Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2019/01486

 

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2019/01486

 

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б,

Хариуцагч: Ч.Н нарт холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.518.064 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ба, түүний өмгөөлөгч Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц ХХКнь Б.Батэй 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Орон сууцны захиалгын гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Баянзүрх дүүргийн .. дүгээр хороо, ... дүгээр хороолол, Консулын гудамж, ... байрны .. тоот хаягт байрлах 37 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1.700.000 төгрөг, нийт 62.900.000 төгрөгөөр захиалж бариулахаар гэрээ хийж, байрандаа нүүж орсон. Хариуцагч Б.Ба нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул Б.Ба, Ч.Н нарт холбогдуулан, гэрээгээр тохирсон орон сууцны өмчлөгчөөр буцаан тогтоолгох, Б.Ба, Ч.Н нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, гэрээ цуцлагдсаны торгууль болон зардалд 19.758.265 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нартай дахин тооцоо нийлж, үлдэгдэл төлбөр 22.116.530 төгрөг болсныг тогтоож, хариуцагч нар нь 17.500.000 төгрөгийг шүүхийн шатанд төлж, хариуцагч нь гэрээний ихэнх үүргийг биелүүлсэн байсан тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Иймд гэрээний дагуу төлөх ёстой үлдэгдэл төлбөр болох 2.960.000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны алдангид 2.558.064 төгрөг, нийт 5.518.064 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч болон хариуцагч Ч.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ба шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан 5.518.064 төгрөгийн зарим хэсгийг буюу алдангийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Хариуцагчийн зүгээс 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 22.510.000 төгрөг төлсөн, түүнчлэн энэ хугацаанаас хойш 19.550.000 төгрөгийг төлж, одоо 2.960.000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн үйл баримтын талаар маргахгүй. Харин нэхэмжлэгч нь орон сууцыг 2015 оны 3 дугаар улиралд ашиглалтанд оруулна гэсэн боловч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, 6-8 сарын дараа байрандаа орсон. Түүнчлэн гэрээг талууд 2013 онд байгуулсан ба үүнээс хойш 6 жилийн хугацаа өнгөрсөн байна. Гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар Иргэний хуульд заасан тул алданги шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Мөн нэхэмжлэгч нь анх 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан тул энэ өдрийг хүртэлх хугацааны алдангийг төлөх үндэслэлтэй гэв.

Зохигчдын талйбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц ХХК нь анх 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд хандаж, талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Орон сууцны захиалгын гэрээ-ээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, учирсан хохирол, зардалд 19.758.265 төгрөгийг хариуцагч Б.Ба, Ч.Н нараас гаргуулах, орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ өөрчилж, талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Орон сууцны захиалгын гэрээ-ний дагуу төлөх ёстой үлдэгдэл төлбөрт 2.960.000 төгрөг, алдангийн төлбөрт 2.558.064 төгрөг, нийт 5.518.064 төгрөг гаргуулахаар шаардсанаас, хариуцагч нь гэрээний дагуу төлөх ёстой үлдэгдэл төлбөр 2.960.000 төгрөгийг зөвшөөрч, алдангийн төлбөрийг бүхэлд нь эс зөвшөөрсөн.

 

Нэхэмжлэгч Ц ХХКболон хариуцагч Б.Ба нар нь 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Орон сууцны захиалгын гэрээ нэртэй гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь БЗД-ийн ... дүгээр хороо, .... дүгээр хороолол, Консулын гудамж хаягт, 432 айлын орон сууцны зориулалттай барилга барьж, уг барилгаас 37 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2015 оны 3 дугаар улиралд багтаан хариуцагч Б.Ба-ийн өмчлөлд шилжүүлж өгөх үүрэг хүлээсэн бол хариуцагч Б.Ба нь гэрээний дагуу нийт 62.900.000 төгрөгийн хариу төлбөр төлөх үүрэг хүлээжээ.

 Талуудын хүлээсэн дээрх үүргийн агуулгаас үзвэл, хариуцагчийн хариу төлбөрийн хариуд нэхэмжлэгч нь өөрийн болон орон сууц захиалагч нарын хөрөнгөөр, өөрийн хөдөлмөр, үйл ажиллагааг ашиглаж, гэрээгээр тохирсон орон сууцны зориулалттай барилгыг барьж ашиглалтанд оруулж өгөх буюу шинээр хөрөнгө бий болгож, захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн гэж үзэхээр байна.

Энэ төрлийн харилцааг ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж үздэг бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д: Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заажээ.

Зохигчид буюу ажил гүйцэтгэх гэрээний талууд нь 201.. оны ... дүгээр сарын ...-ний өдөр, 032/... дугаартай Орон сууцны захиалгын гэрээ-ний дагуу захиалагчаас төлөх ёстой 37.250.000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй үлдсэн болохыг харилцан хүлээн зөвшөөрч, улмаар уг төлбөрийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд, сар бүр 3.104.000 төгрөгөөр төлж барагдуулахаар төлбөрийн нөхцлийг шинээр тохиролцсон болох нь зохигчдын тайлбар болон Орон сууцны захиалгын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ гэх бичмэл баримтаар тогтоогдож байна. /хх 12 дугаар тал/

Улмаар, талуудын харилцан тохиролцсон төлбөр төлөх эцсийн хугацаа дуусах өдөр буюу 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 22.510.000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн талаар болон хариуцагч нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 500.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 500.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 100.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 20-ний өдөр 500.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 500.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 450.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 5.000.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 5.000.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 2.000.000 төгрөг, нийт 19.550.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан, мөн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 2.960.000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй үлдсэн үйл баримтуудын талаар маргаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар талуудын маргаагүй үйл баримтыг тогтоогдсон гэж үздэг.

Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөгдөөгүй үлдсэн 2.960.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба харин алдангийн төлбөрийг төлөхөөс татгалзжээ. Ийнхүү татгалзахдаа: 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, алдангийг буруу тооцсон, нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд хандаж анх нэхэмжлэл гаргаснаас хойш алданги тооцох ёсгүй, нэхэмжлэгч нь гэрээний үүргээ зөрчсөн зэрэг үндэслэлүүдийг дурдсан.

Гэрээний талууд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр харилцан тохиролцож, 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Орон сууцны захиалгын гэрээ-ний төлбөр төлөх хугацааг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгасан байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д: Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. гэж заажээ. Төлбөр төлөх хугацааг талууд хойшлуулснаар төлбөрийг нэхэх эрх мөн хугацаагаар хойшилдог ба өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц ХХК-ийн зүгээс төлбөрийг шаардах эрх нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хойшилсон байна. Иймд энэ өдрөөс гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно.

Харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д: гэрээний үүрэгтэй холбоотой

шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан тул төлбөрийг шаардах Ц ХХК-ийн шаардах эрх дуусгавар болсон гэх хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь анх 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд хандаж, гэрээнээс татгалзах /цуцлах/ агуулга бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй байна. Улмаар хариуцагч нар нь гэрээг цуцлахаас татгалзаж, 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж, төлбөрийг төлсөн байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Орон сууцны захиалгын гэрээ болон түүний нэмэлт гэрээг талууд цуцлаагүй, гэрээ дуусгавар болгоогүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд үүссэн маргааныг шүүх шийдвэрлэх хүртэл хугацаанд гэрээний маргаан бүхий зохицуулалт хүчин төгөлдөр мөрдөгдсөн, уг зохицуулалтыг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Талууд 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Орон сууцны захиалгын гэрээ-ний 6.2-т: Захиалагч гэрээний төлбөрийг гэрээ болон хавсралтанд заасан нөхцөл, хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.03 хувьтай тэнцэх алдангийг Ц ХХК-д төлнө гэж, мөн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Орон сууцны захиалгын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-ний 8.2-т: Захиалагч нь гэрээний 8.1-д заасан нөхцөл хугацаанд гэрээний төлбөрөө төлөөгүй тохиолдолд Орон сууцны захиалгын гэрээ-нд заасан алданги, торгуулийн хариуцлагыг хүлээнэ гэж тус тус харилцан тохиролцжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д: Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан тул нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацааны алдангийг шаардах эрхтэй юм. /нэхэмжлэгч нь, маргааныг шүүх шийдвэрлэх хүртэл хугацааны алдангийг нэхэх эрхтэй боловч тэрээр, 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл алданги нэхсэн тул энэ хэмжээнд шүүх шийдвэрлэсэн болно/

Түүнчлэн, төлбөл зохих алдангийн хэмжээ нь нэхэмжлэгчийн шаардсан үндсэн үүрэг болох 2.960.000 төгрөгийн 50 хувиас хэтрэх ёсгүй хэмээн хариуцагч маргасан. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д: Үүргийг хууль болон гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан байна. Хуулийн энэ зохицуулалтаас үзвэл, гэрээгээр харилцан тохиролцсон хугацаа дуусахад төлж барагдуулаагүй үлдсэн нийт үлдэгдэл төлбөр нь гүйцэтгээгүй үүрэг-т тооцогддог байна. Иймд нэхэмжлэгч нь гэрээгээр харилцан тохиролцсон хугацаа /2018.01.10/ дуусахад төлөгдөөгүй үлдсэн төлбөр болох 22.510.000 төгрөгөөс алданги тооцож авах эрхтэй юм.

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны алдангийг тооцож үзвэл: 2018.01.10-2018.01.14-ний өдөр хүртэл 22.510.000 төгрөгөөс 0.03% алданги тооцож- 27.012 төгрөг, 2018.01.14-2018.02.14-ний өдөр хүртэл 22.010.000 төгрөгөөс 0.03% алданги тооцож-237.708 төгрөг, 2018.02.14-2018.02.20-ны өдөр хүртэл 21.510.000 төгрөгөөс 0.03% алданги тооцож-38.718 төгрөг, 2018.02.20-2018.06.08-ны өдөр хүртэл 21.410.000 төгрөгөөс 0.03% алданги тооцож-693.684 төгрөг, 2018.06.08-2018.06.09-ний өдөр хүртэл 20.410.000 төгрөгөөс 0.03% алданги тооцож-6.123 төгрөг, 2018.06.09-2018.06.10-ны өдөр хүртэл 19.410.000 төгрөгөөс 0.03% алданги тооцож-5.823 төгрөг, 2018.06.10-2018.06.12-ны өдөр хүртэл 18.410.000 төгрөгөөс 0.03% алданги тооцож-11.046 төгрөг, 2018.06.12-2018.06.18-ны өдөр хүртэл 17.910.000 төгрөгөөс 0.03% алданги тооцож-32.238 төгрөг, 2018.06.18-2018.06.20-ны өдөр хүртэл 16.910.000 төгрөгөөс 0.03% алданги тооцож-10.146 төгрөг, 2018.06.20-2018.06.27-ны өдөр хүртэл 16.410.000 төгрөгөөс 0.03% алданги тооцож-34.461 төгрөг, 2018.06.27-2018.11.14-ний өдөр хүртэл 15.910.000 төгрөгөөс 0.03% алданги тооцож-668.220 төгрөг, 2018.11.14-2019.03.20-ны өдөр хүртэл 15.410.000 төгрөгөөс 0.03% алданги тооцож-582.498 төгрөг, 2019.03.20-2019.05.03-ны өдөр хүртэл 14.960.000 төгрөгөөс 0.03% алданги тооцож-197.472 төгрөг, 2019.05.03-2019.05.06-ны өдөр хүртэл 9.960.000 төгрөгөөс 0.03% алданги тооцож-8.964 төгрөг, 2019.05.06-2019.05.07-ны өдөр хүртэл 4.960.000 төгрөгөөс 0.03% алданги тооцож-1.488 төгрөг, 2019.05.07-2019.05.13-ны өдөр хүртэл 2.960.000 төгрөгөөс 0.03% алданги тооцож-5.328 төгрөг, нийт 2.560.929 төгрөг /нэхэмжлэгч 2.558.064 төгрөгийн алданги нэхсэн тул энэ хэмжээнд шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан талуудын зарчимд нийцнэ./

2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Орон сууцны захиалгын гэрээ нь Ц ХХКболон Б.Ба нарын хооронд байгуулагдсан байх ба хариуцагч Ч.Ннь Цагаан хуаран консалтинг ХХК-ийн өмнө хууль болон гэрээгээр үүрэг хүлээгээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Нхариуцах ёсгүй юм. Иймд, хариуцагч Ч.Н-аас гэрээний үүргийн гүйцэтгэл шаардсан нэхэмжлэгч Ц ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.

Гүйцэтгэгч нь орон сууцыг барьж, ашиглалтанд оруулах гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэх нөхцөл байдал нь захиалагчийн үүргийг хөнгөлөх, чөлөөлөх, эсхүл хойшлуулах, үндэслэл болохгүй юм. Учир нь ажил гүйцэтгэх гэрээний захиалагч болон гүйцэтгэгч нарын үүрэг нь өөр, өөр шинж чанар бүхий, харилцан хамааралгүй үүргүүд юм. Харин энэ нөхцөл байдал нь зөвхөн үүргийн зөрчилтэй холбоотой түүний эсрэг хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгодог байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан, Б.Баээс 5.518.064 төгрөгийг гаргуулан Ц ХХК-д олгож, хариуцагч Ч.Н-д холбогдох Ц ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 571.242 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баээс 103.239 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР