Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2021/0737

 

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2021/0737

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Б ХХК

Хариуцагч С

Нэхэмжлэлийн шаардлага: С яамны 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 6-1/4413 дугаар албан бичгээр тендерийн баталгаа болох 2,004,080 төгрөгийг улсын орлого болгон Төрийн санд шилжүүлснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б ХХК-ийн захирал Т.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender.gov.mn-д өөрийн компанийн эрхээрээ орж тендерт оролцож тендерийн үйл явцын мэдээллийг авдаг. Бидэнд харагдаж байгаагаар С ХХК нь санал болгосон үнэ гэдэгт 200,000,229 төгрөгийн үнийн хөнгөлөлт байхгүйгээр харагдаж байна. Манай компани нь 197,935,186 төгрөгийн үнийн санал өгсөн учраас бид уг компаниас доогуур үнийн санал өгсөн харагдаж байна.

Бид тендерийн хариу мэдэгдэл хүлээж аваад тендерийн хуульд зааснаар ажлын 5 хоногийн дотор С яаманд гомдлоо гаргах хугацаанд МУИС нь С ХХК-ийн материалыг www.tender.gov.mn-д байршуулаагүй учраас мэдэх ямар ч боломжгүй юм. Тендерт оролцож байгаа компаниудад тендерийн явц нээлттэй, ил тод, шударга байх үүднээс Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender.gov.mn-д нээлттэй мэдээллийг тавих ёстой байдаг гэж бид үздэг. Уг сайтаас С ХХК-ийн мэдээллийг харах боломжгүй, мэдэх боломжгүй, мэдээлэл нь байхгүй учраас манай компани сайтад харагдаж байгаа мэдээллийн хүрээнд өөрсдийн эрхийн дагуу С яаманд гомдол гаргасан. Гэвч С яамнаас гомдлын хариу мэдэгдлийг 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээж авахад мэдэгдэлд С ХХК-ийн 6,000,000 төгрөгийн үнийн хөнгөлөлт үзүүлж, 194,000,229 төгрөгийн үнийн санал ирүүлсэн, захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гээд манай компанийн гомдлыг үндэслэлгүй гэж үзээд тендерийн баталгааг улсын орлого болгосон нь бидний эрхийг илтээр зөрчиж байна гэж үзэж байна. 

Иймд Монгол Улсын Их Сургуулийн МУИС/202101016 дугаартай МУИС-ийн урсгал засвар-1 "Багц 1 ажилд Монгол Улсын Их Сургуулийн тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1/1101 шийдвэрт хамгийн бага унийн саналтай гэж "С" ХХК-ийг шалгаруулсан С яамны www.tender.gov.mn сайтад бидэнд харагдаж байгаагаар 'С" ХХК нь санал болгосон үнэ гэдэгт 200,000,229 төгрөг үнийн хөнгөлөлт байхгүй харагдаж байсан учраас манай компани С яаманд хандаж шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргахад С яамны 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/4254 шийдвэрт "С" ХХК-ийг 6,000,000 төгрөгийн үнийн хөнгөлөлт үзүүлж 194,000,229 төгрөгөөр ажил гүйцэтгэх санал ирүүлсэн байна. Б ХХК нь гомдол гаргасан нь үндэслэлгүй байна" гэж үзээд С яам Монгол Улсын Их Сургуульд 2021 оны 8 дугаар сарын 04-ний 6-1/4413 тоот албан бичгээр манай тендерийн баталгаа болох 2,004,080 төгрөгийг улсын орлого болгож Төрийн санд шилжүүлснийг хүчингүй хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Юун түрүүнд нэхэмжлэгчийн дурдсан шаардлага нь яг ямар агуулгатай болох нь тодорхой бус байгааг дурдах нь зүйтэй байна. С яам захиалагчийн шийдвэрийг хэвээр үлдээсэн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/4254 тоот албан бичгийг хүчингүй болгуулах гэж шаардаж байгаа бол урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан энэхүү албан бичиг нь "захиргааны акт"-ын шаардлагыг хангахгүй бөгөөд нэхэмжлэгч анхдагч захиргааны акт гаргасан Монгол Улсын Их Сургуулийн шийдвэртэй маргах ёстой юм. Харин  Б ХХК-ийн тендерийн баталгааг улсын орлого болгох тухай агуулга тус 6-1/4254 тоот албан бичигт байхгүй тул мөн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. 

Дээр дурдсан тендер шалгаруулалтад оролцсон "Б" ХХК 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 21/69 тоот албан бичгээр тус яаманд гаргасан бөгөөд гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйл, С сайдын 2019 оны 131 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам-ын дагуу хянан шийдвэрлэж, нэхэмжлэлд дурдсан 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/4254 тоот албан бичгээр хариу егсен. Гомдлын дагуу хянан үзэхэд захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон С ХХК нь 200,000,229 төгрөгийн үнэ санал болгосноос 6,000,006 төгрөгийн үнийн хөнгөлөлт санал болгох тухай тендер ирүүлсэн байсан бөгөөд энэхүү үнийн хөнгөлөлт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг,  С сайын 2019 оны 255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам"-ын 3.6-д тус тус зааснаар тендерийн нээлтийн тэмдэглэлд тусгагдаж, тендер нээсэн даруйд олон нийтэд нээлттэй болсон мэдээлэл юм. 

Түүнчлэн захиалагч 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр оролцогчдод нэгэн зэрэг мэдэгдэл хүргүүлж, тендер шалгаруулалтын үр дүнг худалдан авах ажиллагааны цахим системд нийтэлсэн бөгөөд тухайн мэдээлэл нь тус компани еерийн эрхээр нэвтрэхэд доорх зурган хэлбэрээр харагддаг тул нэхэмжлэлд "Бидэнд харагдаж байгаагаар "С ХХК нь санал болгосон үнэ гэдэгт 200 000 229 төгрөгийн үнийн хөнгөлөлт байхгүй харагдаж байгаа" гэж дурдсан нь үндэслэлгүй худал мэдээлэл юм. Иймд шаардлагатай бол шүүх уг компанийн худалдан авах ажиллагааны цахим системийн эрхээр нэвтрэхэд уг мэдээлэл харагдах эсэхийг үзлэг хийж шалгах нь зүйтэй юм. 

Түүнчлэн компани тус өөрийн эрхээр нэвтрэхээс гадна https://www.tender.gov.mn/mn/result/detail/1618540056308 гэсэн худалдан авах ажиллагааны цахим системийн олон нийтэд нээлттэй мэдээллээс ч шалгарсан оролцогчийн тендерийн үнийн хөнгөлөлтийн талаар тодорхой мэдэх боломжтой юм. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтийн голлох нэг зохицуулалт нь тендерт оролцогчийг худалдан авах ажиллагааг үндэслэлгүй удаашруулахгүй байх боломжийг бүрдүүлэх зорилгоор ил тод байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэслэлгүй гомдол гаргасан тохиолдолд тендерийн баталгааны 20 сая төгрөг хүртэлх үнийн дүнг улсын орлого болгодог журам юм. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.7-д зааснаар тус компанийн гаргасан тендерийн баталгаа нь "тендер шалгаруулалтад хариуцлагатай оролцохоо баталгаажуулж ирүүлсэн баталгаа бөгөөд гомдол гаргахдаа өөрт нээлттэй мэдээллийг нягталж шалгах үүргээ хэрэгжүүлээгүйгээс тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэн хянах нөхцөлийг бүрдүүлсэн ба гомдол үндэслэлгүй байсан болно. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Б ХХК-иас С яаманд холбогдуулан гаргасан С яамны 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 6-1/4413 дугаар албан бичгээр тендерийн баталгаа болох 2004080 төгрөгийг улсын орлого болгон Төрийн санд шилжүүлснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Монгол Улсын Их Сургуулиас зарласан МУИС/202101016 дугаартай тендерийн Багц-1: ШУС-ийн захиргааны урсгал засвар нээлттэй тендерт оролцогч Б ХХК нь хамгийн бага үнийн саналаас өндөр санал ирүүлсэн гэж тус компанийн тендерийг шалгаруулах боломжгүйг Монгол Улсын Их Сургуулийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1/1101 дүгээр албан бичгээр мэдэгдсэн байна.

Тус шийдвэрийг эс зөвшөөрч Б ХХК гомдол гаргасныг С яам хянаад 2021 оны 07 дугаар сарын 28-ны 6-1/4254 дүгээр албан бичгээр ...С ХХК-ийн тендерт ирүүлсэн үнийг саналыг хянан үзэхэд ажлын төсөвт өртөг 200,000,229 төгрөг бөгөөд өөрийн ашгаас 3 хувь буюу 6,000,000 төгрөгийн үнийн хөнгөлөлт үзүүлж 194,000,229 төгрөгөөр тухайн ажлын гүйцэтгэх санал ирүүлсэн. гэсэн үндэслэлээр захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзжээ.

Улмаар хариуцагч 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 6-1/4413 дугаар албан бичгээр Б ХХК-ийн Голомт банкны 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 120OLCBD212436 дугаартай тендерийн баталгааны 2,004,080 (хоёр сая дөрвөн мянга наян) төгрөгийг хүчинтэй байх хугацаанд нь багтаан Төрийн сангийн тендерийн баталгааны орлогын 100900000753 тоот дансанд төвлөрүүлж, ажлын 3 хоногийн дотор С яаманд хариу мэдэгдэхийг Монгол Улсын Их Сургуульд мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгч тендерийн баталгааг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн хариуцагчийн дээрх шийдвэрийг ...Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender.gov.mn -д С ХХК-ийн санал болгосон үнэ гэдэгт 200,000,229 төгрөг, үнийн хөнгөлөлт байхгүй харагдаж байгаа. Манай компани нь 197,935,186 төгрөгийн үнийн санал өгсөн Монгол Улсын Их сургууль нь С ХХК-ийн материалыг www.tender.gov.mn -д байршуулаагүй учир 6,000,000 төгрөгийн үнийн хөнгөлөлт үзүүлнэ гэснийг мэдэх боломжгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Төрийн болон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7-д Дараахь тохиолдолд тендерийн баталгааг улсын орлого болгоно: 20.7.3.тендерт оролцогчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн., 55 дугаар зүйлийн 55.9-д Тендерт оролцогчдын гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 20.7.3-т заасны дагуу тендерийн баталгааг улсын орлого болгох дээд хэмжээ 20 сая төгрөгөөс хэтрэхгүй байна. Гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг буцаан олгоно. гэж заасан бөгөөд С нэхэмжлэгч Б ХХК-ийн тендерийн баталгааг улсын орлого болгохоор шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Гэвч шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан tender.gov.mn сайт дахь нэхэмжлэгч компанийн эрхээр харагдах мэдээлэл болон тус цахим санд байрлах нийтэд нээлттэй мэдээлэлд шалгарсан компани үнийн хөнгөлөлт үзүүлэх мэдээлэл зөрүүтэй харагдаж байгаа болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл С ХХК 200,000,229 төгрөгийн үнийн санал, Б ХХК 197,935,186 төгрөгийн үнийн санал өгсөн мэдээлэл нэхэмжлэгч компанийн эрхээр тендерийн цахим санд нэвтрэн ороход харагдаж байгаа бөгөөд Монгол Улсын Их Сургуулиас зарласан МУИС/202101016 дугаартай тендерийн мэдээлэлд С ХХК 6,000,000 төгрөгийн үнийн хөнгөлөлт орсон байгаа нь Төрийн болон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.25-д худалдан авах ажиллагааны цахим систем гэж цахим программ хангамжийг ашиглан худалдан авах ажиллагааг төлөвлөх зохион байгуулах, тайлагнах, хяналт тавих цогц үйл ажиллагаа, мэдээллийн тогтолцоог;, 6 дугаар зүйлийн 6.1-д Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална. гэж заасан ил тод байх зарчим зөрчигдсөн гэж үзлээ.

Иймд худалдан авах ажиллагааны цахим системд мэдээлэл зөрүүтэй орсны улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул Төрийн болон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, С яамны 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 6-1/4413 дугаар албан бичгээр тендерийн баталгаа болох 2,004,080 төгрөгийг улсын орлого болгон Төрийн санд шилжүүлснийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1.            Төрийн болон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, С яамны 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн  6-1/4413 дугаар албан бичгээр тендерийн баталгаа болох 2004080 төгрөгийг улсын орлого болгон Төрийн санд шилжүүлснийг хүчингүй болгосугай.

2.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Монгол Улсын С яамнаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН