| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2023/0018/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/15 |
| Огноо | 2023-01-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,
улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Д ,
шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, П.Б , 1996 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Б суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “Ц” ХХК-нд түгээгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Б сумын 00 дүгээр багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, РД:БГ96******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч П.Б нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэн С.С ын гээгдүүлсэн 5182******** дугаарын дансны виза карт, нууц дугаарыг ашиглан 670.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1.1. Шүүгдэгч П.Б эс мэдүүлэхдээ: Хулгай хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэв.
2. Эрүүгийн 2313********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Иргэн С.С аас Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 00 минутад гаргасан “...миний Хаан банкны 5182******** дугаарын данснаас үл таних хүн 670.000 төгрөг гаргаж авсан байна” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дахь тал/,
2.2. Хаан банкны харилцагч С.С ын 5182******** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
2.3. Хохирогч С.С ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8, 18, 21 дэх тал/,
2.4. Шинжээч “А” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн БӨА-22-0354 дугаартай “...Samsung Galaxy А02s маркийн гар утас 1606000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-30 дахь тал/,
2.5. Эд зүйлд буюу иргэн П.Б эс хураан авсан гар утас, мөнгө, виза карт, иргэний үнэмлэхэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 36-41 дэх тал/,
2.6. Иргэн П.Б эс хураан авсан гар утас, мөнгө, виза карт, иргэний үнэмлэх зэрэг эд зүйлсийг хохирогч С.С ад хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 43-51 дэх тал/,
2.7. Хаан банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 00 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 53-57 дахь тал/,
2.8. Яллагдагч П.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дэх тал/,
2.9. Шүүгдэгч П.Б ийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичмэл, бичмэл бус нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч П.Б ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
3.1. Хэргийн үйл баримтын талаар.
Шүүгдэгч П.Б нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэн С.С ын гээгдүүлсэн 5182******** дугаарын дансны виза карт, нууц дугаарыг ашиглан 670.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
3.1.1. Иргэн С.С аас Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 00 минутад гаргасан “...миний Хаан банкны 5182******** дугаарын данснаас үл таних хүн 670.000 төгрөг гаргаж авсан байна” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дахь тал/,
3.1.2. Хаан банкны харилцагч С.С ын 5182******** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
3.1.3. Хохирогч С.С ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр А сумаас аймгийн төвд ирсэн юм. Тэгээд “Т” зах дотор “А” гэх дэлгүүр орж юм авч зогсож байхдаа өөрийн Samsung Galaxy А02s загварын гар утсаа гээгдүүлсэн. Тухайн гар утасны ар талд миний Хаан банкны 5182******** тоот дансны виза карт болон нөхөр болох Махсум овогтой Серикболын иргэний үнэмлэх байсан. Мөн миний 5182******** дугаартай картын нууц үг нь цаасанд бичээстэй байсан.
Тухайн үед би уг дэлгүүрээс гарч яваад гар утсаа гээгдүүлсэн гэдгээ мэдээд буцаад очиход гар утас байхгүй байсан, мөн хяналтын камер байхгүй байсан юм. Тэгээд сум руу явах унаа гарах гэж байсан учир цагдаагийн байгууллагад мэдэгдэж чадаагүй.
Өнөөдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өглөө миний 99****** тоот утасны дугаарт таны данснаас 670.000 төгрөгний зарлага гарлаа хэмээн зурвас ирсэн. Тэгээд хэн нэгэн этгээд миний утсыг олж авч Хаан банкны 5182******** дансны виза картнаас цаасанд бичсэн нууц үгийг ашиглан 670.000 төгрөг авсан гэдгийг мэдэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна.
...Миний алга болгосон Samsung Galaxy А02s загварын гар утас 00000000000 гэх имей кодтой. Миний гар утас цагаан өнгийн гар утас байсан.
...Би гээгдүүлсэн Samsung Galaxy А02s загварын 00000000000 имей кодтой гар утас, өөрийн Хаан банкны 5182******** тоот дансы виза карт болон нөхөр болох Махсум овогтой Серикболын иргэний үнэмлэх, миний данснаас гарсан 670.000 төгрөгийг хүлээн авлаа. Миний гар утас болон бусад эд зүйл бүрэн бүтэн байна.
...Энэ хэргийн улмаас би аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргахаар болон өнөөдөр алдагдсан эд зүйлээ авахаар нийт 2 удаа ирж, буцлаа. Манай А сумаас аймгийн төвд ирэх зардал 10.000 төгрөг буюу нийт 40,000 төгрөг гарсан.
...тухайн мөнгийг бүгдийг нь Б гэх залуугаар төлүүлж авсан. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, санал байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8, 18, 21 дэх тал/,
3.1.4. Шинжээч “А” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн БӨА-22-0354 дугаартай “...Samsung Galaxy А02s маркийн гар утас 1606000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-30 дахь тал/,
3.1.5. Эд зүйлд буюу иргэн П.Б эс хураан авсан гар утас, мөнгө, виза карт, иргэний үнэмлэхэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 36-41 дэх тал/,
3.1.6. Иргэн П.Б эс хураан авсан гар утас, мөнгө, виза карт, иргэний үнэмлэх зэрэг эд зүйлсийг хохирогч С.С ад хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 43-51 дэх тал/,
3.1.7. Хаан банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 00 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 53-57 дахь тал/,
3.1.8. Яллагдагч П.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй, тогтоолыг хүлээн хүлээн зөвшөөрч байна. Би 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Т захын гурил зарах хэсэгт явж байгаад газраас саарал өнгийн А-02 загварын гар утас олж авсан бөгөөд тухайн гар утасны гадна гэрийг онгойлгож үзэхэд иргэний үнэмлэх, Хаан банкны виза карт 1 ширхэг, gmail хаяг болон код дугаар бичсэн цаас байсан юм. Дараа нь би уг гар утсыг гэртээ аваачаад тавьсан бөгөөд 2 хоногийн дараа буюу 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хаан банкны АТМ дээр очиж уг виза картыг уншуулж тухайн цаасан дээр байсан код дугаарыг хийж уншуулахад нэвтэрсэн ба тухайн данснаас би 670.000 төгрөг гаргаж авсан юм. Түүний дараа уг картнаас гаргаж авсан 670.000 төгрөгийг гэртээ аваачиж тавьсан юм. Тэгээд маргааш өдөр нь цагдаагаас намайг дуудсан.
...би тухайн эд зүйлүүдийг бүгдийг нь цагдаагийн ажилтанд гаргаж өгсөн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.
4. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв гэж үнэлэв.
5. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч П.Б ийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч П.Б “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэх тайлбарыг гаргасан болно.
6. Эрх зүйн дүгнэлт.
6.1. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт аливаа этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
6.2. Шүүгдэгч П.Б ийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх, ашиглах эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарна.
6.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт: “-Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй.” гэж заасан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор хуульчилсан.
6.4. Тухайн хэргийн хувьд шүүгдэгч П.Б нь иргэн С.С ын гээгдүүлсэн 5182******** дугаарын дансны виза карт, нууц дугаарыг ашиглан 670.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар гаргаж авч, захиран зарцуулах бололцоо бий болгосноор тус гэмт хэрэг төгссөн байна.
6.5. Улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч П.Б ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
6.6. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч П.Б ийн шунахай сэдэлт, амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах зорилго нь шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.
7. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
7.1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
7.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч П.Б ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.С ад 670.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Хохирогч С.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт “нөхөр болох М.Серикболын иргэний үнэмлэх болон миний данснаас гарган авсан 670,000 төгрөгийг хүлээн авлаа. Миний гар утас болон бусад эд зүйл бүрэн бүтэн байна. Энэ хэргийн улмаас би аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргахаар болон өнөөдөр алдагдсан эд зүйлээ авахаар нийт 2 удаа ирж, буцлаа. Манай А сумаас аймгийн төв ирэх зардал 10.000 төгрөг буюу нийт 40.000 төгрөг гаргасан. Тухайн мөнгийг бүгдийг нь Б гэх залуугаар төлүүлж авсан. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, мөн ямар нэгэн гомдол, санал байхгүй” /хавтаст хэргийн 21 дэх тал/ хэмээн мэдүүлсэн тул шүүгдэгч П.Б ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
2.1.Шүүгдэгч П.Б д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч П.Б эс хохирогч С.С ын хохирлыг бүрэн барагдуулж өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.
2.2. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн саналд яллагдагч П.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “Оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг яллагдагч П.Б хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 98-99 дэх тал/.
2.3. Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч П.Б д холбогдох эрүүгийн хэргийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.4. Шүүхээс шүүгдэгч П.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.5. Шүүгдэгч П.Б нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгүүлж байгаагүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
2.6. Шүүх хуралдаанаар шинжлэн судалж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч П.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.Б д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
2.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.
2.8. Шүүгдэгч П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болно.
2.6. Шүүгдэгч П.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.Б д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч П.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч П.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ