Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2019/ДШМ/1015

 

О.Тт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч О.Т,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 578 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Тын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1911014990707 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Х овгийн Оын Т, 1995 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 7-701 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

          О.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2019 оны 5 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Цагаан байрны 7-496 тоотод хардалтын улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай найз охин Б.Уг зодож, улмаар боль гэж шаардлага тавьсан иргэн Ч.Пг зодож, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: О.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тт оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч О.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.У, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Н нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Өмнөговь аймгийн Цогц-Цэций сумаас Цагаан хад гэдэг газар нүүрс тээвэрлэдэг “Мөнхзоригт” компанид аавтайгаа хамтран 1.200.000 төгрөгийн цалинтай ажиллаж байна. Миний бие үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн ба хохирол төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, одоо ажил хөдөлмөр эрхэлж, засарч байгаа байдлыг харгалзан үзэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Сод-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Тт 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 578 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

О.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2019 оны 5 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Цагаан байрны 7-496 тоотод хардалтын улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай найз охин Б.Уг зодож, улмаар боль гэж шаардлага тавьсан иргэн Ч.Пг зодож, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Угийн “...Т согтчихоод намайг бусадтай хардаад агсам тавиад орилоод байсан. Тэгснээ намайг тэлээгээр ороолгосон ба “яаж байгаа юм бэ” гэтэл миний уруул руу цохичихсон. Тэгтэл хажуунаас П ах босож ирээд, болиоч гэтэл Т Пг түлхээд унагаачихсан. Нүүр лүү нь цохиод духных нь орчим халцарчихсан. ...” /хх 21, 81, 125/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Нгийн “...Аав “Төмөрөө намайг зодсон, авгайгаа зодохоор нь би салгах гэтэл намайг зодсон. Би та нараас нуугаад хэлээгүй юм” гээд байсан. ...” /хх 28-30/,

гэрч Б.Уянгын “...Манай хажуу айлд эмэгтэй хүн орилоод байсан юм. Би эхлээд хэсэг сонсоод хэвтэж байтал нэг эрэгтэй хүн чанга орилоод эмэгтэй хүн орилоод байсан. Тэгэхээр нь би босоод хажуу айл руу ороод асаагуурын гэрэл тусгатал 20 гаруй насны эмэгтэй нүүр ам нь нэлэнхүйдээ цус болчихсон, зодуулсан байдалтай, газар хэвтэж байсан. Манай хажуу өрөөг түрээсэлдэг Пүрэвээ ах газар гудсан дээр унтаж байсан. Харин 20 гаруй насны эрэгтэй дээгүүрээ цээж нүцгэн, матрасан дээр сууж байсан. ...Эргэж гэртээ ороод хэсэг зүүрмэглэж байтал хажуу айлаас дахиад эмэгтэй хүн орилох чимээ сонсогдсон. ...Манай хажуу айлын Пүрэвээ ахын хоолой яг мөн байсан. Яаая гээд орилоод байсан. Бас нөгөө эмэгтэй нь болиоч дээ гээд уйлаад байсан. Би дахиад яваад ортол Пүрэвээ ах өндийгөөд гудсан дээрээ суучихсан. Нөгөө хүүхэн нь хаалганы тэнд шалан дээрээ сууж байсан. Залуу нь эмэгтэйнхээ хажууд зогсож байсан. ...Тэр цээж нүцгэн залуу Пүрэвээ гуай, нөгөө эмэгтэй хоёрыг зодоод байх шиг байсан. ...” /хх 36-37/,

гэрч Х.Даваасамбуугийн “...Т манайд орж ирээд “...би П ахыг өчигдөр шөнө согтуудаа дэвсчихсэн байна лээ” гэж хэлэхэд нь би хувцсаа өмсөөд П ахынд ороход П ах “шартаж үхлээ” гээд нэг жижиг архи уугаад сууж байсан. Харин У мөн согтуу байдалтай байсан. ...У болон П ахын царай, зүс нь хоёулаа зодуулсан шинжтэй байсан. ...” /хх 38-39/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 811 дугаартай “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Энхцолмонгийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1155 дугаартай дүгнэлтэнд дурдагдсан талийгаач Ч.Пгийн цогцост духны хуйхны баруун талын дотор гадаргуун цус хуралт, баруун хөмсөгний шарх, чихний урд гадаргуун хуучин шарх, баруун бугалга, шуу, зүүн гуяны цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, шинэ, баруун чихний урд гадаргуун шарх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь бүгд нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн, духны хуйхны баруун талын дотор гадаргуун цус хуралт, баруун хөмсөгний шарх гэмтэл нь дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн, баруун чихний урд гадаргуун хуучин шарх, баруун бугалга, шуу, зүүн тохой, шуу, зүүн гуяны цус хуралт гэмтлүүд нь дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Духны хуйхны баруун талын дотор гадаргуун цус хуралт, баруун хөмсөгний шарх, баруун бугалга, шуу, зүүн тохой, шуу, зүүн гуяны цус хуралт бүхий шинэ гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх 2019 оны 5 дугаар сарын 14-нөөс 15-ны өдрийн хооронд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, гараар цохих, хөлөөр өшиглөх үйлдлийн аль алинаар үүсгэгдэх боломжтой. ...” /хх 63-66/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6186 дугаартай “...Б.Угийн биед баруун мөр, зүүн дал, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. ...” /хх 71/ гэх дүгнэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 18-19/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 20-25/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч О.Тыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч О.Тын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Уг зодож, мөн “боль” гэж шаардлага тавьсан Ч.Пг зодож, тус тус эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч О.Т “...Миний бие Өмнөговь аймгийн Цогц-Цэций сумаас Цагаан хад гэдэг газар нүүрс тээвэрлэдэг “Мөнхзоригт” компанид аавтайгаа хамтран 1.200.000 төгрөгийн цалинтай ажиллаж байна. Миний бие үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн ба хохирол төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, одоо ажил хөдөлмөр эрхэлж, засарч байгаа байдлыг харгалзан үзэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэрч Х.Даваасамбуугийн “...Би Угоос өчигдөр юу болсон талаар асуухад “...Т нь намайг зоддогоороо зодсон шдээ. ...” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг, цагдаагийн байгууллагын АСАП сангийн бүртгэл, зөрчлийн лавлагаагаар урьд 7 удаа зөрчлийн хэрэгт холбогдон, гомдол мэдээллийн дагуу 4 удаа саатуулагдан, эрүүлжүүлэгдэж байсан зэрэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих үндэслэлгүй болно.

Шүүгдэгч О.Тын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1155, 811, 6186 дугаартай дүгнэлтүүд /хх 51-56, 63-66, 71/-ээр тогтоосон хохирогч Б.У, Ч.П нарын эрүүл мэндэд “хөнгөн” гэмтэл учруулсан нөхцөл байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял тохирсон байна гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Тын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 578 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Тын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                       Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ