Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 501

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Д” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/03935 дугаар шийдвэртэй, “Д” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “О” ХХК-д холбогдох, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 15 247 853 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхдэлгэр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2014 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ээлжит засварын ажлыг гүйцэтгэх гэрээгээр 2 км замын даланг сольж, 10 км хэсгийн суурийг хучилтын хамт шинэчлэх ажлыг гүйцэтгэх болсон. Үүнтэй холбогдох “Ашид мөнхийн зам” ХХК-тай байгуулсан гэрээний маргаан бүхий нэхэмжлэл шүүхэд гаргахтай холбогдуулан тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлүүлэхээр “О” ХХК-тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, ажлын хөлс 10 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 5 247 853 төгрөгийг тус компанийн дансанд шилжүүлсэн. “О” ХХК-ийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, бидний эрх ашгийг хамгаалаагүй, товлогдсон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүхбаатар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүйн улмаас шүүх нэхэмжлэлийг буцааж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 247 853 төгрөгийг улсын орлого болгосон.

Үүнээс гадна шүүхээс 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл, түүнд хавсаргасан 50 хуудас баримтыг итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүхбаатарт хүлээлгэн өгсөн байтал тэрээр бидэнд уг материалыг өгөхгүй хохироож байна. Иргэний хуулийн 63 дугаар зүйлд төлөөлөх эрхийг заасан бөгөөд төлөөлөгч нь үүргээ биелүүлээгүй бол төлөөлүүлэгчид учруулсан хохирлоо хариуцахыг зааж өгсөн. Хариуцагч “О” ХХК-тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд огноо заагаагүй боловч Д.Сүхбаатарт олгосон итгэмжлэлээс үзэхэд 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Д.Сүхбаатар нь хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар хуульч биш бөгөөд тэрээр итгэмжлэлээр төлөөлсний үндсэн дээр хөлс авах боломжгүй байжээ.

Бусдыг төлөөлөх эрх авахын тулд хуульч байхыг шаардах ба шүүхэд төлөөлөх эрх авснаар өмгөөлөл, эрх зүйн туслалцаа үзүүлэх байтал Д.Сүхбаатар нь өөрийн хуулийн этгээдийг төлөөлөн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан атлаа ажлын хөлс авсан нь үндэслэлгүй. Дээрх байдлаас үзэхэд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан хуульч биш этгээд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзнэ. Мөн “О” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг тусгаагүй бөгөөд үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлд гадаад худалдаа, барилгын тоног төхөөрөмжийн худалдаа, зуучлал бүртгэгдсэн байхаас гадна нэмэлтээр уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, хүнд машин, механизмын түрээс, худалдаа эрхлэх, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн худалдаа эрхлэх үйл ажиллагааг бүртгэсэн байна.

Дээрхээс үзэхэд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцож болно гэсний дагуу аж ахуйн нэгж үндсэн үйл ажиллагааныхаа зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-д зааснаар “Д” ТӨХК болон “О” ХХК-тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, гэрээний дагуу төлсөн 10 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлөгдсөн, Д.Сүхбаатарын буруутай үйлдлээс болж улсын орлого болсон 5 247 853 төгрөг, нийт 15 247 853 төгрөгийг “О” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй “Ашид мөнхийн зам” ХХК-тай холбогдох иргэний хэрэгт Д.Сүхбаатар нь нэхэмжлэл шүүхэд өгөхөөс эхлэн тус компанитай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу маргаан бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Нэхэмжлэгч байгууллага хэрэгт холбогдолтой бүх нотлох баримтыг гаргаж өгөх байтал энэ үүргээ биелүүлээгүй тул Д.Сүхбаатар нь Улаанбаатар-Дарханы чиглэлд тавигдсан зам засварын гүйцэтгэлийн зураг уулзалт, бусад баримтуудыг цуглуулахаар 3 удаа өөрийн биеэр очиж нотлох баримтыг цуглуулсан, 3 удаа шүүх хуралдаанд оролцсон, хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдаан хойшлогдсон бөгөөд гэрээгээр тохиролцсон хөлсний урьдчилгаанд төлсөн төлбөрт тохирсон ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн.

Нэхэмжлэгч “Д” ТӨХК нь гэрээнд тусгасны дагуу нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг өгөөгүй бөгөөд тэрээр өөрийн биеэр нотлох баримтуудыг цуглуулсан. Шүүх хуралдаан товлогдсон өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Д.Сүхбаатар хуралдаанд оролцох гэж явж байгаад зам тээврийн осолд орсноос товлосон цагаас хоцорсон бөгөөд шүүх нэхэмжлэлийг буцааж, улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгосон. Үүнээс гадна Д.Сүхбаатар нь хуулийн сургууль төгссөн, хуульч учраас “Ашид мөнхийн зам” ХХК-тай холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, ажлын хөлсийг 20 000 000 төгрөг байхаар тохирсон.

Нэхэмжлэгч нь ТӨХК учраас хувь хүний дансанд хөлсийг шилжүүлэх боломжгүй гэсэн тул хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, байгууллагыг төлөөлөх итгэмжлэлийг хуулийн этгээдэд бус хувь хүн болох Д.Сүхбаатарт 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр олгож, уг итгэмжлэлийн үндсэн дээр урьдчилгаа хөлс 10 000 000 төгрөг байхаар тохирсон. Гэрээний үндсэн дээр хөлсийг компанийн дансанд өмгөөлөгчийн хөлс гэсэн утгаар шилжүүлсэн байдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2, 2.3-д хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсийг тохирч, гэрээнд эрх бүхий этгээд гарын үсэг зурсан.

Иргэний хуулийн 63 дугаар зүйлд хуулийн этгээдийг зөвхөн хуульч, өмгөөлөгч төлөөлөхөөр заагаагүй бөгөөд итгэмжлэлээр төлөөлж буй этгээд ажлын хөлс авахгүй, хэрэв ажлын хөлс авсан бол хүчин төгөлдөр бус гэсэн зохицуулалт байхгүй. Д.Сүхбаатар өөрт олгогдсон итгэмжлэлийн үндсэн дээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, өмгөөлөгч О.Баяраатай хууль зүйн гэрээ байгуулж, түүнд ажлын хөлс 7 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн бөгөөд тухайн хэрэгт холбоотой 50 хуудас баримтыг цуглуулсан, өмгөөлөгч О.Баяраа гэрээний дагуу тодорхой ажиллагаа хийж байсан зэрэг нь хэрэгт авагдсан өмгөөлөгчийн төрийн байгууллагад хандаж гаргасан хүсэлтээр тогтоогдоно. Түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй гэдгийг зөвшөөрөхгүй. Хэрэв Д.Сүхбаатарт шалтгаан гараагүй бол шүүх хуралдаанд оролцож, тодорхой үр дүнд хүрэх боломжтой байсан.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар хуульч болгон шүүхэд төлөөлөх эрхтэй байхыг шаардахгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Д.Сүхбаатар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцож чадаагүй учир улсын орлого болгосон улсын тэмдэгтийн хураамжийн 5 247 583 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, ажлын хөлсөнд төлсөн 10 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг нь зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан талуудын хооронд байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч “О” ХХК-иас 15 247 583 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Д” ТӨХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч “О” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 234 189 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 189 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Д” ТӨХК-иас Д.Сүхбаатарт 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр итгэмжлэл олгон “Ашид Мөнхийн зам” ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчийн эдлэх эрхийг олгож хууль зүйн туслалцаа үзүүлж, шүүхэд төлөөлсний хөлсний урьдчилгаа 10 000 000 төгрөгийг өгсөн байдаг. Энэхүү итгэмжлэлийн дагуу Б.Сүхбаатар бүх л ажиллагааг хийсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. Мөн өмгөөлөгч авч нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийсэн боловч гэнэтийн явдлаас болж товлогдсон шүүх хуралдаанд хоцорсноос тухайн хэргийн нэхэмжлэлийг шүүх буцааж, улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээсэн учир тэмдэгтийн хураамж болох 5 247 853 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа.

Харин шүүхэд нэхэмжлэл гаргах, нотлох баримт бүрдүүлэх, газар дээр очиж зураг авалт хийх, хуульд заасан төлөөлөгчийн бүхий л ажиллагааг хийсэн нь нотлох баримтаар тогтоогдож байхад хууль зүйн туслалцаа үзүүлж, шүүхэд төлөөлсний урьдчилгаанд төлсөн 10 000 000 төгрөгт тохирсон ажил гүйцэтгэсэн байхад шүүх нэхэмжлэгчид дээрх төлбөрийг олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хүчин төгөлдөр бусд тооцсон хууль зүйн туслалцааны гэрээ нь зөвхөн ТӨХК-иас хувь хүний данс руу мөнгө шилжүүлэхгүй гэсэнтэй холбоотой бөгөөд үүнийг тухайн үед нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан О.Золзаяа мэдэж байгаа. Иймд шүүхийн шийдвэрийн 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон заалтыг хүчингүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч “Д” ТӨХК нь хариуцагч “О” ХХК-д холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож, ажлын хөлс болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 247 853 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч уг шаардлагын зарим хэсэг буюу ажлын хөлс болох 10 000 000 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн баримт, зохигчдын тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь 2016 оны 4 дүгээр сард Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээг хариуцагч “О” ХХК-тай байгуулж, хариуцагч нь нэхэмжлэгчийг төлөөлж “Ашид мөнхийн зам” ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах, бүх шатны шүүхээр хэргийг шийдвэрлүүлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох, нотлох баримтыг цаг тухайд нь гаргуулж авахтай холбоотой үйлчилгээ үзүүлэх, уг ажлын төлбөрт 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгч тал шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх 5-7/

 

Дээрх гэрээнд зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлөх 5 247 852 төгрөг, үйлчилгээний төлбөрт нийт 15 247 852 төгрөгийг нэхэмжлэгч нь “О” ХХК-ийн дансаар шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан төлбөрийн даалгавар гэх баримт, талуудын тайлбараар тогтоогджээ. /хх 52/

 

Нэхэмжлэгч “Д” ТӨХК нь шүүхэд төлөөлөх эрхийг Д.Сүхбаатарт 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн итгэмжлэлээр олгосноор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Ашид мөнхийн зам” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байх боловч тус шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШЗ2016/07181 дугаартай Шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүхбаатар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг буцааж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 247 583 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна. /хх 37, 48, 118-131/

 

Хариуцагч компани болон түүний захирал Д.Сүхбаатар нарыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 36 дугаар зүйлийн 36.1, 36.3 дахь хэсэгт зааснаар хууль зүйн туслалцаа үзүүлэх эрх бүхий этгээд гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх, шүүхэд төлөөлөх гэрээ хийх эрхгүй учир шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, түүний үр дагаврыг мөн хуулийн 56.5 дахь хэсэгт зааснаар арилгах шийдвэр гаргасныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

 

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, үр дагаврыг арилган, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ. Хариуцагч “О” ХХК нь улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдсэн байдлаар “гадаад худалдаа, барилгын тоног төхөөрөмжийн худалдаа, зуучлал, уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, хүнд машин механизмын түрээс, худалдаа эрхлэх, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн худалдаа эрхлэх” зэрэг үйл ажиллагааг явуулах эрхтэй нь тогтоогджээ. /хх 35/

 

Тус компанийн захирал Д.Сүхбаатарын хувьд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хуульчийн гэрчилгээгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Дээрхээс дүгнэвэл хариуцагч “О” ХХК нь хууль зүйн туслалцаа үзүүлэх эрхгүй атлаа энэ агуулгаар нэхэмжлэгч компанитай гэрээ хийсэн нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Хэргийн баримтаар хууль зүйн туслалцаа үзүүлэхээс өөр агуулгаар буюу хөлсөөр ажиллах талаар тохиролцож тодорхой ажил үүрэг гүйцэтгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

Дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/03935 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                    Т.ТУЯА