Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2019/00784

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х.С” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Д-д холбогдох,

“Х.С” ХХК-ийн веб сайтын эх файл, домейн нэр, нэвтрэх нэр, төлбөр төлөх эрхийг болон ажлын хөлс 1,098,036 төгрөг, хохирол 983,000 төгрөг, нийт 2.081.036 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Х.С” ХХК-ийн төлөөлөгч Б.Бадамханд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хонгорзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сайнсанаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түмэнбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.С" ХХК нь О.Дий “Лупа” ХХК-тай 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээ нь “Х.С” ХХК-ийн веб сайтыг 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 01-ний хооронд 9,500,000 төгрөгийн үнэлгээтэйгээр хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээний хугацаа дуусахад веб сайтын эх файлыг хүлээлгэж өгөөгүй бөгөөд гэрээний төлбөрөө 100 хувь авсан. Веб сайт нь “www.khatansuljee.com” гэсэн домэйн нэр дээр ажиллаж байсан.

 

2017 он хүртэл веб сайт ажиллаж байх хугацаанд О.Днь манай компаниас төлбөр авч веб сайтанд зураг байршуулах, сайтын хугацаа сунгах төлбөрийг төлөх ажлуудыг хийж гүйцэтгэж ирсэн. 2017 онд веб сайтын домэйн нэрний төлбөрийг компани санхүүгийн хямралын улмаас төлж чадахгүй болсон тул вэб сайт хаагдсан юм. Бид энэ хугацаанд Д.О.Дөөс вэб сайтын эх файлыг удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй байна.

 

2018 оны 11 сард “Х.С” ХХК нь БНСУ-д болох үзэсгэлэн худалдаанд оролцохоор болсон ба энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцохын тулд оролцогч байгууллага нь заавал вэб сайттай байх ёстой гэсэн шаардлага тавьсны дагуу “Х.С” ХХК-аас хаагдсан вэб сайтаа нээлгэх төлбөрт 300 ам.доллар, ажлын хөлсөнд 300,000 төгрөгийг Д.О.Дд шилжүүлсэн. О.Дбид 2 уг ажлыг хийхийн өмнө ажлын хөлсний тухай огт тохироогүй бөгөөд О.Днадад тус болоод хийгээд өгье гэсэн тохиролцоогоор үйл ажиллагаагаа эхэлсэн. Удалгүй ажлын хөлсөндөө бараа бүтээгдэхүүн авна гэсэн. Би зөвшөөрч О.Дзагвараа өгч бүтээгдэхүүн захиалахаар болсон. Гэтэл маргааш өглөө нь бүтээгдэхүүнээ болиод мөнгө авна гэсэн мессеж ирэхээр нь Д.О.Дий Худалдаа хөгжлийн Банкны 495042964 тоот дансанд 300,000 төгрөг тушаасан. Гэтэл О.Дөөс нэмж 200,000 төгрөг нэхсэн мессеж ирсэн. Бид анхнаасаа 500,000 төгрөгөөр тохироогүй бөгөөд 300 доллараа төлчихвөл тус болж байгаа гэсэн. Гэвч О.Днь wixsite-д манай вэб сайтыг байршуулсан нь шинээр мэдээлэл оруулах боломжгүй болгосон. Мөн wixsite гэдэг нь вэб төлбөргүй байршуулах сайт байхад вэб байршуулах төлбөр 300 ам.долларыг үндэслэлгүй авсан. Ингээд үзэсгэлэн худалдаа болохын өмнө уг wixsite дээр байршсан вэб сайтыг ашиглах гэсэн боловч О.Днь wixsite-д байршуулсан вэбийг хааснаар үзэсгэлэн худалдаанд оролцох боломжгүй болж олох ёстой байсан орлого болон замын зардал, үзэсгэлэнд зориулж веб сайтыг нээлгэхэд өгсөн 300 ам. доллар, ажлын хөлс 300,000 төгрөгөөр хохирсон. Солонгост очоод Д.О.Дийг сайт хаасныг огт мэдээгүй сайтаа хэрэглэх гэсэн чинь ажиллаагүй, үүнээс болж үзэсгэлэнд оролцоод 15-20 сая төгрөгийн борлуулалт хийдэг орлого тасалдсан. Солонгосоос ирээд О.Дөөс яагаад веб сайт ажиллаагүйг лавлахад ажлын хөлс 200,000 төгрөг өгөөгүй учраас “би хаасан”, “энэ веб сайт миний өмч” гэсэн хариулт өгсөн. О.Дкомпанийн вэб сайтыг миний өмч гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Монгол Улсын Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3.1.1 “барааны тэмдэг” гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг хэлнэ гэжээ. Мөн хуулийн 13.1-д дараахь тохиолдолд барааны тэмдгийг ашигласанд тооцно, 13.1.4.барааны тэмдгийг албан бичиг, танилцуулга, бусад баримт, интернет, сурталчилгаанд ашигласан бол гэж тус тус заасан. “Х.С” ХХК нь Барааны тэмдгийн 3288 гэрчилгээг авч өөрийн нэрийг бүртгүүлсэн байдаг. Гэтэл энэхүү нэрийг ашиглаж интернетэд байрших вэб сайтын эх файлыг өөрийн өмч гэж үзэж байгаа нь дээрх хуулийн заалтыг Зохиогчийн эрх болон түүнд хамаарах бусад эрхийн тухай хуулийн 18.1-та заасныг зөрчсөн. 2013 онд “Х.С” ХХК, Д.О.Д, түүний Луар ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба захиалагчаас тохирсон төлбөрийг хугацаанд нь барагдуулсан юм. Мөн үүнээс хойш вэб сайтын үйлчилгээг О.Днь албан бусаар төлбөр авч хариуцаж байсан. О.Днь захиалагчийн төлбөрөөр түүний захиалсан ажлыг хийж гүйцэтгэсэн ба үүргийн гүйцэтгэл нь вэб сайт байна. Иймд О.Днь вэб сайтын эх файлыг өөрийн өмч мэтээр тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн “Х.С” ХХК-ийн вэб сайт нь уг компани худалдааны нэр, барааны тэмдэгт зэргийг ашиглаж бүтээгдсэн учир “Х.С” ХХК-ийн өмч юм. Д.О.Дий буруутай үйл ажиллагааны улмаас БНСУ-д үзэсгэлэн худалдаанд оролцож чадаагүй учраас замын зардлыг буруутай этгээд болох Д.О.Дөөс нэхэмжилнэ. Мөн “Х.С” ХХК-ийн веб сайтын эх файл, домейн нэр, нэвтрэх нэр, төлбөр төлөх эрхийг болон ажлын хөлс 1,098,036 төгрөг, хохирол 983,000 төгрөг, нийт 2.081.036 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал 2013 онд “Лупа” ХХК-тай гэрээ байгуулсан. “Лупа” гэдэг компанийн дансанд 9.500.000 төгрөг орсон. О.Дэндээс мөнгө аваагүй. О.Дтухайн үед гүйцэтгэх захирал байсан. 2011 онд ажлаа хүлээлгэж өгсөн. “Лупа” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд маргаан байгаа бол хариуцагчаа буруу сонгосон байна.

Үзэсгэлэн худалдаанд оролцохын тулд вэб сайт нээсэн болохыг батлах ямар ч баримт байхгүй. Тиймээс вэб сайт байхгүй учраас үзэсгэлэнд оролцож чадаагүй бол тухайн үзэсгэлэн зохион байгуулсан газраасаа албан бичиг авчрах шаардлагатай.

 

О.Днь 2017 оноос хойш хэрэглээгүй вэб сайтыг нь идэвхжүүлж өгсөн. Мөн и-мэйл хаягийг нь нээж өгсөн. Маш их ажил хийж өгсөн. Монголд хамгийн бага нь хоёр сая төгрөг ажлын хөлс эхэлнэ. Нэхэмжлэгч талаас өгсөн орчуулгын баримтад “free” гэсэн үг байгаа. “free” гэдэг нь үнэгүй хийж өгнө гэсэн үг биш та өөрийн мэдлэг оюуныг ашиглаад манайхыг ашиглан үнэ төлбөргүйгээр өөрөө вэб сайтаа хийж болно гэсэн үг юм. О.Дангли хэлнийхээ мэдлэгийг, вэб сайт хийдэг ур чадвараа танд худалдах эрх нь байгаа. О.Дхоёр сая биш таван зуун мянган төгрөг нэхсэн. Тэр таван зуун мянган төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, зүгээр надад тусалсан гэдэг ийм зүйл яриад байна. Нэхэмжлэгч энэ хаягаа хэзээ ч ашиглах боломжтой боловч өөрөө ашиглаж мэддэггүй. О.Дбүх нууц үг, нэвтрэх эрх зэргийг нь вайбераар хэлж өгсөн. Тэр ч байтугай жилийн хураамжаа төлж чадахгүй болохоор нь өөр цахим сүлжээнд байршуулж өгсөн. Цахим хаягаа ашиглаагүй удсанаас болж нууц үгээ мартсан байсныг нь нууц үгийг нь сэргээж өгөх зэргээр маш их зүйл хийж өгсөн. Сүүлд 200.000 төгрөгөө нэмж өгөхгүй байхаар нь хаягийг нь хаасан юм байна.

 

Вайбераар харилцсан ярианд Б.Бадамханд эгч өөрөө “ажлын хөлс хэдийг өгөх вэ” гэж асуухад нь О.Д“О.Д мөнгө биш бүтээгдэхүүн авъя” гэхэд нь “тэгвэл сайн л байна” гээд тухайн ханшийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгээд О.Д “би сая төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүн авахаа болилоо, таван зуун мянган төгрөг авъя” гэхэд нь “за дансаа миний моби руу явуулчих” гэж бичсэн байна. Энэ нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр болсон үйл явдал. 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “200.000 төгрөгөө шилжүүлээд өгөөч” гэхэд нь хариу өгөөгүй. 2018 оны 11 дүгээр сарын 20-нд “би Солонгост явж байна“ гэдгээ мессэжээр бичсэн. Хэрэв веб сайт ажиллахгүй бол тэр дороо Д.О.Дтэй холбогдож болох байсан. “Манай талбай алга, чи яагаад вэб сайтаа хаасан бэ” гээд асуух боломж байсан. Хамгийн сүүлд 2018 оны 12 дугаар сарын 06-нд “би Солонгосоос өнөөдөр ирлээ. Чиний хийж өгсөн чинь хоёр, гурван хоног ажиллаад, түүнээс хойш огт ажиллаагүй гэнэ ээ” гэж бичсэн байгаа нь өөрөө огт хэрэглээгүй нь харагдаж байна. Нотлох баримтад байгаа билет нь 2018 оны 11 дүгээр сарын 20-нд яваад 11 дүгээр сарын 25-нд ирсэн байгаа юм. Нэхэмжлэгч нь О.Д лүү 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зурвас бичиж холбоо барьсан нь бүтэн 12 хоногийн дараа гэнэт ухаан орсон. Тэгэхээр энэ хүн Солонгост вэб сайтгүйгээс болж бараагаа зарж чадаагүй гэдэг нь нотлогдохгүй байна. Хамгийн сүүлд Б.Бадамханд эгч вэб сайтын эх файл, домэйн нэр, нэвтрэх нэрийг өгнө үү гэсэн байна. Үүн дээр эх файл гэдэг нь викс цэг ком гэдэг сайт буюу тэдний сервер дээр байршдаг. О.Д Бадамханд эгчээс авсан материалаа тэр сервер дээр аплөүд хийж тийш нь шилжүүлдэг. Тэр сервер дээр нь байдаг учраас энийг эзэмшинэ гэсэн ойлголт байхгүй. Сервер дээр байгаа өөрийнхөө компанийн бүх мэдээллийг эзэмших эрх нь вэб сайт руугаа нэвтрэх нэр, нууц үгээр л ханддаг. Нэвтрэх нэр, нууц үгээ авсан хүн тэр “викс цэг ком” гэдэг вэб сайт дээр өөрийнхөө файл руу ороод засаж өөрчлөх, хаах, нээх, хугацааг нь сунгах бүх боломжууд нь байдаг. Тиймээс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэвтрэх нэр, нууц үгийг нь өөрт нь өгсөн. Хэрэгт хавсаргасан баримт дээр байгаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх зохигч талуудаас гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х.С” ХХК нь хариуцагч Д.О.Дд холбогдуулан “www.khatansuljee.com” цахим хуудасны эх файл, домэйн нэр, нэвтрэх нэр, төлбөр төлөх эрхийг болон ажлын хөлс 1,098,036 төгрөг, хохирол 983,000 төгрөг, нийт 2,081,036 төгрөг гаргуулах тухай тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Нэхэмжлэгч “Х.С” ХХК нь “Лупа” ХХК-тай 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу өөрийн байгууллагын www.khatansuljee.com домэйн нэр бүхий цахим хуудас хийлгэж, энэхүү цахим хуудсаар байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний мэдээллээ нийтлэх зэргээр ашиглаж байсан бөгөөд 2017 оноос хойш домэйн нэр сунгах хураамжаа төлөөгүйгээс уг цахим хуудас хаагджээ. 

 

Улмаар 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч Д.О.Дтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч О.Днь “Х.С” ХХК-ийн хураамжаа төлөөгүйгээс хаагдсан “khatansuljee.com” домэйн нэрийг сэргээж, www.khatansuljee.com цахим хуудсыг идэвхжүүлэх ажлыг 1,597,736 /300 ам.доллар + 500,000 төгрөг/ төгрөгөөр хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч “Х.С” ХХК нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь зохигчдын тайлбар, цахим зурвас зэргээр тогтоогдож байна. Талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээг заавал бичгээр байгуулах хуулийн шаардлага тавигдахгүй тул талуудын хооронд амаар тохиролцсон хэлцэл нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-т заасны дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг байна.

 

Дээрх гэрээний дагуу хариуцагч О.Днь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Х.С ХХК-ийн цахим хуудсыг www.khatansuljee.wixsite.com домэйн нэрээр идэвхжүүлсэн боловч захиалагч ажлын хөлсийг бүрэн шилжүүлээгүй шалтгаанаар 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр уг цахим хуудсыг ашиглах боломжгүй болгож хаасан. Харин нэхэмжлэгч “Х.С” ХХК нь ажлын хөлсөнд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 300 ам.доллар, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 300,000 төгрөгийг тус тус шилжүүлж, үлдэгдэл ажлын хөлс 200,000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, орлогын мэдүүлэг /хх 13/, цахим зурвас зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. Талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “О.Днь “khatansuljee.com” домэйн нэр сунгалтын хураамжид 300 ам.доллар авсан атлаа сунгалтын хураамжийг төлөлгүйгээр үнэгүй цахим хуудас байршуулдаг цахим сүлжээнд манай байгууллагын цахим хуудсыг байршуулж, “khatansuljee.wixsite.com” домэйн нэрээр цахим хуудсыг сэргээсэн, ийнхүү сэргээхдээ үндэслэлгүйгээр хураамжид 300 ам.доллар авсан. Түүнчлэн энэхүү цахим хуудсаа ашиглах боломжгүй болгож хаасан буюу ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй тул ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээгээр шилжүүлсэн ажлын хөлс болон гэрээнээс учирсан хохирол, “www.khatansuljee.com” цахим хуудасны эх файл, домэйн нэр, нэвтрэх нэр, төлбөр төлөх эрх зэргийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан” гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.4-т зааснаар ажил гүйцэтгэгч төсөв зохиохдоо үндэслэлгүй өндөр үнэлгээ тогтоосон бол захиалагч хөлс төлөхөөс татгалзах эрхтэй гэж заасан.

 

Домэйн нэрийг сунгах хураамжид 300 ам.доллар зарцуулсан болохоо хариуцагч баримтаар нотлоогүй, харин хариуцагчаас нэхэмжлэгчид хандан 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “Wix-ээс мөнгө авъя гэж мэйл явуулсан байсан нь хариу ирлээ, 7 хоногийн дотор орно гэж байна. 300 ам.доллар авах дансаа явуулна уу” гэх зурвас илгээсэн байгаагаас үзэхэд “домэйн нэр сунгах хураамжид 300 ам.доллар зарцуулаагүй” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна.

 

Мөн талуудын хооронд ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн эсэх нь маргааны зүйл болж байна.

 

Ажил гүйцэтгэгч О.Днь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр цахим хуудсыг ашиглах боломжгүй болгож хаасан байх бөгөөд “захиалагч “Х.С” ХХК нь хөлс төлөх үүргээ биелүүлээгүй тул ажлын үр дүнг өөрт саатуулан барих эрхтэй” гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-т “талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө” гэж заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээнд эхлээд ажлын үр дүнг бэлэн болгож, түүнийг захиалагчид шилжүүлснээр хөлс авах эрх ажил гүйцэтгэгчид үүснэ.

 

Мөн Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-т “хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс татгалзаж болно” гэж заасны дагуу хөлсөө төлөхгүй бол ажлын үр дүнг шилжүүлэхгүй гэж ажил гүйцэтгэгч шаардлага тавих эрхгүй болно.

 

Иймд хариуцагч Д.О.Дийг ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлээгүй гэж үзэхээр байна.

 

Харин ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлээгүй, төсөв зохиохдоо үндэслэлгүй өндөр үнэлгээ тогтоосонтой холбогдуулан захиалагч ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн хөлс төлөх үндсэн үүргээс татгалзах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

Ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг захиалагчид шилжүүлээгүй, төсөв зохиохдоо үндэслэлгүй өндөр үнэлгээ тогтоосонтой холбогдуулан гэрээг цуцлах талаар нэхэмжлэгч 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр цахим зурвасаар хариуцагчид мэдэгдсэн нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэж дүгнэв.

 

Аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан тул нэхэмжлэгч урьдчилгаа төлбөр 1,098,036 төгрөг /300,000 төгрөг + 300 ам.доллар/ болон “Х.С” ХХК-ийн веб сайтын эх файл, домейн нэр, нэвтрэх нэр, төлбөр төлөх эрхийг шаардах эрхтэй.

 

Мөн гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч хариуцагч ажлын үр дүн болох цахим хуудсыг идэвхжүүлж захиалагчийн өмчлөлд шилжүүлээгүйгээс нэхэмжлэгч БНСУ-д үзэсгэлэн худалдаанд оролцоогүй болох нь баримтаар тогтоогдоогүй байх тул нэхэмжлэлээс хохирол 983,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Д.О.Дөөс “Х.С” ХХК-ийн веб сайтын эх файл, домэйн нэр, нэвтрэх нэр, төлбөр төлөх эрхийг болон 1,098,036 /798,036 + 300,000/ төгрөгийг гаргуулж “Х.С” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх хохирол 983,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д зааснаар нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ам доллар, төгрөгтэй харьцах ханшаар 1 ам доллар 2660,12 төгрөг байх тул 300 ам.долларыг 798,036 төгрөгөөр тооцсон болно. /хх 29/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан хариуцагч Д.О.Дөөс “Х.С” ХХК-ийн веб сайтын эх файл, домэйн нэр, нэвтрэх нэр, төлбөр төлөх эрхийг болон 1,098,036 төгрөгийг гаргуулж, “Х.С” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 983,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.000 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Д.О.Дөөс 30,902 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х.С” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ч.БАТЧИМЭГ