| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2022/00102/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/11 |
| Огноо | 2023-01-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.С |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/11
2023 01 25 2023/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга О.У
Улсын яллагч Б.С
Шинжээч П.Г
Хохирогчийн өмгөөлөгч Б.Б
Хохирогч О.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Ү
Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Э.Э холбогдох эрүүгийн 212.000.106.0012 тоот хэргийг 2022 оны 11 сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, энэ хэрэгт татагдахдаа ... ажилтай, ам бүл 3, ээж эмээ хоёрын хамт амьдардаг, ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ж овогт Э.Э
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст нийтийн хэв журам хамгаалах хэсгийн Эрүүлжүүлэх байрны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Э.Э нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэх, гэмт этгээдийг олж тогтоох зэрэг цагдаагийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх явцдаа албан тушаалын тодорхойлолтын 2 дугаар зорилтын 2.3-д “... бусдын эрүүл мэнд, амь нас, байгууллагын эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах..." гэх, 3 дугаар зорилтын 3.1-д “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлж, байгууллагын ажилтнууд болон харилцагч, үйлчлүүлэгчид, иргэдтэй зөв боловсон харьцах, ёс зүйн зөрчил, дутагдал гаргахгүй байх” гэх, Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д “Цагдаагийн алба хаагч бусдад эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглоно.” гэх, 48 дугаар зүйлийн 48.1.3-д “тухайн нөхцөл байдалд тохируулан хэрэглэх, хамгийн бага хохирол учруулахыг эрмэлзэх." гэх, 48.5-д "Цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэх явцад хүний амь нас эрүүл мэндэд хохирол учирсан бол эмнэлгийн байгууллагад даруй мэдэгдэн, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлж, шууд захирах даргад, шууд захирах дарга нь прокурорт даруй мэдэгдэнэ” гэх, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий Прокурорын хамтарсан 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн А224ЈА/102 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх” зааврын 2.4 е “тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинж, учруулж болзошгүй хор хохирол”, 2.5 “Цагдаагийн алба хаагч биеийн хүч хэрэглэсэн тухайг дараах тохиолдолд шууд захирах даргадаа нэн даруй илтгэж бичгээр танилцуулна а/ бусдын биед гэмтэл учирсан.” гэж тогтоосон хэм хэмжээг зөрчиж, Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байранд 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр иргэн О.Г.д Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Ү.ийн .-.. тоот хашаанд байрлалтай иргэн Б.Б.ын эзэмшлийн “Тоёота сай” маркийн “.... HHH” улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шилийг хагалсан гэх хэргийг хүлээлгэх зорилгоор түүний бие махбодь, сэтгэл санааг шаналган зовоож эрүү шүүлт тулгасан, мөн эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдэх явцдаа Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байранд 2021 оны 09 дүгээр сарын 28ны өдөр иргэн О.Г.ын биед зүүн дал болон зүүн бугалганы гадна дээд хэсэг, зүүн гуяны дотор талд цус хуралт, баруун завжинд язарсан шарх, гэмтэл учруулж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс дээр эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаагаар үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед өглөөний 9,10 цаг болж байсан. Намайг хоёр давхарт өөр ажил хийгээд явж байхад ерөнхий жижүүрээс яриад эрүүлжүүлэх байранд хүн ирсэн байна очоорой гэсэн. Эрүүлжүүлэх байр луу яваад ороход дэд ахлагч О драгер үлээлгэчихсэн. Хүн хүлээлгэж өгье гээд байж байсан. Би тухайн хүнийг хүлээж аваад драгер багажийг нь хүлээж авангуутаа тэмдэглэл үйлдсэн. Овог нэрийг нь асуусан. Тэгсэн овог нэрээ хэлэхгүй утсаар яриад зогсоод байсан. Чи наад утсаа больчих оо гээд шаардлага тавингуут тийм юм байхгүй, би утсаар ярьж байна, байж бай гээд байсан. Би дахиад чи наад утсаа больчих энд ажил явагдаж байна. Чи ийшээ утсаа тавьчих, больчих гэж хэлэхэд болихгүй байгаад байсан. Тэгээд би наашаа чи ийшээ зогсчих гээд татангуут эд нар намайг зодоод байна гээд орилоод, писда, энэ тэр гээд хараал хэлсэн байдалтай байсан. Би утсыг нь булааж аваад ширээн дээр тавиад, овог нэрийг нь асуухаар хэлэхгүй байсан. Овог, нэр, регистрийн дугаар биеийн байцаалтаа өгчих гэхэд ерөөсөө хэлэхгүй байсан. Тэгэхээр нь би чамайг энд эрүүлжүүлэх гэсэн юм. Би дээр жижүүрээс асуусан энэ хүн яах ёстой хүн юм бэ? гэхэд байцаагч нь ирж эрүүл болгож авах юм, наадахаа эрүүлжүүлэхэд хүлээгээд авчих гэж хэлсэн. Тэгээд цаашаа үргэлжлүүлээд овог нэрээ би өөрөө хэлье гээд үргэлжлүүлээд овог нэрээ О.Г гэж хэлэхээр нь бүтэн овог оо, регистрийн дугаараа гэж хэлэхэд би ариун цэврийн өрөө ороодохъё гэсэн. Тэгэхээр нь чи түр байж бай гэхэд дэд ахлагч О.ыг түлхээд зугтаасан. Зугтаахдаа эрүүлжүүлэх байрны вакум хаалга байсан тэрэн дээр энэ хоёр давхралдаж унасан. Тэгээд би араас нь очоод чи чинь ямар сонин залуу бэ?, босоод ир наашаа бос гэхэд писда та нар яах гээд байгаа юм бэ? гээд дахиад зугтах гэсэн. Тэгэхээр нь гарыг нь өчөөд бариад хувцас тайлах өрөөнд орж хувцсыг нь тайлсан. Тэгээд дахиад овог нэрийг нь асуухад хэлэхгүй байгаад байсан. Тэгэхээр нь чи цаашаа ор, ор гэсэн чинь би хэлье гээд овог нэрээ хэлээд тийм зүйл болсон” гэжээ.
Хохирогч О.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн үед намайг машины цонх хагалсан гээд О, З хоёр гэрт байхад очиж аваад, цагдаа дээр ирсэн. Гутлын мөрний зураг аваад мөр нь таарахгүй байна гэж байсан. Тэгээд тэр цуг явж байсан цагдаа нь Э.Э цагдаатай доошоо цуг авч ороод драгер үлээлгэсэн. Драгер үлээлгэчхээд намайг цаашаа зогс гэсэн. Би цаашаа зогсож байсан чинь чи заавал наад шар зураасан дээрээ зогс гээд үгүй би энэ зогс гэсэн газар чинь зогсчихлоо шүү дээ гэсэн чинь чи яахаараа хүний шаардлага биелүүлдэггүй юм бэ, би овог, нэрээ хэлсэн. Түрүүн хэлээгүй гээд тэгж байна. Тэгээд чи хүний машины цонх хагалчхаад хэргээ хүлээгээч гээд байхаар нь яахаараа би хүлээх ёстой юм бэ? гээд бид хоёр жоохон маргалдсан. Тэгсэн намайг чирч ирээд, чи яасан хэгжүүн юм бэ? гээд намайг өчсөн. Тэгэхээр нь би болилдоо гээд босоод яасан гэж та нар надад хэрэг хүлээлгэх гээд байгаа юм бэ?, би өмгөөлөгч авъя гэсэн чинь чам шиг юманд бол өмгөөлөгч авах эрх байхгүй гэж Э намайг тэгж хэлсэн. Би хүн амьтны амгалан тайван байдал алдагдуулсан биш зүгээр гэртээ байж байхад ирж аваад тийм юм болсон. Тэрэнд би жоохон уурлаад гарах гэж оролдсон, гарч бол яваагүй. Намайг унасан гэж ярьсан. Би очоогүй, намайг яг бүдрэхэд араас татаад буцаагаад хаалгаар гарч амжаагүй байхад барьсан. Намайг буцааж аваачихад би эгч рүүгээ залгаад намайг ингээд байна гэж хэлсэн. Дахиад миний гарыг өчөөд утсыг унагаагаад авсан. Тэгээд цаашаа явж цаад өрөө рүүгээ орж хэсэг байж байгаад чи ариун цэврийн өрөө рүү ор гээд загнаад оруулсан. Яг ариун цэврийн өрөө рүү ортол араас орж ирээд гуя руу өшиглөж, цохиж унагаагаад миний хацар луу, нүүр лүү цохиод байсан. Тэгэхээр нь би больё, миний мөр өвдөөд байна гээд гараад ирсэн. Гараад иртэл нүдний шилтэй нэг цагдаа байсан, би тэрний нэрийг нь мэдэхгүй нэг цагдаа байсан. Энэ хоёр намайг шууд өчиж аваад цаад талын хувцас тайлдаг өрөөнд оруулаад нэг нь гар өчөөд, нэг нь миний өмдийг хүчээр тайлсан. Тэгэхэд нь би хэлсэн мөр болохгүй болчихлоо мөр мултарчихлаа, би өөрөө тайлъя гэж хэлээд өөрөө хувцсаа тайлсан. Тэгээд намайг биеэ засах уу гээд би тэгье гээд биеэ зассан. Эхлээд намайг нойл руу ороход араас орж ирээд шууд зодсон. Зодуулаад 2 сар ямар ч ажилгүй байсан. Юу ч хийж чадахгүй гар, хуруу хөдөлж чадахгүй байсан. Гэмтлээс үүдээд би зураг авхуулсан. Намайг дахиад нарийвчилсан тодотгогчтой шинжилгээнд ор гэсэн. Тэгээд хагалгаанд орж магадгүй гэж үзсэн. Цаашлаад тодотгогчтой шинжилгээнд нь орно. Өмнө би ажилтай байсан. Том тэрэг барьж хот руу ч явдаг байсан. Замын-Үүд дотроо, Эрээн рүү хүртэл явдаг байсан. Үүнээс болоод би 100 хувь ажлаа хийж чадахгүй байгаа. Үрүүл мушгих, огцом хөдөлгөхөөр зүүн гар хатгуулаад янгинаж өвдөөд юм хийж чадахаа больсон” гэжээ.
Шүүгдэгч Э.Э.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед Г.ыг овог, нэрээ хэл гэхэд хэлэхгүй байсан ба эрүүлжүүлэх байранд орохдоо Г бие засъя гээд байсан. Тэгээд би Г.ыг камер руу оруулахаас өмнө бие засах уу гэхэд бие засъя гэхэд нь түүнийг бие засах өрөө рүү оруулж араас нь өөрөө дагаж ороод бие засуулсан юм. Г.ын хөл нь доголсон талаар би анзаараагүй ба бид нараас зугтааж явахдаа унасан. Г бие засах өрөө рүү дахин орохдоо тэрээр тайвширсан байсан ба шээе гээд байхаар нь дахин бие засах өрөө рүү оруулсан. ...надад хэн нэгэн этгээдийн зүгээс 2021 оны 09 сарын 28-ны өдөр иргэн О.Г.д хэрэг хүлээлгэ гэж нөлөөлсөн, даалгасан хүн байхгүй. Миний хувьд хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан бишээ. Би иргэн Б.Б гэх хүнийг танихгүй ба харин сүүлд нь тэр залуу нь машиныхаа шилийг хагалуулсан гэж сонсож байсан. Би түүнийг бие засах өрөөнд оруулаад ямар нэгэн байдлаар зодож цохисон асуудал байхгүй. Тэр Г гэх хүн эрүүлжүүлэх байранд орж ирэх үеэсээ эхлээд миний зүгээс хууль ёсны шаардлага тавих үед тэрээр миний хууль ёсны шаардлага тавих үед тэрээр миний хууль ёсны шаардлагыг эсэргүүцээд байсан ба тухайн үед би түүнийг бие засах өрөөнд оруулахаас өмнө түүний хүзүү хэсэгт цохисон нь битгий миний хууль ёсны шаардлагыг эсэргүүцээд бай гэж хэлсэн юм. Түүнээс биш би түүнийг хэрэг хүлээлгэх зорилгоор ямар нэгэн байдлаар эрүүлжүүлэх байрны бие засах өрөөнд зодож цохисон асуудал байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 107,205-206/
Хохирогч О.Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 2021 оны 09 сарын 28-ны өглөөний 07 цагийн орчим над руу танихгүй дугаараас нэг эрэгтэй хүн залгаад "чи одоо яаж байгаа юм бэ" гэхэд би түүнд хандан "чи юун хүн бэ" гэхэд тэрээр "чи машины шил хагалаад хаясан байна" гэхэд би түүнд хандан "чи юу солиод байгаа юм, яахаараа би машины шил хагалдаг юм" гэхэд тэр хүн "би чамайг цагдаад өглөө шүү" гэхэд би тэр хүнд хандан "Тэгээ тэг би ямар хагалсан биш. Цагдаагаар наад асуудлаа шийдүүлэхгүй юу" гэхэд тэр хүн "Би чамайг цагдаад хэлж хачин болгоно" гэхээр нь би утсаа салгасан юм. ...Удалгүй цагдаагийн дэслэгч З гэх хүн ирээд намайг Замын-Үүд сумын Цагдаагийн хэлтэст авчраад цагдаагийн дэслэгч З нь гар утсан дээрээ хэргийн газарт үлдсэн гутлын улны мөрийг авсан байсан. Тэгээд миний өмсөж явсан гутлын улны мөртэй харьцуулахад мөр нь биш байна таарахгүй байна гэж байсан. Цагдаагийн дэслэгч З нь намайг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна, согтолтын зэргийг нь тогтоо гэж цагдаагийн ахлагч Э гэх хүнийг дуудан намайг тус хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байр руу оруулсан. Тухайн үед 09 цаг болж байсан санагдаж байна. Намайг эрүүлжүүлэх, саатуулах байранд оруулаад Э нь согтолтын зэрэг тогтоох драйгер үлээлгэхэд 2,20 хувьтай гарсан. Э нь тэр үед надад хандан хэлэхдээ "Чи хүний машины шил хагалчхаад хэргээ хүлээ. Хэрэв хэргээ хүлээх юм бол шууд чамайг явууллаа гэхэд би түүнд хандан "Би яахаараа хийгээгүй хэргээ хүлээх ёстой юм" гэхэд тэрээр "Чи угаасаа хэрэг хийсэн юм чинь хүлээхгүй гээд яах юм" гэж хэлсэн ба би эгч С рүү залгаж "Намайг хорих гээд байна. Ирээд авах хэрэгтэй байна" гэхэд Э миний баруун гарыг өчиж байгаад гар утас булааж авсан. Тэгээд би гарах гээд Эрүүлжүүлэх саатуулах байрнаас гарах гээд үүдэнд нь очиход араас татаж бие засах газрын өмнө зогсоогоод өөрөө тусдаа өрөө рүү орсон. Тэгээд хэсэг байж байгаад Э цагдаа гарч ирээд "Чамайг одоо эрүүлжүүлнэ. Бие засах өрөө рүү орж бие зас" гээд бие засах өрөө рүү оруулсан. Би бие засах өрөө рүү ороход Э цагдаа миний зүүн гуя хэсэгт хөлөөрөө өшиглөж газар унагаасан, мөн гарын ар хэсгээр миний баруун хацар хэсэгт 1 удаа цохисон, зүүн хацар хэсэгт 1 удаа алгадсан. Мөн тэрээр миний зүүн гар хэсэгт цохиж, гараа барих үед нуруу хэсэгт нийтдээ 8-9 удаа цохисон. Ингэж зодуулж байхдаа би Э цагдаад хандан "Больё больё би өөрөө наад эрүүлжүүлэх байранд чинь орье" гэж хэлсэн. Бие засах өрөөнөөс тэгээд гарахад нэг цагдаагийн алба хаагч ирээд Э тэр хоёр намайг өчиж хувцас тайлуулах үед би тэр хоёрт хандан "Би өөрөө хувцсаа тайлъя зүүн гар хөдлөхгүй байна" гэж хэлэхэд тэр хоёр намайг тавьж би өөрөө хувцсаа тайлсан. Удаагүй 10- 20 орчмын дараа манай дүү С ирж намайг Эрүүлжүүлэх саатуулах байрнаас гарган авсан. Намайг Эрүүлжүүлэх саатуулах байрнаас гаргахаас өмнө Э цагдаа “чи битгий олон юм яриад байгаарай, энд болсон явдлыг ярихгүй бол гаргана. Ярих юм бол гаргахгүй шүү" гэж хэлж байсан. Надад учирсан зүүн дал болон зүүн бугалганы гадна хэсэгт, зүүн гуяны дотор талд цус хуралт, баруун завжинд язарсан шарх гэмтлийг Э гэх цагдаа учруулсан. Миний хувьд цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн асуудал огт байхгүй. Тэр Э гэх цагдаа шууд хэргээ хүлээ гээд намайг эрүүлжүүлэх саатуулах байрны бие засах өрөөнд оруулж зодсон. Би эмчилгээний зардал, Улаанбаатар хотод ирж мэдүүлэг өгөхөд зарцуулагдсан зардал зэргийг нэхэмжилнэ. Би гомдолтой байна. Намайг Э цагдаа гараад ир уулзая гэхэд манай дүү С ирээд Э.д хандан “чи огт ирж уулзахгүй байж мөрдөгч ирэхэд чи ирж уулздаг нь ямар учиртай юм бэ? гэхэд Э “би ерөөсөө ажил амжихгүй байж байгаад одоо л ирж байна гэсэн. Тэгэхээр нь би С.г байж бай гээд Э.тэй гэрээсээ гарч уулзахад тэрээр надад хандан хэлэхдээ уучлаарай гэхэд би түүнд хандан “чи яг ямар учраас ингээд байгаа юм бэ” гэхэд тэрээр ёстой муухай юм боллоо, одоо энэ асуудлыг яаж шийдэх вэ гэсэн. Би тэгэхээр нь энэ асуудлыг угаасаа хуулийн дагуу явж байгаа гэхэд Э надтай хамт явья тамхи авья гэж машиндаа суулгаж яваад тэрээр надад хэлэхдээ “та надад ганц удаа тус болчих, би танд үнэнээ хэлье дүү нь өр зээлтэй хэцүү байна. Байгаагаа би танд баръя гэхэд би түүнд хандан “би чамаас мөнгө төгрөг авахгүй, харин гомдолгүй гэсэн бичиг хийж өгъе” гэсэн. Тэгэхэд тэрээр надад за баярлалаа ах гэж хэлээд намайг хашаанд буулгасан. Тэгээд орой 18 цагийн орчим Э буцаж ирээд надад хандан хэлэхдээ “...бид хоёр хоёр талаасаа бухимдалтай байсан, тэгээд энэ маргаан үүссэн гээд хэлчих” гэсэн. Тэгэхээр нь би түүнд хандан “тэгж хэлэх юм бол би өөрөө буруутан болно” гэхэд тэрээр “танд ямар ч асуудал гарахгүй, дүү нь өөрөө очоод уулзана” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд хандан “чи тэгвэл ингэж ярьж байгаа бол чамтай яриад байх зүйл байхгүй” гэж хэлээд гэр рүүгээ орсон. Эмчилгээ болон Улаанбаатар хотод очиж мэдүүлэг өгсөн замын зардал зэрэг нийлээд 700,000 орчим төгрөг болж байгаа би тухайн мөнгөн дүнг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17-18, 113/
Гэрч Б.Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Г.тай цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөөс өмнө 7 хоногийн өмнө суудлын тээврийн хэрэгслээр болоод хэрэлдэж байсан юм. Би өөрийн эзэмшлийн Тоёото Сай маркийн ..-.. HHH улсын дугаартай тээврийн хэрэгслээ хашаандаа оруулж тавиад 2021 оны 09 сарын 28-ны өглөөний 07 цаг өнгөрөөд гараад ирэхэд тус тээврийн хэрэгслийн урд салхины шилийг хагалсан байсан. Тэгэхээр нь би хэд хоногийн емне Г.тай хэрэлдэж байснаа санаад түүнийг сэжиглээд түүний утас руу залгаад ямар учраас машины шил хагалсан талаар асуухад тэрээр би чиний машины шилийг хагалаагүй талаар хэлсэн. Тухайн үед би Г.ыг сэжиглэж байсан болохоор уг асуудлын талаар Замын-Үүд сум дахь Цагдаагийн хэлтэс рүү дуудлага өгсөн ба дуудлага, мэдээллийг З гэх ажилтан шалгаад Г.ыг цагдаагийн хэлтэс дээр авчирлаа гэсэн. Тэгэхээр нь би цагдаагийн хэлтэс дээр яваад очиход Г.ын дүү нь гэх нэг эмэгтэй ирсэн байсан ба тэр эмэгтэй надад хандан хэлэхдээ "Манай Г ах үнэхээр чиний машины шилийг чинь хагалсан бол төлж өгье" гэж хэлсэн юм. Тэгээд би Цагдаагийн хэлтсээс явсаны дараа удалгүй Г.ын дүү нь гэх эмэгтэй над руу залгаад "Манай ах чиний машины шилийг хагалаагүй юм байна. Тэгэхээр мөнгийг чинь өгч чадахгүй. Манай ахыг цагдаа нар зодоод бид нар эмнэлгээр явж байна. Зодсон цагдаа нарыг нь хуулийн дагуу шалгуулна" гэж хэлсэн. ...Миний тээврийн хэрэгслийн шилийг хагалсан асуудал Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн З гэх хүн шалгаж байгаад түүний дараа эрүүгийн мөрдөгч Д гэх хүн шалгаж байгаа. Эрүүгийн мөрдегч Д нь надад хэлэхдээ чиний тээврийн хэрэгслийн шилийг Г хагалаагүй юм байна, тээврийн хэрэгсэл чинь даатгалтай учир даатгалаа хөөцөлдөөрэй гэж надад хэлсэн. ...мөн “гар нь эвгүй болчихсон байна, одоо бид эмнэлгээр явж байна, гомдолтой дүгнэлт гаргуулна” гэж хэлсэн. Би түүнийг цагдаад хэлж хачин болгоно гэж хэлээгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-24, 203/
Гэрч Ц.З.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст 2021 оны 09 сарын 28-ны өдөр зөрчил шалгах алба хаагчаас томилогдон ажлаа авах үед өглөөний 08 цаг 10 минутын орчим жижүүрээс дуудлага гарсан байна, яаралтай оч гэсэн чиглэл өгсөн. Үүний дагуу жижүүрийн жолооч, цагдаагийн дэд ахлагч О.ын хамт дуудлага өгсөн Замын-Үүд сумын 3-р баг Ү.ийн .-.. тоот хаягт очиход иргэн Б.ын Тоёота саб маркийн ..-.. HHH улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шилийг хагалсан байдалтай байсан. Тухайн дуудлага өгсөн иргэн Б.той уулзахад тэрээр надад хэлэхдээ "Урд шөнө 23 цагийн орчим хашаандаа оруулж ирээд тавьсан. Өглөө 07 цаг өнгөрөөгөөд ажилдаа явах гээд гарахад ийм байдалтай байдалтай болсон байна. Урьд шөнө манай хойно байдаг айлд хүмүүс ирсэн архидаад байсан. Би Г гэх хүнийг сэжиглэж байна. Тэр хүн намайг өөрийн эхнэртэйгээ хардаад байдаг юм. 2 хоногийн өмнө надтай гудамжинд таараад, дараа таарнаа гээд заналхийлээд байсан. Тэр хүнийг шалгаж өгөөч" гэсэн. Тэгээд Г.ын гэрт нь очиход тэрээр гэртээ байхгүй байсан ба түүний утсыг Б.оос аваад түүнтэй холбогдоход тэрээр гэртээ ирж байна гэсэн тэгэхээр нь гэрт нь дахиад очиход Г гэртээ ирсэн байхаар нь түүнийг Цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Тухайн гомдол, мэдээлэл зөрчлийн шинжтэй гэхээс илүү бусдын эд зүйлд халдсан гэмт хэргийн шинжтэй байсан тул энэ талаар ёс журмын эргүүлд танилцуулахад эрүүгийн мөрдөгч Дашдондовоор шалгуул гэсэн. Тэгэхээр нь би Д.ыг дуудан Г.ыг хүлээлгэн өгсөн ба би дээш гараад өрөөндөө суугаад хүмүүс дуудаад байж байхад миний таньдаг Г гэх хүн яриад "Манай ах Эрүүлжүүлэхэд орсон юм шиг байна. Машины цонх шил хагалсан юм шиг байна. Яаж гаргаж авах уу" гээд Г.ын дүү эмэгтэйн хамт ирсэн. Би тэр үед Г болон түүний эмэгтэй дүүгийн хамт эрүүлжүүлэх байранд дагуулж ороход Г нь наад талын камерт ороод орилж хашгирсан байдалтай байсан. Тэгэхээр нь би Г болон түүний эмэгтэй дүүд нь ах чинь ийм байдалтай байна, архи дарсыг нь гаргасаны дараа ирж авахгүй юу гэж хэлсэн. Би тэгж хэлээд өрөөндөө хүнтэй байсан учир дээшээ гарч өрөөндөө орсон ба маргааш нь Г над руу яриад "Манай ахыг цагдаа зодсон юм шиг байна. Гар нь хөхөрч хавдсан байна гэж хэлсэн. Би энэ талаар тухайн үед эрүүлжүүлэх байранд үүрэг гүйцэтгэж байсан цагдаа Э.ээс асуухад тэрээр “би түүнийг цохиж зодсон асуудал байхгүй, Г өөрөө зугтах гэж гүйж яваад унасан” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-29/
Гэрч Э.Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрны эмчээр 2021 оны 09 сарын 28-ны өдөр ажиллахаар томилогдсон. Тухайн үед миний бие ганцаараа эрүүлжүүлэх байрны үүрэг гүйцэтгэж байсан ба өөрөөр хэлбэл 24 цагаар тулж ажиллаж байсан. Удирдлагаас намайг тулаа хийж ажиллаж байсан болохоор ажил төрлөө амжуулаад амарч бай, эрүүлжүүлэх байранд хүн ирсэн тохиолдолд чамайг дуудаж байна шүү гэж чиглэл өгсөн. Тухайн өдөр буюу 2021 оны 09 сарын 28-ны өдөр гадуур ажил хөөцөлдөөд явж байхад жижүүрээс эрүүлжүүлэх саатуулах байранд хүн ирлээ гэсэн. Тэгээд би эрүүлжүүлэх байранд ороход Г гэх хүн хувцастайгаа байсан ба түүний хажууд нь цагдаагийн ахлах ахлагч Э, жолооч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Л.О нар байсан. Г гэх хүн намайг эндээс гарга, би явмаар байна гээд байсан ба би Э.ээс асуухад О надад хэлэхдээ "Энэ хүн сая эрүүлжүүлэх байрнаас гарч зугтаах гэж оролдлоо, араас нь хөөж байгаад гарах чиглэлийн вакум хаалганы доод хэсэгт бүдэрч унахаар нь барьж авлаа" гэсэн. Би тэр хоёроос ямар учраас энэ хүнийг тавьсан юм гэхэд О хэлэхдээ "Бие засах хэрэгтэй байна гэхээр нь тавьсан юм" гэж хэлээд Г гэх хүнийг бариад байсан ба сул тавихаар зугтах гээд байна гэсэн. Одоо миний санаж байгаагаар Г.ыг хувцсыг нь тайлуулаад камерт оруулахаас өмнө түүнийг бие засуулъя гээд Э бил үү О бил үү дагаж оруулсан санагдаж байна. Тэгээд Г.ын биед нь үзлэг хийхэд ил харагдах шарх гэмтэл байхгүй байсан учир тэмдэглэлд тусгаад түүнийг камерт оруулсан. Удалгүй Г.ын дүү нь гэх эрэгтэй, эмэгтэй 2 хүн цагдаагийн дэслэгч З.ийн хамт орж ирэхэд Г нь эд нар намайг зодоод байна шүү дээ хөөе гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-39/
Гэрч Л.О.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 09 сарын 28-ны өдөр ажил хүлээлцэх үеэр иргэн Б гэх хүнээс өглөөний 08 цагийн орчим миний тээврийн хэрэгслийн цонхыг хагалсан байна гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу цагдаагийн дэслэгч З.ийн хамт дуудлага өгсөн газарт очсон. Тухайн үед Тоёота сай маркийн /улсын дугаарыг нь санахгүй байна/ саарал өнгийн тээврийн хэрэгслийн салхины шилийг хагалсан байдалтай байсан ба З бид хоёр нөхцөл байдалтай танилцаад иргэн Б гэх хүнээс сэжиглэж байгаа хүний талаар асууж тодруулахад надад сэжиглэж байгаа хүн байгаа, утасны дугаарыг нь мэднэ гэсэн. Тэгээд тэр хүнтэй нь цагдаагийн дэслэгч З холбогдоод гэрт нь очоод тэр хүнийг Цагдаагийн хэлтэс рүү албаны тээврийн хэрэгсэлд суулгаад авч явсан. Тухайн үед тэр хүн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба ёс журам, ерөнхий жижүүрт танилцуулахад эрүүгийн мөрдөгчөөр шалгуул гэсний дагуу эрүүгийн мөрдөгч Д ирсэн. Эрүүгийн мөрдөгч Д тэр хүний согтолтын зэргийг шалга гэсний дагуу би түүнийг доошоо Эрүүлжүүлэх байр руу авч ороход тэр хүн согтолтын зэргээ шалгуулахгүй, утсаар хүнтэй яриад байсан. Та наад утсаа болиод согтолтын зэргээ шалгуулчих гэж шаардлага тавихад тэрээр би согтолтын зэргээ шалгуулахгүй, та нар миний утсаар ярих эрхийг зөрчихгүй гэсэн. Тухайн үед эрүүлжүүлэх байрны цагдаа Э байсан ба би дуудлага гараад 10 орчим минут болоод хүрээд ирэхэд цагдаа Э иргэн Г нар эрүүлжүүлэх байрны өрөөнд байж байсан. Э тухайн үед бие засах хэрэгтэй байна гэхээр нь би бие засах өрөөний хаалгыг нээж өгөхөд тэрээр намайг түлхээд цаашаа зугтаасан ба араас нь хөөхөд тэрээр коридорт байрлах вакум хаалганы босгонд бүдэрч унахад нь би дээрээс нь дарж унасан. Тэгээд Г.ыг босгож ирээд би түүний баруун гарыг, Э түүний зүүн гарыг өчиж эрүүлжүүлэх байр руу оруулсан. Г гэх хүн тухайн үед утсаар хүнтэй ярьж байгаад арай гайгүй тайвшрахад Э бие засах өрөө рүү Г.ыг ор гэж байгаад бие засах өрөө рүү хамт ороод 3-4 минут болоод гарч ирсэн. Би тухайн үед бие засах өрөө рүү хамт ороогүй ба тэр хоёрыг гарч ирэхэд нь Г.ыг эрүүлжүүлэх байрны камерт оруулсан. Тэгээд би эрүүлжүүлэх байрнаас гараад явсан ба түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45- 46/
Гэрч О.С.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 09 сарын 28-ны өдөр гэртээ байж байхад манай эгч С над руу залгаад "Г чамтай ярьсан уу, над руу сая залгаад Цагдаагийн хэлтэс дээр байна, намайг эрүүлжүүлэхэд хийх гээд байна, эд нар зодоод байна гээд орилж чарлаад түс тас гээд дуугараад байна" гэсэн. Тэгээд би гэрээсээ гарах гээд байж байхад дахин С эгч залгаад "Чи гэрээсээ гарсан юм уу, хурдан цагдаа дээр очоорой, Г чинь орилж чарлаад түс тас хийх чимээ гараад, утас нь газар унах шиг боллоо” гэсэн. Тэгэхээр нь би Цагдаагийн хэлтэс дээр нөхрийнхөө хамт очиж би Цагдаагийн хэлтэс рүү ганцаараа орсон. Тэгээд би цагдаагийн жижүүрээс ороод Г гэх хүн ирсэн үү гэхэд ирсэн гэсэн ба би жижүүрт нь Г ахтай уулзая зодож нүдээд байх шиг байна гэхэд жижүүр нь хариуцаж байгаа алба хаагч нь 2 давхарт байгаа гээд З гэх цагдаатай уулз гэсэн. Тэгэхэд би цагдаагийн жижүүрийн алба хаагчид нь манай ахыг зодоод байна гэсэн тийм учраас ахынхаа бүрэн бүтэн байгааг хармаар байна гэж хэлэхэд жижүүрийн цагдаа нь нэг хүнтэй утсаар яриад эрүүлжүүлэх байр руу нь би ганцаараа орсон. Би доошоо эрүүлжүүлэх байр руу ороход Э гэх цагдаа хүний машины цонх хагалчихаад хэргээ хүлээ гэхэд манай ах Г би хүний машины цонх хагалаагүй, яасан гэж намайг зодож байгаа юм, чи намайг нойлын өрөө рүү оруулж камернаасаа нууж зодож байна яасан гэж намайг зодож байгаа юм гэх яриа сонсогдсон. Тэгэхэд эрүүлжүүлэх байрны үүдэнд нэг цагдаа зогсоод намайг оруулахгүй байсан ба би ахыгаа хармаар байна гэж хэлээд ороход манай ах Г.ын хувцсыг тайлуулаад эрүүлжүүлэх байрны камерт оруулсан байсан. Тухайн үед би Э гэх цагдаад нь яасан гэж та нар хүн зодож байгаа юм гэхэд тэрээр наад хүн чинь өөрөө зугтаасан, зугтаах үед нь барьж аваад гарыг нь өчсөн гэсэн. Тэгэхэд манай ах Г чи намайг бие засах өрөөнд оруулж байгаад зодсон биз дээ гэхэд Э цагдаа чи өөрөө бие засъя гээд байсан биз дээ гэж хэлсэн. Тэгээд би дээшээ гарч 2 давхарт суудаг З гэх цагдаатай уулзахад тэрээр хүний машины шил хагалсан гэх дуудлага ирсэн гэхэд би түүнээс нотлох баримт байгаа юу гэхэд машины эзэн нь тэгж хэлсэн, эхнэртэйгээ хардаад шил хагалсан байж магадгүй гэж хэлсэн гэхээр нь би түүнд доор эрүүлжүүлэх байранд манай ахыг цагдаа нар зодоод байна, тэр хүний гомдлыг нь барагдуулаад ахыгаа авч явмаар байна гэсэн. З.оос машины шилээ хагалуулсан хүний утсыг авч тэр хүнтэй холбоо барихад тэрээр би байцаагчтай камер шүүгээд явж байна гэж хэлсэн. З.оос дахин орж энэ талаар тодруулахад эрүүгийн байцаагч цуг явсан байх гэж хэлээд орхисон. Тэгж байтал удалгүй машины шилээ хагалуулсан хүн ирэхээр нь тэр хүнтэй уулзахад би сэжиглэж байгаа хүний утсыг нь цагдаад өгсөн, мен цагдаа дуудахаас өмнө Г ахтай яриад та яахаараа миний машины шилийг хагалж байгаа юм гэхэд Г ах тийм юм байхгүй, юу яриад байгаа юм гэж хэлсэн гэсэн. Би тэр хүнд машины шилийг чинь хагалсан ч бай, хагалаагүй ч төлбөр мөнгийг нь өгье, тэгэхгүй бол манай ахыг эрүүлжүүлэх байранд цагдаа нар зодсон юм шиг байна гэж ярилцаад байж байхад манай эрэгтэй дүү Г ирсэн. Тэгж байтал манай ахын хувцсыг нь өмсгөөд Э гэх цагдаа гаргаж ирээд "Наад хүнээ аятайхан амраагаарай" гэж хэлсэн. Г ах тухайн үед зүгээр байж байгаад зодуулсан, гомдолтой эмнэлэгт очиж үзүүлнэ гэж хэлсэн. Мөн тэрээр намайг камераас нууж, бие засах өрөөнд оруулж зодсон мөн тэр эрүүлжүүлэх байрны цагдаа нь олон юм ярихгүй бол явуулна, яриад байх юм бол эндээ үлд гэхээр нь олон юм ярихгүй гэж хэлээд гарч ирсэн талаар надад хэлсэн. Г бид хоёр эмнэлэг дээр 11 цагт очиход тог нь тасарсан байсан учир үдээс хойш эмнэлэг ороод Г ах хувцсаа тайлахад зүүн гар нь улаан эрээн юм болсон байсан. Тэгээд 2 өдөр эмнэлгээр явж байгаад Прокурорт гомдол гаргасан юм. Г нь эрүүлжүүлэх байрнаас гарч ирэхдээ унжийсан юм гарч ирсэн ба эрүүлжүүлэхийн цагдаа намайг бие засах өрөөнд оруулж байгаад зодсон гэсэн. Мөн Г хэлэхдээ цагдаа Э нь чамайг бие засах өрөөнд оруулж байгаад номхотгоод өгнө гэсэн ба тэрээр бие засах өрөөнд ороод бие зас гэж хэлсээр байгаад бие засах өрөөнд оруулж зодсон гэсэн. 2022 оны 01 сарын 12-ны өдрийн 15 цагт намайг ирж мэдүүлэг өгөх талаар таныг дуудахад манай ах Г.ын гэрт нь цагдаа Э очсон гэж надад Г ах хэлсэн. Тэгээд би Г ахын гэрт нь яваад очиход Э байж байсан ба уучлаарай, уучлалт гуйж байна, Г ахтай ганцаарчлан уулзая гэж хэлж байсан. Тэгэхээр нь би Авлигатай тэмцэх газраас Э.ийг дуудсан болохоор манай Г ахаас уучлалт гуйх гэж ирсэн юм байна гэж ойлгосон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-49/
Шинжээч эмч П.Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Иргэн О.Г.ын биед учирсан гэмтэл нь 3-аас дээш хэд хэдэн удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл ба түүний биед учирсан гэмтлүүдийн байрлалыг харахад нэг удаагийн уналтын үед үүсгэгдэх боломжгүй. Харин түүний биед учирсан зүүн дал болон зүүн бугалганы гадна дээд хэсэгт учирсан цус хуралт гэмтэл нь нэг удаа газар унах үед үүсгэгдэх боломжтой. Иргэн О.Г нь надад тухайн гэмтэл авснаас хойш 15 хоногийн дараа үзүүлсэн ба түүний биед үзлэг хийхэд гэмтэл шарх нь эдгэрэх явцдаа орсон байсан. Түүний баруун завьжны язарсан шарх нь эдгэрсэн байсан ба эмч О.Б.ийн үзлэгийг үндэслэн дүгнэлтэд тусгасан. Тухайн үеийн Г.ын биед учирсан зүүн гуяны доторх талд цус хуралт гэмтлийн гэрэл зургийг үндэслэн гаргах боломжгүй байсан учир өөрийн үзлэгийг үндэслэн шинжээчийн дүгнэлт гаргасан. Тухайн дүгнэлтийг өөрийн үзлэг болон Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн эмч О.Б.ийн үзлэгийг үндэслэн гаргасан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-64/
2021 оны 10 сарын 15-ны өдрийн 04/241 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтэд:
-О.Г.ын биед зүүн тал болон зүүн бугалганы гадна дээд хэсэгт, зүүн гуяны дотор талд цус хуралт, баруун завжинд язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо.
-О.Г.ын биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсэн байх боломжтой.
-Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
-О.Г.ын биед учирсан гэмтлүүд нь дан дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба нийлээд “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.
-Хөнгөн гэмтэл нь эрүү мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдантанд нөлөөлөхгүй” гэжээ. /1-р хх-ийн 56-59/
Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах хэсгийн саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Э.Э.ийн ажил байдлын тодорхойлолт, албан тушаалны тодорхойлолт /1-р хх-ийн 69-80/
Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд ажиллах алба хаагчдын хуваарь, томилгоо /1-р хх-ийн 80-84/
Эрүүлжүүлэгдсэн этгээдийг ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн бүртгэл /1-р хх-ийн 85/
Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /1-р хх-ийн 86/
2022 оны 01 сарын 12-ны өдрийн 15 дугаартай Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар /1-р хх-ийн 88/
2022 оны 01 сарын 13-ны өдрийн Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 114-115/
2022 оны 01 сарын 14-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 116/
2022 оны 01 сарын 14-ны өдрийн эд зүйлийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 117/
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 118/
2022 оны 03 сарын 15-ны өдрийн 5/01 дугаартай “эд зүйлийг хураан авч, эд мөрийн баримтаар тооцох тухай” прокурорын тогтоол /1-р хх-ийн 164-165/
2022 оны 03 сарын 15-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцсон СД болон флаш-д үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 166-168/
2022 оны 06 сарын 28-ны өдрийн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 196-197/
2022 оны 06 сарын 28-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 198/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл
Шүүгдэгч Э.Э нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст нийтийн хэв журам хамгаалах хэсгийн эрүүлжүүлэх байрны цагдаагаар ажиллаж байхдаа 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр эрүүлжүүлэх байранд хохирогч О.Г.ыг эрүүлжүүлэх явцдаа бие засах өрөөнд оруулж өчих, цохих өшиглөх зэргээр зодож биед зүүн дал болон зүүн бугалганы гадна дээд хэсэг, зүүн гуяны дотор талд цус хуралт, баруун завжинд язарсан шарх, гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Э.Э.ийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Э.Э.ийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр эрүүлжүүлэх байранд хохирогч О.Г.ыг эрүүлжүүлэх явцдаа бие засах өрөөнд оруулж өчих, цохих өшиглөх зэргээр зодож биед нь зүүн дал болон зүүн бугалганы гадна дээд хэсэг, зүүн гуяны дотор талд цус хуралт, баруун завжинд язарсан шарх, гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч О.Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Э.Э.ын мэдүүлэг /1-р хх-ийн 38-39/, гэрч Л.О.ын мэдүүлэг /1-р хх-ийн 45-46/, гэрч О.С.ийн мэдүүлэг, /1-р хх-ийн 48-49/, 2021 оны 10 сарын 15-ны өдрийн 04/241 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 56-57/, хохирогч О.Г.ын биеийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 58-59/,НР 4GB төмөр флаш дискний бичлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас шүүгдэгч Э.Э.д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр иргэн О.Г.д Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Ү.ийн .-.. тоот хашаанд байрлалтай иргэн Б.Б.ын эзэмшлийн “Тоёота сай” маркийн “..-.. HHH” улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шилийг хагалсан гэх хэргийг хүлээлгэх зорилгоор түүний бие махбодь, сэтгэл санааг шаналган зовоож эрүү шүүлт тулгасан гэх үйлдэл холбогдол нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заажээ.
Хохирогч О.Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "Чи хүний машины шил хагалчихаад хэргээ хүлээ. Хэрэв хэргээ хүлээх юм бол шууд чамайг явууллаа гэхэд би түүнд хандан "Би яахаараа хийгээгүй хэргээ хүлээх ёстой юм" гэхэд тэрээр "Чи угаасаа хэрэг хийсэн юм чинь хүлээхгүй гээд яах юм" гэж хэлсэн ба бие засах өрөө рүү ороход Э цагдаа миний зүүн гуя хэсэгт хөлөөрөө өшиглөж газар унагаасан, мөн гарын ар хэсгээр миний баруун хацар хэсэгт 1 удаа цохисон, зүүн хацар хэсэгт 1 удаа алгадсан. Мөн тэрээр миний зүүн гар хэсэгт цохиж, гараа барих үед нуруу хэсэгт нийтдээ 8-9 удаа цохисон” гэх мэдүүлгийг давхар нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хохирогч О.Г нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн диспозиц шинжийг хууль тогтоогч “Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон” гэж хуульчилснаас гадна Монгол улсын нэгдэн орсон “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-д “Эрүүдэн шүүх гэж хэн нэгэн хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчлах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбод, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ” гэж тус тус тодорхойлсон байна.
Шүүгдэгч Э.Э.ийн хохирогч О.Г.ыг зодож биед нь 3-4 тооны шарх гэмтэл үүсгэснийг хэрэг хүлээлгэх зорилгоор хохирогч О.Г.ын биемахбод, сэтгэл санааг шаналган зовоосон гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн сувьектив талын шинжийг бүрэн агуулаагүй бөгөөд хохирогчийг эрүүлжүүлэх явцдаа хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хүнлэг энэрэнгүй ёсыг эрхэмлэх, үйлчлүүлэгч этгээдтэй хүнлэг бус харьцаж хохирогчийн биед гэмтэл учруулсан нь тогтоогдож байна.
Улсын яллагч яллах дүгнэлтэндээ “шүүгдэгч Э.Э.ийг хэрэг хүлээлгэх зорилгоор бусдын бие махбодь, сэтгэл санааг шаналган зовоож эрүү шүүлт тулгасан” гэж яллажээ. Эрүүгийн болон зөрчлийн хэрэг гэдгийг тухайн хуулийн аль нэг зүйл заалтаар эрүүгийн болон зөрчлийн хэрэг үүсгэх тогтоол гаргаж, хэргийн дугаар авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг эрүүгийн болон зөрчлийн хэргийг хэрэг гэх боловч цагдаагийн байгууллагад ирүүлсэн гомдол, мэдээллийг хэрэг гэж үзэх үндэслэлгүй байна.
Цагдаагийн байгууллагын ажилтан хуульд зааснаар гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох эрхтэй хэдий ч уг эрхээ эдлэхдээ хэнийг ч болов аливаа хэлбэрээр хүнлэг бус хэрцгий хандах, нэр төр, алдар хүнд, бие махбод, сэтгэл санаанд хохирол учруулах арга хэрэглэхийг хуулиар хориглосон байдаг.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т. шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар 1 дүгээр хавтаст хэргийн 113 дугаар хуудсанд авагдсан эд мөрийн баримтаар тооцох тухай прокурорын тогтоол, мөн хавтас хэргийн 114-116 дугаар хуудсанд авагдсан дүрс бичлэгийг устгуулах саналыг хүлээн авах боломжгүй байна. Нэгэнт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх, үнэлэхгүй асуудал яригдахаас устгуулах асуудал байхгүй юм.
Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас шүүгдэгч Э.Э.д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Ж. овогт Э.ийн Э.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр шийдвэрлэв.
Дээрх яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Хохирлын талаар
Хохирогч О.Г. нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний болон бусад зардалд 700,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд 2-р хавтаст хэргийн 37,38-р хуудсанд 382,000 төгрөгний баримт өгсөн байна. Уг баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан 2021 оны 09 сарын 29-ний өдөр авсан эм, тарианы үнэ 22,300 төгрөг, мөн өдөр авсан гарын сойлтны үнэ 8,800 төгрөг. бүгд 31,100 төгрөгийг гаргуулж бусад он сар, өдөр, юу худалдаж авсан нь тодорхойгүй E-баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хохирогчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн урд нь хэргийн материалтай танилцах зорилгоор Н.Б. өмгөөлөгчид төлсөн 200,000 төгрөг, С.Э. өмгөөлөгчид төлсөн 100,000 төгрөг, өмгөөлөгч Б.Б.д төлсөн өмгөөллийн хөлс 2,500,000 төгрөг, өмгөөлөгч Б.Б.ын 2023 оны 01 сарын 23-ны өдөр Улаанбаатараас Замын-Үүдэд ирж буцсаны машинд хийсэн түлшний үнэ 250,000 төгрөг, 2023 оны 01 сарын 15-16-нд өмгөөлөгч Б.Б.ын Улаанбаатараас ирж хэргийн материалтай танилцахад ирсэн машины түлшний үнэ 243,434 төгрөг, нийт 3,293,434 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь: эдгээр өмгөөллийн хөлстэй нотлох баримтууд нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол биш бөгөөд хохирогч нь өмгөөлөгч авах эсэх нь өөрийн эрхийн асуудал юм.
Мөн хохирогч О.Г.ын Улаанбаатар хот явж эгэм ясанд хийлгэсэн имрай зураг авахуулахад төлсөн 300,000 төгрөг, Улаанбаатар хотод буудалд хоносон зардал 150,000 төгрөг, 2023 оны 01 сарын 20-ны өдөр биеэ эмнэлэгт үзүүлэхээр Улаанбаатар хот явахдаа машинд хийсэн түлшний үнэ 213,832 төгрөг, мөн 01 сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос Замын-Үүдэд ирсэн машины түлшинд зарцуулсан 190,000 төгрөг нийт 853,832 төгрөгийг хэрэгсэхгүй болгов. Хохирогчийн эгэм ясны яс ургалтын зэргийг тогтоолгох зорилгоор зураг авахуулсан болох нь 2-р хх-ийн 93 дугаар хуудсанд авагдсан дүрс оношилгооны шинжилгээний хариу гэх баримт, шинжээч эмчийн шүүх хуралдаанд өгсөн “хохирогчийн эгэм ясны яс ургалтын зэрэг нь шүүгдэгчийн хохирогчид учруулсан гэмтэлтэй холбоогүй” гэх мэдүүлгээр тогтоогдож байгаа тул хохирогчийн эгэм ясны яс ургалт нь шүүгдэгчийн буруутай үйлдлээс хохирогчид учирсан гэмтэлтэй шалтгаант холбоогүй байна.
Мөн хохирогч нь гар, мөрөндөө гэмтэл авсаны улмаас 2 сар ажилгүй байсан хугацааны орлого сард дунжаар 15,641,743 төгрөг олдог байсан ба 2 сарын олох ёстой орлого 31,283,486 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хэдийгээр хохирогчийг орлого олдог байсныг үгүйсгэхгүй ч хохирогч О.Г нь орлого олдог тухайгаа татварын албанд бүртгүүлж, хэдэн төгрөгний орлого олж хэдэн төгрөгний татвар төлж байсан талаар нотлоогүй. Мөн Д гэх хүний машиныг ямар гэрээ, хэлцлийн үндсэн дээр хэдийнээс хэдийний хооронд жолоодож байсан нь тодорхойгүй байна. Иймд хохирогчийн нэхэмжлэлээс 31,100 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 36,099,652 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг болно.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Э.Э.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Э.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Нр цагаан саарал өнгийн DVD-R диск, Нр улаан өнгийн DVD-R диск, НР 4GB төмөр флаш диск зэргийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан байна.
Шүүгдэгч Э.Э.д эрүүгийн ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч Э.Э.д хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Ж овогт Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Ж овогт Э.Э.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
3. Шүүгдэгч Ж овогт Э.Э.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.ийн Э.ийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э. нь торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Э.Э. нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Э.Э.ээс бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсаны эмчилгээний зардалд 31,100 /гучин нэгэн мянга, нэг зуун/ төгрөгийг гаргуулж, хохирогч О.Г.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 36,099,652 /гучин зургаан сая, ерэн есөн мянга, зургаан зуун тавин хоёр/ төгрөгийг хасаж хэргэсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Нр цагаан саарал өнгийн DVD-R диск, Нр улаан өнгийн DVD-R диск, НР 4GB төмөр флаш диск зэргийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хадгалсугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Э.Э.д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Ц