Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/62

 

 

 

 

 

 

 

     2023         01            19                                     

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзаяа,

улсын яллагч Ч.Батбаатар,

шүүгдэгч Л.Ө-, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Л.Ө-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн *** дугаартай 1 хавтаст хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ... нягтлан бодогч ажилтай, ам бүл-4, эхнэр, хоёр хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял шийтгүүлж байсан, Л.Ө (РД:...).

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Л.Ө- нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны орой 21 цаг 15  минутын орчимд Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 118 дугаар сургуулийн урд талын замд “Тоёота приус 20” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;.үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” 3.4 дэх хэсэгт заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ; а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна., 4 дүгээр хавсралтын 3.6 дахь хэсэгт заасан ”Нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин, хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан.” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Н.О-ыг мөргөж  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ө-өөс: Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй. гэсэн болно.

 

Хоёр. Эрүүгийн *** дугаартай хэргээс:

 

1. Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах газарт 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ирүүлсэн дуудлага, лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),

2. Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Наадамчдын зам 118 дугаар сургуулийн урд талын замд 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 5-6 дахь тал), осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-12 дахь тал),

 

3. 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан: Приус-20 маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Л.Ө-ийг драйгер багаж ашиглан шалгахад 1,4 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдлоо. гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дахь тал),

 

4. 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан: Хөдөлгөөнд оролцож явсан явган зорчигч Н.О-ыг драйгер багаж ашиглан шалгахад 2,40 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо. гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 13 дахь тал),

 

5. Хохирогч Н.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: Тэр өдөр 18 цагийн үед зүс таних нутгийн 2 хүнтэй 4 шил архи хувааж уусан. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна, тасарсан байсан. Яаж Төв аймгаас Улаанбаатар хотод ирснээ ч мэдэхгүй байна. Нэг мэдсэн гэмтлийн эмнэлэгт хөлдөө гипс тавиулж байсан. Тухайн үед эхнэр хажууд байсан, би юу болсон талаар эхнэр ***с асуухад машинд мөргүүлсэн гэж хэлсэн. Тэгээд би авто осолд орсноо мэдсэн. Гэмтлийн эмнэлгийн доод мөчдийн 1-р тасагт хэвтэн эмчлүүлээд 11 дүгээр сарын 09-ний өдөр эмнэлгээс гарсан. Ослын улмаас баруун болон зүүн хөл хугарсан. Өөр ноцтой гэмтэл учраагүй. Жолооч хөлийн компьютерын шинжилгээний төлбөр болох 126,000 төгрөг, эмнэлгээс гарахад ор хоногийн төлбөр болох 37,500 төгрөг, нийт 163,500 төгрөгийн хохирол төлсөн. Мөн цаашид эмчилгээнд зарцуулаарай гээд 1,000,000 төгрөгийг эхнэр Удвалын Хаан банкны 5722036702 дугаартай данс руу шилжүүлсэн. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №151168  дугаартай хүний биед хийгдсэн:

-Н.О-ын биед зүүн шилбэний шаант, тахилзуур, баруун шилбэний тахилзуур ясны далд хугарал, зүүн гуяны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

 

7. Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №38988343 дугаартай шинжээчийн:

-Уг автомашиныг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан хэмжилт хийж шалгаж үзэхэд: Урд хойд тэнхлэгийн хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зогсоолын тоормос, автомашины хурдны хайрцгийн ажиллагаа, зэрэг нь стандартын шаардлага хангаж байна.

Харин баруун зүүн гар талын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй, зүүн урд их гэрлийн бүрхүүл хагарсан, урд салхины шил зүүн доод буландаа 20х40 см талбайд хагарч бяцарсан, зүүн талын оврын гэрэл асахгүй, урд буфер их биеэс өөр өнгийн, шил арчигчийн шингэн байхгүй, зүүн гар талын арыг харах толь сууриараа хугарсан, зүүн урд хаалга 20х30 см талбайд хонхойсон байгаа нь авто тээврийн хэрэгсэлд тавигдаж стандартын шаардлагыг хангахгүй байна.

-Уг авто тээврийн хэрэгслийн баруун гар талын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй, зүүн урд их гэрлийн бүрхүүл хугарсан, урд салхины шил зүүн доод буландаа 20х40 см талбайд хагарч бяцарсан, зүүн талын оврын гэрэл асахгүй, урд буфер их биеэс өөр өнгийн, шил арчигчийн шингэн байхгүй, зүүн гар талын арыг харах толь сууриараа хугарсан, зүүн урд хаалга 20х30 см талбайд хонхойсон байгаа нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна.

-Уг авто тээврийн хэрэгслийн баруун зүүн гар талын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байгаа нь хэрэв зам тээврийн осол шөнийн цагаар болсон бол жолоочийн харах орчныг хязгаарлаж осолд нөлөөлж болох хэдий ч зам орчны гэрэлтүүлэг, авто тээврийн хэрэгслийн хурд хэсгээс хамаараад хэрхэн яаж нөлөөлөхийг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй. Бусад эвдрэл гэмтлүүд нь хэзээ яаж үүссэн эсэх, тухайн зам тээврийн осолд хэрхэн яаж нөлөөлөхийг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй.

-Уг авто тээврийн хэрэгслийн баруун зүүн гар талын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байгаа нь хэрэв зам тээврийн осол шөнийн цагаар болсон бол жолоочийн харах орчныг хязгаарлаж осолд нөлөөлж болох хэдий ч зам орчны гэрэлтүүлэг авто тээврийн хэрэгслийн хурд зэргээс хамаараад хэрхэн яаж нөлөөлөхийг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй юм. Бусад эвдрэл гэмтлүүд нь хэзээ яаж үүссэн эсэх, тухайн зам тээврийн осолд хэрхэн яаж нөлөөлөхийг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй юм.

-Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулалт ABS тоормосны системтэй байна.

-Уг авто тээврийн хэрэгслийн урд хойд тэнхлэгийн дугуйн тоормосны ажиллагаа стандартын шаардлага хангаж байсан. Зогсоолын тоормос зогсож байсан.

-Уг авто тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн MVIS программ дээр шалгаж үзэхэд 2021 оны 5 сарын 21-ний өдөр, 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр орж тус тус тэнцсэн байна.

-Уг авто тээврийн хэрэгсэл нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн байна. Техникийн хяналтын үзлэгийн хугацаа нь 2023 оны 6 сарын 7-ны өдөр дуусна.

-Асуултад дурдаагүй боловч шинээр илэрсэн нөхцөл байдал үүсээгүй болно. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 44-50 дахь тал),

 

8. Мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №1602 дугаартай:

-***улсын дугаартай Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Л.Ө- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн,... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох., 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах. 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна., 4 дүгээр хавсралтын 3.6 Нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ хуучин, хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан.  гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн хэрэг, осол гарах шалтгаан нөхцөл болсон гэх үндэслэлтэй байгаа нь цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

-Явган зорчигч Н.О- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс хашилтгүй, хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна. гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. гэсэн магадалгаа (хавтаст хэргийн 52 дахь тал),

 

9. Яллагдагч Л.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: Би 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажил дээрээ ажлаа хийж хоносон. Маргааш нь 11 дүгээр сарын 05-ны өглөө 10 цагт сургуулийн манаач Ганзоригтой хамт 1 шил архи хувааж уусан. Тэгээд буцаад ажлаа хийж сууж байгаад орой болохоор нь өлсөөд гэр лүү гээ явж хоол идэхээр 21 цагийн үед сургуулиасаа гараад ганцаараа Биокомбинатаас жолоодоод явсан. Тэгээд нисэхийн тойргоос зүүн тийшээ Яармагийн замаар зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр уруудаад 118 дугаар сургуулийн харалдаа явж байтал ертөнцийн зүгээр урд талаас хойшоо чиглэлтэй явган зорчигч гараа алдалсан байдалтай зам руу гараад ирсэн. Тэгэхээр нь би тэр хүнийг харангуутаа тойрч гарах санаатай машинаа баруун тийш нь дарсан боловч машиныхаа зүүн талаараа мөргөөд, тэр чигээрээ яваад замын хашлага даваад замаас гараад зогссон. Би машинаасаа буугаад мөргүүлсэн хүн дээр очиход 60 орчим насны согтуу эрэгтэй хүн зам дээр хэвтэж байсан. Би тэр хүнийг босгоод өөрийнхөө машинд суулгасан. Би өөрийнхөө *** дугаарын утсаар 102, 103-т дуудлага өгсөн. Удалгүй 103-ын машин ирээд эмч нь тэр хүнийг үзээд гайгүй юм шиг байна гэж хэлээд явсан. Дараагаар нь цагдаагийн бүрэлдэхүүн ирээд осол болсон газарт хэмжилт үзлэг хийсэн. Би тухайн үед цагдаа нарт явган зорчигчийг анх мөргөсөн болон унасан газрыг зааж өгсөн. Явган зорчигч өөрөө зааж өгөхөөргүй согтуу байсан. Хэмжилт үзлэг хийж дуусаад миний жолоодож явсан машиныг ачаад журмын хашаа руу аваад явсан. Дараа нь цагдаа нар намайг драйгер багажаар үлээлгэж шалгахад 1,41 хувийн согтолттой гарсан. Тухайн үед явган зорчигч явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарч байсан. Замын хөдөлгөөний ачаалал дунд зэрэг, гэрэлтүүлэг ассан, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун, гадаа харанхуй болсон байсан. Би ойрын гэрэлтэй 60 километр цагийн хурдтай явж байсан. Энэ машин Авто Прайм ХХК-ийн нэр дээр 2,000,000 төгрөгийн зээлд барьцаанд тавьсан. Миний эзэмшлийн авто машин юм. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дахь тал),

 

10.Яллагдагч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, (хавтаст хэргийн 100-101 дэх тал), прокурорын тогтоол (хавтаст хэргийн 105 дахь тал), ялын санал (хавтаст хэргийн 109-110 дахь тал),

11. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 64 дэх тал), Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 619 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрүүгийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай 20/415 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 67-71, 73 дахь тал), иргэний үнэмлэхийн хуулбар, жолоочийн лавлагаа мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуулийн тодорхойлолт, (хавтаст хэргийн 75-80 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 82 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

             Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч Л.Ө- нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, яллагдагчид эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх ялын саналыг танилцуулахад зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Л.Ө-ийн үйлдсэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;.үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” 3.4 дэх хэсэгт заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ; а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 4 дүгээр хавсралтын 3.6-д заасан ”Нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин, хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан;” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Н.О-ыг мөргөж  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай гэсэн,

 

Шүүгдэгч Л.Ө-ийн өмгөөлөгч Ж.Хандсүрэнгээс: Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээж, ухамсарлаж байгаа. Энэ гэмт хэрэгт шүүгдэгчээс гадна хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл байдал байдаг. Хохиролд 1,163,500 төгрөгийг төлсөн. Хохирогч Н.О- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. дүгнэлтүүдийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Л.Ө- нь Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 118 дугаар сургуулийн урд талын замд “Тоёота приус 20” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны орой 21 цаг 15  минутын орчимд жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.,

3.4 дэх хэсэгт заасан Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах.,

12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.,

4 дүгээр хавсралтын 3.6 дахь хэсэгт заасан ”Нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин, хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан.” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Н.О-ыг мөргөж  бие, эрүүл мэндэд нь зүүн шилбэний шаант, тахилзуур, баруун шилбэний тахилзуур ясны далд хугарал, зүүн гуяны цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:

 

-Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах газарт 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ирүүлсэн дуудлага, лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),

-Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Наадамчдын зам 118 дугаар сургуулийн урд талын замд 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 5-6 дахь тал), осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-12 дахь тал),

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дахь тал),

-Явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 13 дахь тал),

-Хохирогч Н.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийгдсэн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №151168 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

- Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №38988343 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 44-50 дахь тал),

-Мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №1602 дугаартай магадалгаа (хавтаст хэргийн 52 дахь тал),

-Яллагдагч Л.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон байх тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад гэмт хэргийн шинжийг “Согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэж тодорхойлжээ.

Дээрх гэмт хэргийн субьектив тал нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх ба, объектив тал нь Авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл ба энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл  мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх, гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байхыг шаардана.

Шүүгдэгч Л.Ө- нь захиргааны хэм хэмжээгээр тогтоосон акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 3.4а, 12.3, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 3.6-д заасан заалтыг зөрчсөн болохыг Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадалгаагаар, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Н.О-ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоосон бөгөөд тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ авч чадалгүй зам тээврийн осол гаргасан байх бөгөөд энэхүү байдал нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг тодорхойлж байна.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн хэлбэрийг хуульчилсан ба, тус зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч Л.Ө- нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэй байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учруулсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн шүүгдэгчийн үйлдэл, явган зорчигч Н.О-ын бие, эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч замын хөдөлгөөнд оролцохдоо согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, нөгөө талаас хохирогч мөн адил согтуурсан үедээ явганаар замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь тус тус гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна. Хохирогч согтуугаар явган хүний гарцгүй замаар зам гарсан нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан заалтыг зөрчиж, явган зорчигчийн үүргээ биелүүлээгүй нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ажиллагааг шалгахад хуулийн шаардлагад нийцсэн байна.

   Иймд шүүгдэгч Л.Ө- нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Н.О-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Л.Ө-ийг “Согтуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, дээрх зүйл, хэсэг, заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

- мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан ба, энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох бөгөөд хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн гэм хорыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”,

- 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах ...сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Л.Ө-ийн жолоодон явсан *** улсын дугаартай Toyota маркийн Prius-20 загварын мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгсэл нь “Авто Прайм” ХХК-ийн  нэр дээр бүртгэлтэй байх боловч зээлийн барьцаанд барьцаалж, эзэмшигчийг  шилжүүлж байсан байх бөгөөд “Авто Прайм” ХХК-ийн тухайн тээврийн хэрэгслийг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Л.Ө-ийн нэр дээр шилжүүлэх тухай албан тоотыг явуулж байсан нь бичгийн баримтаар /хх84/ тогтоогдсон, мөн тээврийн хэрэгслийн шууд эзэмшигч нь нь Л.Ө- байх тул гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн зардлыг өөрөө хариуцах үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.О-ын баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөр байхгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн бичгийн хүсэлт хэрэгт авагдсан байх боловч шүүгдэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр эмчилгээнд гэсэн утгатайгаар 126,000 төгрөгийг, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр эмнэлгийн төлбөр гэсэн утгатайгаар 37,500 төгрөгийг, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгийг хохирогчийн эхнэр Н.Удвалын эзэмшлийн Хаан банкны данс руу шилжүүлсэн баримт хэргийн 87-89 дүгээр талд авагдсан байна. Иймд шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Л.Ө-ийг шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

 

Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч Л.Ө-өд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, оногдуулах ялын саналыг шүүгдэгчид танилцуулсан тул тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж,  хорих ял оногдуулахгүйгээр 2 жил хүртэл хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй. гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Л.Ө-ийн өмгөөлөгч Ж.Хандсүрэнгээс Прокурортой ял тохиролцсон, болгоомжгүй хөнгөн гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан 1 жилийн хугацаагаар жолоодох эрх хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялын саналыг дэмжиж байна. гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан.

 

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар судалсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 619 дугаартай шийтгэх тогтоолоор хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцуулж, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан байх ба уг ялыг биелүүлсэн болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрүүгийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай 20/415 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 67-71, 73 дахь тал)-р тогтоогдсон тул нэмж нэгтгэх ялгүй гэж үзнэ.  

Нөгөө талаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд эрх зүйн байдлыг нь дордуулах үндэслэл болохгүй юм.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, 1.4 дэх заалтад заасан хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хангагдсан байна.  

 

            Иймд шүүгдэгч Л.Ө-ийг согтуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л.Ө-ийг согтуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Ө-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Ө-өд тэнссэн хоёр жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ө-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ө-өд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хоёр жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч Л.Ө- нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн шүүгдэгч Л.Ө-ийн В ангиллын *** дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл хяналтын хэлтэст шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

8. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Л.Ө- нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг ба шүүгдэгч Л.Ө-ийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл бичигдвэл шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ө-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН