Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/87

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Б.Энэрэл,

хохирогч Ц..А..............на,

шүүгдэгч А.Т.....................р нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0194 31562 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******* овогт А.....................ны Т.....................р, Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******* суманд 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр......................................, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ...........................

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Т.....................р нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ............... тоотод хамтран амьдрагч Ц..А..............ныг “таксины мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн улмаар зүүн гар руу нь хөлөөрөө 1 удаа өшиглөж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн богтос ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч А.Т.....................р нь 2022 оны 5 дугаар сарын 25-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ........ хороо ******* ........ тоотод хамтран амьдрагч Ц..А..............натай “таксины мөнгө төлсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар эрүүл мэндэд нь халдаж зодсоны улмаас биед нь зүүн богтос ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

-СХДЦГ ЦХ-1 Шуурхай удирдлагын тасгийн РСNE12074910 дуудлагын хуудас: “...Дуудлага өгсөн утас ....*******...дуудлага хүлээн авсан огноо...2022.05.26, 13:20:48...дуудлагын утга...Нөхөр А.Т.....................р нь эхнэр Ц..А..............ныг согтуудаа зодож зүүн гарын шуу хэсгийг хугалсан...” гэх дуудлага мэдээлэл (хавтаст хэргийн 8 дахь тал),

- Хохирогч Ц..А..............нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө...02 цагийн үед манай хамтран амьдрагч А.Т.....................р нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Тэгээд гэрт орж ирээд таксины мөнгө өгчих гээд байхаар нь би байхгүй гээд гэрээс гараад буцаад орох гэсэн чинь гэрийн гадаа хамтран амьдрагч А.Т.....................р нь пиздаа минь гээд миний нүүр хэсэг рүү өшиглөх үед би зүүн гараараа хаасан чинь миний зүүн гар руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн юм. Тэгээд би гэртээ ороод унтсан...Тэгээд би 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Гэмтэл Согог судлалын үндэсний төвд очиж үзүүлсэн чинь миний зүүн гарын яс хугарсан байна гээд 5 хоног эмнэлэгт хэвтсэн...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8223 угаартай дүгнэлтэд:

“...Хэсэг газрын үзлэгт:...Зүүн сарвууны урд хэсгээс зүүн бугалгын дунд 3/1 хүрсэн гөлтгөнөн боолттой, хуруунуудын хөдөлгөөн чөлөөтэй.

2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн зүүн шуу богтос ясны рентген зурагт: “...Зүүн богтос яс дунд хэсгээр зөрсөн хугаралтай.

2022.5.31-ний зүүн шуу богтос ясны рентген зурагт: Зүүн богтос яс ялтас шургаар бэхэлсэн мэс заслын дараах байдал...ДҮГНЭЛТ

1. Ц..А..............нын биед зүүн богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шинэ гэмтэл байна.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27-29 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

- Шүүгдэгч А.Т.....................рын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би мэдүүлэг өгөхгүй. Надад ярих зүйл байхгүй...” гэж (хавтаст хэргийн 57 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Т.....................р нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8223 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байгаа нь хууль зүйн хүндэвтэр хохиролд тооцогдоно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч А.Т.....................р нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “таксины мөнгө өгсөнгүй гэх гэр бүлийн хувийн таарамжгүй” сэдэлтээр, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч, хохирогч Ц..А..............нын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Нөгөө талаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр...” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд шүүгдэгч А.Т.....................р, хохирогч Н..А..............на нар нь хамтран амьдрагч нар болох нь тэдний мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.

Тиймээс шүүгдэгч А.Т.....................рыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Ц..А..............на нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч А.Т.....................роос хохирол төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй, гэдгээ мэдүүлсэн байх тул шүүгдэгч А.Т.....................рыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч А.Т.....................рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч А.Т.....................р нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг сонслоо надад хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч А.Т.....................р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 112-116 дахь тал), шүүхийн шийтгэврийн хуулбарууд (хавтаст хэргийн 104-105 дахь тал)

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 73, 69 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 88 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 68, 85-86 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 83 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 70 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 71 дэх тал)зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Иймд шүүгдэгч А.Т.....................рт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 6 дугаар сарын 28, мөн оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус тус Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлж байсан, ийнхүү шийтгүүлэхдээ хохирогч Ц..А..............нын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 Шүүхээс шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг 6 сарын хугацаагаар тогтоосонтой холбогдуулан түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дээрх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0194 31562 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт А.....................ны Т.....................рыг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Т.....................рыг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т.....................рт оногдуулсан 6 (зургаа) сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Т.....................рт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ