| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2023/0059/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/76 |
| Огноо | 2023-01-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Н.Нямдорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч Н.Нямдорж,
шүүгдэгч О.А- нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт О.А-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, шүүхээс шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
2. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял нэмэгдэл хэрэглэхгүйгээр 3 жил 10 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан,
3. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 431 дугаартай захирамжаар 08 сар 25 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,
4. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 8 сар 25 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, эдлэх ялыг 4 жил 8 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг эдэлж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ялын тооцооны хуудсаар 4 жил 3 сар 00 хоногийн хорих ялын үлдэгдэлтэй О.А (РД:...)
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч О.А- нь 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ... тоотод байрлах иргэн Ч.Б-ийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Монгол гэрт нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг буюу сүхээр цоожийг нь цохин эвдэн I Phone-5 маркийн гар утас 1 ширхэг, мөнгөн аягыг тус тус хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч иргэн Ч.Б-т 370,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ... тоотод байрлах иргэн Ч.Н-н өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Монгол гэрт нэвтэрч, төмрөөр цоожийг нь хөшиж онгойлгон, зөөврийн Notebook 2 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Ч.Н-д 550,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А- мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. гэсэн болно.
Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс:
1.1 Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Монгол гэрийн хаалганы цоожийг сүхээр эвдээд хулгайч орж мөнгөн аяга, I phone 5, Huawei маркийн 2 ширхэг гар утас хулгайд алдагдсан байна” гэх утгатай дуудлага, лавлагааны хуудас, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4-5 дахь тал),
1.2 Хэргийн газарт буюу ... тоотод үзлэг хийсэн 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-12 дахь тал),
1.3 Хохирогч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн үед хүнд тариа хийх гээд охины хамт гэрээ цоожлоод гарсан. Тариа хийж өгчхөөд 17 цаг 20 минутад гэрт ирэхэд хаалга онгорхой байхаар нь гайхаад дотогш ороход хаалганы цоожийг эвдэж, гал тогооны тавилга дээр тавьсан байсан. Гэрт хулгайч орсон байна гэж бодоод эд зүйлээ бүртгэхэд гал тогооны тавилга дотор байсан 1 ширхэг их гарын мөнгөн аяга, хувцасны шүүгээний дээр хайрцагт байсан I phone 5 загварын гар утас, дэлгэц нь хагархай, HUAWEI Y6 загварын гар утас алга болсон байсан. Мөнгөн аягыг 2022 оны сар шинийн баяраар бэлгэд авч байсан. I phone 5 загварын гар утсыг Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо байрны буудал дээр байрлах гар утасны лангуунаас 100,000 төгрөгөөр худалдаж авч байсан. HUAWEI Y6 загварын гар утсыг 2019 онд Мобиком компаниас лизингээр 800,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Мөнгөн аягыг зах зээлийн үнээр, I phone 5 загварын гар утсыг 100,000 төгрөгөөр, HUAWEI 46 загварын гар утсыг дэлгэц ажиллагаагүй болохоор 70,000 төгрөгөөр үнэлж байна. I phone 5 загварын гар утас хар өнгөтэй, кэйсгүй, шилэн наалтгүй, 5555 гэсэн кодтой, HUAWEI Ү6 загварын гар утас хар өнгөтэй, кэйсгүй, шилэн наалтгүй, сим картгүй, дэлгэц нь ажиллагаагүй гар утас байсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),
Хохирогч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: Тухайн айфоне 5 маркийн гар утсыг 100,000 төгрөгөөр, хувай маркийн гар утсыг 2019 онд Мобикомоос 800,000 төгрөгөөр лизингээр авч ба одоо дэлгэц нь ажилладаггүй юм. Мөнгөн аягыг цагаан сараас бэлгэнд авч байсан юм. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),
1.4 Дамно ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №ХУ2-22-484 дугаартай: “их гарын мөнгөн аягыг 250,000 төгрөгөөр, I phone 5 загварын гар утсыг 60,000 төгрөгөөр, дэлгэц ажиллагаагүй Huawei Ү6 маркийн гар утсыг 60,000 төгрөгөөр тус тус тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 26-27 дахь тал),
1.5 Дамно ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №ХУ2-22-993 дугаартай: Цоожны үнийг 3300 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 31-32 дахь тал),
1.6 Яллагдагч О.А-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: Би прокурорын тогтоолыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Би хохирлыг төлж барагдуулаагүй байгаа, төлөх боломжгүй. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дэх тал),
2. Хохирогч Ч.Н-н эд хөрөнгийг хулгайлсан хэргийн баримтууд:
2.1 Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаарт хэлтсийн 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, “Монгол гэрийн хаалга эвдээд 2 ширхэг Notebook хулгайлсан байна” гэх утгатай дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 99-100 дахь тал),
2.2 Хэргийн газарт буюу ... тоотод үзлэг хийсэн 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 101-105 дахь тал),
2.3 Хохирогч Ч.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 07-ны орой 18 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалгыг эвдлэгч багажаар хөшөөд гэрт хулгай орсон байсан. Манай гэрээс зөөврийн компьютер 2 ширхгийг аваад явсан. Dell брэндийн компьютерыг Ховд аймгаас 2015 онд 1,500,000 төгрөгөөр авч байсан. Харин нөгөө зөөврийн компьютерыг хотоос Солонгос каргоноос 370,000 төгрөгөөр авч байсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 109 дэх тал),
2.4 Дамно ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №ХУ2-22-483 дугаартай: DELL загварын Notebook-г 300,000 төгрөгөөр, загвар тодорхойгүй Notebook-г 250,000 төгрөгөөр үнийг тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 117-118 дахь тал),
2.5 Яллагдагч О.А-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: Би 2022 оны 05 дугаар сарын эхээр Улаанбаатар хотод ирээд ажил хийж байх хугацаандаа Хан-Уул дүүрэгт ирж 2 хулгай хийсэн. Би 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах монгол гэрт орж 2 ширхэг зөөврийн компьютер аваад зарах гэсэн боловч нэг нь эвдэрхий байсан тул аваагүй. Нөгөө компьютерыг Дорноговь аймаг Сайншанд сумд байрлах гэртээ аваад очсон. Тэгээд цагдаа нарт баригдаад Дорноговь аймагт хоригдсон. 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шүүхээр орж ял шийтгэл авсан. Би Дорноговь аймгийн шүүхэд Хан-Уул дүүрэгт 2 хулгай хийсэн, энэ хэрэгтэйгээ нийлүүлж шийдүүлэх хүсэлтэй байна гэж хэлэхэд тусад нь шийдсэн. Би 2 ширхэг зөөврийн компьютерыг зараагүй. Харин нөгөө айлаас хулгайлсан 2 ширхэг утас 1 мөнгөн аягыг зарсан. Мөнгөн аягыг 80,000 төгрөгөөр Хархорин зах дээр очиж зарсан. 1 ширхэг гар утсыг 10,000 төгрөгөөр, нөгөө утсыг нь яаснаа мэдэхгүй байна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 149 дэх тал),
2.6 Эд зүйл хүлээлгэн өгсөн: Дэлгэц нь бүтэн гадна тал нь хар өнгөтэй дотор тал нь цагаан өнгөтэй, ажиллагаа хэвийн, дэлгэцийнхээ ард талд “X note” гэсэн бичиглэлтэй зөөврийн компьютер 1 ширхэг ягаан өнгийн хулгана 1 ширхэг, зөөврийн компьютерын цэнэглэгч зэргийг хохирогч Ч.Н-д хүлээлгэж өгсөн. гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 155 дахь тал),
3. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 121 дэх тал), иргэний үнэмлэхийн мэдээлэл, лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөгүй тухай албан тоот, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 132-135 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн захирамжийн хуулбар, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 431 дугаартай захирамж, суллагдсан хүмүүст олгогддог тодорхойлолт (хавтаст хэргийн 158-170 дахь тал) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа нээлтэй 425 дугаар хорих ангийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ялын тооцоо болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлтдээ шүүгдэгч О.А- нь үргэлжилсэн үйлдлээр учрах саадыг арилгаж, хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Монгол гэрт нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар эд зүйлийг авч, хохирол учруулж эд хөрөнгийг хулгайлсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болох шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм бурууд маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тогтоосон байх шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч О.А- нь ... тоотод байрлах иргэн Ч.Б-ийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Монгол гэрийн цоожийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг буюу сүхээр эвдэн 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хууль бусаар нэвтэрч I Phone-5 маркийн гар утас 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлан авч иргэн Ч.Б-т 370,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
-Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дуудлага, лавлагааны хуудас, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4-5 дахь тал),
- Хэргийн газарт буюу ... тоотод үзлэг хийсэн 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-12 дахь тал),
- Хохирогч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өгсөн (хавтаст хэргийн 18 дахь тал) болон 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),
-Дамно ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №ХУ2-22-484 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 26-27 дахь тал),
-Дамно ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №ХУ2-22-993 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 31-32 дахь тал),
-Яллагдагч О.А-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: Би прокурорын тогтоолыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Би хохирлыг төлж барагдуулаагүй байгаа, төлөх боломжгүй. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,
-үргэлжилсэн үйлдлээр ... тоотод байрлах иргэн Ч.Н-н өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Монгол гэрийн цоожийг төмрөөр хөшиж онгойлгон 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хууль бусаар нэвтэрч, зөөврийн Notebook хоёр ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн Ч.Н-д 550,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
- Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаарт хэлтсийн 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, “Монгол гэрийн хаалга эвдээд 2 ширхэг Notebook хулгайлсан байна” гэх утгатай дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 99-100 дахь тал),
- Хэргийн газарт буюу ... тоотод үзлэг хийсэн 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 101-105 дахь тал),
-Хохирогч Ч.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 109 дэх тал),
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 155 дахь тал),
-Дамно ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №ХУ2-22-483 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 117-118 дахь тал),
- Яллагдагч О.А-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 149 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хууль зүйн дүгнэлт:
Хулгайлах гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч байгаа үйлдлийг, мөн орон байр гэдэгт хүн байнга амьдрах зориулалттай төрөл бүрийн орон сууц, байшин гэр, урц зэргийг хамааруулан ойлгоно.
Учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж үйлдсэн гэдэгт бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеийн хүч нэмэгдүүлэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэхийн тулд зэвсэг хэрэглэж үйлдсэнийг ойлгоно.
Зэвсэг галт хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь байж болно. Иймд сүх нь гар хийцийн зүйлд, хамаарах тул шүүгдэгчийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор сүх хэрэглэснийг зэвсэг хэрэглэсэн гэж үзэв.
Хэргийн үйл баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч нь хохирогч Ч.Б-, Ч.Н- нарын хүн байнга амьдрах зориулалттай гэрт нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг буюу сүх хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авчээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилсан ба тус зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүн байнга амьдрах зориулалттай орон байр”-д нэвтэрч үйлдсэн, мөн зүйлийн 2 дэх хэсгийн 2.4 дэх заалтад заасан учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж үйлдсэн бол хүндрүүлэх шинжээр зүйлчлэхээр тодорхойлсон.
Эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдлыг хууль бус нэвтрэлт гэж үзэх ба хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй юм.
Мөн шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, шунахай сэдэлттэй гэмт хэргийг үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно. гэж заасан тул шүүгдэгчийг үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлд хууль нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч О.А-г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.
Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Мөн “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Гэмт хэргийн улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учирсан ба Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч Ч.Б-т их гарын мөнгөн аягыг 250,000 төгрөгөөр, I phone 5 загварын гар утсыг 60,000 төгрөгөөр, дэлгэц ажиллагаагүй Huawei Ү6 маркийн гар утсыг 60,000 төгрөгөөр , цоожийг 3300 төгрөгөөр буюу нийт хохиролд 370,000 төгрөг, хор уршигт 3300 төгрөг, хохирогч Ч.Н-н DELL загварын Notebook-г 300,000 төгрөгөөр, загвар тодорхойгүй Notebook-г 250,000 төгрөгөөр буюу нийт 550,000 төгрөгөөр тус тус тогтоосон байна.
Хохирогч Ч.Н-д “X note” гэсэн бичиглэлтэй зөөврийн компьютерыг хүлээлгэж өгсөн байх тул хохирогчид 300,000 төгрөгийн хохирлыг, хохирогч Ч.Б-т учирсан 370,000 төгрөгийн хохирол, 3300 төгрөгийн хор уршиг буюу нийт 373,300 төгрөгийг тус тус гаргуулж олгох үндэстэй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж,
6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.
Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагч санал, дүгнэлтдээ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан 2 болон түүнээс дээш гэмт хэрэг үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд шүүгдэгч О.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 7 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр урьд эдлээгүй үлдсэн 4 жил 3 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчийн цагдан хоригдсон 2 сар 3 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Мөн эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.
Шүүгдэгч О.А-н хувийн байдлыг судалсан эрүүгийн хариуцлага, хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоол, шүүхийн захирамж, суллагдсан тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар урьд өмчлөх эрхийн эсрэг буюу хулгайлах гэмт хэрэгт дөрвөн удаа ял шийтгэгдэж байсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруугийн зарчимд нийцэх ба тус гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хүнд ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч О.А-н хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул хуульд заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн шинж, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хор уршиг арилаагүй, мөн урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч засрал хүмүүжил олоогүй, нийгэмшээгүй зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзсэн.
Мөн шүүгдэгч О.А- нь Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жил 08 сар 25 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, хорих ялыг эдэлж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс ялтныг эрүүгийн 2210012480881 дугаартай хэрэгт яллагдагчаар цагдан хорих үндэслэлээр хорих ангийг шилжүүлж, яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа нээлтэй 425 дугаар хорих ангийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ялын тооцооны хуудсаар 4 жил 3 сар 00 хоногийн хорих ялын үлдэгдэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж, 3 дахь хэсэгт Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй.гэж хуульчилсан.
Иймд шүүгдэгч О.А-д энэ тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ял дээр Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 4 жил 08 сар 25 хоногийн хорих ялын эдлээгүй үлдсэн 4 жил 03 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 9 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, ажил эрхэлж хохирол барагдуулах арга хэмжээ авах нөхцөл боломжийг олгож хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлын талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.А-н 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 64 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.А-г Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.А-д энэ тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 4 жил 08 сар 25 хоногийн хорих ялын эдлээгүй үлдсэн 4 жил 03 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын төрөл хэмжээг 9 (ес) жил 03 ( гурав) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.А-н 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 64 (жаран дөрөв) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.А-гаас 673,300 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Б-т 373,300 (гурван зуун далан гурван мянга гурван зуу) төгрөгийг, хохирогч Ч.Н-д 300,000 (гурван зуун мянга) төгрөгийг гаргуулж тус тус олгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН