Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Батчимэг |
Хэргийн индекс | 181/2019/00085/И |
Дугаар | 181/ШШ2019/00671 |
Огноо | 2019-03-20 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 181/ШШ2019/00671
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б.М,
Нэхэмжлэгч:Б.Н нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: “И.Ө” ХХК-д холбогдох
19,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, Б.Н, хариуцагчийн өмгөөлөгч С.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түмэнбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Б.М, Б.Н бид Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Сансар хотхон 5 дугаар байр, 20 тоот хаягт байрлалтай Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204071753 дугаарт бүртгэлтэй 56 м.кв талбай бүхий хүнсний дэлгүүр, нэгж талбарын 18645312833036 дугаартай 56 м.кв талбай бүхий 000546794 дугаарын гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгүүдтэй байсан. 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээг И.Ө ХХК-тай байгуулан өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдээрээ хөрөнгө оруулалт хийн хамтран ажиллаж эхэлсэн. И.Ө ХХК-тай байгуулсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээнд заасны дагуу өөрийн өмчлөлийн 56 м.кв талбайтай хүнсний дэлгүүр, 56 м.кь талбай бүхий газраараа хөрөнгө оруулалт хийж, 30.5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 27.11 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг хүлээн авахаар тохирч, төсөл хэрэгжүүлэх хугацаанд үйл ажиллагааны нөхөн олговорт 19,200,000 төгрөгийг авахаар харилцан тохиролцсон болно. Гэвч И.Ө ХХК нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Нийслэлийн засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/424 дугаартай захирамжаар И.Ө ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан тул өнөөдрийг хүртэл ажлын байргүй, орлогогүй зутарч байна. И.Ө ХХК нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний дагуу үйл ажиллагааны нөхөн олговор болон 19,200,000 төгрөгийг олгоогүй өнөөдрийг хүрч бид маш их хохирч байна. Иймд И.Ө ХХК-аас 19,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон, өмгөөлөгч шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх зохигч талуудаас гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М, Б.Н нар нь хариуцагч “И.Ө” ХХК-д холбогдуулан, 19,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Зохигч талуудын хооронд 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 148 дугаартай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ байгуулагдсан байна. /хх-ийн 5-6/
Хоёр талт гэрээгээр Б.М нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204071753 дугаарт бүртгэлтэй, Газар-000546794 дугаарын гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхоны 5 дугаар гудамж, 20 тоотын 56 м.кв талбайтай газар, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл”-ийн хүрээнд тухайн байршилд И.Ө ХХК-ийн барьж ашиглалтанд оруулах Сансар хотхоны 3 дугаар блок, 1 дүгээр давхар, 10 тоотын 30.05 м.кв талбайтай, 11 тоотын 27.11 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай талбайгаар тус тус солих буюу худалдах-худалдан авах гэрээгээр зохицуулахаар тус тус тохиролцож, үйлчилгээний газар ажиллуулж байсны байрны үйл ажиллагааны нөхөн олговорт 19,200,000 төгрөгийг Б.Мы Хаан банк дахь дансанд 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлэх үүргийг И.Ө ХХК тус тус хүлээсэн байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгөөр солих буюу үл хөдлөх эд хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх агуулгатай гэрээ байх тул шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт заасан арилжааны гэрээнд худалдах, худалдан авах гэрээний талаарх мөн хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна.
Нэхэмжлэгч Б.М, Б.Н нар нь хоёр талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, өөрийн эзэмшлийн газрыг чөлөөлж өгсөн, хариуцагч И.Ө ХХК нь гэрээнд заасан ёсоор 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч нарт шилжүүлэх нөхөн олговор 19,200,000 төгрөгийг гэрээгээр тохирсон хугацаандаа шилжүүлээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.
Талуудын хооронд байгуулагдсан хоёр талт гэрээний 1.3-т “... гурван талт гэрээ байгуулагдсанаар хүчин төгөлдөр болно” гэж заасан байх ба хэрэгт гурван талт гэрээ авагдаагүй бөгөөд хариуцагчаас “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх талаар хоёр болон гурван талт гэрээг нэхэмжлэгч нартай байгуулаагүй. Нэхэмжлэгч нарын гаргаж өгсөн хоёр талт гэрээ нь хуурамч гэрээ, учир нь тус гэрээнд гарын үсэг зурсан А.Од нь тухайн үед “И.Ө” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаагүй” гэж, нэхэмжлэгчээс “И.Ө” ХХК-аас гурван талт гэрээг Гэр хороолол дэд бүтцийн газраар гарын үсэг зуруулаад өгнө гэж хэлээд авч яваад өгөөгүй” гэж харилцан адилгүй тайлбарлаж байна.
Хэрэгт авагдсан Гэр хорооллын дэд бүтцийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 03/266 дугаартай албан бичиг /хх 17/, Нийслэлийн засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 4/424 дугаартай “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” захирамж /хх 24/ зэргээс үзэхэд “И.Ө” ХХК нь “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ” байгуулсан байхаас гадна “И.Ө” ХХК болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”-ний 2.4-т зааснаар нэхэмжлэгч нар газрыг чөлөөлсөн үйл баримт тогтоогдож байх тул талуудын хооронд гурван талт гэрээ байгуулагдаагүй гэх үндэслэлээр хоёр талт гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй гэж үзлээ. Мөн энэхүү хоёр талт гэрээг хуурамч болохыг баримтаар нотлоогүй.
Мөн Нийслэлийн засаг даргын зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар хуралдаанаас ...И.Ө ХХК-ийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах... асуудлыг хэлэлцсэн, түүнчлэн Гэр хорооллын дэд бүтцийн газраас 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 03/266 дугаар мэдэгдлээр ...И.Ө ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах арга хэмжээ авах шийдвэр гарсныг .... мэдэгдсэн боловч Нийслэлийн засаг дарга нь 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр А/424 дугаартай Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай захирамжийг гаргаж, уг захирамжийн 1 дүгээр заалтаар ...И.Ө ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, ...дахин сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахыг... даалгасан байгаа нь хариуцагчийн 19,200,000 төгрөгийн нөхөн олговроос чөлөөлөх үндэслэл болохгүй.
Иймээс дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас 19,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д заасныг баримтлан хариуцагч “И.Ө” ХХК-иас 19,200,000 /арван есөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М, Б.Н нарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,950 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч “И.Ө” ХХК-иас 253,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М, Б.Н нарт олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ