгөний хэрэг маш их байсан учраас Б.Ч-гаас мөнгөө нэхэхэд та хүнээс хүүтэй ч хамаагүй зээлж бай би өгнө гэж хэлсэн. Ингээд бараг нэг жилийн хугацаанд явж байгаад Б.Ч- нь 2,000,000 төгрөг нэмж өгсөн. Б.Ч- нь байранд чинь засвар хийнэ гэхэд Э- нь засвар хийлгэхгүй мөнгөө өг гэж хэлсэн. Ингээд Б.Ч- нь мөнгө өгөхгүй гэдэг нь тодорхой болсон. Хариуцагч Э- нь Б.Ч-д наймаа буцахгүй шүү хэрвээ наймаа буцах юм бол урьдчилгаанд өгсөн мөнгийг өгөхгүй гэдгийг хэлсэн байдаг. Ингээд арга буюу Б.Ч- нь нэгэнт авахгүй нь тодорхой болсон, мөн Б.Ч- нь сураггүй алга болсон учраас Э- нь зар тавиад байшингаа хүмүүст түрээсэлж эхэлсэн. 4 айл сарын 150,000 төгрөгөөр түрээсэлж байна. Эдгээр айлууд нь одоог хүртэл түрээсэлж байгаа. Б.Ч- нь би авна гэж хамгийн сүүлд 4 сард хэлээд түүнээс хойш нэг ч удаа холбоо бариагүй, уулзаагүй байж байгаад шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Э- нь шүүхэд ирж уулзаад нэхэмжлэгчтэй эвлэрэх талаар ярилцах гэсэн боловч Б.Ч- нь ирээгүй гэсэн. Б.Ч- нь манай байранд нүдэнд харагдахаар ямар нэгэн засвар хийгээгүй. Хэрэв тухайн үед хашаа байшингаа зарсан бол хүнээс хүүтэй мөнгө зээлж хохирохгүй байсан. Мөн уг хугацаанд байшингаа түрээсэлсэн байсан бол орлого олох ёстой байсан. Э- нь наймаа буцах юм бол урьдчилгаа гэх мөнгийг өгөхгүй шүү гэж хэлж байсан юм. Ингээд нэгэнт наймаа буцсан тул Э- нь өөрийн олох ёстой байсан орлогод 6,500,000 төгрөгийг суутган авч байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэв
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ч- нь хариуцагч Э-ад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн төлбөр 6,500,000 төгрөг, засварт зарцуулсан зардалд 2,899,800 төгрөг, нийт 9,399,800 төгрөгийг гаргуулахаар шаардав.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Б.Ч- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Хашаа байшин худалдан авахаар зээл хөөцөлдсөн боловч бүтээгүй, мөн хашаа байшинд тог тавих боломжгүй гэсэн. Тиймээс худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, хашаа байшин худалдан авахаар урьдчилгаанд өгсөн 6,500,000 төгрөг, нэгэнт хашаа байшинд хийсэн засварыг салгаж авах боломжгүй учир барилгын материал, засварын хөлсөнд зарцуулсан 2,899,800 төгрөг, нийт 9,399,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулна” хэмээн тодорхойлов.
Хариуцагч “...хашаа байшингаа худалдахаар Б.Ч-гаас 6,500,000 төгрөгийг хүлээн авсан. Наймаа буцвал урьдчилгаанд төлсөн мөнгийг буцааж өгөхгүй гэж амаар тохиролцсон. Нэгэнт наймаа буцсан тул өөрийн олох ёстой байсан орлогод тооцож 6,500,000 төгрөгийг суутган авна. Б.Ч- нь байранд засвар хийнэ гэж өмнөхөөс нь дордуулж орхисон. Тиймээс засварт зарцуулсан 2,899,800 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үндэслэлгүй” гэж маргав.
2018 оны 02 сард Б.Ч- нь Сонгинохайрхан дүүргийн .... хороо, хамбын .... гудамжны .... хаягт байрлах хашаа байшинг 45,000,000 төгрөгөөр Э-аас худалдан авахаар амаар тохиролцож, тохиролцооны дагуу урьдчилгаанд 2018 оны 5 сарын 27-ны өдөр 4,500,000 төгрөг, 2019 оны 01 сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус шилжүүлжээ.
Б.Ч- нь 2018 оны 5 сарын 27-ны өдөр хариуцагчийн хүү гэх С-гийн Хаан банк дахь .... тоот дансанд “урьдчилгаа” утгатайгаар 4,500,000 төгрөгийг шилжүүлсэн талаар талууд хэн аль нь тайлбарлав. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т “үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэж заасан тул Э- заасан дансанд шилжүүлснээр уг төлбөрийг гэрээний үнэд төлсөнд тооцно. Нийт 6,500,000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн, хариуцагч хүлээн авсан үйл баримтын талаар талууд маргаагүй болно.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол хэлцлийг хийсэн гэж үзнэ” гэж заасан ба талууд бичгээр гэрээ байгуулаагүй хэдий боловч худалдагч Э- нь өөрийн өмчлөлийн хашаа байшинг худалдах, худалдан авагч Б.Ч- нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон тул Э-, Б.Ч- нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээ хүчин төгөлдөр байна.
Худалдан авагч Б.Ч- нь “...зээл хөөцөлдөж, банкнаас зээл авмагц хашаа байшинг худалдан авах мөнгийг төлнө...” гэж олон сарын хугацаа өнгөрсөн, нөгөөтэйгүүр Б.Ч- 6,500,000 төгрөг төлсөн хэдий ч уг хашаа байшинд амьдраагүй, хашаа байшингийн эзэмшил, өмчлөл худалдагч Э-ад хэвээр хадгалагдаж байгаа, мөн байшинг нийтийн зориулалтаар ашиглаж, бүх өрөөнүүдийг нэмэлт теннээр халаахын тулд 380 вольтын тог тавиулах шаардлагатай боловч худалдан авагчаас үл шалтгаалан тог тавих боломжгүй зэрэг талуудын тайлбарын агуулгаас үзэхэд талуудын байгуулсан худалдах худалдан авах гэрээ бодит нөхцөлөөр хэрэгжих боломжгүй болж, хэн аль нь гэрээнээс татгалзаж байна гэж үзнэ.
Дээрх үндэслэлээр талууд нэгэнт гэрээнээс татгалзаж байгаа тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т заасан хугацаа тогтоох шаардлагагүй бөгөөд хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” талаар заасан, хариуцагч гэрээний үүрэгт хашаа байшингийн үнийг Б.Ч-гаас гаргуулж, хашаа байшинг нэхэмжлэгчид шилжүүлнэ гэж маргаагүй, одоо хашаа байшинг нэхэмжлэгч бусдад түрээслүүлэн орлого олж байгаа, мөн “...наймаа буцсан тул өөрийн олох ёстой байсан орлогод тооцож 6,500,000 төгрөгийг суутгана” гэх хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдоогүй, үндэслэлгүй тул нэхэмжлэгч гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 6,500,000 төгрөгийг хариуцагчаас шаардан гаргуулах хууль зүйн үндэслэлтэй.
Б.Ч- нь хашаа байшинд 2,899,800 төгрөгөөр засвар хийсэн тул уг мөнгийг мөн хариуцагчаас гаргуулна хэмээн шаардсан ба Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-т гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулсан тул нэгэнт байшинд хийгдсэн засварыг салгаж авах боломжгүй учраас засварт зарцуулсан мөнгийг Э-аас гаргуулах нь зүйтэй.
Харин нэхэмжлэгч нь 2,899,800 төгрөгөөр засвар хийсэн гэж хавтаст хэргийн 9-14 хуудсанд зарлагын баримтыг ирүүлсэн боловч уг баримт нь 2,344,800 төгрөгийн дүнтэй, мөн худалдан авагчийн нэр байхгүй тул нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв талаас нь дүгнэхийн тулд нэхэмжлэгчийн баримтаар ирүүлсэн Хаан банкны дансны хуулгыг дээрх зарлагын баримтуудтай он сар өдрөөр нь тулгаж, утга давхацсан байдлаар шүүж 2019 оны 01 сарын 06-ны өдрийн дансны хуулгаар мэдрэгч-32,000, тень-80,000, утас-22,500, хаалга-260,000 төгрөг /зарлагын баримтаар мэдрэгч-32,000, тень-100,000, утас-50,000, хаалга-280,000 төгрөг/, 2019 оны 01 сарын 07-ны өдрийн дансны хуулгаар засварын материалын зардал гараагүй, 2019 оны 01 сарын 08-ны өдрийн дансны хуулгаар прусс мод-60,000, өнгөт хавтан-380,000, шрупп-30,000, боолт-5,000, хадаас 5,500 төгрөг /зарлагын баримтаар прусс мод-60,000, өнгөт хавтан-380,000, шрупп-25,000, 17,800, боолт-30,000, хадаас-45,000, 15,000 төгрөг/-өөр тус тус тооцож нийт засварын зардалд 875,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар тооцов.
Дээрх үндэслэлээр хариуцагч Э-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 6,500,000 төгрөг, засварын материалын үнэд 875,000 төгрөг, нийт 7,375,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,024,800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу зохигчдод хуваарилан хариуцуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 11.... зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Э-аас 7,375,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,024,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 164,307 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 132,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ч-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ