Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 229

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг, 

улсын яллагч Б.Уранчимэг,

шүүгдэгч Б.Батдорж, Б.Батзориг, тэдгээрийн өмгөөлөгч Г.Баярмаа,    

насанд хүрээгүй шүүгдэгч А.Хүнийбаатар, түүний хууль ёсны төлөөлөгч Я.Пүрэвсүрэн, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Баастын Батдорж, Баастын Батзориг, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Алтанхуягийн Хүнийбаатар нарт холбогдох эрүүгийн 201625031518 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Зуутраг овгийн Баастын Батдорж, 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Булган аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 695 тоотод оршин суух, регистрийн дугаар ГО88063071,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2. Зуутраг овгийн Баастын Батзориг, 1995 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, 2 эгч, ах, 2 дүүгийн хамт, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 695 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ГО95072118,

3. Шаазгайд овгийн Алтанхуягийн Хүнийбаатар, 2001 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймагт төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зээлийн 1  дүгээр гудамжны 32-6 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар АМ01292519,

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/;

Шүүгдэгч Б.Батдорж, Б.Батзориг, А.Хүнийбаатар нар нь бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зээлийн 1 дүгээр гудамжны 53/а тоотод оршин суух Я.Пүрэвжавын байшингийн цонхыг эвдэж буюу орон байранд нэвтэрч 19 нэр төрлийн эд зүйл хулгайлан авч 4.058.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Батдорж, Б.Батзориг нар нь насанд хүрээгүй хүнийг буюу 15 настай А.Хүнийбаатарыг хулгайн гэмт хэрэг үйлдэхэд бусад аргаар татан оролцуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батдорж мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг яллах дүгнэлтэд үнэн бичигдсэн байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй...” гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батзориг мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч А.Хүнийбаатар мэдүүлэхдээ: “...Би Батзориг ахынд очоод компьютер тоглож байгаад анх Батзориг ахаас хулгай хийх талаар асуусан юм. Харин мэдүүлэг дээр бичихдээ Батзориг ах надаас асуусан байдлаар бичсэн байна. Намайг гэмт хэрэг үйлдэхэд уруу татаагүй. Дахин хулгай хийхгүй, засарч хүмүүжих болно...” гэв.   

 Мөн шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талуудын саналаар дараах бичгийн нотлох баримтуудыг уншиж сонсгох замаар шинжлэн судлав. 

Шүүгдэгч Б.Батдорж сэжигтнээр мэдүүлэхдээ: “…2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гэртээ унтах гээд хэвтэж байхад 02.00 цагийн үед гаднаас Хүнийбаатар, Батзориг хоёр орж ирсэн. Тэгээд Хүнийбаатар манай гэрт хононо гэсэн. Тэгээд би зурагт үзээд байж байхад Хүнийбаатар манай гудамжинд нэг байшин байдаг юм, эзэнгүй юм шиг байна лээ орж үзэх үү гээд Батзориг тэр хоёр ярилцаад байсан. Тэгээд би сонсчихоод сүүлд нь баригдаад гай болох байх гэхэд Батзориг, Хүнийбаатар хоёр зүгээрээ гээд байсан. Тэгээд бид гурав ярилцаж байгаад хамт явахаар шийдсэн. Тэгээд гэртээ байж байгаад 04.00 цагийн үед гэрээсээ гарсан. Тэгээд бид гурав тэр байшин руу очиход гэрэлтэй байгаа харагдсан. Тэгээд бид гурав хүнтэй юм шиг байна гэж ярилцаад байж байхад Батзориг дээвэр рүү нь чулуу шидээд үзьө гэж хэлсэн. Тэгээд дээвэр рүү Батзориг жижиг хэмжээтэй нилээд олон чулуу шидсэн. Хүн гарч ирэхгүй байхаар нь хашааг нь араар нь тойрч очоод жорлонгийн дээврийн төмрөөр нь дамжаад хашаа руу нь давж орсон. Тэгээд хамгийн эхэнд Хүнийбаатар, Батзориг, би гэсэн дараалалтай даваад орсон. Тэр хашааны дотор нь орчихоод Батзориг дээвэр рүү нь дахин чулуу шидэж үзсэн. Тэгээд байшинг баруун талаар нь тойроод явж байхад дээврийн ирмэг дээр хяналтын камер харагдсан. Тэгсэн чинь Хүнийбаатар хяналтын камерынх нь утсыг татаад тасалчихъя гэсэн. Тэгээд Батзориг Хүнийбаатарыг дээшээ өргөөд утсыг нь татаад тасалсан. Дээвэр дээр нь шат харагдахаар нь Батзориг, Хүнийбаатар хоёр буулгах гээд дээшээ гарсан. Тэгээд дээр шатыг нь оролдож байгаад буулгаж чадаагүй. Тэр хоёр бууж ирээд байшингийн үүдэн дээр очоод Батзориг бариулаас нь татаад үзэхэд онгойхгүй байсан. Тэгээд Батзориг хаалганы бариулаас барьж байгаад хөлөөрөө хаалга руу жийгээд татсан чинь вакуум хаалга нь онгойчихсон. Тэгээд тэр байшин руу орсон чинь үүдний амбаар доторх төмөр хаалга нь цоожтой байсан. Хажууд нь вакуум цонх нь цоожтой, онгойхгүй байсан. Тэгээд үүдний амбаарт нь байсан шар иштэй хайч шиг зүйлээр Батзориг цонхны шилийг нь цохиод хагалсан. Тэгээд шилний хагархайгаар нь гараа оруулж онгойлгоод цонхоор нь дотогшоо орсон. Тэгээд гурвуулаа дээд давхар руу нь гарсан чинь Батзоригийн гараас цус гараад эхэлсэн. Тэгээд ууттай хөнжил дээр Батзоригийн гарын цус дусахаар нь Батзориг түүнийг авсан. Тэгээд доошоо нэг давхар руу нь буусан чинь Хүнийбаатар хөргөгчийг нь онгойлгоод хогийн хар уутанд чихэр хийгээд байсан. Батзориг хөргөгчнөөс нь бас архинууд аваад хийгээд байсан. Би шатны хажууд түшүүлээд тавьчихсан байсан гитарыг нь авсан. Тэгээд гарах гэхэд шатны хажууд арьсан эмээл байсныг Батзориг авсан. Тэгээд гарах гэхэд Хүнийбаатар авсан хар өнгийн ууттай зүйлсээ дийлэхгүй байсан. Тэгээд би тэр ууттайг нь өргөөд, гитарыг нь Хүнийбаатар бариад гарсан. Тэгээд хашаа давж орж ирсэн жорлонгийн дээврээр дамжаад хашаанаас гарцгаасан. Тэгээд гарах үед үүр цайж байсан учир уул руу юм аа зөөхөөр шийдсэн. Тэгээд уул руу тэр айлаас 600 метр орчим хол очсон. Тэгээд бага зэрэг амсхийгээд байж байхад Батзориг энэ эмээлийг энэ хавьд нуучихъя гээд ойролцоох жалга руу авч явсан. Тэгээд Хүнийбаатар, Батзориг хоёр эмээлээ нууж байх үед эсрэг талын уулан дээрээс хоёр цагдаа гүйж ирж байгаа харагдсан. Тэгээд бид гурав эд зүйлээ орхиод уул руу модон дундуур ороод зугтсан. Тэгээд хэсэг гүйж байхад Батзориг гүйж чадахаа байгаад зогссон. Тэгээд Батзориг би та нарын амьдралыг алаад хаячихлаа, би үлдлээ, та хоёр зугт гэсэн. Тэгээд Хүнийбаатар бид хоёр зугтаж яваад дараагийн уулын орой дээр гараад ирэхэд Батзоригийг нэг цагдаа нь аваад явж байгаа харагдсан. Тэгээд бид хоёр хэсэг сууж байгаад тэр газраа унтсан байсан. Тэгээд өглөө 08 цаг өнгөрч байхад буцаад гэртээ ирсэн. Тэгээд би Хүнийбаатарт Батзориг баригдсан, хоёулаа салаад гэр рүүгээ явцгаая гээд явсан. Тэгээд орой Батзориг ирээд би нөгөө хоёр хүнээ танихгүй гээд хэлчихсэн. Та чимээгүй байж бай гэж хэлсэн. Тэгээд гэртээ нэг хоноод байж байхад ээжид хэлээд ээж намайг өөрөө яваад оч гэж хэлсэн. Тэгээд би ирсэн юм. Тэр хоёр гоё байшин байдаг, орж үзье гэж ярилцаж байхад нь би баригдчихвал яах гэж байгаа юм гэхэд Батзориг танд мөнгөний хэрэг байхгүй юм уу гэхээр нь би банканд цалингийн зээлийн 100.000 төгрөгийн үлдэгдэл байгаа гэхэд Хүнийбаатар тэгээд та энэ айлаас юм аваад л өгчихгүй юу гэсэн. Тэгээд би хамт явсан юм. Анх Хүнийбаатар хулгай хийх санааг гаргасан. Би хялбар аргаар зээлээ төлөх гээд хулгай хийхээр шийдсэн юм. Би өмнө нь хамт хулгай хийж байгаагүй. Би 2016 оны 7 дугаар сарын 10-ны үеэс цахим тоглоомын газар тоглож байхад байнгын тоглож байдаг хүүхэд байсан. Тэгээд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр манайд хоноё гэж гуйгаад Батзоригийн хамт ирсэн юм. Тэр айлаас бор өнгийн арьсан эмээл, банзан гитар, хар тортой зүйл хулгайлсан. Хар торонд архи, чихэр зэрэг зүйлс байх шиг байсан…” гэжээ /хх-48-49/,

Шүүгдэгч Б.Батзориг сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2016 оны 7 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө миний төрсөн өдөр болсон юм. Тэгээд би 21 цагийн орчимд ах Батдоржийн хамт 7 буудлын замын цагдаагийн постын ойролцоо байдаг Түмэнхангай дэлгүүрийн гадаа 2.5 литрийн Нийслэл пиво уусан. Учир нь гэрт аав ээж хоёр байсан юм. Тэгээд пиво ууж дуусчихаад 22.00 цагийн үед гэртээ харьсан. Ах Батдорж бид хоёр дүү Батчимэгийн хамтаар хашаандаа аав ээжээсээ тусдаа амьдардаг юм. Тэгээд бид хоёр гэртээ очоод компьютер тоглоод байж байгаад 00.00 цагийн үед 7 буудал руу тамхи авах гээд явсан юм. Тэгээд явж байгаад замдаа буюу 7 Буудал дээр Хүнийбаатартай тааралдсан. Тэгээд би ийм орой болчихсон байхад юу хийж явж байгаа юм, ээж аав чинь загнадаггүй юм уу гэхэд Хүнийбаатар харин тиймээ гэртээ харимааргүй байна гэсэн. Тэгэхээр нь би Хүнийбаатарт би гэртээ компьютер тоглож байгаад гарч ирлээ, чи очоод тоглож байгаад хоночихгүй юу, тэгээд өглөө харьчих гэж хэлсэн. Тэгээд би дэлгүүр ороод нэг тамхи, 2.5 литрийн Нийслэл нэртэй том пиво нэгийг авсан. Тэгээд Хүнийбаатарын хамтаар гэр рүүгээ явсан. Тэгээд гэрт очоод Батдорж ахтай пиво уух уу гэхэд Батдорж ах нэг аяга уучихаад унтлаа гээд хэвтсэн. Тэгээд би ч уугаагүй. Авсан пиво орны араар хийсэн. Тэгээд би компьютер дээр суугаад тоглосон. Хэсэг хугацааны дараа тоглож байх зуур Хүнийбаатар Батдорж ахаас танд мөнгөний хэрэг байхгүй юм уу гээд асуугаад байсан. Тэгэхэд Батдорж ах надад банкны зээлийн үлдэгдэл байгаа гэж хэлж байсан. Тэгэхэд Хүнийбаатар манай гэрийн ойролцоо эзэнгүй шахуу байшин байдаг гэж хэлсэн. Тэгээд Батдорж ах яах юм гэхэд Хүнийбаатар тийшээ ороод мөнгө олчихъё гэж хэлсэн. Тэгэхэд Батдорж ах сүүлд нь баригдаад гай болно гэхэд Хүнийбаатар зүгээр ээ, эзэнгүй байдаг юм гэж хэлсэн. Тэгээд ярилцаж байгаад очиж үзэхээр шийдсэн юм. Тэгээд Батдорж, Хүнийбаатар бид гурав яваад тэр байшин руу нь очсон. Тухайн үед цаг 03 цаг болж байсан байх. Тэр байшин 7 буудлаас хойд зүгт явсаар хүрэн дээвэртэй, хоёр давхар байшингийн гадаа ирсэн. Тэгээд гэр байшингийн гадаа очиход байшингийн гэрэл нь асаалттай байсан. Тэгээд би хүн байгаа эсэхийг нь шалгах гээд жижиг хэмжээтэй чулуу газраас аваад дээвэр рүү нь 3 удаа шидэхэд хүн гарч ирээгүй. Тэгээд хүн дуугарахгүй, гарч ирэхгүй болохоор нь хашааны хойд талаас нь жорлонгийн дээд хэсгээр нь даваад орсон, Тэгээд дахин газраас жижиг чулуу аваад цонх руу нь шидэхэд хүн байхгүй юм шиг байхаар нь байшингийн баруун талаар нь тойрсон. Тэгээд тойроод явж байхад баруун талын булан дээр нь камер харагдсан, Хүнийбаатар камер байна гэж хэлэхээр нь би Хүнийбаатарыг өргөж байгаад утсыг нь Хүнийбаатар тасалсан. Тэгээд байшингийн урд талын хаалга дээр очсон, Тэгээд тэр хоёр намайг хаалгыг нь татаад үз гэхээр нь би үүднийх нь вакуум хаалгыг нь татсан чинь онгойхгүй байсан. Тэгээд дээвэр дээр нь шат харагдахаар нь буулгаж байгаад тагтаар нь орчихъё гэж бодоод дээвэр рүү нь Хүнийбаатар бид хоёр гарсан. Тэгээд шатыг нь буулгах гээд дийлээгүй. Тэгсэн чинь Хүнийбаатар бид хоёр шатыг нь буулгаж дийлээгүй. Тэгээд Хүнийбаатар дээвэр дээрээс нь гэрэл авчихаад тоггүй асаад байна гээд бариад зогсож байсан. Тэгээд бид хоёр доошоо буугаад үүдний амбаарын вакуум хаалгыг нь хөлөөрөө тулж байгаад хүчтэй татсан чинь онгойчихсон. Тэгээд үүдний амбаарын хаалга нь онгойхоор нь бид гурав орсон. үүдний амбаарт нь углааш, таавчигнууд, бахь шиг шар өнгийн зүйл байсан. Тэгээд шар өнгийн бахь шиг зүйлээр байшингийн цонхны шилийг нь цохиод хагалсан. Тэгээд цонхны шил хагарахдаа хэлтэрхий нь миний баруун гарын эрхий хурууг зүссэн. Тэгээд миний гараас цус гарахаар нь боох юм хайх гээд салхивчийг нь онгойлгоод гурвуулаа орсон. Тухайн айлын гэрэлнүүд нь угаасаа асаалттай байсан. Би цусаа тогтоох гээд нэг давхрын хэсгээр нь боох зүйл хайгаад явсан. Тэгээд гал тогооны өрөөнөөс нь сальфетка аваад цусаа тогтоосон. Тэгээд миний гарын цус тогтохгүй байхаар нь би хоёр давхар руу гараад ногоон ууттай хөнжил байхаар нь гараа наасан чинь миний гарын цус нэвтэрчихээр нь авсан. Хоёр давхраас нь би ууттай хөнжил авсан, Батдорж ах гитар авсан. Тэгээд доошоо буухад Хүнийбаатар хөргөгчийг нь онгойлгосон. Тэгээд Хүнийбаатар дотор нь зөндөө их юм байна гэсэн. Тэгээд очоод харахад үнэтэй архи, чихэр, мах зэрэг байхаар нь аваад дэлгүүрт зарчихъя гэж бодсон юм. Тэгээд би байшин дотроос том хар өнгийн уут олсон. Тэр уутандаа Хүнийбаатарын хамтаар хөргөгчинд байсан архи, чихэр, мах зэргийг хийсэн. Тэгээд эд зүйлээ хийгээд нөгөө цонхоороо буцаад гарахаар явсан. Тэгээд шатны хажууд арьсан эмээл байхаар нь би аваад тэр цонхоороо гарсан. Тэгээд гарахад Батдорж ах гитар бариад, би эмээл болон ууттай хөнжлөө бариад гарсан. Хар ууттай зүйлсээ Хүнийбаатар өргөж дийлэхгүй байсан. Тэгээд гурвуулаа нийлж өргөөд гарах үед үүр цайгаад гадаа гэгээ орж байсан. Тэгээд хашааг нь давах үед миний гарын цус бүр их гоожсон. Тэгээд хашааг нь хойд талаар нь даваад жалга дагаад уул руу өгссөн. Уул руу явж байхдаа би унасан зүйлсийг нь барьж явж байгаад уулын орой дээр ирсэн. Тэгээд Хүнийбаатар бид хоёр хулгайлсан эд зүйлсээ жалганд нуух гээд эмээлийг нь авч яваад жалганд үлдээчихээд буцаад ирж байхад уулын цаанаас цагдаа нар гараад ирсэн. Тэгээд цагдаа гэж хэлчихээд бид гурав уул руу зугтаасан. Бараг хоёр уул даваад зугтаасан. Тэгээд би өөрөө багтраатай учир гүйж чадахгүй, хадны доор сууж байхад цагдаа нар гүйцэж ирээд барьсан. Нөгөө хоёр зугтаад алга болсон. Тэр хоёр Чингэлтэйн локатар руу чиглээд гүйсэн. Тэгээд би цагдаагийн газарт ирсэн. Анх Хүнийбаатар Батдорж ахаас мөнгөний хэрэг байна уу, манай тэнд эзэнгүй байшин байдаг гэхээр нь би хажуу талаас нь дэмжсэн. Тэгээд ярилцаж байгаад очиж үзэхээр болсон юм. Тэгээд очиж үзэхэд хүн байхгүй байсан учир хулгай хийсэн юм. Тэр айлын хашааг нь даваад ороход зүлгэн дээр нь хоёр ширхэг ажлын бээлий байхаар нь өмссөн юм. Тэгээд гарын цус болчихоор нь жалганд хаячихсан. Би урьд өмнө хулгай хийж байгаагүй. Миний хагалсан цонхтой өрөөнөөс австрали арьсан эмээл, хоёр давхраас нь гитар, хөнжил, хөргөгчин дотроос нь архинууд, мах, чихэр зэргийг авсан. Нүдний шилнүүд болон архины манерк нь нэг давхрын зочны өрөөнд байсан. Хүний нүднээс хол байх гээд уул руу явсан юм. Хүнийбаатар гараараа бариад зүүгдэж байгаад тасалсан. Би В/3/ бүлгийн цустай. Өөр газар шалгагдаагүй. Би Хүнийбаатарыг татан оролцуулсан зүйл байхгүй. Анх Хүнийбаатар өөрөө Батдорж ахаас танд мөнгөний хэрэг байна уу. Манай тэнд нэг эзэнгүй шахуу байшин байдаг гээд байсан. Тэгээд би хажуу талаас нь дэмжээд хамт явахаар болсон. Түүнээс өөрөөр бол уруу татсан зүйл байхгүй.../хх-50-52/, ...Бид нар тэр айлын хашааг нь даваад ороход хашаан дотор нь өвсөн дээр хоёр гарын бээлийн байж байсан. Тэгээд би хоёр гартаа өмссөн. Саарал өнгийн ажлын бээлий байсан шиг санаж байна. Тэгээд гараа зүсчихээд хоёуланг нь нэг гартаа давхарлаад өмссөн. Тэгээд сүүлд нь хаясан. Хаана хаяснаа санахгүй байна. Тэр айлын хашаа руу орсон чинь баруун хэсэгтээ өндөр торон хашаатай нохой байсан. Тухайн үед нохой нь хуцаад байхаар доошоо суусан юм. Тэгээд сууж байхад Батдорж ах цахилгааны удирдлагын хайрцаг нь байна, тогыг нь салгачихъя гэсэн. Тэгээд тэр саарал өнгийн хайрцаг дотор автоматууд харагдсан. Тэгээд Батдорж ахын хамтаар автоматын товчлууруудыг нь доош нь болгосон. Хүнийбаатар гар хүрсэн эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд хэд хоногийн дараа би тэр айл руу уучлалт гуйх гээд очсон. Тэгээд би очоод уучлалт гуйсан. Тэгсэн чинь нөхөр нь энэ ажиллахгүй байна гэхээр нь очоод үзсэн чинь нөгөө саарал хайрцагнаас утаснууд нь салчихсан байсан. Тэгээд би холболтын шүднүүдийг харж байгаад холбосон чинь нөгөө төхөөрөмж нь ажиллаад эргээд эхэлсэн. Тэгээд нөгөө гэрийн эзэн эрэгтэй болчих шиг боллоо гээд би явсан. Анх манай гэрт Хүнийбаатар компьютер тоглож байхдаа та хоёрт мөнгөний хэрэг байхгүй юм уу гэхээр нь би мөнгө олох юм байгаа юм уу гэхэд манай гудамжинд нэг эзэнгүй айл байгаа, би урьд өмнө нь орж байсан гэж хэлсэн. Тэгээд тэр айл руу явсан. Тухайн үед тэр айлын хашаанд орчихоод орох газар хайгаад явж байхад байшингийн буланд камер байсан. Тэгээд Батдорж ах бид хоёр камер байна гэхэд Хүнийбаатар наадахыг чинь утсыг нь тасалчихдаг юм гэсэн. Тэгээд утсыг нь Хүнийбаатар тасалсан. Тухайн үед Батдорж ах бид хоёр тогыг нь салгачихсан гэж бодоод орсон юм. Гэхдээ байшингийн гэрэл нь асаалттай хэвээрээ байсан. Өөр газар шалгагдаагүй. Надад өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй...” /хх-59-60/.

Насанд хүрээгүй шүүгдэгч А.Хүнийбаатар сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2016 оны 7 дугаар сарын 22-ны орой 23 цагийн үед 7 буудлаас хойш гэр рүүгээ алхаж байхдаа Анар зочид буудлын дэргэд Батзориг ахтай таарсан. Тэгээд Батзориг ахын хамтаар гэрт компьютер тоглож хонохоор явсан юм. Тэгээд гэрт нь очоод хоол халаагаад идэж байхад Батзориг, Батдорж ах хоёр 2.5 литрийн Нийслэл пиво хувааж уусан. Пивоо дуустал уусан. Тэгээд би компьютер тоглоод сууж байхад Батзориг ах надаас ахын дүүд мөнгөний хэрэг байна уу. Орж юм авчихаар айл байна уу гэж асуусан. Тэгээд би манай гудамжинд нэг эзэнгүй айл байдаг гэж хэлсэн. Батзориг ах тэр айл руу чинь явъя гэхэд Батдорж ах явахгүй одоо унтъя. Цагдаад баригдаад гай болно гээд байсан. Тэгээд бид 2 явъя гэсээр байгаад хамт авч явсан. Тэгээд манай гудамжинд байдаг байшингийн гадаа 02:00-03:00 цагийн үед очсон. Тэгээд очиход тэр байшингийн гэрэл асаалттай байсан. Тэгээд хүн байгаа эсэхийг нь үзэх гээд байшингийн цонх руу Батзориг ах чулуу шидсэн. Тэгээд хүн гарч ирэхгүй болохоор нь хойд талаар нь тойроод жорлон дээгүүр нь даваад хашаа руу нь орсон. Тэгээд байшинг нь хэд тойрч хаагуур орох боломжтойг нь шалгасан. Тэгээд урд хаалгаар нь орохоор болоод явж байхад байшингийн баруун урд талд дээврийн буланд камер байхыг би харсан. Тэгээд Батзориг ах намайг өргөж өгөөд би камерын утсыг татаад тасалсан. Тэгээд дээврээр нь орох гээд Батзориг ах бид 2 гарахад орох боломжгүй байсан Тэгээд дээвэр дээр байсан шатыг тагтруу нь тавих гэхэд боломжгүй байсан.Тэгээд бид 2 буугаад хаалгыг Батзориг ах онгойлгох гэж оролдсон. Тэр үед би хаалганы урд байсан гэрлийг нь татаж салгаад авсан. Тэгээд Батзориг ах бид 2 нийлж татаад байшингийн хаалгыг онгойлгосон. Тэгээд байшингийн хаалгыг онгойлгоход үүдний хэсэг байсан ба байшин руу орох хаалга, цонх нь цоожтой
байсан. Тэгээд Батзориг ах тэр айлын үүдний амбаарт байсан бахь шиг зүйлээр
цонхны шилийг нь хагалсан. Тэгээд шилний хагархайгаар гараа хийж цонхийг
онгойлгоод орсон. Тэгээд би байшингийн нэг давхрын шүүгээг уудлаад 3 ширхэг
нүдний шил авсан. Тэгээд Батзориг ахын хамтаар хөргөгчийг нь онгойлгоод
дотроос нь виски, чихэр зэрэг байхаар нь дэлгүүрт зарах гээд авсан. Тэгээд
коридорт байсан хар уутыг суллаж аваад дотор нь эд зүйлээ хийсэн. Тэгээд
цаашаа яваад бусад шүүгээг нь уудалсан. Батдорж ах нэг гитар барьчихсан явж
байсан. Хоёр давхраас нь Батзориг ах ногоон ууттай хөнжил авсан байсан. Би
шүүгээг нь уудлахад юм байгаагүй. Тэгээд буцаж гарахаар болоод явж байхад
Батзориг ах буйдангийн хажууд байсан арьсан эмээлийг авсан. Буцаад цонхоороо
гараад, хашаанаас жорлонгийн дээд хэсгээр даваад гарсан. тэр айлаас гараад
уул руу чиглээд явсан. Тэгээд уулан дээр очоод байж байгаад Батзориг ах бид 2
эмээлийг нь нуучихаад явж байхад цагдаа нар ирж байгаа харагдсан. Тэгээд уул
руу зугтаасан. Тэгээд 2 уул даваад гүйж байхад Батзориг ах тамирдахаар нь
Батдорж ах доошоо гүй гээд гүйлгэсэн. Тэгээд Батдорж ах бид 2 уулын орой руу
зугтсан. Уулан дээр 2-3 цаг болж байгаад буцаж буугаад гэр рүүгээ явсан.
Бид мөнгөтэй болно гэж бодсон юм. Анх Батзориг ах мөнгө хэрэгтэй байна орчих
айл байна уу гэхэд нь би тэр айлыг зааж өгөөд хамт орсон юм. Намайг уруу татаж
оруулсан зүйл байхгүй. Хааяа л машин ирсэн байдаг юм. Урд нь би орж байгаагүй.
Камерт бичигдэх байх гэж бодоод тасалсан юм. Батдорж, Батзориг нартай өнгөрсөн 7 дугаар сард РС /пи си/ тоглож байгаад танилцсан 25 орчим насны хүмүүс байдаг.../54-56/, ...Анх Батзориг ахтай гэрт нь очоод байж байхад Батзориг ах, ахын дүүд мөнгөний хэрэг байна уу гэж асуусан. Тэгээд би дүүд нь тийм их мөнгөний хэрэг байхгүй ээ гэхэд Батзориг ах чи хүн дагуулж, байшин руу ордог гэсэн гэхээр нь би манай гудамжинд нэг айл байдаг юм. Би өмнө нь найзуудтайгаа орж байсан гэж хэлсэн. Тэгээд айл руу явахаар болсон юм...” гэжээ /хх 61-62/.   

Хохирогч Я.Пүрэвжав мэдүүлэхдээ: “...Миний зуслангийн байшин Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Зээлийн 1-р гудамжны 53А тоот хаягт байдаг. Тэгээд 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр манай дүү Лхагвасүрэн рүү Цагдаагаас ярьлаа, танай зуслангийн байшинд хулгай орчихож гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр Билгээ цагдаа нартай утсаар ярихад хулгай хийсэн хүнийг нь барьсан, та алдсан эд зүйлсээ ирээд үзээдэхээч гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр цагдаагийн газарт очоод үзэхэд манай гэрийн эд зүйлүүд байж байсан. Тэгээд цагдаагийн ажилтан нартай гэртээ очсон гэсэн. Тухайн үед би өөрөө хөдөө ажлаар явж байсан юм. Манай эхнэрийг гэртээ очих үед манай хашааны зүүн хойд хэсгээс нь жорлонгийн хажуу талаар хүн давж орсон бололтой байсан гэсэн. Тухайн давсан хэсэг дээр блокон хашааны дээр суулгасан шилэнд биеэ зүссэн бололтой, хашааны зүлэг дээгүүр болон гэрийн дотор талаар цус дусаагаад явсан байсан гэсэн. Хулгай хийсэн хүн манай байшин руу нэвтрэхдээ байшингийн гадны үүдний амбаарын вакуум хаалгыг татаад онгойлгосон байсан. Тэгээд үүдний амбаар дотор ороод байшингийн цонхны салхивчийн шилийг нь хагалсан байсан. Тэгээд хагархайгаар нь салхивчийг нээгээд дотогш орсон байсан. Манай гэрт ороод манай гэрийн хяналтын камерын цахилгааныг салгачихсан байсан. Манай байшин руу өглөө 05 цаг 07 минутад 3 эрэгтэй хүн орж байгаа хяналтын камерын бичлэг үлдсэн байсан. Уг бичлэгийг манай эхнэр гар утсан дээрээ авсан байсан. Одоо манай эхнэр Америк улсад байгаа. Манай байшингаас Америк улсаас авч байсан морины арьсан эмээл, тохом, ташуурын хамт, гитар, эмэгтэй хүний гоо сайхны хэрэглэл, хөргөгчинд байсан бүтэн Хар Чингис архи, шилний тал хэмжээтэй грейгус архи, 1.5 литрийн бүтэн виски, 1 шил вино, шилний талаар байсан 2 шил виски архины манерка, 4 уутанд хийсэн 3 кг мах, 3 ууттай чихэр, хөнжил алдагдсан байсан. Дээвэр дээр байсан нарны гэрлээр цэнэг хурааж асдаг гэрэл байсан байхгүй болсон байсан. Морины эмээлийг 2009 онд Америк улсаас авч байсан. Австрали улсад үйлдвэрлэгдсэн, морь унахад зориулагдсан арьсан эмээл байсан. Хэрэглээгүй шинээрээ байсан. Америк улсаас авсан үнийг нь манай эхнэр мэдэж байгаа. Гитар нь хүүхэд хэрэглэж байсан банзан гитар байсан. 2006 онд хөгжмийн зэвсгийн дэлгүүрээс 200.000 төгрөгөөр авч байсан. Урд хэсгээрээ шаргал, ар тал нь хүрэн өнгөтэй байсан. эмэгтэй хүний гоо сайхны косметик дотор хүүхдийн биед түрхдэг 200 мл-ийн Бабисанрайсэ гэсэн бичигтэй нарны тос байсан. 20.000 төгрөгөөр үнэлж байна. Нүүр чийгшүүлэгч нь Хербалайф брендийн 80 граммтай байсан. 20.000 төгрөг, косметик цүнхийг нь Америк улсаас 2015 онд авч байсан, 25x18x10 см хэмжээтэй байсан. 35.000 төгрөгөөр үнэлж байна. Хар Чингис архи нь 0.75 литрийн хэмжээтэй байсан. 18.000 төгрөгөөр үнэлж байна. Грейгус архи нь 1 литрийн архи нь байсан. 150.000 төгрөгөөр үнэлж байна. Шилнийхээ талаар байсан. Ундааны саванд хийсэн 2 литр монгол архи байсан. 5.000 төгрөгөөр үнэлж байна. 3 шил виски болон вино нэрийг одоогоор сайн мэдэхгүй байна. Австрали улсаас авчирч байсан. З кг мах нь үхрийн мах байсан. Өвлийн хүнсний үлдэгдэл байсан. одоо 25.000 төгрөгөөр үнэлж байна. 3 ууттай чихэр нь Каракум, улаан малгайт, баавгайтай чихрүүд байсан. Тус бүр 1 кг байсан. Нийтэд нь 18.000 төгрөгөөр үнэлж байна. 2016 оны 7 дугаар сард авсан юм. Хөнжил нь 2 ширхэг байсан. Хоёр хүний хэмжээтэй хоёр хөнжил байсан. Хоёр хөнжлийг 2012 онд Америк улсаас авч байсан. Одоо 300.000 төгрөгөөр үнэлж байна. Хөнжлийн углаа даавуу нь хөх судалтай даавуу байсан. 2012 онд Америк улсаас авч байсан. Одоо 120.000 төгрөгөөр үнэлж байна. Хоёр хөнжил хийсэн уут нь Солонгос улсын цэргийн ногоон өнгийн уут байсан. Уг уутыг 10.000 төгрөгөөр авч байсан. Нарны зайгаар цэнэглэгддэг чийдэн нь 15х15см дугариг хэмжээтэй, нарны зай хураагуур дөрвөлжин хэлбэртэй байсан. Уг чийдэнг 2010 онд Герман улсаас 160.000 төгрөгөөр авч байсан. Архины манеркийг нь 2010 онд Америк улсаас авч байсан. Үнэлгээг нь сайн мэдэхгүй байна. Гадаа байсан нарны гэрэл хурааж асдаг гэрлээ олсон боловч, суурь хэсгээрээ хугарсан ажиллахгүй болсон байна лээ. Манай гэрт орж хулгай хийсэн хүмүүс манай гадна талын нэг камерын цахилгааны утсыг нь тасалсан байсан. Анх орж ирсэн чиглэлийнх нь камер байсан. Манай байшингийн цонхны шилийг нь хагалсан байсан. 180х160см хэмжээтэй цонхны 180х60см хэмжээтэй салхивчийн шилийг хагалсан байсан. Шилийг нь манай эхнэр солиулсан. Үнийг нь эхнэрээсээ асууж байж хэлж өгье. Мөн хяналтын камерын утсыг нь тасалсан, мөн гэр доторх бүх хивс болон дрож цус болсон байсан. Гадна вакуум хаалганы цоож эвдэрсэн байсан ба түүнийг нь сольсон. Эдгээрийг манай эхнэр Билгээ солиулсан учир орой утсаар холбогдож байгаад үнэлгээг нь хэлж өгье. Мөн эдгээр хүмүүс манай хашаанд суурьлуулсан байсан нарны гэрлээр тог хураадаг төхөөрөмжийн удирдлагын хайрцгийг нээгээд бүх утсыг нь салгасан байсан. Тэгээд сүүлд нь нэг залуу нь ирээд эдгээрийг нь салгасан гээд залгаж өгсөн. Уг төхөөрөмж нь өөрөө нарны гэрэл дагаж эргэдэг, манай байшингийн цахилгааныг хангадаг, сэргээгдэх эрчим хүчний компаниас тавиулсан төхөөрөмж байгаа. Уг төхөөрөмж одоо ажиллаж байгаа боповч хураасан цахилгаанаа хуримтлуулахгүй, удирдлага дээрээ ослын гэрэл нь асчихаад болохгүй байгаа. Уг төхөөрөмжийг мэргэжлийн газраар засуулахаар дуудлага өгчихсөн байгаа. Уг төхөөрөмжийг засуулсан мөнгийг нэхэмжилнэ. Одоогоор дуудлага 2 удаа өгсөн боловч ирээгүй байна. Манай байшин 2016 оны 6 дугаар сараас хойш эзэнгүй байгаа. Ер нь амьдрахгүй, өдөр болгон очиж нохойгоо хоол идчихээд байшингаа эргээд явдаг байсан. Хамгийн сүүлд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 00 цаг болж байхад эд зүйл аваад явсан юм. Тухайн хүмүүсийг хагалсан цонхны шилийг нь 69.000 төгрөгөөр шиллүүлсэн, цусаар бохирдсон хивс, 3 ширхэг бүтээлгийг 160.000 төгрөгөөр цэвэрлүүлсэн, цусаар бохирлогдсон мишок болон хөнжлийг хими цэвэрлэгээгээр 28.000 төгрөгөөр цэвэрлүүлсэн, хяналтын камерын утсыг шинэчлэхэд 80.000 төгрөг болсон, нарны гэрлээр цэнэг хураадаг төхөөрөмжийн үнэ нь 5 сая төгрөг, энэ нь засвар аваагүй тохиолдолд, хэрвээ засвар авбал засвар хийлгэсэн үнийг нь нэхэмжилнэ...” гэжээ /хх-22-23, 25/.   

Гэрч Б.Билгээ мэдүүлэхдээ: “...2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 08 цаг 30 минутад манай нөхрийн дүү Лхагвасүрэн над руу цагдаагаас ярилаа, танай зуслангийн байшинд хулгай орчихож гэж хэлсэн. Би Гүнтийн зусланд байж байгаад ирсэн. Тэгээд цагдаа нартай утсаар ярихад хулгай хийсэн хүнийг нь барьсан, та алдсан эд зүйлсээ ирээд үзээд ирээч гэж хэлсэн. Тэгээд би ирээд үзэхэд манай гэрт байсан эд зүйлүүд байж байсан. Тэгээд 102 дугаарт дуудлага өгөөд цагдаагийн ажилтан нартай гэртээ очсон. Намайг гэртээ очих үед манай хашааны зүүн хойд хэсгээс нь жорлонгийн хажуу талаар хүн давж орсон бололтой байсан. Тухайн давсан хэсэг дээр блокон хашааны дээр суулгасан шилэнд биеэ зүссэн бололтой, хашааны зүлэг дээгүүр болон гэрийн дотор талаар цус дусаагаад явсан байна лээ. Хулгай хийсэн хүмүүс манай байшин руу нэвтрэхдээ байшингийн гадны үүдний амбаарын вакуум хаалгыг татаад онгойлгосон байсан. Тэгээд үүдний амбаар дотор ороод байшингийн цонхны салхивчийн шилийг нь хагалсан байсан. Тэгээд хагархайгаар нь салхивчийг нээгээд дотогш орсон байсан. Манай гэрт ороод гэрийн хяналтын камерын цахилгааныг салгачихсан байсан. Манай байшин руу өглөө 05 цаг 07 минутад 3 эрэгтэй хүн орж байгаа хяналтын камерын бичлэг үлдсэн байсан. Манай байшингаас Америк улсаас авч байсан морины арьсан эмээл, тохом, ташуурын хамт, гитар, эмэгтэй хүний гоо сайхны хэрэглэл, хөргөгчинд байсан бүтэн Хар Чингис архи, шилний тал хэмжээтэй Грэйгус архи, 1.5 литрийн бүтэн виски, 1 шил вино, шилний талаар байсан 2 шил виски, архины манерка, 4 уутанд хийсэн 3 кг мах, 3 ууттай чихэр, хөнжил алдагдсан байсан. дээвэр дээр байсан нарны гэрлээр цэнэг хурааж асдаг гэрэл байсан байхгүй болсон байсан. Манай байшингийн цонхны шилийг нь хагалсан байсан. 180х160м хэмжээтэй цонхны 180х60см хэмжээтэй салхивчийн шилийг хагалсан байсан. Би шилийг нь 69.000 төгрөгөөр хийлгэсэн. Мөн хяналтын камерын утсыг нь тасалсан байсан, Утсыг нь 80.000 төгрөгөөр хийлгэсэн. Хулгай хийсэн хүний цус болсон хөнжил болон мишокийг хими цэвэрлэгээгээр 28.000 төгрөгөөр цэвэрлүүлсэн. Мөн цус болсон хивснүүдийг 160.000 төгрөгөөр цэвэрлүүлсэн. Дээвэр дээр байсан нарны гэрлээр цэнэг хурааж асдаг эвдэрсэн байсан. Одоо ашиглаж болохгүй байгаа. Би баримтуудыг нь хими цэвэрлэгээний газраа үлдээчихсэн байна лээ. Манай байшин 2016 оны 6 дугаар сараас хойш эзэнгүй байгаа. Ер нь амьдрахгүй, өдөр болгон очиж нохойгоо хоол идчихээд байшингаа эргээд явдаг байсан. хамгийн сүүлд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 00 цаг болж байхад эд зүйл аваад явсан юм...” гэжээ /хх-29/.

Мөн шүүгдэгч Б.Батдорж, Б.Батзориг нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 66, 76/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 67, 77/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 81-82/,  хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-9/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-15-17/, эд зүйлийн үнэлгээний баримт /хх 24/ зэргийг шинжлэн судлав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Батдорж, Б.Батзориг, А.Хүнийбаатар нар нь бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зээлийн 1 дүгээр гудамжны 53/а тоотод оршин суух Я.Пүрэвжавын байшингийн цонхыг эвдэж буюу орон байранд нэвтэрч 19 нэр төрлийн эд зүйл хулгайлан авч 4.058.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг болон шүүгдэгч Б.Батдорж, Б.Батзориг, А.Хүнийбаатар нарын үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр,

Шүүгдэгч Б.Батдорж, Б.Батзориг нар нь насанд хүрээгүй хүнийг буюу 15 настай А.Хүнийбаатарыг хулгайн гэмт хэрэг үйлдэхэд бусад аргаар татан оролцуулсан гэм буруутай болох нь Б.Батдорж, Б.Батзориг нарын сэжигтэн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Батдорж, Б.Батзориг, А.Хүнийбаатар нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэн бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ял оногдуулах, мөн шүүгдэгч Б.Батдорж, Б.Батзориг нарыг насанд хүрээгүй хүнийг бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх  хэсэг заасан  ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Батдорж нь 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан түүний ялтай байдал дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Хохирогч Я.Пүрэвжав нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх бөгөөд шүүгдэгч нар нь хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

                                                                                           Шүүх, шүүгдэгч Б.Батдорж, Б.Батзориг, А.Хүнийбаатар нарт ял шийтгэхдээ тэднийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөргүй байдлуудыг харгалзан үзэж, хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй бөгөөд тэдгээрийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Зуутраг овгийн Баастын Батдорж, Зуутраг овгийн Баастын Батзориг, насанд хүрээгүй шүүгдэгч Шаазгайд овгийн Алтанхуягийн Хүнийбаатар нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байранд нэвтэрч үйлдэн бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд,

-Шүүгдэгч Б.Батдорж, Б.Батзориг нарыг насанд хүрээгүй хүнийг бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэм буруутайд тус тус тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батдоржийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих, шүүгдэгч Б.Батзоригийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих, насанд хүрээгүй шүүгдэгч А.Хүнийбаатарыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих,

-Мөн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батдорж, Б.Батзориг нарыг 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Батдоржийн биечлэн ялыг эдлэх эд хөрөнгө хураахгүйгээр, 2/хоёр/ жил 8/найм/ сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Батзоригийн биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 2/хоёр/ жил 7/долоо/ сарын хугацаагаар тус тус тогтоосугай. 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батдорж, Б.Батзориг нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч А.Хүнийбаатарт оногдуулсан хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батдорж, Б.Батзориг нарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдгээрт хяналт тавихыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч А.Хүнийбаатарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнийг хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг түүний эцэг, эхэд хариуцуулсугай. 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ХАЛИУН