Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/101

 

 

 

 

 

   2023              01          24                                       2023/ДШМ/101                                         

 

 

Г.Б-д холбогдох                                                                                                           эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:    

прокурор С.Ууганбаяр,

хохирогч Ж.А-, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар,

иргэний хариуцагч Я.Т-ийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир,

шүүгдэгч Г.Б-гийн өмгөөлөгч Н.Нарантуяа,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 667 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч Я.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Б-д холбогдох 2210020690340 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэний илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Г-ын Б-, Дорноговь аймагт 1986 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, ........ дүүргийн . дугаар хороо, ...... байрны .... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................./;

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 662 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, уг хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн;

Г.Б- нь хохирогч Ж.А-д “өрөнд орж ирсэн байрыг хямд үнээр зарах боломжтой” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 000 дугаар хороо, ................ хорооллын ...... дүгээр байрны АТМ-ээс шилжүүлсэн 40.000.000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ......... дүүргийн ..... дугаар хороо, ................. АТМ-ээс шилжүүлсэн 20.000.000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр .............. дүүргийн .............. дугаар хороо, ............ худалдааны төвийн АТМ-ээс шилжүүлсэн 23.000.000 төгрөг, нийт 83.000.000 төгрөгийг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад  зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Б- нь хохирогч Ж.А-д 33.000.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдаж, иргэний хариуцагч Я.Т-аас 50.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.А-д олгохоор шийдвэрлэжээ.

Иргэний хариуцагч Я.Т- давж заалдах гомдолдоо: “Би 2021 оны 6 дугаар сарын 15-нд корона вирус гэдэг айхтар халдварт өвчин тусаад эмнэлэгт хэвтсэн байсан. Гэтэл манай “-” ХХК-д өглөгтэй ................. танайх нэг байр шилжүүлээд ав гэсэн гэтэл компаний ажилчид бүгд хорионд байсан учир Ганбат овогтой Б- зөвхөн “..................... ” ХХК нэр дээр шилжүүлэх итгэмжлэл авчих гэсэн боловч санаатайгаар залилж, үгсэн хуйвилдаж өөрийн нэр дээрээ захиран зарцуулах итгэмжлэл авсан байсан. Г.Б- нь удаа дараа ингэж залилан мэхэлж байсныг дараа нь мэдсэн. Анхан шатны шүүхээс иргэний нэхэмжлэлтэй холбоотойгоор иргэний хариуцагч Я.Т- надаас 50.000.000 төгрөг гаргуулан Ж.А-д олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Ж.А-гаас мөнгө Г.Б-гийн дансанд орж ирэхэд миний бие Г.Б-г К.Жандосоос итгэмжлэл ч авах тухай яригдаагүй байхад мөнгө өгөхдөө урьдын зээлээ өгч байна гэж ойлгосноос орон сууц худалдах талаар огт яригдаагүй байсан. Би ямар үндэслэлээр иргэний хариуцагчаар татагдаж, улмаар эд хөрөнгийн хариуцлага хүлээсэн нь ойлгомжгүй. Өөрөө хэлбэл, Г.Б- 83.000.000 төгрөгийг хохирогчоос авсан байхад гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилсэн үндэслэл нь юу байв зэрэгт шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, шүүх К.Ж-оос Г.Б-д олгосон итгэмжлэлтэй холбогдуулж намайг буруутгаж, иргэний хариуцагчаар татаж, төлбөр ногдуулж байгаа бол түүний үндэслэлийг тайлбарлах, шүүхийн шийдвэрт энэ талаар дэлгэрэнгүй бичих үүрэгтэй. Харин Г.Б-гийн мөнгө шилжүүлсэн тухайд олон жилийн өмнө өр авлагаа бие тааруу үед явууллаа гэж миний хувьд баярлаж байснаас орон сууцны мөнгө гэж огт хэлээгүй. Түүнчлэн шүүхээс 50.000.000 төгрөгийг гаргуулах эсэх нь иргэд хоорондын маргааныг шийдвэрлэсэн ба ийм эрх эрүүгийн шүүхэд байхгүй. Ингэсэн нь Г.Б-д л илтэд давуу байдал олгож, түүнд ашигтайгаар шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Иймээс Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/667 дугаар тогтоолд иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн мөнгийг Г.Б-гээс гаргуулахаар өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Иргэний хариуцагч Я.Т-ийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх иргэний хариуцагч Я.Т-аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь заалтыг баримталж  хохирол төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь заалтад “гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол...” гэж заасан байдаг. Я.Т- уг хэрэгт ямар оролцоотой байсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Хохирогчоос 2021 оны 6 дугаар сарын 23, 25-ны өдрүүдэд нийт 2 удаагийн мөнгөн шилжүүлэг орж ирсэн. Гэтэл итгэмжлэл 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хийгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, уг мөнгө орж ирэхэд Г.Б-д итгэмжлэл олгогдоогүй байсан. Анхан шатны шүүхээс Я.Т- уг гэмт хэрэгт ямар хэлбэрээр, яаж оролцож Г.Б-гээр Ж.А-гаас мөнгө авахуулсан үйл баримтын талаар дүгнээгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул нэхэмжлэлтэй холбоотой буюу миний үйлчлүүлэгчээс 50.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Хохирогч Ж.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн орон сууцыг би хоёр банкнаас зээл авч худалдан авсан. 2021 оны 6 дугаар сарын 21, 23-ны өдрүүдэд мөнгөө шилжүүлчихээд 5 хоногийн дараа Я.Т-тай утсаар ярихад “50.000.000 төгрөг өгсөн. 30.000.000 төгрөг өгчихвөл орон сууцыг чинь өгч болно” гэж ярьсан. Надад 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ажил явдал гарсан тул би Г.Б-тэй холбогдож чадаагүй. Иймд худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Үлдэгдэл мөнгийг би найзаасаа зээлж өгөөд орон сууцаа худалдаж авсан. Я.Т-тай харилцсан зурвасууд надад байгаа. Гэтэл 2 монопол компани хоорондоо өр авлага яриад миний мөнгө, худалдаж авсан орон сууцыг өгөхгүй намайг хохироож байна. Я.Т- “мэдээгүй” гэж хэлдэг. Гэтэл охиныхоо нэр дээр шилжүүлээд авчихсан. Миний нэр дээр шилжүүлэхийг татгалзуулсан байгаа. Миний худалдан авсан орон сууцыг өр төлбөртөө авсан гэж хэлээд өгдөггүй” гэв.

хохирогчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...К.Ж-оос Г.Б-д олгосон итгэмжлэлийн дагуу орон сууцыг Ж.А- худалдаж авсан. Тухайн худалдаж авсан 83.000.000 төгрөгөөс 30.000.000 төгрөг Г.Б-д үлдэж, 50.000.000 төгрөг иргэний хариуцагч Я.Т-т шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан. Хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн гүйлгээний утгыг харвал орон сууцны мөнгө шилжүүлсэн болох нь харагддаг. Иргэний хариуцагч Я.Т-ийн гаргасан гомдол, түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбараас үзэхэд “-” ХХК, Я.Т- нарын хооронд өр зээлтэй холбоотой буюу иргэний хуулиар зохицуулагдах харилцаа үүссэн. Иймд уг хэрэгт хамааралгүй. Мөн анхан шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтыг үзэхэд хохирогч Ж.А-гийн өгсөн мөнгөтэй ямар ч хамааралгүй байдаг. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Ж.А-гаас гарсан мөнгө хэнд очиж, хаашаа орсон нь тодорхой байдаг. Иймд давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд гомдлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэж, тайлбарласан бөгөөд шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Миний үйлчлүүлэгч хэргийн зүйлчлэл, гэм буруу дээрээ маргадаггүй. Г.Б- нь анхан шатны шүүхээс хохирол төлбөрт тогтоосон 33.000.000 төгрөгөөс үлдсэн 3.110.000 төгрөгийг анхан шатны шүүхийн шатанд бүрэн төлсөн. Өөрөөр хэлбэл, 33.000.000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан. Энэ талаар баримт хэрэгт авагдаагүй тул гарган өгч байна. Хэрэгт авагдсан иргэний хариуцагч Я.Т-, К.Ж-ын мэдүүлгээр 2021 оны 6 дугаар сарын 23, 25-ны өдрүүдэд нийт 50.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь бүрэн нотлогдсон. Иймд иргэний хариуцагч Я.Т-ийн гаргасан давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй. Г.Б-ээс 50.000.000 төгрөгийг гаргах үндэслэл байхгүй. Нэгэнт авсан мөнгийг буцааж өгөх нь иргэний хариуцагч Я.Т-ийн өөрийнх нь асуудал” гэв.

Прокурор С.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Б-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул прокурорын зүгээс эсэргүүцэл бичээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ иргэний хариуцагчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Г.Б- нь хохирогч Ж.А-д “өрөнд орж ирсэн байрыг хямд үнээр зарах боломжтой” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр  .......... дүүргийн ... дугаар хороо, ..... хорооллын ... дүгээр байрны АТМ-ээс 40.000.000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ... дүүргийн ... дугаар хороо, .... үйлчилгээний төвийн АТМ-ээс 20.000.000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ..... дүүргийн .... дугаар хороо, ..... төвийн АТМ-ээс 23.000.000 төгрөг нийт 83.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, Я.Т-т 50.000.000 төгрөгийг өгч, үлдэх 33.000.000 төгрөгийг залилж үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь:

хохирогч Ж.А-гийн “... би байр авах санаатай хямдхан байр хайж байсан юм. Гэтэл манай найз О надад найз Д-ийн найз Б- гэх залууг танилцуулсан. Тэр хүн барилгын компанид ажилладаг, тэнд хямдхан байр байдаг гэсэн. Б- миний ажлын байран дээр 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ирж уулзсан юм. Тэгээд өрөнд орж ирсэн Зайсанд байрлах 118,000,000 төгрөгийн үнэтэй 49,07 м.кв хэмжээтэй 2 өрөө байр байна, би чамд хямдханаар 83,000,000 төгрөгөөр өгч болж байна гэсэн. Тэгээд байрыг очиж үзээд таалагдсан учир маргааш нь нүүж орсон. Тухайн үед бичиг баримтыг нь үзэхэд Ж гэдэг хүний өмчлөлд байсан бөгөөд ямар учиртайг асуухад манай найз байгаа юм, асуудалгүй, би итгэмжлэлтэй гэж хэлсэн. Надад хуулбар хувийг харуулсан. Байранд орсон өдрөө 40,000,000 төгрөгийг Б-гийн дансанд шилжүүлсэн. Түүнээс хойш 2021 оны 6 дугаар сарын 25-нд 20,000,000 төгрөг, 7 дугаар сарын 5-нд найз О-ээс зээлж, өөрөөр нь Б- рүү 26,500,000 төгрөг шилжүүлүүлсэн. Энэ мөнгөний 3,500,000 төгрөг нь О Б-гээс өөрөө шинэ гар утас худалдан авахаар шилжүүлсэн мөнгө байсан. Би О-ээс зээлсэн мөнгөө буцаад өгсөн. Байрны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. .......... дүүргийн үл хөдлөх хөрөнгийн газарт 2021 оны 8 дугаар сарын 06-нд хүсэлт гаргаж байрыг нэр дээрээ шилжүүлэх гэсэн боловч байрны гэрчилгээ гарах боломжгүй гэсэн хариу өгсөн. Үндэслэл нь итгэмжлэлийг хүчингүй болгосон байна гэсэн. Үүний өмнө нь буюу 8 дугаар сарын 03-ны өдөр Б-тэй ТБД андуудын 2 давхарт байрлах нотариат дээр хамтдаа орж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тэгэхэд тэрээр Ж-оос байрыг худалдахыг зөвшөөрсөн итгэмжлэл болон байрны гэрчилгээг эх хувийн хамт авчирч надад өгсөн. Би Б-тэй холбогдож чадаагүй учир Жандостой холбогдоход надад “наад байр чинь Сайхан хараа ХХК-ийн байр шүү, би зүгээр л итгэмжлэл хийж өгсөн байсан. Надад огт хамаагүй, компаний захирал Тунгаа гэх хүнтэй холбогдоорой” гэсэн. Тэгээд холбогдоход  “83,000,000 төгрөгөөр зарах байсан байрны 50,000,000 төгрөг л надад орж ирсэн, иймд байр чөлөөл” гэж надад хэлсэн. Б- болон Ж нарыг өөрийнхөө компанид ажиллаж байсан хүмүүс гэж хэлсэн. Тэр битгий хэл Б- надад тэрбум төгрөгийн өртэй хүн гэсэн.” /1-р хх 27-28/,

иргэний хариуцагч Я.Т-ийн “... Би цемент худалдах бизнес хийдэг. Авлагандаа энэ байрыг ....... ХХК-иас 120,000,000 төгрөгөнд шилжүүлэн авахаар байсан боловч тухайн үед би корона тусаад хараахан шилжүүлэн авч чадаагүй байж байтал мөн надтай өр авлагын асуудалтай Б- гэх залуу ойрхон холбоотой байсан учир би өөрийнхөө өмнөөс Б-г тухайн байрыг шилжүүлэх ажлыг хөөцөлдөөд ир гэж утсаар зөвшөөрсөн байсан. Нэг өдөр А гэх эмэгтэй надтай яриад “би Б-гээс 83,000,000 төгрөгөөр тухайн байрыг худалдаж авсан. Таны байр юм уу нэрээ шилжүүлмээр байна, мөнгийг нь та авсан биз дээ” гэхээр нь “би огт мөнгө аваагүй ээ, надад Б- зөндөө өглөг авлагын асуудалтай олон жил болж байна” гэж хэлсэн. Тэгээд ч 83,000,000 төгрөгийн үнэтэй байр биш гэж хэлсэн. Б- надад өртэй учраас миний өмнөөс байр зарах эрх байхгүй гэж хэлсэн. Би үүнийг мэдээд ...... ХХК-ийн хүнтэй холбогдоод нөгөө байр чин алдагдсан байна, анхаараарай гэж сануулсан. Тэр даруй тэднийх арга хэмжээ авч үл хөдлөх дээр өргөдөл гаргаж шинээр гэрчилгээ гаргуулан авч хаалт хийлгэсэн байсан. Би байрны үнэ гэж тусгайлан мөнгө шилжүүлэн Б-гээс аваагүй, харин өөрийнхөө өрнөөс Б- 10,000,000 төгрөгөөр 3 удаа, 20,000,000 төгрөгөөр нэг удаа нийт 50,000,000 төгрөг надад буцаан өгсөн. Би 2021 оны 6 дугаар сарын 05-нд корона тусаад эмнэлэгт хэвтсэн. Тэр үед Ж-ын компаний хүнтэй яриад нөгөө өрөнд өгөх байраа авъя, чи Б-д ордер гаргах эрхийг өгчихөөрэй гэж хэлсэн. Гэхдээ тэр үед Б-г өөрийнхөө нэр дээр захиран зарцуулах эрхийг Ж-оос итгэмжлэлээр аваад бусдад худалдчихна гэж ёстой бодоогүй... Б- надаас 2020 онд цемент авч яваад мөнгийг огт өгөөгүй, 50 гаруй сая төгрөгийн өр авлагатай байсан. Гэхдээ энэ мөнгөө одоо надад төлчихсөн... Надад 50,000,000 төгрөг өгснийг хүлээн зөвшөөрч байна.” /1-р хх 59-60/,

гэрч Ю.О-ийн “... Б-тэй анх найз Дүүрэнбилэгээр дамжуулан танилцсан. Манай найз А- байр хайж байгаад Б-д бартерын хямд байр байгаа гэж мэдсэн. Түүний дагуу А- Б-тэй ярьж тохироод түүний Зайсан дахь 1 өрөө байрыг 83,000,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Тэгтэл Б-д Ж гэх байрны эзэн итгэмжлэл олгосон байсан хэрнээ сүүлдээ хүний байрыг зарчихсан юм шиг л маргаан үүсээд явчихсан. Б- тухайн үед би итгэмжлэлтэй учир энэ байрыг захиран зарцуулах бүрэн эрхтэй хүн учир мөнгөө надад өг гэж хэлж байсан. Тэрнийх нь дагуу А- 60,000,000 төгрөгийг өөрөө дансаараа түүнд шилжүүлэн өгсөн. Харин үлдсэн 23,000,000 төгрөгийг нь 7-10 орчим хоногийн дараа байх би А-д зээлээд өөрийнхөө дансаар Б-д шилжүүлсэн.” /1-р хх 36-37/,

гэрч К.Ж-ын “... манай компани барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “-” ХХК-тай бараа материалын хоорондын тооцоо байсан. Тэрхүү тооцоондоо ..... тоот 2 өрөө байрыг 105,000,000 төгрөгт бодож өгөхөөр тохирсон шиг санагдаж байна. Тэр компанийн захирал Т- гэх эмэгтэй байдаг бөгөөд тэр эмэгтэй өөрөө манай компани руу яриад Б- гэх манай ажилтан байгаа, тэр хүний нэр дээр байрыг түр авч байя гэсэн учир тэр хүний нэр дээр байр шилжүүлэх гэрээг нотариатаар ороод 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр итгэмжлэлийг Б- гэх залууд хийгээд өгсөн. Гэтэл бидний хооронд хийгдсэн наймаа бүтэлгүй болж Т- захирал надад байраа буцаан өгөхөөр болсон. Би гэрчилгээ хаашдаа миний нэр дээр учраас санаа зовохгүй байсан. Тэгтэл наадмын дараа гэнэт тухайн байрны талаар асуудал үүсээд явчихсан. Учир нь, надаас байр шилжүүлж авсан Б- гэх залуу байрыг захирал Т-т өгөх ёстой байтал өгөлгүйгээр, бүр өөрт нь мэдэгдэлгүйгээр А- гэх эмэгтэйд худалдсан болж таарсан. Үүнийг мэдээд би гэрчилгээг дахин гаргуулж авч, үл хөдлөхөд хүсэлт гаргаж шилжилт хөдөлгөөн хийхгүй байхаар болгосон.” /1-р хх 41-42/ гэсэн мэдүүлгүүд,

Г.Б-гийн Хаан банкны .............. дугаартай дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 99-100/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Г.Б- эрх олгосон баримт бичгийг ашиглаж өөрт итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг бартерт байр орж ирсэн хямд үнээр зарна хэмээн хохирогчийг хуурч бэлнээр болон дансаар мөнгө шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжтэй байна.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Г.Б-г хохирогч Ж.А-г “өрөнд орж ирсэн байрыг хямд үнээр зарах боломжтой” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, итгэлийг урвуулан ашиглаж нийт 83,000,000 төгрөгийг шилжүүлэн авч иргэний хариуцагч Я.Т- руу 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Б-г 33,000,000 төгрөгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь түүний гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээнд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хариуцагч Я.Т- нь “надаас 50,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, би Б-гээс авах өрөө авсан” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдохгүй байна.

Харин, шүүгдэгч Г.Б- нь хохирогчоос 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 40,000,000 төгрөгийг, 6 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөгийг шилжүүлэн аваад, тэр өдрөө буюу 6 дугаар сарын 23-ны өдөр 30,000,000 төгрөгийг, мөн 6 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөгийг тус тус Я.Т-ийн 5099229928 дугаар дансанд шилжүүлсэн /1-р хх 132/ бөгөөд шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр Г.Б- 33,000,000 төгрөгийг залилан авсан, байрны мөнгө 50,000,000 төгрөгийг иргэний хариуцагч Я.Т- авсан тогтоогдож байх бөгөөд маргаан бүхий орон сууцаа өөрийн өмчлөлд авна гэсэн тул түүнээс 50,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч Я.Т-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07ы өдрийн 2022/ШЦТ/667 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч Я.Т-ийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

                          ШҮҮГЧ                                                          М.АЛДАР                      

                          ШҮҮГЧ                                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ