| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2019/00157/И |
| Дугаар | 199 |
| Огноо | 2019-05-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 199
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, чингэлтэй дүүрэг, 8-р хороо, зүүн тасган 12-р гудамж, 223 тоот, Боржигон овогт Ганбаатарын Сүхбаатар /ГО89030771/ -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Ерөө сум, Бугант, төв гудамж, 1-27 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт Гомбын Туяацэцэг РД:МТ90090300/ -нд холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, Г.Туяацэцэгийн сөрөг нэхэмжлэлтэй Г.Сүхбаатарт холбогдох Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Г.Сүхбаатар, хариуцагч, сөрөг нэхэмжлэгч Г.Туяацэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Сүхбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Миний бие Г.Сүхбаатар нь Туяацэцэгтэй 2008 онд танилцаад 2011 онд хүүхэдтэй болж гэрлэлтээ батлуулж байсан. Бид тусдаа гарч хамт амьдраагүй. Зан харилцааны таарамжгүй байдлаас болж 2012 оноос эхлэн тус тусдаа амьдарч байгаа. Миний бие нь гэр бүл зохиож тусдаа амьдралтай болсон учраас цаашид хамтран амьдрах боломжгүй. Тиймээс бидний гэрлэлтийг хууль ёсны дагуу цуцалж өгнө үү гэх.
Тэрээр Г.Сүхбаатар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Миний бие 2008 онд Г.Туяацэцэгтэй танилцаж, 2011 онд гэрлэлтээ батлуулсан. Хамт амьдарч байгаагүй, хоёр талд тусдаа амьдарч байсан. Тусдаа амьдарч байхдаа өөр амьдрал зохиосон. Тиймээс гэрлэлтээ цуцлуулах хүсэлт шүүхэд гаргасан гэх.
Хариуцагч Г.Туяацэцэг шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа. 2008 онд Г.Сүхбаатартай танилцсан. 2011 онд хүүхэдтэй болж гэрлэлтээ батлуулсан. Хүү маань одоо 2 дугаар ангид сурдаг. Гэрлэлтээ батлуулснаас хойш тусдаа гарч амьдраагүй. Хүүхэд маань одоо над дээр байдаг. Хоёр талд амьдарч байх хугацаанд Г.Сүхбаатар нь өөр гэр бүлтэй болсон байна. Тийм учраас гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Г.Туяацэцэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
... Миний бие Туяацэцэг нь Сүхбаатартай 2011 онд гэрлэлтээ батлуулж хүүтэй болсон. Тусдаа гарч хамт амьдарч байгаагүй. Хүү маань одоо 7 настай 2-р ангид сурдаг. Ээжтэйгээ хамт цаашид ч амьдрах төдийгүй эцэг болох Сүхбаатараас тэтгэмж авах хүсэлтэй байна гэх.
Тэрээр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч сөрөг нэхэмжлэл гаргасан. Г.Сүхбаатар нь хүүхдээ ерөөсөө яаж байна гэж асуудаггүй, хууль ёсны дагуу хүүхдэдээ өгөх ёстой зүйлээ өгөөд цаашид 16 нас хүртэл нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэж бодож байна гэх.
Хариуцагч Г.Сүхбаатар сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдийн тэтгэлг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаж ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Сүхбаатарын шүүхэд гаргасан ... Г.Туяацэцэгээс гэрлэлт цуцлуулах, Г.Туяацэцэгийн ... Г.Сүхбаатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэргийн 1-7, 23, 25-30, 36, 39 дүгээр талд авагдсан багийн засаг даргын тодорхойлолт, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл, хариуцагчийн тайлбар, сөрөг нэхэмжлэл, Бугант тосгоны эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Бугант тосгоны захирагчийн албаны тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хариуцагч Г.Сүхбаатарын тайлбар, хүү С.Мөнх-Оргилын шүүхэд өгсөн тайлбар зэргээр нотлогдож байна.
Зохигч нь хүүхдийн асрамжийн болон дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдвал зохино.
Нэхэмжлэгч болон сөрөг нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг тус тус орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Туяацэцэгээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Сүхбаатарт, мөн сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Г.Сүхбаатараас 70.200 төгрөг гаргуулан сөрөг нэхэмжлэгч Г.Туяацэцэгт олгож, мөн Г.Сүхбаатараас хүүхдийн тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр (187.100:2х12=1.122.600 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 31.492 төгрөг нөхөн гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.5, 132.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Ганбаатарын Сүхбаатар, Боржигон овогт Гомбын Туяацэцэг нарын 2011 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болсоныг мөн оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын Тамгын газрын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 24 дугаарт бүртгэсэн гэрлэлтийн баталгаа бүхий гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2011 оны 11 дүгээр сарын 18-нд төрсөн хүү С.Мөнхоргилыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11- 16 нас / /суралцаж байгаа бол 18 /-тай болтол нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Сүхбаатараар тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэрлэгчид нь дундын эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн асуудлаар маргаангүй гэснийг тус тус дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, сөрөг нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг тус тус орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Туяацэцэгээс 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, сөрөг нэхэмжлэгчийн харуицагч Г.Сүхбаатараас 70.200 төгрөг гаргуулж сөрөг нэхэмжлэгч Г.Туяацэцэгт олгож, хариуцагч Г.Сүхбаатараас хүүхдийн тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон улсын тэмдэгтийн хураамжинд 31.492 төгрөг нөхөн гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор хувийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогцхүчинтэй болохыг дурдсугай.
8. Хариуцагч энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН