Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 103/ШШ2019/195

 

   Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ... аймгийн ... тоотод оршин суух, У овогт Нийн Уын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..., Я овогт Т-ын Э-д холбогдох хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай иргэний хэргийг Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.У-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж-, хариуцагч Т.Э-, хариуцагчийн өмгөөлөгч Д.Г-, нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.У- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Бид Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж хүү М-, охин С- нарыг эх Э-гийн асрамжид үлдээсэн. Гэвч дээрх шийдвэрийг гарснаас хойш хүүхдүүдийг асрамжлах үүргээ биелүүлэхгүй, хүүхдүүдийг өөрийн хамаатан садныдаа удаа дараа, удаан хугацаагаар орхин БНСУ руу явж хүүхдүүдээ үл хайхарсан байдал гаргаж байна. Шүүхийн шийдвэр гарснаас 7 хоногийн дараа Солонгос улс руу явснаас хойш энэ байдал 7-8 удаа давтагдсан болно. Т.Э- өөр хүнтэй хамтран амьдрах болсон бөгөөд хүүхдүүдээ айлаар амьдруулж байгаа сураг сонсогдсон. Би ийм таагүй байдал гараад байгаа тухай сонсоод хүүхдүүдийг минь надад үлдээчих, би эндээ гэр оронтой, тогтвортой амьдарч байгаагаараа хүүхдүүдээ авъя гэж гуйсан тул 2017 оны 2 сард хүүхдүүдийг маань авчирч 2017 оны 6 сар хүртэл надтай хамт байлгаад би дахин ийшээ тийшээ явахгүй гэж хэлээд аваад явсан боловч дахиад л яваад өгсөн байсан. Хүүхдүүд маань надтай амьдарч байх хугацаандаа урьд нь байдгаасаа их өөрчдөгдсөн, охин маань их сэргэлэн цовоо, хөгжилтэй бусадтай чөлөөлтэй  харьцдаг охин байсан. Харин одоо их бүрэг, ноомой, дуугай, аймхай, өөрийгөө илэрхийлэхдээ муу болсон байна. Мөн хичээл сурлагандаа муудсан, хүүхдүүд маань насны хувьд бага, биеэ даагаагүй байхдаа айл айлаар амьдарч, эцэг эхийн хайр үзэхгүй яваа нь хүүхдүүдэд маань маш сөрөг нөлөөтэй байгаа. Охин маань над дээр ирэхдээ уруул дээрээ маш муухай соривтой болоод ирсэн. Э-гийн ахынх нь хүүхдүүд зодоод ширээний буланд уруулын доод хэсгийг нь цөмлөөд 4 ширхэг оёдол тавиулсан байсан. Хүүхдүүд маань одоо цээжний архаг үрэвсэлтэй, бронхиттой болсон, над дээр ирэхэд нь би эмнэлэгт хэвтүүлж байсан. Хүү маань одоо 4 настай, охин маань 6 настай 1 дүгээр ангид сурдаг. Охин хүүхдийг анхнаас нь тогтвортой гэр бүлд өсгөж, хажууд нь дагаж сургах ёстой гэж үздэг. Би энэ байдлыг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзээд Хэнтий аймгийн шүүхэд хандсан боловч шүүх миний хүсэлтийг хүлээж аваагүй. Энэ хүн Солонгос улс руу явахдаа охин хүү хоёрыг маань ээж, аав, ах, эгчийндээ хэнийд ч хамаагүй үлдээгээд явчихдаг, айлд үлдээснээс болж манай охин уруулаа цоо цохиод, урууландаа 4 оёдол тавиулсан, охины маань уруулыг нь бүрэн гүйцэд эдгээгүй байхад боолт тавиулаад хөдөө аваад явсан байсан. Манай хүүхдүүд над дээр 4 сар гаруй хугацаанд байсан, надтай амьдарч байх хугацаандаа хүүхдүүдэд хэцүү байгаагүй, манайх Э-гийн аавынхтай нэг байранд, нэг орцонд байдаг нь үнэн, манай хүүхдүүд гадаа тоглох гээд гарахаараа өвөө эмээгээсээ нуугдаж манайд орж ирдэг, орж ирэхээрээ ааваа та бид хоёрыг орж ирсэн гэж хэлж болохгүй шүү, бид хоёрыг танайд орсон гэж мэдэх юм бол ээж, эмээ загнаад байдаг гэж хүртэл надад хэлж байсан. Охиныг багаас нь манай ээж өсгөсөн, энэ хүн охиноо 3 сартай байхад нь хүртэл хаяж явчихаад хонуудаар шоудаад ирж байсан. Би охиндоо нэмэлт тэжээл өгөөд нойргүй хүртэл хонож байсан. Энэ хүн урьд нь шүүх хуралдаан дээр хүүхдүүдээ хайрлаж халамжилж, өсгөж чадна гэж хэлсэн боловч шүүх хуралдаан болсноос хойш 10 хоногийн дараа хүүхдүүдийг үлдээгээд Солонгос явсан байсан. Би хүүхдүүддээ Хас банкны ирээдүйн саятан хадгаламжинд тэтгэлгийн мөнгийг нь хийдэг. Иймд охин У.С-ыг миний асрамжид өгнө үү гэв.

Хариуцагч Т.Э- шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Намайг 2 хүүхдээ ахындаа, эгчийндээ үлдээдэг гэж тайлбарлаж байна, би хүүхдүүдээ ах эгчийндээ үлдээж үзээгүй, манай ах эгч бүгдээрээ өөрийн гэсэн тусдаа амьдралтай хүмүүс байдаг. Би хоёр хүүхдээ үлдээхээр болвол өөрийнхөө ээжээр л харуулдаг, өөр хүмүүсээр харуулж байгаагүй. Би хоёр хүүхдээ аавд нь өгч явуулж үзсэн, манай хоёр хүүхэд аав дээр амьдарч ирчихээд хүү маань аав намайг сандал өргүүлж зогсоосон, орой унтахаар тусдаа унтдаг, аавыг хамт унтахгүй болохоор айгаад унтаж чаддаггүй, охин маань дахиж аавтайгаа хамт амьдрахгүй гэж хэлж байсан. Манай хоёр хүүхэд багаасаа ааваасаа тусдаа амьдарсан, аав нь өөр хүнтэй хамтран амьдардаг, хамтран амьдрагч нь нэг том хүүтэй, манай охин танихгүй хүмүүстэй хамт амьдрах боломжгүй. Хэдийгээр 2017 онд шүүхийн шийдвэрээр албан ёсоор салсан боловч бид нэг жилийн өмнө буюу 2016 оноос тусдаа амьдарч эхэлсэн. Энэ хүн манай аавынхтай нэг байранд, нэг орцонд амьдардаг боловч манай хоёр хүүхэд аавындаа ороод байдаггүй. Энэ хүн шүүхийн шийдвэрийн дагуу 2 хүүхэддээ тэтгэмж төлөхөөр шийдвэр гарсан боловч тэтгэмжээ төлдөггүй, шүүхийн шийдвэрээр албадуулж байж сая 3 сард тэтгэмжээ бүтэн төлсөн байсан. Намайг байнга Солонгос явдаг гэж тайлбарлаад байна, би Солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, мэргэжлийнхээ дагуу ажлын шаардлагаар Солонгос улс руу явдаг.  Би хоёр хүүхэддээ анхаарал халамж хангалттай тавьж байгаа, Солонгос явж ажил хийхгүй бол амьдрал хүнд байх болно, энд ажлаад хэзээ ч байр, машин ийм богино хугацаанд авч чадахгүй, Гэр бүл хүүхэд Залуучуудын төвөөс мэргэжлийн шинжээч ажиллаж дүгнэлт гаргасан байгаа. Иймд охиныг минь миний асрамжид хэвээр үлдээж өгнө үү гэв.

     ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Н.У- нь хариуцагч Т.Э-д холбогдуулан хүүхдийн асрамж өөрчлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч Т.Э- би 2 хүүхдийнхээ төлөө бүх зүйлийг хийж байгаа, хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид хэвээр байлгах тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Зохигчид Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 07-ны өдрийн 636 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, охин С-, хүү М- нарыг эхийнх нь асрамжид үлдээсэн болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож байна.

Нийслэлийн Багануур дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсийн “Шинжээчийн багийн дүгнэлт”-ээр “Охин С-ын тестүүдийг дүгнэхэд ээждээ илүү ээнэгшилтэй. Ээжээсээ хамааралтай, дүүтэйгээ ээнэгшил ихтэй гарсан байна. Ааваасаа урт хугацаанд хол хөндий байсан учир аавынхаа тухай биш одоо ээжтэй нь хамтран амьдарч байгаа Г.Эрдэнэхуягийг аав гэж ярьж байсан. Мөн түүнчлэн дүүгээсээ хол байвал маш их санана. Миний дүү хамгийн хөөрхөн дүү гэж ярьсан” зэргээс дүгнэж Монгол улсын шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14.15.17 дугаар зүйл Шинжээчдийн үйл ажилланааны явцад гарсан асуулга, судалгаа баримтад үндэслэн 1 дэх хэсэгт “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, “Гэр бүлийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн охин У.С-ыг эх Т.Э-гийн асран хамгаалалтанд үлдээхийг , Н.У нь эцэг байх эрхээ эдлэж, охин У.С-той хүссэн үедээ уулзаж, үүргээ биелүүлэхийг, Т.Э- хүүхдийн эцэг Н.Уыг хүүхдүүдтэй уулзах эрхийг хязгаарлахгүй, уулзах боломжоор хангаж, төрсөн охин, хүү эцгийн харилцаанд хүндэтгэлтай хандаж байхыг, Т.Э- нь иргэн хүнийхээ ухамсараар ажиллаж хөдөлмөрлөх, охин У.С-ыг өөрийн асрамж халамжаар дутаахгүй, биечлэн өсгөн хүмүүжүүлэхийг үүрэг болгох, хэрэв хүүхдийг асран халамжилж чадахгүй тохиолдолд эцэг Н.Уын асрамжид үлдээх  саналыг дэвшүүлсэн дүгнэлт ирүүлжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд “.., хариуцагч БНСУ руу ажиллахаар байнга явдаг хүүхдүүдээ ах, эгч, аав, ээж дээрээ орхидог учир хүүхүүддээ анхаарал халамж тавихгүй хүүхдийн сурлага хүмүүжилд муугаар нөлөөлж байна” гэсэн тайлбар гаргасан атлаа зөвхөн охин С-ыг өөрийн асрамжид авах хүүгээ ээжид нь үлдээхээр тайлбар гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

Хариуцагч Т.Э- нь БНСУ руу ирэн очин орчуулгын ажил хийдэг болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа хэдий ч хүүхдүүдээ удаан хугацаагаар хараа хяналтгүй орхидоггүй төрсөн ээждээ үлдээж ажил хөдөлмөр эрхэлж олсон орлогоороо хүүхдүүдээ тэжээн тэтгэж, орон сууц болон авто машин авсыг буруутгах боломжгүй байна.

Иймээс шүүхээс 6 нас 6 сар 9 хоногтой охин У.С-ыг 5 настай  дүүгээс нь салгахгүйгээр хамтад нь ээжийнх нь асрамжинд хэвээр өсгөх нь хүүхдийн хүмүүжил болон хөгжилд илүү үр дүнтэй бөгөөд бага насны эмэгтэй хүүхэд ээжийнхээ асрамжинд өсөж бойжих нь нийгэм, оюун ухаан, ёс суртахууны сайн сайхан байдал, бие бялдар, сэтгэл зүй, эрүүл мэндийн хөгжлийн хувьд хүүхдийн эрх ашигт илүү нийцнэ гэж дүгнэж ээжид нь хэвээр үлдээхээр шийдвэрлэв. 

Гэхдээ  асрамжийг өөрчлөх асуудлыг шийдвэрлэхдээ хариуцагч Н.Уын эцэг хүний үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх боломж бололцоог үгүйсгэсэнгүй, эцэг эхийн эрх ашгийг гэхээсээ илүү гагцхүү хүүхдүүдийг хэнтэйгээ хаана амьдарвал  илүү аз жаргал, хайр, ойлголцол бүхий орчинд өсөх, хэндээ илүү ээнэгшин дассан талаар дүгнэлт хийж Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу хүүхдийн дээд эрх ашгийг харгалзан үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.У-ын хүүхдийн асрамж өөрчлүүлэх нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар    зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар    Улаалзай хөвдүүд овогт Нийн Уын нэхэмжлэлтэй Ямаат овогт Т-ын Э-д холбогдох хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх  хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.   

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ