Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/99

 

 

 

 

 

 2023             01             24                                        2023/ДШМ/99                                                              Т  M 546                                  МАЛАЛ

Г.А-т холбогдох                                                                                                             эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор К.Чимгээ,  

шүүгдэгч Г.А-,  

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01ий өдрийн 2022/ШЦТ/1593 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.А-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2106037162559 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27ы өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэний илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Г-ын А-, Улаанбаатар хотод 2001 оны 8 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ ................ нэртэй засвар, угаалгын газарт ажиллаж байсан, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, ............. дүүргийн ...... дүгээр хороо, ................... тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: ........................./;

2019 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр тогтоосон,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 497 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсгийг баримтлан эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 14 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2780 дугаар шүүгчийн захирамжаар биелүүлээгүй 721 хоногийг зорчих эрх хязгаарлах ялыг 01 жил 11 сар 20 хоног хорих ялаар сольж шийдвэрлэж байсан;   

Г.А- нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...................... нэртэй засвар, угаалгын газарт ажиллаж байхдаа иргэн ................... угаалгахаар өгсөн ............... улсын дугаартай “Toyota prius-20” загварын тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өөрт ашиг олох зорилгоор бусдад зарж борлуулан завшиж, хохирогч ................ 8,071,956 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Г.А-ыг хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ял дээр өмнө Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 497 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлснээс эдлээгүй үлдсэн 11 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 2 жил 11 сар 10 хоногоор тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 51 хоногийг эдлэх хорих ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-аас 8.178.900 төгрөг гаргуулан хохирогч .................. 6.568.900 төгрөг, иргэний нэхэмжлэгч ................... 1.610.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Г.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би шийтгэх тогтоолтой маргах зүйлгүй, хохирогчийн нэхэмжилсэн төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэмшиж байгааг минь харгалзан надад оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж өгнө үү” гэв.

Прокурор К.Чимгээ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Г.А-ын үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.А-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Шүүгдэгч Г.А- нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Механик авто сервис нэртэй засвар, угаалгын газарт ажиллаж байхдаа иргэн ............... угаалгахаар өгсөн ............. улсын дугаартай “Toyota prius-20” загварын тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өөрт ашиг олох зорилгоор бусдад зарж борлуулан завшиж, хохирогч ................ 8,071,956 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Ц.Б-ы “... Би 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 12:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд байрлах, ................. гэсэн газар өөрийн шинээр хувь хүнээс авсан ................ улсын дугаартай улаан өнгийн Приус-20 загварын авто машинаа засуулсан. Тэгээд орой засуулж дуусаад 17:30 цагийн үед уг засварын газар байдаг угаалгын газар өгсөн. Тэгээд угаалганд өгөхдөө тухайн засварын газрын хүнд хүлээлгэн өгөхөд нэг хүн зааж өгсөн. Тэр хүнийг угаахыг нь 20:00 цаг хүртэл хүлээхэд угааж өгөөгүй. Тэгээд би яагаад угаахгүй байгаа талаар асуухад, машин их байна, таны машин ченж угаалга тул 4-5 цаг болно, та машинаа 00:30 цагт ирж аваарай гэсэн. Тэгэхээр нь би үлдээгээд явсан. Орой 23:25 цагт тэр залуутай ярихад болоогүй байна, ярьсан цагтаа амжихгүй байна гэсэн. Би очоод хүлээж байх уу гэсэн чинь шөнө хүлээж байхаар өглөө болохгүй юу, манайх дулаан граштай, найдвартай гэсэн. Тэгээд би маргааш нь очиход машин байхгүй байсан тул манаачид нь хэлэхэд 03:00 цагаас хойш хайгаад олохгүй байна гэсэн.” /хх 11/,

Гэрч С.И-ын “...манай угаалга нийт 3 ажилтантай, 2021 оны 10 дугаар сарын 10-нд манай угаалганд 06-45 ЗАА улсын дугаартай улаан хүрэн өнгийн авто машин угаалгахаар тус өдрийн 21:00 цагийн үед өгсөн. Машиныг манай угаалгын газарт 10 хоног ажиллаж байгаа Г-ын А- авч угаасан. Би 22:00 цагийн үед ажлаасаа гарахад Г.А- машиныг угаахаар үлдсэн. Тэгээд 03:00 цагийн үед манай харуул залгаад Г.А- машин аваад явчихлаа гэхээр нь би ажил дээрээ ирсэн. Хяналтын камер шүүж үзэхэд Г.А- нэг хүүхдийн хамт машин унаад гарч байсан.” /хх 13, 106/,

Иргэний нэхэмжлэгч Д.О-ын “... Би Г.А- гэх хүнийг сайн танихгүй. Манай хашааны гадна 2021 оны 10 дугаар сарын дунд үеэр 17 цагийн орчим ирээд надад ............. аймгийн .............  голын шаварт машинаа суулгачихлаа, ахаа та татаад өгөөч гээд гуйхаар нь улаан өнгийн приус-20 загварын улсын дугааргүй авто машиныг шавраас гаргаж өгсөн. Тэгээд машиныг засч өгөхийг гуйгаад, хашаанд машиндаа нэг хоноод маргааш нь “би хот явлаа, энэ манай хойд аавын машин байгаа юм, аав нас барчихсан болохоор би шилжүүлэг хийлгэж чадаагүй, та хямд авах уу, эхлээд та надад зардлын мөнгө өгчих” гэхээр нь би 200,000 төгрөг бэлнээр өгөөд явуулсан. Тэгээд дараа нь Г.А- ахаа би одоо очлоо, та мөнгө шилжүүлэх үү гэхээр нь би 400,000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш ажил амжихгүй байна, та хэдэн төгрөг шилжүүлээч гэхээр нь 400,000 төгрөгөөр 2 удаа, хамгийн сүүлд 300,000 төгрөг дансаар шилжүүлсэн. Нийт 1,700,000 төгрөгийг өгсөн. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс цагдаа яриад өөрийнх нь машин биш гэдгийг хэлсэн.” /хх 129-130/ гэсэн мэдүүлгүүд,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 138-147, 159-160/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.А- нь авто угаалгын газарт ажиллах хугацаандаа угаалгахаар үлдээсэн автомашиныг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явж, өөрт ашиг олох зорилгоор бусдад зарж борлуулан завшсан байх ба анхан шатны шүүх уг гэм буруутай үйлдлийн талаар хэргийн бодитой байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч Г.А-ын гэм буруу, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Харин иргэний нэхэмжлэгч Д.О................. 1,610,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж хуульчилсан.

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр Д.О-ыг тогтоож улмаар шүүхийн шатанд иргэний нэхэмжлэлийн асуудлыг Г.А-т холбогдох буюу хохирогч Ц.Б-ы эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт Д.О-ыг шууд иргэний нэхэмжлэгч гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан Д.О-ын “... Би Г.А- гэх хүнийг сайн танихгүй. Манай хашааны гадна 2021 оны 10 дугаар сарын дунд үеэр 17 цагийн орчим ирээд надад ............. аймгийн ............... голын шаварт машинаа суулгачихлаа, ахаа та татаад өгөөч гээд гуйхаар нь улаан өнгийн приус-20 загварын улсын дугааргүй авто машиныг шавраас гаргаж өгсөн. Тэгээд машиныг засч өгөхийг гуйгаад хашаанд машиндаа нэг хоноод маргааш нь “би хот явлаа, энэ манай хойд аавын машин байгаа юм, аав нас барчихсан болохоор би шилжүүлэг хийлгэж чадаагүй, та хямд авах уу, эхлээд та надад зардлыг мөнгө өгчих” гэхээр нь би 200,000 төгрөг бэлнээр өгөөд явуулсан. Тэгээд дараа нь Г.А- ахаа би одоо очлоо, та мөнгө шилжүүлэх үү гэхээр нь би 400,000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш ажил амжихгүй байна, та хэдэн төгрөг шилжүүлээч гэхээр нь 400,000 төгрөгөөр 2 удаа, хамгийн сүүлд 300,000 төгрөг дансаар шилжүүлсэн. Нийт 1,700,000 төгрөгийг өгсөн. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс цагдаа яриад өөрийнх нь машин биш гэдгийг хэлсэн.” /хх 129-130/ гэх мэдүүлгээс үзэхэд, шүүгдэгч Г.А- нь хохирогч Ц.Б-ы тээврийн хэрэгслийг завших үйлдлээр өөрийн мэдэлд байлгаж байх хугацаандаа бусдыг хуурч, худалдан борлуулах байдлаар итгэл үнэмшил төрүүлж тодорхой хэмжээний мөнгө бэлнээр болон дансаар авсан үйлдлийн талаар прокуророос яллах дүгнэлт үйлдээгүй, анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй байна.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дугаар заалтын Д.О-д 1.610.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгох нь үндэслэлтэй бөгөөд уг асуудлаар иргэн Д.О эрх бүхий байгууллагад хандаж гомдол гаргах эрх нээлттэй.

Иймд шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Г.А-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 84 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/1593 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “...иргэний нэхэмжлэгч Д.Оад 1,610,000 төгрөгийг ...” гэсэн хэсгийг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-аас 6,568,900 төгрөг гаргуулан хохирогч Ц.Б-д олгосугай.” гэж өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 84 /наян дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Т.ӨСӨХБАЯР                      

 

                        ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

 

 

                       ШҮҮГЧ                                                                         Г.ЕСӨН-ЭРДЭНЭ