Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 06

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням, улсын яллагч Д.Ууганцэцэг, шүүгдэгч А.Алтангэрэл, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0312) нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Мөнх овогт Амарсанаагийн Алтангэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 2122 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Мөнх овогт Амарсанаагийн Алтангэрэл, Монгол Улсын иргэн, Төв аймагт 1991 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 23-8 тоотод оршин суух бүртгэлтэй боловч эцэг, 4 настай охины хамт Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн 9-20 тоотод түр оршин суудаг гэх, регистрийн дугаар: нэ91082510, урьд ял шийтгэгдэж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч А.Алтангэрэл нь 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 4 дүгээр гудамжны 38 тоотод оршин суух иргэн Ц.Долгоржавын эзэмшлийн Тоёота Гаяа загварын 40-90 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд болон хойд салхины шил, баруун хойд талын гэрлийг хагалж, бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч А.Алтангэрэл: Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нь манай эхнэр гэртээ тогтохоо больсонтой холбоотой. Мөн манай эхнэрт ар гэрийнхэн нь анхаарал халамж муу тавьдаг. 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл би эхнэртэйгээ хамтран амьдарч байсан. Гэтэл 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр эхнэр маань “ажилд орно” гээд гэрээсээ гарч явахад би унтаж байсан. Тэрээр явахдаа 4 настай охиндоо “аавыгаа сайн харж байгаараа” гэж хэлээд өөрийнхөө бүх хувцсыг аваад явсан байсан. Тэгээд би эхнэрийнхээ хойноос хадам эцэг, эхийнхээ гэрт очсон. Манай эхнэр аав, ээж дээрээ ирсэн байсан. Тэр өдөр би согтууруулах ундаа хэрэглээгүй. Тэгээд би эхнэртээ хандаж “яагаад ажилд орно гэчихээд, хувцсаа аваад, яваад өгч байгаа юм бэ” гэж асуухад, эхнэр маань надад “өөр хүнтэй хамт амьдар” гэж хэлсэн. Мөн надад “охиноо ав, эсхүл үлдээгээд яв” гэж хэлэхээр нь би “охин хүүхэд эцэгтэйгээ байсан нь дээр биз дээ” гэж хэлээд гэр рүүгээ буцсан. Тэгээд гэртээ ирээд байж байтал охин маань ээжийгээ санаад, уйлаад байсан. Тэгэхээр нь тэр орой нь буюу 22 цагийн үед охиноо дагуулан таксигаар хадмынхаа гэрт дахин иртэл эхнэр маань байхгүй байсан. Тухайн үед би эрүүл байсан. Тэгээд би хадам ээжээсээ эхнэрээ асуухад “байхгүй, мэдэхгүй” гэж хэлээд, над руу муухай ааш гаргасан. Намайг өдөр ирэх үед эхнэр, хадам ээж хоёр надад хандан “яв, явахгүй бол амиа хорлочих” гэж хэлж байсан. Тийм учраас орой нь очихдоо уурандаа “амиа хорлоно” гэж хэлж байсан нь үнэн. Тэр үед хадам ээж “чамайг явахгүй бол цагдаа дуудлаа” гэсэн боловч гар утасных нь цэнэг дууссан байсан. Тэгээд манай хадам ээж гэрээсээ гараад явахаар нь би “эхнэрээ өөр айлд унтаж байгаа юм болов уу” гэж бодоод, түүний араас дагаж гарсан. Гэтэл хадам ээж урд хашааны айл руу ороод, хаалгаа дотроос нь барьчихаад, намайг оруулахгүй байсан. Тэгэхээр нь би тэр айлын хаалгыг тогшсон. Энэ үед хаалганы зүүн талын шил нь унаж хагарсан юм. Тэгээд би буцаж хадмынхаа гэрт иртэл эхнэр мөн л ирээгүй байсан. Тэр үед миний уур хүрээд хадам ээжийнхээ машины урд, хойд салхины шилийг барьж явсан базуураар цохиж хагалсан. Тэр базуурыг би нүүдэл хийх үедээ алга болгосон байсан. Одоо надад тэр зүйл байхгүй. Манай эхнэр үр хүүхэддээ хайр халамжгүй, нийлдэг хүмүүс нь буруу замаар явдаг. Гэтэл охин минь “түнхний мултарал”-тай төрсөн учир асаргаа, халамж их шаарддаг. Би эхнэртээ ямар нэгэн дарамт, шахалт үзүүлж байгаагүй. Уурын мунхагаар хадам ээжийнхээ машины шилийг хагалсандаа гэмшиж байна. Би бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн. Иймд надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.   

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримт:

Хэргийн газрын үзлэгээр: ...Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, зээлийн 4-38 тоот хашаанд ертөнцийн зүгээр баруун хэсэгт 40-90 УБТ улсын дугаартай хүрэн улаан өнгийн суудлын автомашины урд салхины шилний зүүн талын төмөр хүрээнээс 48 см-ын зайд нэлэнхүйдээ цуурсан судалтай 3 см-ын тойрог бүхий цөмрөлт үүссэн..., ...хойд салхины шил бүхэлдээ хагарч бутарсан гэмтэлтэй байв... гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 10-14 дүгээр хуудас),

Хохирогч Ц.Долгоржавын өгсөн: ...Би гэртээ нөхөр Галбадрахын хамт унтаж байтал нэг хүн хаалга нүдээд байхаар нь “хэн бэ” гэхэд “би” гэсэн. Би тухайн үед “дунд хүргэн ирж байгаа юм байх” гэж бодоод хаалгаа тайлсан чинь Алтангэрэл байсан. Тэрээр гэрт орж ирээд, орон дээр сууж байгаад “би танай гэрт амиа хорлох байж” гээд уйлаад байсан. Тэгээд би гарч бие засах гэсэн чинь Алтангэрэл гартаа нэг товгор хэлбэртэй хутга барьчихсан миний гарнаас зулгааж надаар өөр рүүгээ хутгалуулах гээд байсан. Гэхдээ би тэр хутганаас нь бариагүй. Би гэрээсээ гарах гэсэн чинь араас хутга бариад “өөрийгөө ална, эсхүл чамайг ална” гээд гэр тойроод хөөгөөд байсан. Тэр үед надаас “Ариука хаана байна” гэж асуухад нь би “хөдөө явчихсан” гэж хэлсэн. Тэгээд би Бабугийн гэр рүү ороод хаалгыг нь дотроос нь хаатал, Алтангэрэл араас хөөж ирээд, Бабугийн хаалгыг татаж үзээд хаалганы хажуугийн шилийг гаднаас нь хагалчихсан. Дараа нь манай хашааны ойролцоо “түн түн” гэх чимээ гарсан. Гэтэл Бабу “Долгоржав эгчээ цаад Аагий чинь машиныг чинь цохиод байгаа юм биш үү” гэхээр нь би Бабутай хамт тэднийхээс гараад, өөрийнхөө хашаа руу гүйж байх үед манай хашааны үүднээс Алтангэрэл нэгэн суудлын машинд суугаад явчихсан. Тэгээд би хашаандаа ороод өөрийн 40-90 УБТ улсын дугаартай Тоёота Гаяа загварын автомашиныг хартал урд болон хойд салхины шилийг хагалсан байсан. Намайг харахад уг шилний хагарч гэмтсэн хэсэг нь нарийн зүсэлт үүссэн мөртэй харагдаж байсан… гэх мэдүүлэг (хх-ийн 27-28 дугаар хуудас),

... 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 16 цагийн үед Алтангэрэл над руу залгаад “би танай гэрт ирчихсэн байна” гэхээр нь би гэртээ очтол тэрээр аавтайгаа хамт ирчихсэн байсан бөгөөд надад хандаж “намайг уучлаарай, би ахиж ийм авир гаргахгүй ээ, би таны хохирлыг барагдуулах гэсэн юм аа” гэсэн. Тэгээд би “хагарсан шил маань яг хэдэн төгрөг гэдгийг мэдэхгүй байна” гэсэн. Харин манай нөхөр Галбадрах “Тоёота Гаяа загварын автомашины урд салхины шил 160.000 төгрөг, хойд салхины шил 180.000 төгрөг болж байна лээ” гэхэд Амарсанаа “тэгвэл 400.000 төгрөг өгвөл болох юм байна” гээд нөхөрт маань 400.000 төгрөг өгсөн. Маргааш нь Гадбадрах өөрөө зах явж, Амарсанаагийн өгсөн мөнгөөр автомашиндаа урд болон хойд салхины шил авч, дуудлагын хүн дуудаж, Алтангэрэлээс дахин 40.000 төгрөг нэмж авч шилээ тавиулсан. Одоо надад хохирол байхгүй болсон учир би гомдолгүй..., ...Миний автомашины арын их гэрэл хугарч гэмтсэн байсан. Уг нь зүгээр байсан юм. Алтангэрэл автомашины шил хагалах үед унаж гэмтсэн байх...  гэх мэдүүлэг (хх-ийн 29 дүгээр хуудас),

Гэрч Б.Галбадрахын өгсөн: 2016 оны 8 дугаар сарын 13-ны орой гэртээ унтаж байтал хаалга нүдсэн. Манай эхнэр “хэн бэ” гэсэн чинь “би байна” гэхээр нь эхнэр хаалга онгойлгосон. Гэтэл охины маань салсан нөхөр болох Алтангэрэл орж ирээд, орон дээр суугаад “би танай гэрт амиа хорлох байжээ” гээд уйлаад байсан. Тэгснээ гартаа богино гэмээр хутга барьчихаад манай эхнэрийн гараар хутгаа бариулаад өөрийгөө хутгалуулах гээд оролдоод байсан. Энэ үед манай эхнэр зуух тойрч гүйгээд, гэрээсээ гарч зугтаасан. Тэгээд урд хашааны Бабу гэх айл руу орсон. Харин Алтангэрэл тэр айлын хаалга онгойхгүй болохоор цонхыг хагалсан. Дараа нь буцаж манай хашаанд орж ирсэн. Тэр үед би гэртээ орон дээрээ хэвтэж  байтал гадна “пүд” хийх чимээ гарахаар нь босоод хаалгаа онгойлгоод хартал Алтангэрэл гэрийн гадна байсан Тоёота Гаяа загварын 40-90 УБТ улсын дугаартай автомашины арын салхины шилийг хагалчихаад гудамж руу гүйхээрээ гарч байсан. Тэгэхээр нь би гарч машинаа харсан чинь урд салхины шил нь хутганы үзүүр шиг шигдэж орсон ул мөртэй цуурсан харагдаж байсан. Харин арын салхины шил нэлэнхүйдээ хагарч бутарсан байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 31-32 дугаар хуудас),

... 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр манай хүргэн болох Алтангэрэл манайд аавынхаа хамт хүрч ирээд, эхнэр болон надаас уучлал гуйсан. Тэр үед Алтангэрэл 400.000 төгрөг өгөөд явсан. Би маргааш нь буюу 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр “Сутайн буянт” нэртэй техникийн зах орж, хувь хүнээс урд салхины шил 180.000 төгрөг, арын салхины шил 200.000 төгрөгөөр худалдаж авсан. Уг шилнүүдээ гэртээ авчирахдаа таксинд 20.000 төгрөг төлсөн. Дараа нь дуудлагын хүнтэй утсаар ярьж асуухад “шил суурьлуулахад 50.000 төгрөг болно” гэж хэлсэн. Тэгэхээр нь Алтангэрэлтэй утсаар ярьж “шил угсарч өгөхөд 50.000 төгрөгийн хөлстэй гэж байна, 50.000 төгрөг нэмж өг” гэсэн. Алтангэрэл аавтайгаа хамт ирж, надад 40.000 төгрөг өгсөн. Би “Алтангэрэлд гомдол санал байхгүй” талаар өөрөө бичгийн цаасан дээр бичиж өгсөн... гэх мэдүүлэг (хх-ийн 33 дугаар хуудас),

Гэрч Б.Батсүрэнгийн өгсөн: Тухайн өдөр би зурагтаа солих гээд байж байтал манай гэрт Долгоржав эгч цагдаа дуудаарай гээд ороод ирсэн. Тэгээд байж байтал Долгоржав эгчийн хүргэн манай монгол гэрийн зүүн талын цонхыг гаднаас нь хагалчихсан. Би Долгоржав эгчээс “энэ чинь юу болж байна аа” гэсэн чинь “манай хүргэн ирчихээд амиа хорлоно гээд байна, хутга барьчихаад өөрийгөө хутгалуулах гээд байна” гэж хэлсэн. Долгоржав эгч манай гэрийн хаалгыг дотор талаас нь татаад зогсож байхад хүргэн нь цаашаа явчихсан. Гэтэл манай гэрийн хойд талд буюу Долгоржав эгчийн гэрийн ойролцоо “пис пас” хийх чимээ 2-3 удаа сонсогдсон. Тэгэхээр нь би Долгоржав эгчид “танай хүргэн чинь танай автомашиныг чинь эвдэж байгаа юм биш биз дээ” гэж хэлээд бид хоёр хашааных нь ойролцоо очих үед тэдний хашаанаас хүргэн Аагий нь гарч ирээд, гудамж уруудаад, нэг машинд суугаад явчихсан. Би Долгоржав эгчтэй хамт хашаанд ортол Автомашиных нь урд салхины шил нь хагарсан юм шиг цуурсан, нүх гарч цоорсон ул мөр харагдаж байсан. Харин арын салхины шил нь бүр мөсөн хагарч бутраад газраар нэг тарсан байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 36-38 дугаар хуудас),

Гэрч Ч.Отгонбазарын өгсөн: Тухайн өдөр би ажлаа тараад, гэртээ ирээд хүүхдүүдтэйгээ зурагт үзээд байж байтал Догоо эгч орж ирээд, манай монгол гэрийн хаалгыг дотроос нь татаад зогссон. Тэгэхээр нь би “яав, юу болов” гэтэл Догоо эгч надад “хүргэн ирээд, агсам тавиад бөөн юм болж байна, цагдаа дууд” гэж хэлсэн. Тэр үед би “ямар даварсан хүн бэ” гээд хувцсаа өмсөөд гарах гэтэл Догоо эгч “битгий гэрээсээ гар, Аагий хутгатай байна лээ” гэж хэлсэн. Удалгүй манай гэрийн ар талд “түс тас” гэх чимээ гарахаар нь манай эхнэр “Догоо эгчээ таны машин тэргийг чинь эвдэж байгаа юм биш биз дээ” гэхээр нь Догоо эгч, манай эхнэртэй хамт гэрээс гүйгээд гарсан. Тэр орой Догоо эгчийн улаан хүрэн өнгийн суудлын автомашины урд болон хойд салхины шил нь цуурч цацарсан байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 39-40 дүгээр хуудас),

Гэрч Т.Ариунбуяны өгсөн: 2016 оны 8 дугаар сарын 13-ны орой над руу манай ээж залгаад “танай Алтангэрэл чинь ирээд, хутга барьж дайраад, цагдаа дуудлаа гэсэн чинь автомашины урд болон хойд салхины шилийг хагалчихаад зугтаачихлаа” гэж хэлсэн. Маргааш нь би ээжийнхээ гэрт очоод автомашиныг нь хартал урд салхины шил нь хутганы ором гараад цуурсан гэмтэлтэй, мөн арын салхины шил нь бүхэлдээ бутраад уначихсан харагдаж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 41-42 дугаар хуудас),

Гэрч Б.Наранбатын өгсөн: Тухайн өдөр намайг гэртээ байхад хадам ээж Долгоржав над руу утсаар залгаад “Алтангэрэл хүрч ирээд Гаяа загварын улаан өнгийн суудлын автомашины хамаг шилийг нь хагалчихаад яваад өглөө. Чи хүрээд ирээч” гэхээр нь би 00 цаг болж байх үед хашаанд нь очиж, гэрэл тусган хартал урд салхины шил нь үзүүртэй зүйлээр цохьсон байдалтай нүх гарсан байсан. Мөн шил нь цуурсан байдалтай харагдаж байсан. Харин хойд салхины шил нь тэр чигтээ бутарч хагарсан байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 43-44 дүгээр хуудас),

Гэрч М.Батсүх (дуудлагаар очсон цагдаагийн офицер)-ийн өгсөн: Би улаан хүрэн өнгийн гэр бүлийн автомашиныг гэрэл тусгаж харсан. Уг автомашины урд салхины шил нь цуурсан байдалтай. Харин хойд салхины шил нь нэлэнхүйдээ хагарч бутарсан байдалтай байсан. Хадам ээж гэх эмэгтэй “манай охины салсан нөхөр болох Алтангэрэл хүрч ирээд хутга бариад сүрдүүлсэн” гэж хэлсэн. Би түүнээс “хутга нь хаана байна” гэхэд тэрээр “би мэдэхгүй, өөрөө аваад явсан байх, манай гэрээс хутга шөвөг аваагүй, өөрөө хутгатай орж ирсэн” гэж хэлж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 45-46 дугаар хуудас),

Гэрч Л.Чөдөрбат (дуудлагаар очсон цагдаа жолооч)-ын өгсөн: Дуудлага өгсөн айлд очиход “агсам тавьсан” гэх хүн явчихсан байсан. Харин хашаанд нь байсан автомашины урд болон арын салхины шил хагарсан байсан. Дуудлага өгсөн хүний хүргэн гэх залуу нь агсам тавьсан гэж байсан. Тухайн үед хадам ээж гэх Долгоржав “манай хүргэн Алтангэрэл ирээд, хутга барьж танхайраад, гэрийн гадна байсан хүрэн өнгийн суудлын автомашины урд болон арын салхины шилийг хагалаад зугтаасан” гэж хэлсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 47-48 дугаар хуудас),

Гэрч Т.Чулуунжаргалын өгсөн: 2016 оны 8 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө манай ээж Долгоржав над руу утсаар залгаад “Алтангэрэл хүрч ирээд, хутга барьчихаад машины урд хойд шил хагалчихаад зугтаачихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудчихаад ээжийн гэрт очиж, гэрэл тусган улаан өнгийн автомашиныг харсан чинь урд салхины шил нь хагараад цацарсан, гол хэсэгтээ хутгаар зоосон гэж мэдэгдэхээр цоорхойтой байсан. Харин арын салхины шил бутраад газар тарсан байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 50-51 дүгээр хуудас),

Гэрч Ч.Тэнгисийн өгсөн: 2016 оны 8 дугаар сарын үед байх, яг хэдэн гэдгийг санахгүй байна. Намайг таван шарын арван буудлын орчимд байдаг ажил дээрээ байхад хөгшин, залуу хоёр хүн ирж уулзаад “Тоёота Гаяа загварын суудлын автомашины урд болон хойд салхины шил байна уу” гэж асуусан. Тэгээд надаас урд салхины шилийг 180.000 төгрөгөөр, арын салхины шилийг 200.000 төгрөгөөр тус тус худалдаж аваад, өөрсдөө тавина гээд явсан. Харин үдээс хойш нь над руу утсаар залгаад “өөрсдөө сольж чадахгүй юм байна, ирээд солиод өгөөч” гэсэн. Тэгэхээр нь би очиж үзэхэд гэр бүлийн улаан хүрэн өнгийн Тоёота Гаяа загварын автомашин байсан. Уг автомашины арын салхины шил нь бутарч унаад, бүүр байхгүй болчихсон байсан. Харин урд салхины шил нь цацарч хагарсан, юмаар цохисон бололтой харагдаж байсан. Тэгээд би уг автомашины урд болон хойд салхины шилийг сольж өгсөн. Би ажлын хөлс гэж 40.000 төгрөг авсан... гэх мэдүүлэг (хх-ийн 52 дугаар хуудас),

Гэрч Б.Дашдаваагийн өгсөн: 2016 оны 5 дугаар сарын эхээр “Скай резорт” цанын баазын ойролцоох барилгын хашаанд байхад Галбадрах гэх хүн эхнэртэйгээ ирж, 40-90 УБТ улсын дугаартай хүрэн улаан өнгийн Гаяа загварын автомашиныг үзэж, харж байгаад авч явсан. Уг машиныг хүлээлгэж өгөх үед урд болон арын салхины шил бүрэн бүтэн байсан. Тэгээд Галбадрах гэх хүний эхнэр нь “нэр дээрээ шилжүүлж авна“ гэж хэлээд худалдах, худалдан авах гэрээ хийнэ гэсэн боловч би ажил ихтэй байсан учраас гэрээгээ хийж чадаагүй байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 53 дугаар хуудас),

А.Алтангэрэлийн сэжигтнээр өгсөн: Би гэртээ буцаж ирээд, гэрт байсан хар өнгөтэй хутганы төмөр ишийг аваад 23 цагийн үед хадам ээжийн гэрт ороод “та эхнэр бид хоёрыг буруу ойлгоод байна” гэхэд хадам ээж “та хоёрын асуудлыг би мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгээд ээж “утсаар ярина” гээд гараад явсан. Би араас нь гарсан. Дээд талын буюу утсаар ярина гэсэн айлын хаалга дотроосоо цоожтой байсан. Би тэдний хаалгыг тогшиж байгаад, хаалганы хажуугийн жижиг дөрвөлжин шилийг хагалчихсан. Тэгээд буцаж яваад, хадам аавынхаа машины урд болон хойд салхины шилийг барьж явсан хутганы ишээр цохиж хагалсан... гэх мэдүүлэг (хх-ийн 70-71 дүгээр хуудас),

...Би хадам аав, хадам ээж нартаа бэлэн 400.000 төгрөг өгсөн. Дараа нь машин шиллэх хүмүүс ирэх байх гэсэн. Тэгээд маргааш өглөө нь буюу 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 12 цагийн үед би төрсөн аав Амарсанаагийн хамт хадам аав, ээжийн гэрт очсон. Дуудлагын хөлс 20.000 төгрөг, мөн цавуу 20.000 төгрөг болно гэж хэлсэн. Тэр үед миний өгсөн 400.000 төгрөгөөр автомашиныхаа урд болон хойд салхины шилийг авсан байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 72 дугаар хуудас),

А.Алтангэрэлийн яллагдагчаар өгсөн: Би хашаанаас гарахдаа хашаанд байсан автомашиных нь урд болон хойд салхины шилийг гараараа цохиж хагалчихаад гараад явсан. Тухайн үед эхнэр байгаагүй, сэтгэл санаа хямарсан, охин маань уйлаад байсан учир бачимдаад ийм байдалд хүрсэн. Хагарчихна гэж бодоогүй... гэх мэдүүлэг (хх-ийн 75-77 дугаар хуудас),

Ашид билгүүн ХХК-ийн эд зүйлд үнэлгээ хийсэн баримт (хх-ийн 58 дугаар хуудас), А.Алтангэрэлийн сурагчийн тодорхойлолт (хх-ийн 101 дүгээр хуудас), урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 79 дүгээр хуудас), А.Алтангэрэлийг А.Алтангүнжийн эцэг мөн болохыг тодорхойлсон тодорхойлолт (хх-ийн 91 дүгээр хуудас), А.Алтангэрэлийн цагдаагийн байгууллагад ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлсон тодорхойлолт (хх-ийн 97 дугаар хуудас), А.Алтангэрэлийн ажиллах хугацаандаа авсан шагнал урамшуулал (хх-ийн 104-107 дугаар хуудас), ял өөрчлөн сонсгосон тогтоол (хх-ийн 119-121 дүгээр хуудас), А.Алтангэрэлийг торгосон торгуулийн хуудас (хх-ийн 122 дугаар хуудас) зэрэг нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн тул үнэн зөвд тооцож, эдгээр нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч А.Алтангэрэл нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2. дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг яллах үндэслэл болголоо.

Гурав. Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

Шүүгдэгч А.Алтангэрэл нь 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 4 дүгээр гудамжны 38 тоот хашаанд байсан иргэн Ц.Долгоржавын эзэмшлийн 40-90 УБТ улсын дугаартай “Тоёота Гаяа” загварын тээврийн хэрэгслийн урд болон хойд салхины шил, баруун хойд гэрлийг базуур буюу гарын шууны булчин хөгжүүлэх хэрэгслээр цохиж, хагалсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан, хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд А.Алтангэрэл мэдүүлэг өгөхдөө “уг автомашины салхины шилийг хутганы ишээр цохиж хагалсан”, эсхүл “гараараа цохиж хагалсан” хэмээн зөрүүтэй мэдүүлсэн боловч тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт базуур буюу шууны булчин хөгжүүлэх хэрэгслээр цохьсон хэмээн мэдүүлсэн нь хэрэгт цугларсан бусад нотлох баримттай агуулгын хувьд тохирч байх тул шүүх шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн үйл баримтыг тогтоосныг дурдах нь зүйтэй.

Прокуророос А.Алтангэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг нотолсон, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.

Харин гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг хэрэгслийн тухайд шүүгдэгч А.Алтангэрэл олон янзаар буюу хутганы ишээр, гараараа, базуураар гэх мэтээр зөрүүтэй мэдүүлдэг бөгөөд зэвсэг хэрэглэсэн эсэх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний хүндрүүлэх шинж болохгүй тул улсын яллагчийн дүгнэсэн, яллах дүгнэлтэд дурдсан үйл баримтыг зөвтгөх боломжтой гэж үзэв.

Дөрөв. Гэм буруу, ял шийтгэлийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримтыг үндэслэн шүүгдэгч А.Алтангэрэлийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1. дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.Алтангэрэлийг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 79)-д ЦЕГ-ын Мэдээлэл судалгаа, технологийн төвийн санд бүртгэгдээгүй гэж тэмдэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндэвтэр гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч А.Алтангэрэл анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд оногдуулах хорих ялын хэмжээг тогтоолоо. Харин хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоодоогүйг тэмдэглэв.

Тэрээр хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүнчлэн 4 настай охин нь түүний асрамжид байдаг зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, Цагдаагийн байгууллагын хяналтад байлгах боломжтой гэж шүүх үзэв.

Хорих ял тэнсэгдсэн ялтанд хяналт тавих үүргийг А.Алтангэрэлийн байнга оршин суух буюу Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 23-8 тоот хаягийн харьяаллаар Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст, түүний түр оршин суух буюу Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн 9-20 тоот хаягийн харьяаллаар Төв аймаг дахь Цагдаагийн газарт тус тус даалгалаа.

Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч А.Алтангэрэл нь хохирогчид нийт 440.000 төгрөг өгч, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь хавтаст хэргийн 29 дүгээр хуудсанд байх хохирогч Ц.Долгоржавын мэдүүлгээр нотлогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Иймд хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тогтоолд дурдах нь зүйтэй.

Зургаа. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Алтангэрэл нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүйг тус тус тогтоолд дурдав.

Шүүх А.Алтангэрэлийг гэмт хэрэг үйлдэхдээ базуур буюу шууны дасгалын хэрэгсэл хэрэглэсэн гэж дүгнэсэн боловч шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “нүүдэл хийх үедээ уг хэрэгслээ алга болгосон” хэмээн мэдүүлсэн тул уг хэрэгслийг олж тогтоох, үнэлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзлээ. Нөгөөтэйгүүр, хохирогч Ц.Долгоржав нь автомашиныхаа урд болон хойд салхины шилийг солиулчихсан байх тул уг шил ямар шинж байдалтай хүчин зүйлийн үйлчлэлээр хагарсныг тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээ хийлгэх бололцоогүй болжээ. Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2. дахь хэсгийг хэрэглэх боломжгүй болсныг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч А.Алтангэрэлд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан тул түүнд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, оролцогч нарт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлан өгөв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Мөнх овогт Амарсанаагийн Алтангэрэлийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Алтангэрэлд 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч А.Алтангэрэлд оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5. дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Алтангэрэл нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хохирогч Ц.Долгоржав гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1., 61.4. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Алтангэрэлд оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Төв аймаг дахь Цагдаагийн газарт тус тус даалгасугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Алтангэрэлд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА