Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 00409

 

        “И” ХХК-ийн хүсэлттэй,

            иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/02245 дугаар шийдвэртэй “И” ХХК-ийн хүсэлттэй

Дампуурсанд тооцож, татан буулгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Б-ийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгч Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Хүсэлт гаргагч “И” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “И" ХХК нь 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гадаад худалдаа, газар тариалан, мал аж ахуй эрхлэх, барилгын материалын худалдаа, хүнсний болон барааны дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1 хөрөнгө оруулагчтайгаар  байгуулагдсан. Компаниа үүсгэн байгуулсан цагаас эхлэн “Э” ХХК болон тэдний салбар охин компаниудад барилгын туслах материал, багаж хэрэгсэл бусад бараа материалыг нийлүүлж эхэлсэн. “И” ХХК-ийг үүсгэн байгуулсан эхний жилүүдэд буюу 2010-2013 он хүртэл хэвийн сайн ажиллаж байсан тул татвар, нийгмийн даатгалаа цаг тухайд нь төлж барагдуулж байсан. Гол харилцагч компаниа алдахгүйн тулд банк, санхүүгийн байгууллага, хувь хүмүүсээс зээл авч бараа ханган нийлүүлэх ажлаа үргэлжлүүлж байсан ч 2013 оны сүүл үеэс улс орны эдийн засаг хямралаас үйл ажиллагаа доголдож эхэлсэн. 2015 оноос хойш “И” ХХК нэг ч үйл ажиллагаа явуулаагүй ба хойшид ч үйл ажиллагаа явуулах хөрөнгө санхүүгийн бүрэн чадамжгүй болсон.

Энэхүү нөхцөл байдал нь манай компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.3.1-д заасан компанийг татан буулгах үндэслэл бүрдсэн. Манай компанид хуучнаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээс 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2158 дугаар захирамжаар татварын өр төлбөрт 52 134 590 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэвч тус компани цаашид үйл ажиллагаа явуулах хөрөнгө санхүүгийн бүрэн чадваргүй, сүүлийн 1 жил гаруйн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй тул компанийг дампууруулах тухай үүсгэн байгуулагчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 тоот шийдвэрийг гаргасан. Иймд “И” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Танай шүүхээс "И" ХХК-ийн хүсэлтээр дампуурлын хэрэгт холбогдуулан 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр зарласан нэхэмжлэгчдийн анхдугаар хуралдаанаар “И” ХХК-ийн хүсэлт болон тус хэлтсийн нэхэмжлэлийн дүн зөрсөн тул дараах тайлбарыг нотлох баримтын хамт гаргаж байна. “И" ХХК нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар 125 659 393,20  төгрөгийн татварын өртэй байна. Үүнд: 1. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2158 дугаар шүүгчийн захирамжаар баталгаажсан 52 068 590 төгрөгийн татварын өрнөөс 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2015 оны 2411 дүгээр шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу 1 143 000 төгрөгийн татварын өр барагдуулсан. Үлдэгдэл 50 925 590 төгрөг байна. 2. Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийг үндэслэн 2015 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 240012307 дугаар Татварын улсын байцаагчийн актаар тогтоогдсон 58 893 579,6 төгрөгийн төлбөр ногдуулсан бөгөөд төлбөрийг барагдуулаагүй байна. 3. Цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого /Суутган-1/-ын 264 000 төгрөг байна.

4. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 15 505 909 төгрөг байна. 5. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангийн 70 314,6 төгрөгийн татварын өртэй байна. Иймд тус татварын албанаас 125 659 393,20 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч О.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “И” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 30 000 000 төгрөгийг бэлнээр компанийн захирал Р.Э-т өгсөн. Гэрээг сард 3 хувийн хүүтэй нийт 3 сарын хугацаатай хийсэн ба 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхэлж тооцсон. Төлж барагдуулах хугацаа 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа тул зээлсэн 30 000 000 төгрөг, хүү 5 400 000 төгрөг нийт 35 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хэрэг гүйцэтгэгч А.Э шүүхэд гаргасан дүгнэлтээ дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “И" ХХК нь Улсын бүртгэлийн 9011261041 дугаартай, 5424887 тоот регистртэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 93 дугаар байрны 14 тоотод байрлаж ажиллахаар 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1 гишүүнтэйгээр гадаад худалдаа, газар тариалан эрхлэх, мал аж ахуй эрхлэх, барилгын материалын худалдаа, хүнсний болон барааны дэлгүүр эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1 000 000 төгрөгийн дүрмийн сантай байгуулагдсан. Улсын бүртгэлийн гэрчилгээнд ХААН банкинд 5009379377 тоот төгрөгийн данстай гэж бүртгэгдсэн боловч лавлагаагаар ХААН банкинд данс эзэмшдэггүй, Хас банкинд 5000847814 тоот төгрөгийн данстай 8955,26 төгрөгийн үлдэгдэлтэй. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2012-2016 оны тайлангийн үзүүлэлтүүдээс харахад 2012-2015 онуудад нийт 10 430 450 төгрөгийн ашигтай ажилласан байна. Хас банкин дахь 5000847814 тоот төгрөгийн дансаар 2012 оноос дампуурлын хэрэг үүсгэх хүртэлх хугацаанд нийт 715 330 635,26 төгрөгийн орлого орж, 715 321 680 төгрөгийн зарлага гарч үлдэгдэл 8955,26 төгрөг байна. "Э" ХХК, "Т" ХХК, "Э" ХХК, "М" ХХК, "У" ХХК, Э төв зэрэг байгууллагуудаас орлогоор орж ирсэн дээрх төлбөрийг бэлнээр болон интернет гүйлгээгээр зарлага болгон буцаан гаргадаг байсан. Эдгээр зарлагуудаа мөнгөн гүйлгээний тайландаа бараа материалын үнэ, борлуулалтын өртөгт тооцон бичилт хийжээ.

Компанийн нэр дээр банк болон ББСБ-аас авсан зээл болон зээлийн үлдэгдэл бүртгэгдээгүй. Cанхүүгийн тайлангийн 2015-2016 оны жилийн эцсийн байдлаар компанийн өр төлбөр 68 508 600 төгрөг болж өөрийн хөрөнгийн 459,84 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. "И" ХХК-д Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгөгүй, мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тогтоогдоогүй. "И" ХХК-ийн удирдлагын тайлбарлаж байгаагаар тус компани нь “Э” ХХК, түүний охин компанид бараа нийлүүлэх гэрээтэй ажиллаж байжээ. Өөрөөр хэлбэл тус компанийн үйл ажиллагаа зөвхөн "Э" ХХК гэдэг худалдан авагч ганц компаниас хамааралтай байсан ба эдийн засгийн хямрал, уул уурхайн салбарын уналтаас шалтгаалан "Э" ХХК-ийн үйл ажиллагаа доголдож эхэлснээр "И" ХХК дараа тооцоогоор бараагаа нийлүүлдэг байсан нь санхүүгийн хүндрэл учруулахад нөлөөлсөн гэж тайлбарладаг. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх “И” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Өдрийн сонины 2017 оны 4 дүгээр сарын 06-ны №078 дугаарт нийтэд мэдээлсний дагуу Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс, иргэн О.М нараас нэхэмжлэл гаргаж шүүхэд ирүүлсэн. Нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлага хариуцагч болон Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн лавлагааны дүнгээс зөрүүтэй 75 524 803 төгрөг /Б/, 5 400 000 /Иргэн О.М/ төгрөгөөр нэхэмжлэлээ ирүүлсэн.

Иймд хэрэгт авагдсан баримтад хийсэн дүгнэлтэд үндэслэн тус “И” ХХК нь 2012 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зуйлийн 23.1 дэх хэсэгт заасан этгээд болох хариуцагч, нэхэмжпэгч, хэрэг гүйцэтгэгчээс “И” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хусэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зуйлийн 33.1.1-т заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна. Шүүх хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн Б болон иргэн О.М нарын өмнө хүлээсэн 161 059 393,2 төгрөгийн үүрэг дуусгавар болох юм гэжээ. 

Шүүх: Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.2-т зааснаар “И” ХХК /РД:5424887/-ийг дампуурсанд тооцож татан буулгаж,

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “И” ХХК-аас 32 700 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 700 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 70 дугаар зүйлийн 70.1-д заасны дагуу хариуцагч “И” ХХК-аас 74 733 802 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Баянзүрх дүүгийн татварын хэлтэст олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас 50 925 591 төгрөгт ыхолбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,  

Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу “И” ХХК-ийн хөрөнгө захиран зарцуулах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Э-д шилжүүлж,

Дампуурлын тухай хуулийн 18, 34, 35 дугаар зүйлд заасан журмын дагуу хариуцагч И ХХК-ийн хөрөнгийг хуваарилах, худалдан борлуулах; холбогдох гүйлгээг хянаж үзсэний үндсэн дээр мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д заасны дагуу ажиллагаа хийхийг хэрэг гүйцэтгэгч А.Э-д даалгаж,

 Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т заасны дагуу шүүх хэрэг гүйцэтгэгчийн тайлантай танилцаж, мөн зүйлийн 36.2.1, 36.2.2-т заасан үндэслэлээр холбогдох эрх зүйн актыг гаргаж татан буулгах ажиллагааг дуусгавар болгохыг дурдаж,

 Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасны дагуу шүүх дампуурлын ажиллагааг дуусгавар болгосноор мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу “И” ХХК-д холбогдох дараах нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагадаагүй тохиолдолд хангагдаагүй үнийн дүнгээр үүргээс чөлөөлөгдөж, түүний нэхэмжлэгчдийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болохыг дурдаж,  

-Нэхэмжлэгч О.М-д зээлийн гэрээний үүргийн дагуу төлөх 32 700 000 төгрөг,

-Б-т Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2158 тоот захирамжийн дагуу төлөх татварын өр 50 925 591 төгрөг,

- Нэхэмжлэгч Б-т төлөх өр 74 733 802 төгрөг.

Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч И ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлэн тайлангаа ирүүлэхийг хэрэг гүйцэтгэгч А.Э-д даалгаж,

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасны дагуу шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг шүүгчийн туслах Г.З, хэрэг гүйцэтгэгч А.Э нарт даалгаж,  

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2158 тоот захирамжийн шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн хуулбарыг хавсаргасугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу хүсэлт гаргагч И ХХК-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгч О.М-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “И Жи Эй Эй” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч О.М-д олгохыг хэрэг гүйцэтгэгч А.Э-д даалгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б давж заалдах гомдолдоо: Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг нэхэмжлэгчдийн хуралдаанаар танилцуулсан. Уг хуралдаанаар хэрэг гүйцэтгэгчид Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлэн банкин дахь дансны орлого зарлагын гүйлгээг дахин нягтлах хүсэлтийг хурлын тэмдэглэлд тусгуулах хүсэлт гаргасан. Энэ талаар шийдвэрлээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн. "И" ХХК нь О.М-аас 30 000 000 төгрөг зээлсэн нь хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар зэрэг баримтаар түрээсийн төлбөрт зарцуулсан гэдэг боловч зарцуулалтын тооцоо болон бусад баримт мэдээлэл хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд огт тусгагдаагүй.

Шүүхийн шийдвэрийн 7 дугаар нүүрний 3 дугаар доголд 3 сая төгрөгөөс дээш дүнтэй орлогуудыг түүвэрлэн үзэхэд 457 685 157,10 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн талаар тусгагдсан байдаг. Хавтаст хэргийн материалд маш олон орлогын гүйлгээний баримт байдаг байтал энэ талаар хэрэг гүйцэтгэгч болон шүүгч энэ талаар ямар нэгэн ажил хийгээгүй холбогдох материалыг шалган шийдвэрлээгүй. Дампуурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан хэрэг үүсгэхээс өмнө сүүлийн 2 жилийн хугацаанд хийгдсэн хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэл хийгдсэн эсэх талаар судалсан баримт материал хавсаргааүй байхад шийдвэр гаргасан. Шийдвэрийн 12 дугаар нүүрний 6 дугаар доголд хариуцагчийн 2015.02.06-2017.02.06 өдрийн хоорондох 1 000 000 төгрөгөөс дээш дүнтэй зарлагын гүйлгээг тусгасан байна. Уг зарлагын гүйлгээнээс харахад утга тодорхой бус зарлагууд хаашаа юунд зарцуулагдсан нь тодорхойгүй, захирлын хувийн хэрэглээнд зарцуулсан зарлагын баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчдийн зүгээс санаатай дампууруулсан байх эргэлзээ байгаа учир цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлт гаргасан байхад эдгээр асуудлыг шийдвэрлээгүй байна. Иймд дээр тусгагдсан баримт материалыг бүрэн судлалгүй төлбөрийн чадваргүй болсон гэх хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзэн шийдвэр гаргасанд гомдолтой байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт "И" ХХК-ийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч "И" ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж дампуурлын хэрэг үүсгэж, дампуурсанд тооцож татан буулгах хүсэлтийг гаргажээ.

Хариуцагч "И" ХХК нь төлбөрийн чадваргүй болсон гэх үндэслэлээ 2013 оны сүүлээс эдийн засгийн хямралтай холбоотой үйл ажиллагаа доголдож, 2015 оны ажиллагаа явуулаагүй гэж тайлбарлажээ. Анхан шатны шүүх “И” ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр дампуурлын хэрэг үүсгэж, түр хэрэг гүйцэтгэгчээр А.Э-ыг томилсон байна. /1 хав 55, 56/

Дампуурлын түр хэрэг гүйцэтгэгч нь хуульд заасан ажиллагааг явуулж И” ХХК нь хөрөнгөтэй эсэх талаар лавлагаа авсан, санхүүгийн байдалд нь зохих шалгалт хийж, улмаар дээрх хоршоог 2013 оноос төлбөрийн чадваргүй байсан гэсэн дүгнэлтийг гаргажээ. /1 хав 203-207, 245-247/ Дээрх дүгнэлтийг үндэслэн шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШЗ2017/03354 дүгээр захирамжаар “И” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, нийтэд мэдээлэхийг даалгаснаар Өдрийн сонины 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 078 дугаарт нийтлэгдсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдож байна. /1 хав 208-210, 215/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б нь шүүхийн шийдвэрийн дагуу "И” ХХК-иас татварын өр төлбөрт 125 659 393,20 төгрөг, нэхэмжлэгч О.М 35 400 000 төгрөгийн шаардлага гаргаж энэ хэрэгт нэхэмжлэгчээр тогтоогджээ. /1 хав 227, 230/

Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт зааснаар шүүхээс нэхэмжлэгчдийн анхны хурал зарлахыг даалгаснаар уг хурал хуралдаж нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь “И” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх санал ирүүлээгүй байна.

2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хуралдсэн нэхэмжлэгчдийн анхны хуралдаанаас хэрэг гүйцэтгэгч томилуулах санал гаргаагүй боловч 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэрээр хэрэг гүйцэтгэгчээр А.Э-ыг томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШЗ2017/04574 дүгээр захирамжаар Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар хэрэг гүйцэтгэгчээр томилж, түүний гаргасан дүгнэлтийг үндэслэн “И” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч Б нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар хангалттай  нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 50 925 591 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй юм.

Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт нь Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан бөгөөд нэхэмжлэгч Б-ийн давж заалдах гомдолд дурдсанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан гомдол хангах боломжгүй.

Дээрх дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/02245 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                                  Э.ЗОЛЗАЯА

                                                           Д.БАЙГАЛМАА