Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/123

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч В.Батдэлгэр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н.............яа, түүний өмгөөлөгч Э.Б.............р,

шүүгдэгч Б.Б.............р, түүний өмгөөлөгч Х.Даваахүү (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн дугаар 0058) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2203 0034 10455 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******* овогт Б.............яагийн Б.............р, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан, ам бүл 3, ах, дүү нарын хамт .................................байнга оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ...................................., урьд

- Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 1/40 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 718 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 1 жил 1 сарын хорих ял шийтгүүлсэн,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Б.Б.............р нь 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 21 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг Тээвэрчдийн гудамж, МТ шатахуун түгээх газрын урд замд “Toyota Prius” маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 4 дүгээр хавсралт: 5.3 “...гэрэл нь...бүдэг асдаг болсон” , 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухай ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.2 “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” Гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.А................гийг мөргөж амь насыг нь хохироосон үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Б.Б.............р нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Товчооны замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй, 6 эгнээтэй, эсрэг хөдөлгөөнтэй тусгаарлах зурвасгүй замд “Toyota Prius” маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан байна. Ийнхүү явж байгаад 21 цагийн орчим Магнай Трейд шатахуун түгээх станц урд, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн хойд замд дээр ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй зам хөндлөн гарч явсан иргэн Д.А................гийг эсрэг хөдөлгөөнтэй замыг нэвтрэн 2 дугаар эгнээнд явж байхад тээврийн хэрэгслийн баруун урд хэсгээр мөргөж амь насыг нь хохироосон хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Замын цагдаагийн газар, ТЦА, МШГ, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын РСNF12268606 дугаар хуудаст: “...Дуудлага өгсөн: 898....57, ...Дуудлага хүлээн авсан: 2022-06-19 21:46:32, ...Дуудлагын утга: ................ машин хүн дайрчихлаа...” гэх баримт (хавтаст хэргийн 6 дахь тал),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Осол хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Тээвэрчдийн гудамж МТ шатхуун түгээх станцын урд замд зүүнээс баруун тийш чиглэх урсгалын 2 дугаар эгнээд болсон байх ба уг газарт очиход ................ улсын дугаартай Prius 20 маркийн тээврийн хэрэгсэл...н урд салхины шил, копуд, зүүн урд багана эвдэрсэн байдалтай зогсож байв. ....Хэмжилтийг хийхэд зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд А цэг буюу хүн анх мөргөсөн гэснийг тогтоов... Зам орчны байдалд үзлэг хийхэд ...эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 6 эгнээтэй ....зам байв...” гэх баримт, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-8, 9-10, 11-14 дэх тал), 

- Гэрч С.Т...............лдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Осол болдог өдөр Б...............г, Д...............р, Б...............оо талийгаач нар манай гэрт орой 20 цагийн үед ирсэн. Тэд нар Дорноговь аймаг Дэлгэрэх сум орчхоод буцаад Дархан-Уул аймаг явж байгаад замаараа манайхаар орж ирж хоол идэх гээд ирсэн. Тэгээд ирэхдээ талийгаачаас бусад нь бүгд эрүүл байсан. Талийгаач Д.А................г нь бага зэргийн согтолттой байсан. ...Тэгээд хоол ундаа идэж дуусчхаад байж байтал талийгаач Д.А................г түрүүлээд гарсан. Гарахдаа надаас мөнгө байна уу гээд асуухаар нь 15000 төгрөг байна гэж хэлсэн чинь надад өгчих гээд аваад гарсан. Тэгээд гараад удаагүй байхад нь араас нь Д...............р, Б...............г, Б...............оо бид нар гэрээс гараад иртэл манай гэрийн урд талын зам дээр машинууд ослын гэрлээ асаасан байдалтай байсан. Тэгээд юу болсон юм бол гээд яваад очтол Д.А................г машинд мөргүүлсэн байдалтай зам дээр хэвтэж байсан. машины урд талд мөргөсөн машин нь хөх цэнхэр өнгийн Тоёота приус маркийн машин байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 201 дэх тал),

- Гэрч Н.Д...............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз Д.А................г нь Приус 20 маркийн машинд мөргүүлчихсэн яг зам дээр байж байсан. Тэгээд бид нар гүйгээд очсон чинь жолооч нь түргэн дуудчихсан гээд байсан байсан. Бид нарыг очиход манай найз ухаангүй, толгойноос нь цус гарчихсан байдалтай байсан. Түргэн ирэхэд Т...............лд бид хоёр найзыгаа аваад эмнэлгийн машинд сууж явсан. Эмнэлэг дээр очиход замдаа машин дотор ухаан нь орж гараад бага зэрэг юм яриад “би яачихсан юм бэ” гээд байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 209 дэх тал)

- Гэрч Н.Б...............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод 20 цагийн үед ирсэн. Хотод орж ирээд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Төрөө гэж залуугийн гэрт нь ирсэн. Тэгээд бид нар замдаа хоол идэх гээд Төрөөгийн гэрт ирсэн. Тэдний гэрт нь ирээд архи уугаагүй, замдаа Д.А................г ганцаараа архи уугаад байсан. Бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тэгээд айлд сууж байтал нэг мэдсэн чинь талийгаач гараад явчихсан байсан. Тэгээд бид нар машиндаа суугаад явах гээд гараад иртэл зам дээр дайруулчихсан байдалтай газар хэвтэж байсан. Тэгээд бид нар очоод түргэн дуудсан байсан удалгүй түргэний эмч ирээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 197 дахь тал),

- Гэрч Ц.Бо....рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр буцаж Улаанбаатар хотод ирээд, орой 19 цагийн орчимд Баянзүрх дүүрэгт байдаг найз Т...............лдын гэрээр орж хоол идээд гарцгаахаар болсон. Тэгээд хоол идээд сууж байтал 21 цагийн үед талийгаач түрүүлээд гараад явсан, бид нар хоолоо идчихээд найз Т...............лдын гэрээс гараад иртэл урд зам дээр зам тээврийн осол гарчихсан байхаар нь яваад очтол манай найз А................г машинд мөргүүлчихсэн, толгойноос нь цус гарчихсан, ухаангүй байдалтай байсан. Тэгээд би айгаад, зүрх дэлсээд ойртож чадаагүй, түргэн ирээд, түргэний машинд Д...............р цуг суугаад гэмтлийн эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 207 дахь тал)

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н.............яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр манай нөхөр А................г нь Дорноговь аймаг руу найзуудын хамт яваад тэндээ өөрийнхөө адуун дээрээ үлдэнэ гэж хэлээд гарсан юм. Гэтэл 2022 оны 6 дугаар сарын 19-ний оройны 21 цагийн орчим хамт явсан найз болох Б...............г над руу залгаад “чи хаана байна, хурдан хүрээд ирээч, А................г машинд мөргүүлчихлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь “та нар юу яриад байгаа юм бэ? Та нар дагуулж явчхаад хэзээ Улаанбаатар хотод ирсэн юм бэ?” гэхэд тэр надад түргэн дуудсан байгаа хүрээд ир гэж хэлсэн. Би гэрээсээ гараад гэмтлийн эмнэлэг дээр очиход эмнэлгийн орон дээр тавьсан ямар ч ухаангүй байсан. Тухай үед намайг очиход найзууд болох Б...............г, Дархаа, Б...............оо Төрөө нар байсан ба тэд нараас бага зэрэг архи үнэртэж байсан. Тэгээд шууд хэвтээд 6 хоног эмчлэгдэж байгаад ухаан ороогүй ба 2022 оны 6 дугаар сарын 25-ны өглөөний 7 цагийн үед нас барсан...Хамт явсан найз нарт нь гомдолтой байна, хамт архи уусан бол яагаад машинд суулгаад явуулаагүй юм, яагаад над руу утасдаад хэлээгүй юм. Мөн жолоочийн хувьд гомдолтой байна. Буяны ажлын зардалд хэдэн төгрөгийг гаргасан тооцоогоо дараа нь авчирч өгнө...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 17-19 дэх тал),

- Гэрч Д.Тү.........лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би яг хэдний өдөр хөдөө явсныг нь мэдэхгүй, ямар ч гэсэн найзуудтайгаа хөдөө яваад Наадмын дараа ирнэ гэж ярьж байсан юм. Гэтэл 2022 оны 6 дугаар сарын 19-ний орой ээж над руу залгаад аав нь машинд мөргүүлээд гэмтлийн эмнэлэгт ирсэн байна гэж ярьсан. Би гэрээсээ шууд гараад гэмтлийн эмнэлэг дээр ирэхэд хагалгаанд орох гээд хүлээгдэж байсан. Тэгээд тэр шөнөдөө хагалгаанд ороод гарсан ба эмчлэгдэж байгаад 2022 оны 6 дугаар сарын 25-ны өглөө 7 цагт нарс барсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал)

- Гэрч Д.Га....гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Осол гарсан өдрийн маргааш өглөө нь манай дүү Ба....л над руу утсаар мэдэгдсэн. Тэгээд осол болсон талаар мэдсэн. Осолд орсны дараа 6 хоногийн дараа нас барсан...Гэмтлийн эмнэлэгт эмчлэгдэж байгаад нас барсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 199 дэх тал)

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1756 дугаар дүгнэлт

Цогцсын гадна үзлэгээр тогтоогдсон гэмтэл, эмгэг өөрчлөлт Цогцсын баруун шилбэнд овог нэр, нас хүйс, бичиж бэхэлсэн байв. Уг цогцос нь 175 см урттай, толгойд мэс заслын малгай боолттой, боолтыг авч үзэхэд үс хусагдсан байдалтай баруун, зүүн чамархайд тах хэлбэрийн мэс заслын оёдол бүхий хагалгааны шархтай..

ГССҮТ-н №8510 тоот өвчний түүхээс: Да.....ав А................г 54 эр. Өвчний түүх нээсэн 2022.06.19 23:40. Нас барсан 2022.06.25 ор хоног-6. Үзлэгт Өвчтөний б/б хүнд ухаангүй амьсгалыг аппаратаар удирдана. ...Тархины м/з шарх цэвэр боолттой. СТ Толгойд: суурь яс 2 чамархай зулай яс хугаралтай хугарлын харалдаа СДГ тай ЭДГ тай САК тай СТ Цээж зүүн уушгины доод дэлбэнд нэвчдэстэй.

Д....ав овогтой А................г 54 эрэгтэй. 2022.06.19-нд 21 цагийн үед 5 шард авто осолд орж гэмтсэн 22 цагийн үед ГССҮТ -д хүргэгдэн ирсэн Өвчтөний биеийн байдал маш хүнд, ухаан бүдэг асуултад хариулахгүй, орчиндоо идэвх харьцаа сул, дуудахад нүдээ нээж харна, үзлэг хийх үед эсэргүүцэж байна. Амнаас их хэмжээний спирт үнэртэж байна. Зовиур: Хөдөлгөөн ихтэй хөөрлийн байдалтай. Үзлэгт: Арьс салст ердийн чийглэг, эмгэг тууралтгүй, биеийн халуун -36,3 хэм.

Эрхтэн тогтолцооны үзлэг: ...Толгойн үстэй хэсэгт дагз зулайн ар хэсэгт хаван хавдартай, няцарсан шархтай, оёдол тавигдсан, баруун атгаалд мөр давсан аравч гипстэй. ...Толгойн кт-д Онош: ТЧМТравма, ушиб головного мозга тяжёлый степени ДАП, Геморрагический ушиб обейх полушари головного мозга. Окрытый перелом теменной кости спереходом левой височной кости с эпидуральный гематома левой полушари головного мозга со сдавлением мозга. Пластический субдуральный гематома правой полушари головного мозга. Апькагольный атровленый Цаашид: Өвчтөнийг яаралтай амь насны заалтаар тархины мэс засалд оруулж толгойн зүүн талд хатуу хальсан дээрх цусан хурааг авч тархины дарагдлыг чөлөөлөх мэс засал хийх нь зүйтэй гэж шийдвэрлэв. Ахлах жижүүр эмч: Д.******* Туслах жижүүр эмч: С.******* Мэдрэлийн мэс засалч эмч: Э.******* Унтуулгын эмч: Б.*******. Тэмдэглэсэн огноо: 2022.06.20. Эмчийн тэмдэглэл цаг: 00:08.

Мэс засал эхэлсэн цаг: 2022/06/20 03:30 Үргэлжилсэн цаг: 17:21 Мэс заслын бичлэг: Өвчтөнийг ерөнхий унтуулгын дор мэс заслын ширээн дээр баруун хажуугаар нь байрлуулан толгойн зүүн талд мэс заслын талбайг спирт йодоор 3 дахин арчин ариутгаж ариун даавуугаар тусгаарлав. Толгойн зүүн талд чихний дээд талаас эргүүлэн зулай ар хүртэл том тах хэлбэрийн зүслэг хийж үзэхэд зүүн чамархай зулай орчимд маш хавантай, булчин зөөлөн эд няцарч хавантай, зулай ар дагз яснаас зүүн суурь яс руу үргэлжилсэн зөрүү үүсэж ангайсан, диастаз хугаралтай, хугарлын завсраар тархи эвэрхийлэн гарсан байв. Зүүн зулай ясны хугарлын завсраар яс хазагч оруулан зүүн зулай чамархай ясыг 8х9см орчим авч харахад хатуу хальсны дээрх зайнд өтгөн хар хүрэн өнгийн нөж өөрийн даралтаар гарч байв. Хатуу хальс задарч урагдсан зулай ар хэсгээр дутмагшилт үүссэн байв. Хатуу хальсны дээрх цусан хурааг эвийн аргаар соруулав авч харахад зүүн хөндлөн синусын судаснаас цус гарч байсныг цус тогтоох тороор цус тогтоолт хийв. Урагдсан хатуу хальсны зайгаар хатуу хальсан доорх зайг шалгаж физиологийн уусмалаар урсган угаав. Хатуу хальсны доорх зайнд полиэтелин гуурс байрлуулан вакум үүсгэв. Мөн татах оёдлыг 6 цэгт тавьж ясны шар хальснаас бэхлэв. Хатуу хальсны дээрх зайнд полиэтелин гуурс үлдээж вакум үүсгэв. Шархыг физиологийн уусмалаар угааж дахин цус тогтоолт хийж үечлэн оёдол тавьж ариун боолт хийв. Мэс заслын эмчилгээний төлөвлөгөө: Өвчтөнийг мэс засал оруулж толгойн баруун талд хатуу хальсан доорх цусан хурааг авч тархины дарагдлыг чөлөөлөх

Мэс засал эхэлсэн цаг: 2022/06/20 19:30 Үргэлжилсэн цаг: 21:21 Мэс заслын бичлэг Өвчтөнийг ерөнхий унтуулгын дор мэс заслын ширээн дээр зүүн хажуугаар нь байрлуулан толгойн зүүн талд мэс заслын талбайг спирт йодоор 3 дахин арчин ариутгаж ариун даавуугаар тусгаарлав. Толгойн зүүн талд чихний дээд талаас эргүүлэн зулай ар хүртэл том тах хэлбэрийн зүслэг хийж зүүн зулай орой дээр байрлах шархны дундуур зүслэг үргэлжлүүлэн хуйхын урагш сөхөж үзэхэд баруун чамархай зулай орчимд маш хавантай, булчин зөөлөн эд няцарч хавантай, зулай ар дагз яснаас баруун суурь яс руу үргэлжилсэн зөрүү үүсэж ангайсан, диастаз хугаралтай байв. Баруун зулай ясанд гар өрмөөр цооног яс хазагч оруулан зүүн зулай чамархай ясыг 8х9см орчим авч харахад хатуу хальсны чинэрч хөхрөлттэй, лугшилт муутай байв. Хатуу хальсанд татах оёдлыг 6 цэгт тавьж ясны шар хальснаас бэхлэв. Хатуу хальсанд тах хэлбэрийн зүслэг хийж үзэхэд хатуу хальсан доорх зайнд өтгөн хар хүрэн өнгийн нөж өөрийн даралтаар урсан гарч байв. Хатуу хальсны доорх цусан хурааг эвийн аргаар соруулан авахад баруун чамархайн суурь хэсэгт тархины эдэд няцралт ихтэй байв. Хатуу хальсны доорх зайнд полиэтелин гуурс үлдээж вакум үүсгэв. Хатуу хальсанд оёдол тавьж, шархыг физиологийн уусмалаар угааж дахин цус тогтоолт хийж үечлэн оёдол тавьж ариун боолт хийв. Эмчийн тэмдэглэл: өвчтөний амьсгалыг аппаратаар бүрэн зохиомлоор удирдан, зүрх судасны үйл ажиллагааг допаминаар удирдаж байсан ч үр дүнгүй зүрхний агшилт суларсаар 06ц-45мин-н үед зүрх зогссон тул адреналин 0,1%-1мл в/в №3 хийн зүрх судасны сэхээн амьдруулах арга хэмжээ авсан ч үр дүнгүй байсаар өвчтөн 2022-06-25-ны 07:00 цаг нас барав.

Биед ил харагдах гэмтэл шарх, содон тэмдэг: Баруун мөрнөөс баруун сарвуу хүртэл гөлтгөнөн боолттой. Боолтыг авч үзэхэд баруун тохой гадна талаас баруун шууны гадна дээд 3/1 хэсгийг хамарсан хүрэн улаан өнгийн зураасан зулгаралттай. Дотор талд тохойн хонхор шууг хамарсан тархмал, зүүн бугалганы гадна дунд хэсэгт 10х4см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралтуудтай. Доод уруулын зүүн доод хэсэгт 1,3х0,5см, уруулын баруун буланд 1x0,5см, 1,1х0,6см хүрэн бор өнгийн зулгаралттай. Бугалга, сарвуу, хоёр хөлийн шагайн дотор талын венийн судсанд зүүний ором бүхий хөхөлбөр цус хуралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй байв.

Дотор эрхтнүүдийн шинжилгээ: Хуйхыг нээж эргүүлэхэд дотор гадаргуу тархмал хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Зүүн, баруун чамархайн булчинд өөрчлөлтгүй. Гавлын орой ясыг шалгахад баруун зулай, чамархайд 6,5х6см, зүүн зулай чамархайд 10х9см хагалгааны цооногтой, уг нүхээр хатуу хальс мэс заслын оёдолтой, нааш цүлхийж чинэрч харагдана. Гавлын орой яс 0,8см зузаан. Духны зүүн дэлбэнд 4,5х2,5см, зүүн чамархай, дагз хэсгийг тархмал хамарсан нимгэн ялтаслаг хүрэн улаан өнгийн хатуу хальсан дээрхи цусан хураатай байв. Духны баруун дэлбэн, баруун чамархай, дагз хэсгийн хатуу хальсан доор хүрэн улаан өнгийн цусан хураатай байв. Тархи:1320гр, 19х16х7см, тогтоц улбагар, хоёр тал бөмбөлөг тэгш хэм алдагдсан, зүүн чамархайн тархины эд цооногийн нүхний хэмжээгээр нааш цүлхийж эвэрсэн. Уг эвэрсэн хэсгийн тархины эдийг зүсэж үзэхэд тархины эд няцарч хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай байв. Суурийн хэсгийн судсууд нимгэн. Их тархины зүүн духны дэлбэнгийн суурийн хэсэгт 3x2,5см, баруун духны дэлбэнгийн суурийн хэсэгт 3,5х3см, баруун чамархайн суурийн хэсэгт 7х5см тархины эд няцарч хэлбэр дүрсээ алдаж улаан хүрэн өнгийн цус хуралттай байв. Аалзан бүрхүүл хөөнгөтөж, сэлхийсэн, цайвар, аалзан бүрхүүлийг хуулахад далан намхан, ховил гүехэн болсон. Хоёр хажуугийн болон 3,4-р ховлууд чөлөөтэй, чийглэг. Суурийн бөөмүүд өөрчлөлтгүй. Суурь ясыг шалгаж үзэхэд зүүн чамархайгаас суурийн зүүн дунд хонхор турк эмээл дайрч суурийн баруун хонхор руу үргэлжилсэн 18 см урт шугаман хугаралтай. Мөн том нүхний зүүн хажуу хэсгээс арагш дээш дагзны зүүн талаар 8,5см урттай шугаман хугаралтай. Уг хурлын үзүүр хэсгээс баруун дээш 6,5см, зүүн дээш 6,7см салаалсан хугаралтай. Бага тархи 12x7x3.5см, тогтоц биелэг, хоёр тал бөмбөлөг тэгш хэмтэй. Аалзан хальс нимгэн толигор. Багана тархи хэвийн.зүсэхэд эдэд голомтлог өөрчлөлтгүй байлаа...

... Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

1.Гавал тархины битүү гэмтэл: Зүүн чамархайгаас суурийн зүүн дунд хонхор турк эмээл дайрч суурийн баруун хонхор руу үргэлжилсэн шугаман, том нүхний зүүн хажуу хэсгээс арагш дээш дагзны зүүн талаар үргэлжилж хоёр салаалсан шугаман хугарал. Духны зүүн дэлбэн, зүүн чамархай, дагз хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун духны дэлбэн, баруун чамархайн суурийн хэсэг, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, хоёр талын духны дэлбэн, баруун чамархайн суурийн хэсэг, зүүн чамархайд тархины эдийн няцрал. /Хатуу хальсан дээрх болон доорх цусан хурааг авах тархи дарагдал чөлөөлөх мэс засал 2022.06.20 03:30 2022.06.20. 19:30/.

3. Баруун бугалганы доод булууны хөндлөн зөрөөгүй, хугарал, баруун зүүн бугалганд цус хуралт, доод уруулд зулгаралт...ДҮГНЭЛТ

1. 2. Талийгаач Д.А................гт хийсэн шүүх эмнэлгийн цогцос шинжилгээгээр зүүн чамархайгаас суурийн зүүн дунд хонхор турк эмээл дайрч суурийн баруун хонхор руу үргэлжилсэн шугаман, том нүхний зүүн хажуу хэсгээс арагш дээш дагзны зүүн талаар үргэлжилж хоёр салаалсан шугаман хугарал, духны зүүн дэлбэн, зүүн чамархай, дагз хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун духны дэлбэн, баруун чамархайн суурийн хэсэг, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, хоёр талын духны дэлбэн, баруун чамархайн суурийн хэсэг, зүүн чамархайд тархины эдийн няцрал, баруун бугалганы доод булууны хөндлөн зөрүүгүй хугарал, баруун зүүн бугалганд цус хуралт, доод уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ.

5. Д.А................г нь 2022 оны 6 дугаар сарын 25-ны 07:00 цагт нас барсан байна.

6. Цус нь АВО системээр 1-р бүлэг байна.

7. 8. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ.

9. Ходоодонд нь 20 мл шар ногоон өнгийн шингэн агууламжтай байна...” гэх дүгнэлт (1-р хавтаст хэргийн 41-47 дахь тал),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Тусгай шинжилгээний газрын 3239 дугаар дүгнэлтэд

“...1. Шинжилгээнд ирүүлсэн “Д.А................г” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Д.А................г” гэж хаягласан цусанд 3.4 промилли спиртийн агууламж илэрсэн.

3. Цусанд илэрсэн 3.4 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэх баримт (1 дэх хавтаст хэргийн 59-60 дахь тал), 

- Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Сонгинохайрхан Техникийн хяналтын үзлэгийн Төвийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 999361 дугаартай дүгнэлтэд

“...2. Toyota Prius-20 маркийн ................ дугаартай тээврийн хэрэгсэл нь урд салхины шил баруун тал цацарч хагарсан, урд копуд баруун талын урд хэсэг бага зэрэг хонхойсон, урд буферын хормойн замаск, будаг халцарч хагарсан... урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 16.1 мм, зогсоолын тоормос зогсоогүй, хол ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.

3. Хол ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй байгаа нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх боломжтой. ....Урд салхины шил баруун тал цацарч хагарсан урд копуд баруун талын урд хэсэг бага зэрэг  хонхойсон нь ослын үед үүссэн гэмтэл байна....” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 88-93 дахь тал),

 

- Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн 2022 оны албан бичигт: “...Б.............яагийн Б.............р /РД: *******/-ын мэдээллийг Жолоочийн бүртгэлийн сан /TPS/-д хянахад жолоочийн бүртгэлгүй /тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгогдоогүй/ байна.” гэх баримт (1 дэх хавтаст хэргийн 107 дахь тал), 

 

- Тээврийн цагдаагийн албаны 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн техникийн шинжээчийн 922 дугаартай дүгнэлт:

1. Toyota Prius маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийн
жолооч Б.Б.............р нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна..” мөн дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;...”, 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;

Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гараж) буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн үзэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Д.А................г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн
5.6. Явган зорчигч нь явган хүний буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх
хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна...” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ,
техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэх дүгнэлт (1-р хавтаст хэргийн 177-180 дахь тал)

 

- Шүүгдэгч Б.Б.............рын гэрчээр өгсөн:

-“...2022 оны 6 дугаар сарын 19-ний орой 21 цаг өнгөрч байхад................... улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод таван шар өнгөрөөд Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн хойд талын замын зүүнээс баруун тийш чиглэх урсгалын 2 дугаар эгнээгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байсан. Тэгээд явж байгаад замаар хөндлөн гарч явсан хүнийг машиныхаа зүүн урд хэсгээр мөргөсөн. Би хүн мөргөсөн дариудаа машинаа зогсоогоод буугаад очиход тухайн хүний толгойноос цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 29 дэх тал)

Яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр өдөр болсон явдлын талаар өмнө өгсөн мэдүүлэг дээрээ дэлгэрэнгүй ярьсан байгаа. Одоо нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 192-194 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Б.Б.............р нь хууль зүйн хувьд Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн

3.7 дугаар зүйл (Жолоочид дараахь зүйлийг хориглоно:)-ийн  а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;

3.4 дүгээр зүйл (Жолооч дараахь үүргийг хүлээнэ)-ийн а/ “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;”

“...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно....”

12.2 дугаар зүйлд заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн захиргааны хэм хэмжээний актыг болгоомжгүйгээр зөрчин 2022 оны 6 дугаар сарын 19-ний орой “ТБ Авто Финанс” ХХК-ийн эзэмшлийн ................ улсын дугаартай, хөх өнгийн Toyota Prius-20NHW загварын, хол ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй тээврийн хэрэгслийг ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй жолоодон яваад Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Товчооны зам буюу Магнай трейд шатахуун түгээх станцын урд, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн хойд замд 21 цагийн орчимд хүнд зэргийн согтолттой явган зорчигч Д.А................гийг мөргөж, ам насыг нь хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Тодруулбал шүүгдэгч Б.Б.............р нь хууль зүйн хувьд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Б.Б.............рыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

1.5. Хохирол, хор уршиг

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н.............яа нь шүүгдэгчээс нийт 26.175.371 төгрөг нэхэмжилсэн байна. Үүнээс баримттайгаар 23.437.871 төгрөг (1 дэх хавтаст хэргийн 122-169 дэх тал), баримтгүй буяны зан үйлд 2.737.500 (хохирогчийн баримтад 2.603.000 гэж бичигдсэн буюу 1 дэх хавтаст хэргийн 121 дэх талд) төгрөг тус тус нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж тус тус хуульчилсан байна. 

Тиймээс шүүх баримттай зардлыг хянаж үзвэл 1 дэх хавтас хэргийн 122 дахь талд авагдсан буюу 2022 оны 6 дугаар сарын 29-ны өдөр “Сэлбэ Плаза” ХХК-ийн 5.500.00 төгрөгийн зарлагын баримт, 1 дэх хавтаст хэргийн 123 дахь талд авагдсан 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “Сэлбэ Плаза” ХХК-ийн иргэнд очих 5.500.000 төгрөгийн баримтууд нь давхардсан баримт байх тул 1 дэх хавтаст хэргийн 122 дахь талд авагдсан баримтын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс амь хохирогчийн буяны зан үйлд зарцуулсан гэх 2.737.500 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив. Тодруулбал дээрх зардал гэх 2.737.500 төгрөг нь ямар нэг баримтгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан нотолбол зохих байдлыг прокурор, мөрдөгч нотолж ирүүлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт дээрх хохирол хор уршгийг оролцогч нотолж чадаагүй тул хэлэлцэхгүй орхисон болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Б.............рын ар, гэрээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н.............яад хохирол, хор уршигт 2.700.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн  26.175.371 төгрөгийн нэхэмжлэлээс 5.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 2.737.500 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин, шүүгдэгчээс хохирол, хор уршигт төлж барагдуулсан 2.700.000 төгрөгийг тус тус хасаж тооцон шүүгдэгчээс нийт 15.237.871 төгрөгийг хуульд заасны дагуу гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н.............яад олгох нь зүйтэй гэж үзэв.  

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн 1 дэх хавтаст хэргийн 124, 125, 130, 131, 132, 135, 136, 137, 138, 139, 140, 141, 145, 146, 147, 152, 154, 155, 157, 162, 163, 165 дахь талд авагдсан баримт нотлох баримтын шаардлага хангахгүй гэж маргах хэдий ч тухайн баримтууд нь амь хохирогчийн буяны зан үйлд тухайн цаг хугацаанд зарцуулсан баримт гэж шүүх үзэж нотлох баримтаас хасах шаардлагагүй гэж үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Б.Б.............рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтэн 3 жил 8 сар 20 хоногийн хугацаагаар оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг...”

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг дээд хэмжээгээр   оногдуулж өгнө үү гэх тайлбарыг

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэргэлцэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.Б.............рт Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 103, 105 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (1-р хавтаст хэргийн 102, дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 104 дэх тал) тодорхойлолт (хэргийн 219 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (1-р хавтаст хэргийн 97-101, 239-242 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоов.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргийг харгалзахын зэрэгцээ тухайн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тухайн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг зэрэг нөхцөл байдлыг тус тус үндэслэн шүүгдэгч Б.Б.............рт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал буюу Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт шалгагдаж мөрдөн шалгаж ажиллагаа явуулж байхад дахин тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байгааг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн үзэх шаардлагатай гэж үзсэн болно.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хуульд заасан дээд хэмжээгээр эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзэв. Учир нь шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зохих хэсгийг төлсөн, гэм буруугийн талаар маргаагүй тул Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагын дээд хэмжээ буюу 5 жилийн хугацаагаар оногдуулах шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б.............р нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 718 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 1 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, дээрх хэрэгт 2022 оны 7 дугаар сарын 04-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж Чингэлтэй дүүргийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 1 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, түүний биечлэн эдэлсэн ялын хугацааг 2022 оны 7 дугаар сарын 04-ны өдрөөс  2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл тоолбол 6 сар 12 хоногийн хорих ялыг эдэлж 6 сар 19 хоногийн хорих ялыг эдлээгүй байна.

Харин прокурор шүүгдэгчийн урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялын тооцоог гаргахдаа 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон гэж буюу 8 сар 20 хоног гэж тооцсон байх боловч тухайн тооцоонд шүүгдэгчийн урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацаа болох 67 хоногийг оруулан тооцоогүй дүгнэлт гаргасныг шүүх зөвтгөн шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн шүүгдэгч Б.Б.............рыг эрүүгийн 2203 0034 10455 дугаар хэрэгт нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гаргасан боловч түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цагдан хорих 461 дүгээр ангид 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээлгэн өгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан учир түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол гарах хүртэл буюу 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хүртэл нийт 8 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан...шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж, мөн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ...цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “цагдан хоригдсон нэг хоногийг ...хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж тус тус заасан байна.

Иймд шүүгдэгч Б.Б.............рт энэ тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ял дээр урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 4 жил 6 сар 19 хоног буюу 4 жил 182 хоногоор тогтоов.

Харин шүүгдэгч Б.Б.............рын энэ гэмт хэрэгт буюу эрүүгийн 2203 0034 10455 дугаар хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 8 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож эдлэх ялаас хасаж шийдвэрлэв.

Мөн дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа...хугацааг тоолно.” гэж хуульчилсан тул шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг түүний хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Мөн эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд нэмэгдэл ялыг хэрхэн яаж нэмэх талаар тусгайлан хуульчлаагүй, нөгөө талаар улсын яллагч эрх хасах ялыг нэмж нэгтгэх талаар санал гаргаагүй тул шүүгдэгчид оногдуулсан нэмэгдэл ял болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэв.

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Б.............р нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй жолооч биш болох нь тогтоогдож байгаа тул энэ талаар Өвөрхангай аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Б.............яагийн Б.............рыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Б.............рын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.............рыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 718 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 (зургаа) сар 19 (арван ес) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 4 (дөрөв) жил 6 (зургаа) сар 19 (арван ес) хоног буюу 4 жил 182 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.............рт оногдуулсан 4 жил 182 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б.............рын энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 8 (найм) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.............раас 15.237.871 (арван таван сая хоёр зуун гучин долоо мянга найман зуун далан нэг) төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н.............яад олгосугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б.............рт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөөр гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ