Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2019/00687

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Ч.Ичинхорлоо, Ө.Уянга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Г

Нэхэмжлэгч: Х.М нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Э

Хариуцагч: Л.Т  нарт холбогдох,

Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 9.268.940 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч У.Батцэцэг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуу, иргэдийн төлөөлөгч Ц.Дамдинжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түмэнбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Г, Х.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Г нь Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт 2006 оноос “Гэгээ” зоогийн газар ажиллуулж ирсэн ба тус зоогийн газрын тогооч болох БНХАУ-ын иргэн Л.Т нь 2009 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ажлын хариуцлага алдаж дизель түлштэй цахилгаан зуухан дээр тос асган гал алдаж зоогийн газрын гал тогоо болон заал бүхэлдээ шатахад хүрсэн. Уг гал түймрийн улмаас 4,980,400 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан нь Төв аймгийн онцгой байдлын газрын гал түймэр гарсан актаар тогтоогдсон ба БНХАУ-ын иргэн Л.Т болон түүний эхнэр Б.Э нар нь 2009 оны 4 сарын 28-нд өөрийн буруугаар гал алдаж хохирол учруулснаа бүрэн хүлээн зөвшөөрч учирсан хохирлыг 100 хувь барагдуулна гэж Төв аймгийн Заамар суман дахь Цагдаагийн хэлтэст хүсэлт гаргаж, 2009 оны 5 дугаар сарын 5-нд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол гарсан. Хариуцагч БНХАУ-ын иргэн Л.Т нь цагдаагийн газар шалгагдаж байхдаа учруулсан хохирлоо манай нөхөр болох Мөнхдалайд 100 хувь төлж барагдуулна гэсэн баталгааг бичгээр гаргаж өгсөн учир өвчтэй хүүхэд, амьдрал ахуйг харж үзэн дээрх хохирлыг цалингаас нь барагдуулахаар тохиролцсон боловч биднийг Эрдэнэт хот руу ажлаар явсан хойгуур шөнөөр нүүж зугтаасан байсан. Өглөө нь БНХАУ-ын иргэн Л.Т –гийн эхнэр Б.Э 99122694 дугаараас “хэлэлгүй явсанд уучлаарай, хотод очоод ярина, уулзаж өр төлбөрөө барагдуулна” гэсэн мессэж бичсэн байсан.

Хариуцагч БНХАУ-ын иргэн Л.Т болон түүний эхнэр Б.Э нараас барилга байшин, тоног төхөөрөмжид учирсан хохирол 4,980,400 төгрөг, лангууны бараа 483,900 төгрөг, гал тогоонд байсан хоолны материал 240,190 төгрөг, засвар хийгдэхэд гарсан тээврийн хөлс 150,000 төгрөг, бензин 180,000 төгрөг, засвар хийсэн материал 2,594,050 төгрөг, ажлын хөлс 500,000 төгрөг, эрэн сурвалжлахад гарсан зардал 140,400 төгрөг, хохирол 9,268,940 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын иргэн Л.Т нь “Гэгээ” зоогийн газарт ажиллах явцад “тоног төхөөрөмж маш муу хоол хийдэг зуух нь маш хуучин, дутуу зүйл ихтэй тул үүнийг сольж өгөхийг Л.Т-гийн зүгээс удаа дараа хэлдэг байсан ч Д.Г нь огт тоодоггүй ажиллуулж байгаад 2009 оны хавар тогоо буюу зуух нь гэнэт шатсан. Энэ зуух нь салярка ба тог цахилгаанаар ажилладаг. Хоолны газар маш их ачаалалтай бөгөөд хоол хийх явцад тос ус асгарах, хоол дэврэх зэргээр хоол үйлдвэрлэлтэй холбоотой янз бүрийн үйл явдал болдог нь хэнд ч ойлгомжтой юм. Гэтэл тэр өдөр хоол хийж байх явцад гэнэт гал гарсан ба үүнийг тос асгаснаас болсон гэж бид бүгдээрээ тооцож хоол хийж байснаар нь Л.Тг тос асгалаа гээд буруутгасан юм. Л.Т нь БНХАУ-н иргэн бөгөөд монгол хэл сайн мэдэхгүй цагдаа сэргийлэхээс айж эмээхдээ би хоол хийж байсан болохоор миний буруугаас боллоо гэж ойлгож мэдүүлж байсан юм. Тухайн үед Л.Тг Төв аймгийн Зуунмод сум руу байцаалтад авч явсан ба тэрээр хэл мэдэхгүй ямар ч орчуулагчгүй бүх баримтууд дээр нь гарын үсэг зурсан. Гал гарсаны дараа Д.Г Х.М нар нь тухайн үед хоол хийж байхад гал гарсан юм чинь гомдол санал байхгүй гэж байсан бөгөөд үүнийгээ ч гал гарсан 2008 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ хэн аль нь мэдүүлсэн байна. Үүний дараа зоогийн газар хэвийн ажиллаж эхэлсэн бөгөөд Д.Г нар нь Л.Тгийн цалинг сард зөвхөн хоол хүнсэнд дөнгөж хүрэлцэх төдий буюу 200.000 төгрөг орчим цалин олгож байсан бөгөөд зөрүүг хохиролд тооцон авч байгаа гэдэг шалтгаанаар цалинг бүтэн олгохоо больсон юм. Ийм байдлаар дахиад нэг жил ажиллуулсан юм. Ажил үүргээ гүйцэтгэж байх явцад плетканаас гал гарсан нь тогоочийн буруу гэж үзэх боломжгүй бөгөөд галын улмаас учирсан хохирлыг бид хариуцах үндэсгүй юм. Д.Г нь цалин олгохдоо хохиролд тооцож байна гэх шалтгаанаар цалингүй бүтэн жил ажиллуулж дээрээс нь бидний 2.500.000 төгрөгөөр худалдаж авсан хашаа байшинг авсан атлаа энэ олон жилийн дараа ийнхүү их хэмжээний төлбөр шаардаж байгаа нь үнэхээр гайхаж бас гомдож байна. Зоогийн газрыг ажиллуулж байсан Д.Г нь өөрөө шаардлага хангахгүй тоног төхөөрөмж ажиллуулснаас болж гал гарсан бөгөөд үүнээс үүдэн гарсан галын хохирлыг үүрэгт ажлаа хийж байсан ажилтан хариуцах үндэсгүй юм. Гал гарах үед ахлах тогооч Л.Т болон туслах тогооч н.Цэрмаа, угаагч н.Хишигжаргал нараас өөр хүн байгаагүй. Тиймээс нэхэмжлэгч нар нь гал зөвхөн Л.Тгийн буруугаас болсон гэж хэлэх боломжгүй. Цагдаагийн газар тухайн үед тайлбар өгсөн туслах тогооч н.Цэрмаа, угаагч н.Хишигжаргал нар нь зөвхөн ахлах тогооч Л.Тгийн тосноос боллоо гэсэн үгээр л мэдүүлэг өгсөн байдаг. Мөн хэргийн хамгийн гол баримт болох Төв аймгийн Онцгой байдлын газар нь акт гаргаж гал гарсан шалтгааныг хэргийн газар ажиллаж дүгнэлт гаргалгүй зөвхөн мөрдөгчийн бүрдүүлсэн материал, хүмүүсийн тайлбарыг л үндэслэн ахлах тогооч Л.Тг буруутай мэтээр дүгнэсэн байна. Гэтэл Төв аймгийн Онцгой байдлын газрын гал гарсан нь тогоочийн тос асгаснаас болсон гэж дүгнэх үндэслэл болсон мөрдөгчийн бүрдүүлсэн баримт нь өөрөө хуульд нийцээгүй буюу гадаад улсын иргэний эх хэлээр буюу мэддэг хэлээр нь мэдүүлэг аваагүй, монгол хэлээр тайлбар авахдаа орчуулагч оролцуулаагүй, тайлбар, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн гэх монгол хэл дээр бичсэн баримтуудыг БНХАУ-н иргэн Л.Тг бичсэн гэж үзэх боломжгүй баримтууд байна. Тийм учраас гал гарсан нь ахлах тогоочийн буруутай үйлдэл гэдгийг цагдаагийн байгууллагаас эцэслэн бодитой тогтоож чадаагүй, хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хаасан байх тул дээрх баримтуудыг үндэслэн Л.Тг буруутай гэж үзэж хохирлыг хариуцуулахаар шийдвэрлэх боломжгүй юм. Мөн ажил олгогч Д.Г нь тогооч Л.Тг ажиллуулахдаа ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаатай холбоотой ямар ч дүрэм журам байхгүй, дагаж мөрдөж байхаар гарын үсэг зуруулж аюулгүй ажиллагааны дүрэм журам мөрдүүлж байгаагүй атлаа зуухнаас гарсан галыг аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөнөөс гарсан гэж үзэж хоол хийж байсан тогоочийг буруутгах үндэслэлгүй юм. Мөн Х.М нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Гэгээ зоогийн газрыг 2008-2009 онд Д.Г эрхлэн удирдаж ажиллуулж байсан ба Х.М нь түүний нөхөр юм. Мөн гал гарсан үед зоогийн газарт Б.Э байгаагүй юм. Гэтэл түүнийг хохирол учруулсан гэж үзэж төлбөр гаргуулахаар хариуцагчаар татаж байгаа нь мөн үндэслэлгүй юм. Иймд Д.Г Х.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

          

                 Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

              Нэхэмжлэгч Д.Г, Х.М нар нь хариуцагч Б.Э, БНХАУ-ын иргэн Л.Т / / нарт холбогдуулан эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 9,268,940 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргаж байна.

 

              Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            2009 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлаас багийн нутагт байрлах “Гэгээ” зоогийн газарт гал гарч, зоогийн газрын дотор байрлах эд зүйлс бүхэлдээ шатаж үгүй болсон байна.

 

            Гал гарсан шалтгааныг зоогийн газрын ахлах тогооч Л.Т нь хоол хийх явцдаа цахилгаан зуухан дээр тос асгаснаас болсон гэж Төв аймгийн Онцгой байдлын газар 2009 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 06/009 дугаартай “Гал түймэр гарсан тухай акт”-аар тогтоосон байна. /хх 11/

 

            БНХАУ-ын иргэн Лю овогтой Тиеруйгийн энэ үйлдэлд Төв аймгийн Прокурорын газар 2009 оны 5 дугаар сарын 05-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан бөгөөд хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, ажилтантайгаа хохирлоо барагдуулахаар тохиролцсон тухай тайлбар, хүсэлт гаргасан учир ийнхүү эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан нь 251 дүгээр тогтоолоор тогтоогджээ. /хх 15/

 

            Гал гарсны улмаас 4,980,400 төгрөгийн эд зүйл шатсан тухай эд зүйлд үнэлгээ хийх комиссын дүгнэлт гарсан байна. /хх 8/

 

            Нэхэмжлэгч нар “хариуцагч БНХАУ-ын иргэн Л.Т-гийн болгоомжгүй үйлдлийн улмаас Төв аймгийн Заамар сумын Хайлааст багт байрлах “Гэгээ” зоогийн газарт гал түймэр гарч эд хөрөнгөнд гэм хор учирсан” гэж хариуцагч нараас гэм хорын хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэхээр шаардаж байна. 

 

Нэхэмжлэгч Д.Г нь тухайн цаг хугацаанд “Гэгээ” зоогийн газрыг ажиллуулдаг байсан нь Төв аймгийн Заамар сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Төв аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн тохирлын гэрчилгээ зэргээр тогтоогдсон бөгөөд түүний нөхөр Х.М хамтран ажиллуулдаг байсан гэх үндэслэлээр хамтран нэхэмжлэл гаргасан ба энэхүү үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.2-т зааснаар хамтран үүрэг гүйцэтгүүлэгчдийн бүрэн эрх хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбогдон үүсдэг бөгөөд нэхэмжлэгч Д.Г, Х.М нарыг хуулийн дээрх заалтын дагуу хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэж үзэх үндэслэлтэй тул гэм хорын хохирлыг шаардах эрхтэй гэж дүгнэв.

 

            Хариуцагч БНХАУ-ын иргэн Л.Тгийн хувьд түүний болгоомжгүй үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарын эд хөрөнгөнд гэм хор учирсан болох нь тогтоогдсон, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан тул энэ нэхэмжлэлд хариуцагч болох үндэслэлтэй буюу гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд мөн байна.

 

            Харин хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч нарт гэм хор учруулсан гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй, БНХАУ-ын иргэн Л.Тгийн эхнэр гэх үндэслэл нь гэм хорыг хамтран хариуцах үндсийг бүрдүүлэхгүй, хариуцагч нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул түүнд холбогдох шаардлага хуульд нийцээгүй.

 

            Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй тул хариуцагч БНХАУ-ын иргэн Л.Т нь нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.

 

            Нэхэмжлэгч нар барилга байшин, тоног төхөөрөмжид учирсан хохиролд 4,980,400 төгрөг, лангуунд байсан барааны үнэ 483,900 төгрөг, гал тогоонд байсан хоолны материалын үнэ 240,190 төгрөг, тээврийн хөлс, бензин авахад зарцуулсан 330,000 төгрөг, засварын хийхэд зарцуулсан 2,594,050 төгрөг, ажлын хөлсөнд төлсөн 500,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардалд 140,000 төгрөг буюу нийт 9,268,940 төгрөгийг хохирол болон гарсан зардалд тооцож шаардсан.

 

            Гал гарсны улмаас нэхэмжлэгч нарын 4,980,400 төгрөгийн эд хөрөнгө шатсан болохыг эд зүйлд үнэлгээ хийсэн комисс дүгнэсэн, уг үнэлгээнд хариуцагч тал маргаагүй, баримтаар няцаагаагүй тул шүүх комиссын дүгнэлтээр тогтоогдсон дүнг үнэн зөв гэж үзэв.

 

Харин гал гарах үед лангуу болон гал тогоонд байсан гэх бараа, хоолны материалын нэр төрөл, тоо ширхэг, тэдгээрийг худалдан авсан тухай зарлагын болон тооцооны өдөр тутмын баримт хэрэгт авагдаагүй тул шүүх нэхэмжлэгч нараас бараа материал, түүний үнийн талаар нөхөн бичилт хийсэн тооцооны дэвтрийн 78-80 дугаар талд бичигдсэн бичвэрт үндэслэн 483,900 төгрөгийн бараа, 240,190 төгрөгийн хоолны материалаар нэхэмжлэгч нарыг хохирсон гэж үзэх боломжгүй болно.

 

Түүнчлэн тухайн дэвтэрт тээврийн хөлс, бензиний зардал 330,000 төгрөг зарцуулсан гэж бичигдсэн нь бусад баримтаар тогтоогдоогүй тул мөн адил гэм хорын хохиролд тооцогдох үндэслэлгүй байна.

 

Мөн “Гэгээ” зоогийн газрын барилгын засварын ажилд 2,594,050 төгрөг, засварын ажлын хөлсөнд 500,000 төгрөг тус тус зарцуулсан гэх нэхэмжлэгч нарын шаардлага нь зарлагын баримт /хх 20-21/-уудаар хангалттай нотлогдохгүй байна.

 

Тодруулбал, 2009 оны 04 дүгээр сарын 30, 2009 оны 05 дугаар сарын 02, 2009 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн болон огноо нь тодорхойгүй зарлагын баримтуудад хэнээс худалдан авч байгаа, хэнд мөнгө төлж байгаа талаар тусгагдаагүй байгааг эргэлзээгүй нотлох баримт гэж үзэх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн тул шүүх эдгээр баримтыг нэхэмжлэгч нарын шаардлагыг хангалттай нотлохгүй гэж үзсэн болно.

 

Харин хариуцагчийг 2 удаа эрэн сурвалжлуулсан болох нь Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 146 дугаартай, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/01299 дугаартай шийдвэрүүдээр тогтоогдсон бөгөөд улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг төлсөн байх тул энэ зардлыг БНХАУ-ын иргэн Л.Т нь бусдын эд хөрөнгөнд учруулсан гэм хорыг хариуцан арилгах хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нараас гарсан зайлшгүй зардал гэж үзэж Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан хохиролд тооцох үндэслэлтэй.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч БНХАУ-ын иргэн Л.Тгийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарт 5,120,800 /4,980,400+140,400/ төгрөгийн хохирол учирсан гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч тал хариуцагчийн учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор сар бүрийн цалингаас нь 200,000 төгрөг суутгах замаар нийт 600,000 төгрөг нөхөн төлүүлсэн гэж тайлбарласан тул шүүх тогтоогдсон дээрх хохирлын хэмжээнээс төлөгдсөн дүнг хасаж тооцох нь зүйтэй.

 

Хөөн хэлэлцэх хугацааны хувьд, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т зааснаар нэхэмжлэгч нар нь эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирлыг 2009 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш 5 жилийн дотор нөхөн төлүүлэх шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой боловч хариуцагчийн оршин суугаа газрын хаяг тодорхойгүйгээс энэ хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байжээ.

 

Энэ үйл баримт Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 146 дугаартай шийдвэрээр хариуцагч Л.Т-г эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоох ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэж, цагдаагийн байгууллага 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хариуцагчийн оршин суугаа хаягийг тогтоосон, мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/01299 дугаартай шийдвэрээр хариуцагч БНХАУ-ын иргэн Л.Т-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохоор шийдвэрлэж, цагдаагийн байгууллага 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчийн оршин суугаа хаягийг тогтоосон талаарх баримтуудаар тогтоогдсон байна. /хх 23-25/

 

Нэхэмжлэгч ийнхүү хариуцагчийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлэх 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, Цагдаагийн байгууллага хариуцагчийн оршин суугаа хаягийг тогтоосноор мөн хуулийн 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр тоологдох тул нэхэмжлэгч нарын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзнэ.

 

Иймд шүүх хариуцагч БНХАУ-ын иргэн Л.Тгаас 4,520,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Г, Х.М нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,748,140 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Б.Эд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар БНХАУ-ын иргэн Л.Т / /-гаас 4,520,800 /дөрвөн сая таван зуун хорин мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Г, Х.М нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,748,140 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Б.Эд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,253 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БНХАУ-ын иргэн Л.Тгаас улсын тэмдэгтийн хураамжид 87,282 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Г, Х.М нарт олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

                       

 

                                    ДАРГАЛАГЧ                                     Ч.БАТЧИМЭГ

 

 

                                        ШҮҮГЧИД                                   Ч.ИЧИНХОРЛОО

 

 

                                                                                           Ө.УЯНГА