Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/01116

 

 С.Наранчимэгийн нэхэмжлэлтэй

                   иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 146/ШШ2019/00242 дугаар шийдвэр,

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 204/МА2020/00001 дүгээр магадлалтай, 

С.Наранчимэгийн нэхэмжлэлтэй,

Д.Готовт холбогдох, 

Гэм хор учруулсны төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: хариуцагч Д.Готов, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

Нэхэмжлэгч С.Наранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 3 хүүхдийн хамт ам бүл дөрөвүүлээ амьдардаг. 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Д.Готов миний нөхөр М.Гантүвшинг толгойн тус газар нэг удаа сандлаар цохиж санаатайгаар алсан. 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр эрүүгийн шүүх хурал болж 68 тоот шийтгэх тогтоолоор Д.Готовт 9 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Би Өмнөговь аймгийн Гурвантэс сумын сумын 28 дугаар цэцэрлэгт туслах багшаар түр ажиллаж байсан бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн. Одоо ажилгүй, орлогогүй 3 хүүхдийн хамт амьдарч байна. Том охин Г.Оюундарь нь 2009 оны 05 дугаар сарын 18-нд төрсөн, дунд охин Г.Дарьзав 2014 оны 09 дүгээр сарын 24-нд төрсөн, бага хүү Г.Очирбат 2016 оны 04 дүгээр сарын 24-нд төрсөн. Улсаас тэжээгчээ алдсаны тэтгэмж гэж сар бүр 210,000 төгрөг олгодог. Манай нөхөр нас барах үедээ хувиараа ажил хийдэг байсан бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож тогтоосон. Дээрх мөнгө манай гэр бүлд хаана ч хүрдэггүй. Иймд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.4-т заасны дагуу охин Г.Дарьзав, хүү Г.Очирбат нарт 8 нас хүртэл тус бүр сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр Д.Готовоос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Готов шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум дахь сум дундын анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтаар 9 жилийн хорих ялаар шийтгүүлэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүмүүжиж байна. Хохирогч Гантүвшингийн эхнэр С.Наранчимэгийн нэхэмжлэл гаргасныг миний ар гэр төлөх боломжгүй. Учир нь миний үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан гэм буруугийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан ба анхан шатны шүүхээс хохирогчийн насанд хүрээгүй 3 хүүхдэд 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү мөнгө өгч байхаар тогтоосныг миний ар гэр хууль журмын дагуу төлж байгаа. Энэ мөнгө нь 2018 онд нэг хүүхдэд сар бүр 30,000 төгрөгөөр тогтоосон ба 2019 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан сар бүр 177,000 төгрөг болж 1 жилд 2,124,000 төгрөгийг төлж байгаа. Би өөрөө хорих ял эдэлж байгаа. Миний ар гэр анхан шатны шүүхээс тогтоосон тэтгэмжийг хууль журмын дагуу төлж байгаа ба миний хийсэн гэмт хэргийн улмаас ар гэрийнхэн минь хүнд хэцүү байдалд байгаа учир дахин хохирол төлөх эдийн засгийн болоод бусад талаар ямар ч боломжгүй байдлыг харгалзан үзэж энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би гэм буруугийн хохирол болох шүүхээс тогтоосон 9 208 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэжээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 146/ШШ2019/00242 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.4.4-т зааснаар хариуцагч Д.Готовоос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сар бүр гэм хор учруулсны төлбөрийг нас барагчийн хүү болох 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн Г.Очирбатыг 8 нас хүртэл нь нэхэмжлэгч С.Наранчимэгт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 204/МА2020/00001 дүгээр магадлалаар: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 146/ШШ2019/00242 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Хариуцагч Д.Готов нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийг 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 сарын 24-ны өдрийн 204/МА2019/00001 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т төлбөр гаргуулах хэмжээг хэрхэн тооцох журмыг тогтоосон байна.Гэтэл анхан шатны шүүх хөдөлмөрийн хөлсний хэмжээ нь хэдэн төгрөг байсан, хуулийн энэ заалтыг хэрхэн хэрэглэсэн болох нь тодорхойгүй байна гэжээ. Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т заасны дагуу нэхэмжлэл гаргаагүй зөвхөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.4-т заасны дагуу нэхэмжилсэн байхад давж заалдах шатны шүүх 2018 оны 03 сарын 30 өдрийн 68 тоот хүчин төгөлдөр шүүхийн тогтоолоор тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг шийдсэн шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол байхад нэхэмжлэлтэй хамаагүй зүйлийн үндэслэл болгосон нь шүүх хэрэглэвэл зохих хуулийн хэрэглэхгүй хэрэглэх ёсгүй хуулийн хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх 146/ШШ2019/00242 дугаар шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн болно.

Иймд Өвөрхангай аймгийн эруү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 204/МА2019/00001 тоот магадлалыг хүчингүй болгож, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сумдын шүүхийн 146/ШШ2019/00242 шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

 ХЯНАВАЛ 

С.Наранчимэг нь Д.Готовт холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ ...охин Г.Дарьзав, хүү Г.Очирбат нарыг 8 нас хүртэл сар бүр гэм хор учруулсны төлбөр гаргуулж өгнө үү гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргасан байна.  

  Анхан шатны шүүх Д.Готовоос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сар бүр гэм хор учруулсны төлбөрийг хүү Г.Очирбатыг 8 нас хүртэл нь олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.  

  Нэхэмжлэгч магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн... гэх агуулга дурджээ. 

  Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна. 

  Нэхэмжлэгч шаардлага, үндэслэлээ тайлбарлахдаа ...нөхөр М.Гантүвшин бусдын гарт амь насаа алдсан, ...цэцэрлэгт туслах багшийн ажил хийж байгаад чөлөөлөгдсөн, 3 өнчин хүүхдийн хамт амьдардаг, тэжээгчээ алдсаны тэтгэмж 210,000 төгрөг авдаг, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.4-т зааснаар охин Г.Дарьзав, хүү Г.Очирбат нарыг 8 нас хүртэл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 193,400 төгрөгийг тус бүрт нь гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа ...шүүхийн тогтоолоор хохирогчийн 3 хүүхдэд 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг өгч байхаар тогтоосон, ....ар гэрийнхэн уг төлбөрийг төлж байгаа гэсэн тайлбар гаргажээ.  

  Зохигч талууд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, татгалзлаа өөр өөрөөр тайлбарлаж маргасан байна. 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Өмнөговь аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.30-ны өдрийн 68 дугаар Шийтгэх тогтоолоор Д.Готовыг М.Гантүвшингийн амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 9 жилийн хорих ял ногдуулсан нь хуулийн хүчинтэй байна.  

Нэхэмжлэгч нь талийгаачийн эхнэр бөгөөд 2009.05.18-нд охин Г.Оюундарь, 2014.09.24-нд охин Г.Дарьзав, 2016.04.24-нд хүү Г.Очирбат нар төрсөн, М.Гантүвшинг нас барах үед түүний асрамжид байсан, энэ талаар маргаагүй байна. 

Хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгахыг зохицуулсан Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2.гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй, 508.3.төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна гэж тус тус заасан. 

Хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах төлбөрийн хэмжээг түүний сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтоохоор хуульд заасан, харин цалин хөлс, орлогогүй байсан, орлогыг тодорхойлох боломжгүй тохиолдолд гэм хорын төлбөрийн хэмжээг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцох нь хууль зөрчихгүй бөгөөд шаардлага гаргах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцох үндэслэлтэй.  

Эрүүгийн хэргийг шийдвэрлэх үед С.Наранчимэг нь 3 хүүхдэд гэм хор учруулсны төлбөрийг нөхөн төлүүлэхээр шаардсан, шүүх ...зөрүүг хүүхэд тус бүрт 18 нас хүртэл нь сар бүр шүүгдэгчээс гаргуулж олгох нь зүйтэй гэж үзэн, Шийтгэх тогтоолын 5 дах заалтаар тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасч, зөрүүг сар бүр шүүгдэгч Д.Готовоос гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Наранчимэгт олгохоор шийдвэрлэжээ /хэргийн 23-25 дугаар тал/.  

Дээр дурдсанаас үзвэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагчаас гэм хор учруулсны төлбөрийг гаргуулсан байх ба нэхэмжлэгчийн ...охин Г.Дарьзав, хүү Г.Очирбат нарыг 8 нас хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэжээн тэтгүүлэх тухай шаардлага нэхэмжлэлийн үндэслэлтэй хэрхэн уялдаж байгаа нь тодорхой бус байхад анхан шатны шүүх тодруулаагүй, энэ талаар зохигч мэтгэлцээгүй байна. 

Хариуцагчийн ...Шийтгэх тогтоолын дагуу 2018 онд нэг хүүхдэд 30,000 төгрөг, 2019 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдсөнтэй холбогдуулан сар бүр 117,000 төгрөг болж 1 жилд 2,124,000 төгрөг төлж байгаа... гэсэн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй бөгөөд шүүх энэ талаар тодруулж, дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцээгүй байна.  

  Түүнчлэн шүүх нэхэмжлэлийн ...охин Г.Дарьзавыг тэжээн тэтгүүлэх шаардлагын талаар дүгнэлт хийгээгүй, уг шаардлагыг шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4., 118.5.-г зөрчжээ.  

  Дээрх алдааг давж заалдах шатны шүүх илрүүлж зөвтгөөгүйгээс гадна нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо магадлалын тогтоох хэсэгт хууль баримтлаагүй, зохигчийг нэрлэн заагаагүй нь буруу. 

  Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус, хэргийн нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тохиолдолд хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн талаар болон шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх асуудлаар дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно. 

  Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглэж, нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 146/ШШ2019/00242 дугаар шийдвэр, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 204/МА2020/00001 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ 

ШҮҮГЧИД Х.СОНИНБАЯР 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

Г.ЦАГААНЦООЖ