Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
Хэргийн индекс | 188/2022/1466/Э |
Дугаар | 2023/ШЦТ/83 |
Огноо | 2023-01-12 |
Зүйл хэсэг | 17.4.1., |
Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,
хохирогчийн өмгөөлөгч П.Золзаяа,
шүүгдэгч Б.У............р, түүний өмгөөлөгч Г.Ичинхорол нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0235 41641 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******* овогт Б...........айн У............р, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2000 оны 7 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, 22 настай, тусгай дунд боловсролтой, автын механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ..............................................х, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар .............................
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.У............р нь 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороонд ............. техникийн захын “.............ч” ХХК-ний павильон дээр борлуулагчаар ажиллаж байхдаа борлуулалтын орлогоос 3.187.000 төгрөгийг завшсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Б.У............р нь Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороонд байрлах “.............к” ХХК-ийн бүтээгдэхүүн борлуулах *******н буянт техникийн захын лангуунд борлуулагчаар 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс мөн оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хооронд ажилласан байна. Ийнхүү борлуулагчаар ажиллах хугацаандаа буюу 2022 оны 6 сарын 21-23-ны хооронд “.............к” ХХК-ийн борлуулалтын орлогоос 2.700.000 төгрөгийг “1Хbet” цахим бооцоот тоглоомын газар тоглож алдан, бэлнээр 487.000 төгрөгийг үрж нийт 3.187.000 төгрөгийг хувьдаа хэрэглэсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- Хохирогч Х.А.............агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүү болох Б.У............рт бараагаа тоолж хүлээлгэж өгсөн. Дараа нь би 2022 оны 6 дугаар сарын 08-нд Герман яваад 2022 оны 6 дугаар сарын 20-нд Монгол ирсэн. Манай байгууллагын нягтлан 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр үлдсэн бараагаа тоолж хүлээж авахад зарагдсан барааны орлого болох 3.187.000 төгрөг байхгүй байсан бөгөөд Б.У............р нь би тоглоод алдсан гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө би 2022 он ы7 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлнө гээд явсан. Төлөх хугацаа нь дөхөөд 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр миний бие 80033028 дугаар руу нь залгаж холбогдоход би төлнө эгчээ гээд тэрнээс хойш одоог хүртэл миний дуудлагыг авахгүй алга болчхоод байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),
- Гэрч Ч.Г.............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би .............ч ХХК-нд нягтлан бодогч хийдэг юм. Б.У............рыг ажиллаж байх хугацаа буюу 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр зарагдаж байгаа бараа материалдаа тооллого хийхэд алдагдал байхгүй байсан. Дараа нь 2022 оны 6 дугаар сарын 20-нд зарагдаж байгаа бараа материалдаа тооллого хийхэд 1 аккумулиатор дутсан ба Б.У............раас асуухад хажууд талын лангуунд өгсөн гэснэ орлого хийгдээгүй. Дараа нь 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр У............р ажлаасаа гарах гэж байсан учир бараа материалаа тооллого хийхэд 3 өдрийн 4.142.000 төгрөгийн орлого байх ёстой байснаар 3.187.000 төгрөгийн орлого байхгүй байсан. У............раас асуухад тоглоом тоглоод алдчихсан гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал)
- Атланта Баланс АУДИТ” ХХК-ний 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаартай дүгнэлт
“.............К” ХХК-ийн “*******” салбарын борлуулагч ажилтай Д.У............рын ******* бараа материалын тооцоог шалгахад 2022 оны 6 дугаар сарын 21-нд 1.544.000 төгрөг, 6 сарын 22-нд 1.110.000 төгрөг, 6 сарын 23-нд 1.488.000 төгрөг нийт 4.142.000 төгрөгийн борлуулалт хийснээс 955.000 төгрөгийн тооцоог байгууллагатай хийж үлдэгдэл 3.187.000 төгрөгийг дутаасан нь нягтлан бодох бүртгэл, бараа материалын орлого, зарлагын падаан, тооллогын бүртгэл болон холбогдох нотлох баримтаар тогтоогдож байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 53-54 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Б.У............рын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би өөрийн хийсэн үйлдэл дээрээ хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.У............р нь шунахайн сэдэлтээр, “............” ХХК-ийн худалдааны зөвлөхөөр ажиллаж байхдаа шууд санаатай үйлдлээр, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөс 3.187.000 төгрөгийг завшсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг хэлж буйг ойлгодог.
Тухайн эд хөрөнгөтэй харьцах хууль ёсны эрх бүхий этгээдийн хувьд эд хөрөнгөтэй харьцахаар зөвшөөрөгдсөн хэмжээ хязгаар, хараа хяналтдаа байлгаж буй эрх хэмжээ нь зүйлчлэлийн гол шалгуур тул онцгой анхааран үзэх шаардлагатай байдаг.
Шүүгдэгч Б.У............рын үйлдэлд дүн шинжилгээ хийхэд, Б.У............р нь аман хэлцлийн үндсэн дээр .............к ХХК-ний ******* салбарын борлуулагчаар ажиллаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан буюу борлуулалтын орлогын мөнгийг завшсан нь тухайн гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөрөнгө завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдийг бүрэн хангаж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Тиймээс шүүгдэгч Б.У............р Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Энэ гэмт хэргийн улмаас “.............к” ХХК-д 3.187.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь 923.000 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Иймд шүүгдэгч Б.У............раас үлдэх хохирол болох 2.264.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гаргуулж “.............к” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Улсын яллагчаас шүүгдэгч Б.У............р Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг...”
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Улсын яллагчийн гаргасан саналыг сонслоо. Манай үйлчлүүлэгчийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Гэтэл өнөөдөр Б.У............р нь эрхэлсэн тодорхой ажилгүй, дээрх мөнгийг төлөх боломжгүй байна. Иймд зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Б.У............р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
- Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 66, 78 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 51 дэх тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 60, 62 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 74 дэх тал), хохирол төлсөн талаарх баримт (хавтаст хэргийн 91 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Иймд шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хүрээнд шүүгдэгч Б.У............рыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан зарим хохирлыг төлсөн, төлөхөө илэрхийлсэн гэх хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.У............р Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...өдөрт наймаас дээшгүй цагаар...” хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “...нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино.” гэснийг анхааруулах нь зүйтэй байна.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2208 0235 41641 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь;
1. Шүүгдэгч ******* овогт Б...........айн У............рыг Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.У............рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У............рт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У............р нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У............раас 2.264.000 (хоёр сая хоёр зуун жаран дөрвөн мянга) төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 сарын хугацаанд гаргуулж хохирогч “.............к” ХХК-д олгосугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ