Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/30

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч Д.Энхбаяр

Шүүгдэгч З.Эрдэнэхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халбин овогт Золбаярын Эрдэнэхүүд холбогдох эрүүгийн 2321000000033 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хан-Уулын 16-02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Халбин овогт Золбаярын Эрдэнэхүү /РД: ЖЯ90080176/.

Шүүгдэгч З.Эрдэнэхүү нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хан-Уул хороололд 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 21 цагийн орчим албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч Э.Арвиннэмэхийг согтуурсан үедээ албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцэж хүч хэрэглэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч З.Эрдэнэхүү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч Э.Арвиннэмэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Дорнод аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт цагдаа зохицуулагчийн албан тушаал эрхэлдэг. Миний хувьд тухайн албан тушаалд 2020 оны 05 дугаар сард томилогдоод өнөөдрийг хүртэл тус цагдаагийн газарт ажиллаж байна. Өнөөдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр эргүүл гүйцэтгэх хуваарийн дагуу орой 17 цагаас шөнийн 00 цаг 30 минут хүртэл олон нийтийн цагдаа Алтаншагайн хамт үүрэг гүйцэтгэхээр болсон. Ингээд 2022 оны 12 дугаар сарын 22-ны орой 21 цаг 20 минутын үед Хэрлэн сум 4 дүгээр баг Хан-Уул, Зангиат хорооллын голын засмал зам дээр үүрэг гүйцэтгэж байгаад 11-46 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгах гээд дохиж зогсоосон боловч тухайн тээврийн хэрэгсэл зогсолгүй тэр чигтээ явчихсан. Би араас нь харахад Хан-Уул хороололд байрлах хүнсний дэлгүүрийн арын гудамжаар ороод зогсох шиг болсон. Би тухайн тээврийн хэрэгсэл дээр очиход жолоочийн суудал дээр Мөнхтөгс гэх залуу жолоо бариад машин дотор нь 4 хүн нийт тавуулаа сууж байсан. Би тухайн тээврийн хэрэгслийн жолооч Мөнхтөгс гэх залууд хандаж “Зогсоож шалгах гээд таныг дохиж хөдөлгөөнөө зогсоохыг шаардаж байхад та яагаад зогсолгүй хөдлөөд явчихаж байгаа юм бэ” гэхэд тухайн тээврийн хэрэгслийн жолооч Мөнхтөгс гэх залуу нь надад хандаж “Ах нь өөрөө архи уучихсан явж байна, тэгээд анзаарсангүй” гээд хэлж байсан. Тэгэхээр нь би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй, таны согтолтын зэргийг шалгана гээд байж байхад Эрдэнэхүү гэх залуу мөн адил архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн агсарч эхэлсэн. Тухайн залууд хуулийн зүйл заалтыг хэлж тайлбарлаад ойлгуулах гэсэн боловч өөдөөс хэрэлдээд “Та нар муу сайн юмнууд юу юм бэ, би хашаандаа ороод ирчихсэн байна, 500 метр газар хөдөлгөөнд оролцоогүй ойрхон явж байхад бид нарыг шалгах эрх та нарт байхгүй” гээд орилж байгаад миний хөл рүү нэг удаа өшиглөөд авсан. Тэгэхээр нь би тухайн Эрдэнэхүү гэх залууд хандаж та цаашаа явж бай, би энд жолоочтой юм ярьж байна гэсэн чинь "муу бацаан юу гээд байгаа юм бэ, та нарыг бүгдийг чинь алнаа, би яландаа явъя" гэж бахирч байснаа Эрдэнэхүү гэх залуу нь миний баруун талын шанаа хэсэгт гараараа нэг удаа цохиод авсан...” гэжээ. /хх-ийн 9-10/

Гэрч О.Алтаншагай мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрөө Дорнод аймгийн Цагдаагийн газарт олон нийтийн цагдаагаар ажилладаг. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч Э.Арвиннэмэхийн хамт 17 цагаас шөнийн 00 цаг 30 минут хүртэл оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр болсон. Ингээд дэд ахлагч Арвиннэмэх бид хоёр Хэрлэн сум 4 дүгээр баг Зангиат, Хан-Уул хорооллын голын засмал зам дээр үүрэг гүйцэтгэж байх үед 11-46 ДОА улсын дугаартай “Марк икс” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр урдаасаа хойд зүгт чиглэлтэй явж байхад нь зогсоож шалгах гээд улаан дохиур модоор дохисон боловч зогсоогүй чигээрээ яваад өгсөн. Тэгээд араас нь харж байхад Хан-Уул хороололд байрлах замын баруун талд байрлах хүнсний дэлгүүрийн хойд талын эгнээгээр орсон. Дэд ахлах Арвиннэмэх бид хоёр тухайн тээврийн хэрэгслийг шалгах гээд араас нь очиход тухайн машин дотор 2 эрэгтэй, 2 эмэгтэй, 1 хүүхэд сууж байсан. Жолооч Мөнхтөгс гэх залууг дэд ахлагч Арвиннэмэх дуудаад яагаад зогсоогүй талаар асуухад “тухайн машины жолооч ах өөрөө согтуу явж байна, анзаарсангүй” гэж байсан. Жолоочийг дуудаж гаргаж ирээд дэд ахлагч Арвиннэмэх тэр хоёр машинаас бага зэрэг холдоод юм ярьж байхад машин дотор сууж байсан Эрдэнэхүү гэх мөн адил архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн залуу хүрч ирээд "Яагаад машиныг маань зогсоож шалгаад байгаа юм бэ, 500 метр дотор хөдөлгөөн хийхэд зогсоох эрх та нар муу сайн юмнуудад байхгүй, бүгдийг чинь ална шүү, би ялаа эдлээд шоронд ормоор байна” гээд гэнэтхэн бахираад орилоод явчихсан. Тэгээд надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч Арвиннэмэхийн нүүр хэсэгт гараа зангидаж байгаад нэг удаа цохиод авсан. Тэнд байсан нэг эгч Эрдэнэхүү гэх залууг салгаад гэр рүүгээ аваад орчихсон...” гэжээ. /хх-ийн 12-13/

Гэрч Ц.Наранцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай хүү Эрдэнэхүү ойрхон хөдөө яваад ирье гээд орой 18 цагийн үед миний төрсөн дүү Мөнхтөгсийн хамт явсан. Тэгээд орой 21 цагийн үед манай хүү Эрдэнэхүү гэртээ ирэхдээ архи уучихсан согтуу орж ирсэн. Харин манай дүү Мөнхтөгс болохоор машиныг нь бариад явсан. Цагдаа дохиод байхад нь зогсоогүй шууд гэр рүүгээ ирчихсэн юм шиг байсан. Уг нь манай хүү Эрдэнэхүү гэрт орж ирээд “гадаа цагдаа ирчихсэн, Мөнхтөгс ахтай уулзаж байгаа” гээд нэг ойлгогдохгүй юм яриад байж байсан. Удаагүй байтал манай дүү Мөнхтөгсийн хүүхэд нь уйлсан чинь манай хүү Эрдэнэхүүгийн зүрх нь дэлсээд хүүхэд уйлахаар л өөрийгөө барьж чадалгүй уур нь хүрээд гэрийн гадаа байсан цагдаатай маргалдаад яагаад хүүхэд уйлуулаад байгаа юм гээд уурлаж байснаа Арвиннэмэх гэдэг нэртэй цагдааг цохиод авах шиг болсон. Тухайн үед яг хаана нь цохисон гэдгийг нь анзаарч хараагүй. Манай хүү Эрдэнэхүү уурлаад цагдааг цохиод авахад нь хүүгээ загнаад хүн цохидог нь яаж байгаа юм бэ гэж хэлээд гэр рүүгээ аваад орсон...” гэжээ. /хх-ийн 17-18/

 З.Эрдэнэхүү мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...тухайн үед гадаа ахын хүүхэд уйлаад байсан, би бас хүүхдээ эрт алдсан болохоор хүүхэд уйлах, бахирах үед зүрх савлаад хачин болчихдог юм. Тэгээд дээрээс нь уучихсан байсан болохоор уур хүрээд өөрийгөө хянаж чадаагүй тэгээд л цагдаа руу дайрч нэгийг нь цохисон байх гэж бодож байна. ...Миний хувьд тухайн цагдаагийн алба хаагч болох Арвиннэмэхийн биед халдаж цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байна. Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, ямар нэг маргах зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 30-31/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6/

Э.Арвиннэмэхийн цагдаагийн албан хаагчийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 40/

Албан тушаалын тодорхойлолт /хх-ийн 41-45/

З.Эрдэнэхүүгийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 35-36/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Халбин овогт Золбаярын Эрдэнэхүү нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 21 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хан-Уул хороололд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч Э.Арвиннэмэхийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...цагдаагийн алба хаагч болох Арвиннэмэхийн биед халдаж цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байна. Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, ямар нэг маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Э.Арвиннэмэхийн “...2022 оны 12 дугаар сарын 22-ны орой 21 цаг 20 минутын үед Хэрлэн сум 4 дүгээр баг Хан-Уул, Зангиат хорооллын голын засмал зам дээр үүрэг гүйцэтгэж байгаад 11-46 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгах гээд дохиж зогсоосон боловч тухайн тээврийн хэрэгсэл зогсолгүй тэр чигтээ явчихсан. ...Би тухайн тээврийн хэрэгсэл дээр очиход жолоочийн суудал дээр Мөнхтөгс гэх залуу жолоо бариад машин дотор нь 4 хүн нийт тавуулаа сууж байсан. Би тухайн тээврийн хэрэгслийн жолооч Мөнхтөгс гэх залууд хандаж “Зогсоож шалгах гээд таныг дохиж хөдөлгөөнөө зогсоохыг шаардаж байхад та яагаад зогсолгүй хөдлөөд явчихаж байгаа юм бэ” гэхэд тухайн тээврийн хэрэгслийн жолооч Мөнхтөгс гэх залуу нь надад хандаж “Ах нь өөрөө архи уучихсан явж байна, тэгээд анзаарсангүй” гээд хэлж байсан. Тэгэхээр нь би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй, таны согтолтын зэргийг шалгана гээд байж байхад Эрдэнэхүү гэх залуу мөн адил архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн агсарч эхэлсэн. Тухайн залууд хуулийн зүйл заалтыг хэлж тайлбарлаад ойлгуулах гэсэн боловч өөдөөс хэрэлдээд “Та нар муу сайн юмнууд юу юм бэ, би хашаандаа ороод ирчихсэн байна, 500 метр газар хөдөлгөөнд оролцоогүй ойрхон явж байхад бид нарыг шалгах эрх та нарт байхгүй” гээд орилж байгаад миний хөл рүү нэг удаа өшиглөөд авсан. Тэгэхээр нь би тухайн Эрдэнэхүү гэх залууд хандаж та цаашаа явж бай, би энд жолоочтой юм ярьж байна гэсэн чинь "муу бацаан юу гээд байгаа юм бэ, та нарыг бүгдийг чинь алнаа, би яландаа явъя" гэж бахирч байснаа Эрдэнэхүү гэх залуу нь миний баруун талын шанаа хэсэгт гараараа нэг удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон гэрч О.Алтаншагайн “...Жолоочийг дуудаж гаргаж ирээд дэд ахлагч Арвиннэмэх тэр хоёр машинаас бага зэрэг холдоод юм ярьж байхад машин дотор сууж байсан Эрдэнэхүү гэх мөн адил архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн залуу хүрч ирээд "Яагаад машиныг маань зогсоож шалгаад байгаа юм бэ, 500 метр дотор хөдөлгөөн хийхэд зогсоох эрх та нар муу сайн юмнуудад байхгүй, бүгдийг чинь ална шүү, би ялаа эдлээд шоронд ормоор байна” гээд гэнэтхэн бахираад орилоод явчихсан. Тэгээд надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч Арвиннэмэхийн нүүр хэсэгт гараа зангидаж байгаад нэг удаа цохиод авсан. Тэнд байсан нэг эгч Эрдэнэхүү гэх залууг салгаад гэр рүүгээ аваад орчихсон...” гэх, гэрч Ц.Наранцэцэгийн “...манай дүү Мөнхтөгсийн хүүхэд нь уйлсан чинь манай хүү Эрдэнэхүүгийн зүрх нь дэлсээд хүүхэд уйлахаар л өөрийгөө барьж чадалгүй уур нь хүрээд гэрийн гадаа байсан цагдаатай маргалдаад яагаад хүүхэд уйлуулаад байгаа юм гээд уурлаж байснаа Арвиннэмэх гэдэг нэртэй цагдааг цохиод авах шиг болсон. Тухайн үед яг хаана нь цохисон гэдгийг нь анзаарч хараагүй. Манай хүү Эрдэнэхүү уурлаад цагдааг цохиод авахад нь хүүгээ загнаад хүн цохидог нь яаж байгаа юм бэ гэж хэлээд гэр рүүгээ аваад орсон...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, цагдаагийн албан хаагч Э.Арвиннэмэхийн ажлын үнэмлэхийн хуулбар, албан тушаалын тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Эрүүгийн хуульд зааснаар хууль сахиулагч гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгох бөгөөд хохирогч Э.Арвиннэмэх Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт цагдаа, зохицуулагчаар ажилладаг болох нь цагдаагийн албан хаагчийн үнэмлэхийн хуулбар, ажлын байрны тодорхойлолт, хохирогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Цагдаагийн албан хаагч Э.Арвиннэмэх нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хариуцсан нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд биечлэн хариуцах, хуулиар харьяалуулсан зөрчил шалган шийдвэрлэх чиг үүргийн хүрээнд албан үүргээ гүйцэтгэж бусдад хууль ёсны шаардлагыг тавих явцад шүүгдэгч З.Эрдэнэхүү түүнийг хүч хэрэглэн эсэргүүцэж, цагдаагийн албан хаагчийн биед халдсан болох нь хавтаст хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч З.Эрдэнэхүүд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Золбаярын Эрдэнэхүүг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч З.Эрдэнэхүү нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 6 сарын хугацаагаар хязгаарлах ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч З.Эрдэнэхүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Эрдэнэхүүд 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч З.Эрдэнэхүү нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хан-Уулын 16-02 тоотод оршин суудаг болох нь хавтаст хэрэгт авагдсан иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч З.Эрдэнэхүүг 6 сарын хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, түүнд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэв.  

Шүүгдэгч З.Эрдэнэхүүгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас нийтийн албаны ашиг сонирхол зөрчигдсөн боловч цагдаагийн албан хаагч Э.Арвиннэмэхийн эрүүл мэндэд учирсан хохиролгүй бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй үзэв.

Шүүгдэгч З.Эрдэнэхүү нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч З.Эрдэнэхүү нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Халбин овогт Золбаярын Эрдэнэхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Золбаярын Эрдэнэхүүд 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Эрдэнэхүүг 6 сарын хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, З.Эрдэнэхүүд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг З.Эрдэнэхүүд мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч З.Эрдэнэхүү нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Арвиннэмэх нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖЯ 90080176 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З.Эрдэнэхүүд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА