Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2024/0745

 

 

 

 

 

 

 

 

“Э” СӨХ нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/06** дугаар шийдвэрийг гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Аын давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.

 

Шүүх бүрэлдэхүүн:

 

Шүүх хуралдааны даргалагч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

 

Нэхэмжлэгч “Э” СӨХ

Хариуцагч Хот ***********************

Гуравдагч этгээд Г.Т

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

 

Хэргийн индекс: 128/2021/0****/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/06** дугаар шийдвэрээр “Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.1, 28.5-д тус тус заасныг баримтлан Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын /хуучнаар/ гуравдагч этгээд Г.Т-өд олгосон 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 0009249/4**/2021 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоож” шийдвэрлэжээ.

2. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “... нэхэмжлэгч нь нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тухайн хүчингүй болгуулахыг хүссэн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний улмаас буюу барилга баригдах ажил, түүний гүйцэтгэлээс үүдэн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тодорхой заагаагүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасны дагуу анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодруулсан боловч тодорхойгүй хэвээр байгаа нь нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлагыг хангаж ирүүлээгүй гэж үзэхээр байна. Харин баригдах барилгын улмаас нар, салхи хаах, нэхэмжлэгчийн орон сууцны барилгын орчимд ногоон байгууламжгүй, машины зогсоолгүй болон автозам гарахад аюултай байдал үүснэ гэх зэргээр маргаан бүхий захиргааны акт, түүний эрх зүйн зохицуулалттай хамааралгүй тайлбар гаргасан. Гэтэл уг газарт байсан гарааш үл  хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болж, газар эзэмших эхтэй болсон бөгөөд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ч нэхэмжлэгчийн хүсэж байгаачлан бусдын өмчлөлийн газрыг хууль бусаар булаан авах, ойр орчны барилга, орон сууцны иргэдэд зориулан булаах эрх зүйн үндэслэл байхгүй, тийм үр дагавар үүсгэхгүй болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээч нараас: 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ** дугаартай Шинжээчийн дүгнэлтэд “46 дугаар байр болон шинээр баригдах барилгууд галд тэсвэршилтийн 2 дугаар зэрэгтэй, галын аюулаас хамгаалах шаардлага 6 метр зайг хангаж, норм дүрэмд нийцээгүй” гэх үндэслэлгүй байна. 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Шинжээчийн дүгнэлтэд “Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу өөрчлөлт оруулан батлуулсан тохиолдолд зөрчилгүй” гэж заасан байтал шинжээчийн дүгнэлтийн зөвхөн нэг хэсгийг авч бусад хэсгийг анхаарахгүй байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтын үр дүнд явган газар шорооны ажил гүйцэтгэхэд явган хүний замын зарим хэсэгт нуранги үүссэнд холбогдуулан арга хэмжээ авч зөвшөөрлийг түдгэлзүүлсэн. Тухайн зөрчлийг арилгасан боловч Хот байгуулалт, хөгжлийн газраас маргаантай тул боломжгүй гэж Барилгын ажлын зөвшөөрлийг сэргээж өгөөгүй бөгөөд уг маргаантай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг захиргааны хэргийн шүүх түдгэлзүүлсэн байдалтай байна. Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан хүсэлтэд хавсаргах бичиг баримтын бүрдэл дутуу гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Хот байгуулалт, хөгжлийн газарт хүсэлт гаргахад заасан бичиг баримтуудын бүрдлийг хангаж өгсөн болох нь хариуцагчаас гаргаж өгсөн өргөдлийн хяналтын хуудсаар тогтоогдоно. Мөн нэхэмжлэгчээс гуравдагч этгээдийн газар эзэмших эрхтэй болон уг барилгад зориулан олгосон ГБМЗХ2019/08-0*** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавартай маргаагүй байхад шүүхээс “барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь холбогдох хууль тогтоомж, норм стандартыг зөрчиж олгогдсон болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний үйлчлэлд хамааралгүй асуудлаар буюу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлсэн дүгнэлт гэж үзэхээр байна. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон “Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын гуравдагч этгээдэд олгосон 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 0009249/4**/2021 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоосугай” гэсэн. Захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэхэд нэхэмжлэгч нь нэгэнт хэрэгжсэн захиргааны акт хууль бус байсан  гэдгийг тогтоолгох онцгой ашиг сонирхолтой байх ёстой. Онцгой ашиг сонирхол гэдэгт нь нэхэмжлэгчийн хүсэл биш харин шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчийн хувьд тодорхой эрхийн хамгаалалт үзүүлж чадахаар байхыг ойлгоно. Гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгчид ямар онцгой ашиг сонирхол үүсэж хэрхэн хамгаалалт үүсэж байгаа нь тодорхойгүй байна. Мөн маргаан бүхий захиргааны актыг батлах үед үйлчилж байгаагүй, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.3.3-д заасныг хэрэглэн дүгнэж, улмаар шийдвэртээ баримталсан нь хууль бус болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

            1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлснээс хэргийн үйл баримт буюу хариуцагчийн үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байдал, гуравдагч этгээдийн хөндөгдөх ашиг сонирхол зэрэг хэргийн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, мөн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл  6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

2. Анхан шатны шүүх “... шинжээчийн дүгнэлт болон холбогдох баримтуудаас үзвэл маргаан бүхий барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь холбогдох хууль, тогтоомж, норм, стандартыг зөрчиж олгогдсон болох нь тогтоогдож байна ... Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Дараах үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрлийг олгохоос татгалзана: ... 27.3.3-т “энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан олон нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хангаагүй болохыг эрх бүхий байгууллага тогтоосон” гэж тус тус заасан бөгөөд дээр дурдсанчлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2019 онд холбогдох байгууллагуудад мэдэгдсэн бөгөөд барилгын ажлын тусгай зөвшөөрөл олгосон хариуцагчийн шийдвэр хууль бус байжээ” гэж тус тус дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

3. Нэхэмжлэгч “Э” СӨХ-оос нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Г.Төд олгосон 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 0009249/4**/2021 дүгээр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгч уг шаардлагаа өөрчлөөгүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10*** дугаар шүүгчийн захирамжаар маргаан бүхий барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний биелэлтийг түдгэлзүүлснээр үйлчлэл нь хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл зогссон байна.

Гэтэл шүүх “гэрчилгээний хугацаа дууссан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг өөрийн санаачилгаар өөрчилж барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасныг зөрчсөн байна.

Гэвч үүнийг тус шүүх залруулж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан баримтуудад дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлагагүй гэж үзэв.

4. Нэхэмжлэгч СӨХ нь нэхэмжлэлдээ зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо тайлбарлахдаа:

“...гуравдагч этгээд Ч. Түмэн-Ерөөлтийн барьж буй барилга нь 46 дугаар байрны 30 айлын нар салхи, үзэгдэх орчин хааж эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан эрхийг зөрчсөн,

  • СӨХ-ны эзэмшил газраас 2 метр орчмыг хулгайлсан,

- Оршин суугчдын авто зогсоол хүрэлцэхгүй байгаа тул оршин сууц нэмэгдвэл даац хэтэрч авто осол гарах иргэд хооронд маргаан ихсэх талтай,

- Авто замд тулгаж барилга барьвал үзэгдэх орчин хязгаарлагдаж орчин тойрны 50, 5 дугаар сургуулийн хүүхдүүд, хөгшин настай иргэд өртөх хэсэг болсон,

- Барилгын ажил эхэлж газар ухаж эхэлснээр хөрсний ус их гарч хөрсний нуралт үүсэж, нэхэмжлэгч иргэдийн амьдарч байгаа орон сууц нурахад хүрч болзошгүй байна,

- Барилгын норм, дүрэм /31-01-10/-ийн 4.1.18 дахь заалт зөрчиж 10 м-ийн зайтай барьж байна” гэж зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо тус тус тодорхойлсон. байна.

5. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч нь давж заалдах гомдолдоо “2015 онд Төрийн өмчийн хорооны тухайн газар байсан 12 автомашины гараашийг дуудлага худалдаагаар худалдан авсан, эзэмшсэн газрын 63 хувь дээр барилга барьж байгаа, барилгаа барьж дуусаад орчны тохижилт хийгдээд хашаагаа буулгахаар хуучин байсан орчин нь илүү сайжирч байгаа, Шинжээчийн дүгнэлтэд заасан тууш хананд цонх төлөвлөсөн тохиолдолд 12 м байх нормыг хангаагүй гэх зөрчлийг засаж, архитектур төлөвлөлтийн даалгаварт цонхгүй төлөвлөхийг даалгасны дагуу 2023 онд зураг төслөө өөрчилж 46 дугаар байр руу харсан ханыг цонхгүй болгосон тул норм зөрчигдөхгүй, уг байрны хойд талд барилга баригдаж байгаа тул нар салхи хаагдахгүй, галын шинжээчийн дүгнэлтээр норм хангасан. ... Нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, урьд нь тухайн газар дээр байрлаж байсан гараашны өмчлөгч болж, уг газрыг эзэмшсэн байхад нэхэмжлэгч нар булаан авах эрхгүй, шүүх шийдвэрлэсний дараа нэхэмжлэгчийн ямар эрх сэргэхийг анхаараагүй, холбогдох баримтыг бүрэн дүгнээгүй” талаар дурдсаныг үгүйсгэх үндэслэлгүй байна.

6. Нэхэмжлэлд дурдсан “... СӨХ-ийн газраас хулгайлсан, авто замд тулгаж хашаа барьсан, хөрсний нуралт үүсэж аюултай нөхцөл бий болгосон гэх зэрэг асуудал нь барилгын ажил гүйцэтгэхтэй холбоотой, автомашины үзэгдэх орчин хязгаарлагдаж, орчны сургуулийн хүүхдүүд, хөгшид осолд орж болзошгүй байдал бий болгосон” зэрэг асуудал нь маргаан бүхий акттай хамааралгүй байна.

7. Харин шүүхээс томилогдсон шинжээч Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлтийн хариулт 2-т “... Батлагдсан ажлын зурагт үзлэг хийхэд Ү1 тэнхлэгийн дагуу 1-5 дугаар давхар хүртэл цонх төлөвлөсөн байгаа нь “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” /БНбД 31-01-10/-ийн 4-р хавсралтын 12 дугаар хүснэгтийн “Барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон орон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд” 5 давхар байх үед 12 м байна гэсэн заалтыг хангахгүй байна. Архитектур төлөвлөлтийн даалгаварт цонхгүй төлөвлөхөөр даалгасныг хангаагүй” гэснийг анхан шатны шүүх үнэлсэн нь зөв боловч түүнтэй хамааралтай няцааж гуравдагч этгээдээс зөрчлийг засаад нэхэмжлэгч нарын байр руу харсан ханыг цонхгүй барихаар зураг төслөө батлуулсан гэж тайлбарлан хэрэгт ирүүлсэн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн барилгын ажлын зураг, магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг шүүх уялдуулан үнэлээгүй, өөрөөр хэлбэл барилга хоорондын зайн хэмжээ зөрчсөнөөс тайван амьдрах эрх зөрчигдсөн /цонхоороо авсан гэрэл зураг ирүүлсэн/ гэх нэхэмжлэлд дурдсан зөрчлийг арилгасан гэх байдалд дүгнэлт хийгээгүй байна. 

8. Мөн дээрх шинжээчийн дүгнэлтийн төгсгөлд “архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан заалтыг хангуулж ажлын зургийг өөрчлөн батлуулах” гэж дурдсаны дагуу зөрчлийг засаж, нормд нийцүүлсэн гэж зураг төслөө ирүүлсэн, хэрэгт авагдсан галын аюулгүй байдлын норм, журам зөрчигдөөгүй талаарх шинжээчийн дүгнэлт, уг газар дээр гарааш байрлаж байсныг гуравдагч этгээд худалдан авч газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан, газрын үзлэгийн тэмдэглэлээр барилгын ажлаа эхлүүлж, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, мөн барилгажих талбай нь эзэмшил газрын 63 хувьд нь төлөвлөгдсөн байдал зэргээс үзвэл гуравдагч этгээдийг эзэмшлийн газар дээрээ барилга барих эрхгүй гэж үзэхээргүй байна.

Энэ талаарх давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “... уг газар дээр барилга барих боломжгүй, замын даац хэтэрнэ, хүүхдүүд ихтэй сургуулийн орчин тул гуравдагч этгээдийн давж заалдах гомдол үндэслэлгүй” гэсэн тайлбарыг хүлээж авах боломжгүй юм.

9. Харин гуравдагч этгээд Ч.Т нь хэдийгээр газар эзэмших эрхтэй байх боловч нэхэмжлэгчийн “... одоо байгаа авто зогсоол зам талбай хүрэлцэхгүй байхад үйлчилгээтэй 30 айлын орон сууц барьснаар улам хүрэлцээгүй болно ...” гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй, нэхэмжлэлийн гол агуулга нь шинээр барилга барьснаар оршин суугчдын амьдрах орчны тохижилт, чанарыг дордуулахаас сэргийлж нэхэмжлэлээ гаргасан гэж үзэхээр байна.

10. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.25-д “гадна тохижилтын ажил" гэж барилга байгууламжийн гаднах талбайн ногоон байгууламж, автозам, зогсоол, явган хүний зам, гарц, оршин суугчдын амрах болон хүүхдийн тоглоомын талбай, уран барилгын жижиг хэлбэр, гэрэлтүүлэг зэргийг барьж байгуулах үйл ажиллагааг” ойлгохоор, 37 дугаар зүйлийн 37.1.17-д Захиалагч нь “барилгын үйл ажиллагааны явцад орчны тохижилт, эзлэхүүн төлөвлөлт, инженерийн дэд бүтцийн талаарх зурагт болон бусад сурталчилгаа бодит байдалд нийцсэн байх ба хэрэглэгчийн өмнө тэдгээр мэдээллийн үнэн зөв байдлын хариуцлагыг хүлээх;” гэж тус тус заасны дагуу шинээр барьж буй барилгад тавигдах шаардлага нь орчны тохижилт буюу тухайн баригдах барилгын хэрэглэгчээс гадна ойр орчмын орон сууцны оршин суугчдын амьдрах орчныг дортуулахгүй байхаар тохижилт хийх, түүнийгээ мэдээлэх нь захиалагчийн үүрэг байна.

11. Нэхэмжлэлийн агуулга болон дээрх хуулийн заалтаас үзвэл хэрэгт захиалагч буюу гуравдагч этгээд нь анх 2 давхар барилга барихаар төлөвлөж байснаа 5 давхар болгуулах талаар хүсэлт гаргаж байсан нь авагдсан байх ба барилгын зураг төсөлд төлөвлөж буй барилгын орчны тохижилт, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж зэргийг төлөвлөсөн эсэх, нэхэмжлэлд дурдсан зогсоолын болон автомашины хөдөлгөөний даац хэтрэх эсэх, мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын албан бичигт дурдсан хот байгуулалтын хууль тогтоомжийн зөрчлийг арилгах боломжтой эсэх, шинжээчийн дүгнэлтэд дурдсан зөрчил бүрэн засагдсан эсэх, нэхэмжлэгч СӨХ-ны иргэдэд барилгын зураг төсөл орчны төлөвлөлтөө танилцуулах, тодорхой зөвшөөрөгдөх хэмжээнд барилга баригдсанаар урьд нь байсан орчны тохижилтыг дортуулах, эсхүл сайжрах эсэх талаар нөхцөл байдлыг цаашид тодруулсны үндсэн дээр хариуцагчаас Барилгын тухай болон бусад хууль тогтоомжийн дагуу дахин шинэ акт гаргах боломжтой байх тул маргаан бүхий актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            12. Давж заалдах гомдолд “... тогтоолын 3 дахь заалтаар 08 дугаар сарын 16-ны өдөр олгосон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ болон үүнтэй холбоотой 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 171 болон 68 дугаар тогтоол, түүний хавсралтуудыг хүчингүй болгосон. Үүнээс барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгохдоо хүчингүй болгосон эрх зүйн актыг үндэслэл болгосон байдаг....” гэх боловч маргаан бүхий актыг түдгэлзүүлж дахин шинэ акт гаргахад тухайн хуулийн заалтууд хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул уг хуулийг хэрэглэж шинэ акт гаргахад хуулийг буруу хэрэгжүүлсэн гэж үзэхээргүйг тэмдэглэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/06** дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “хууль бус байсан болохыг тогтоосугай” гэснийг “дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.” гэж өөрчилж, “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий актыг хүчингүй болгохыг дурдсугай.” гэсэн 2 дахь заалтыг нэмж, “2” гэсэн дугаарлалтыг “3” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

      ШҮҮГЧ                                          О.ОЮУНГЭРЭЛ

                    ШҮҮГЧ                                        Т.ЭНХМАА

       ШҮҮГЧ                                         С.МӨНХЖАРГАЛ