Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/19

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө ,

хохирогч Х.Р , 

шүүгдэгч С.Б ы өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, улсын ахлах өмгөөлөгч С.Т ,

шүүгдэгч А.Т ын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.Н ,

шүүгдэгч А.Т , С.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Т , С.Б  нарт холбогдох эрүүгийн 2213********* дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, А.Т , 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, агрономч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт амьдардаг, Баян Өлгий аймгийн Ө сумын 00 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан, мөн шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 сар 20 хоногийн баривчлах ял шийтгүүлж байсан, РД:Б394******.

2. Монгол Улсын иргэн, С.Б , 1977 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумд төрсөн, 45 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, ах дүү нарын хамт амьдардаг, Баян Өлгий аймгийн Ө сумын 00 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, РД:БЭ77******.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч А.Т , С.Б  нар нь бүлэглэж, 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Х.Р ыг өвлийн байшингийн үүдэнд нь “С.Л г хэл амаар доромжилсон” хэмээн зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нараас гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч А.Т  мэдүүлэхдээ: “...2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн үед энэхүү хэрүүл маргаан гарсан. М.Р  бол бидний хөрш. С.Б  ах бид хоёр малын хашааг цэвэрлэж байх үед хэрүүл маргаан гарсныг сонсоод гүйгээд очих үед М.Р  архи уусан байдалтай, миний ээж С.Л тай хэрэлдэж байсан. Юу болсон талаар асуугаад, тэгээд М.Р  миний ээжийг хэл амаар доромжилж надад хүч өгөхгүй байхаар нь нүүр лүү нэг удаа алгадсан” гэв.

1.2. Шүүгдэгч С.Б  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлгээ өгсөн” гэв.

1.3. Хохирогч Х.Р  мэдүүлэхдээ: “...2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хөрш Б тай хамт архи уусан. Б  явсны дараа би хөрш айлын залгуурыг өгөх санаатай шүүгдэгч нарын гэрт очсон. А.Т , С.Б  нар гадаа малын хашаа цэвэрлэж байсан. А.Т  нарын хашаагаар манай хашаанд дамжиж ордог. Тухайн үед С.Л  хашаа шүүрдэж байсан. Би С.Л гаас “Б  байгаа юу” гэж асуухад С.Л  “чи дандаа Б д архи өгдөг юм” гэж хэл амаар доромжилсон. Намайг хэл амаар доромжилсон тул тэвчилгүй салаавч гаргасан маань үнэн. С.Л  надад хандаж “яваад өгөөч” гэж хэлж байсан.

Энэхүү зодоон манай хашаанд болсон. Би өөрийнхөө хашаанд орох үед А.Т  гүйж ирээд намайг нэг удаа алгадсан. С.Л  ирээд миний цамцны захаас барих үед араас нь С.Б  ирж нэг удаа цохисон. Намайг цохих үед газарт унасан уу, түлхэх үед газарт унасан уу гэдгээ сайн мэдэхгүй байна. Хэрүүл маргаан 5-10 минут үргэлжлээгүй, миний мэдэхээр нэг минут хүрэх, хүрэхгүй хугацаанд өнгөрөөд дууссан. Хохирол төлбөрт 1 сая төгрөг төлүүлж авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл үгүй. Шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэв.

1.4. Гэрч Ш.Ж  мэдүүлэхдээ: “...Тухайн үед М.Р  өөрийнхөө хашаанаас гарч С.Л гийн хашаанд орж Б  хаана байгаа талаар асуусан. С.Л  “мэдэхгүй, та хоёр өглөөнөөс хойш хамт байсан биз дээ” гэж хэлж байсан. Би өөрийнхөө хашаанд хувцас угааж байсан. Хэрүүл маргаан гарсны дараа би С.Л , М.Р  нарт “болиорой” гэж хэлж байсан. Дараа М.Р  өөрийн хашаанд орж ирээд суух гэж байхад А.Т  ирж М.Р ыг зодсон. М.Р , А.Т  нарыг салгаж байх хооронд С.Б  М.Р ыг дахин зодсон. М.Р  өөрөө цагдаа дуудсан. Бид цагдаа дуудаагүй. Бид нар бүгдээрээ 40 жил хамт хөрш айл болж амьдарч байгаа.

...А.Т  нь “ээж С.Л г хэл амаар доромжилсон” гэж М.Р ыг нэг удаа цохих үед газар цементэд унасан. Мөн С.Б  ирээд М.Р ыг цохих үед дахиад газарт унасан” гэв.

1.5. Гэрч С.Л  мэдүүлэхдээ: “...2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн үед энэхүү хэрүүл маргаан гарсан. М.Р  архи ууж ирээд намайг “гудамжны янхан” гэж хэл амаар доромжилсон. Тухайн үед А.Т , С.Б  нар гадаа хашаа янзалж байсан. Хэрүүл маргаан гарсныг мэдээж А.Т  гүйж ирээд М.Р ыг нэг удаа алгадсан. Тэгэхэд Х.Р  газарт унаагүй” гэв.

2. Эрүүгийн 2213********* дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Хохирогч Х.Р аас 2022 оны 09 дүгээр сарын 08-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хавтаст хэргийн 1, 3 дахь тал/

2.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-11 дэх тал/,

2.3. Хохирогч Х.Р ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22, 25, 27 дахь тал/,

2.4. Гэрч С.Л гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

2.5. Гэрч Ш.Ж ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,

2.6. Хохирогч Х.Р , гэрч Ш.Ж  нарыг мөрдөн шалгах ажиллагааны үед нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

2.7. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч ажилтай К.Х ын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 657 дугаартай “Иргэн Х.Р ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан болох”-ыг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

 

2.8. Шинжээч К.Х ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дахь тал/,

2.9.Яллагдагч А.Т ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 77 дахь тал/

2.10.Яллагдагч С.Б ы өгсөн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 93 дахь тал/

2.11. Шүүгдэгч А.Т , С.Б  нарын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд /хавтаст хэргийн 94-106, 109, 112, 115-133 дахь тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Т , С.Б  нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

3.1. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч А.Т , С.Б  нар нь бүлэглэж, 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Х.Р ыг өвлийн байшингийн үүдэнд нь “С.Л г хэл амаар доромжилсон” хэмээн зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт хэргийн нөхцөл байдал

хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1.1. Хохирогч Х.Р аас 2022 оны 09 дүгээр сарын 08-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хавтаст хэргийн 1, 3 дахь тал/

3.1.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-11 дэх тал/,

3.1.3. Хохирогч Х.Р ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...Миний бие 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр өглөө 10 цагийн үед хөрш Б ыг гэртээ дуудаж, түүний үсний машинаар өөрийнхөө үсийг хусуулсан юм. Тэгээд гэрт байсан тал шил архийг хувааж уугаад тэрээр гэртээ харьсан. Тэгээд 12 цагийн үед тэдний хашаанд ороод, Б д Монгол Улсын заан Б.С ийн цолны мялаалгын бөхийн барилдааныг үзэх үү гэж хэлэх гэтэл түүний эгч Л  “чи хар өглөөгүүр дүүд минь архи өглөө” гээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би урандаа түүн рүү салаавч гараад “надаас юу олж идэх юм” гэж хэлэхэд түүний хүү Т , дүү нь болох Б  нар над руу дайрч Т  намайг баруун гараараа зүүн хацар руу нэг удаа алгадсан. Тэгээд Б  намайг түлхэхэд гадна хаалганы үүдэн дээр бетон дээр унасан юм.

Тэгээд унасны дараа Б  миний ам руу гараа атгаж байгаад нэг удаа цохиход миний зүүн дээд талын үүдэн шүд унасан. Дахиад намайг зодох гэж байхад тэдний эмээ нь 70 гаруй настай хүн загнаад тэднийг болиулаад гэр рүүгээ аваад орсон.

Би тэднийг уучилъя гэж бодсон боловч тэд нар надаас уучлалт гуйхгүй, өөрсдөө тоохгүй байхаар нь цагдаад бичгээр гомдол гаргаж байгаа юм.

...А.Т  нь ээж Л гийн хамт ирээд надаас уучлалт гуйж 1.000.000 төгрөгийг Улаанбаатар хот руу явах гэж байхад бэлнээр өгсөн. С.Б  харин ямар нэгэн уучлалт гуйсан зүйл байхгүй.

...Энэхүү зодоон манай хашаанд болсон. Би өөрийнхөө хашаанд орох үед А.Т  гүйж ирээд намайг нэг удаа алгадсан. С.Л  ирээд миний цамцны захаас барих үед араас нь С.Б  ирж нэг удаа цохисон. Намайг цохих үед газарт унасан уу, түлхэх үед газарт унасан уу гэдгээ сайн мэдэхгүй байна. Хэрүүл маргаан 5-10 минут үргэлжлээгүй, миний мэдэхээр нэг минут хүрэх, хүрэхгүй хугацаанд өнгөрөөд дууссан. Хохирол төлбөрт 1 сая төгрөг төлүүлж авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл үгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22, 25, 27 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлд/,

3.1.4. Гэрч С.Л гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн үед өөрийн хашаан дотор гэрийн үүдэнд гараа угааж сууж байхад манай хашаанд хөрш болох Р  согтуу орж ирсэн. Тэгээд би Р д хандаж “та архи уусан байна, гэртээ очоод амраарай” гэж хэлэхэд хэрүүл маргаан гаргаж “надаас олж ид” гэх мэтээр намайг хэл амаар доромжлон надад салаавч гаргаж бид хоёр хэрэлдэж байх үед миний том хүү болох Т  хашаан дотор ажил хийж байсан ба гүйж ирээд “миний ээжийг яагаад хэл амаар доромжилж байгаа юм бэ” гээд Р ын нүүрэн тус газар нэг удаа алгадсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

3.1.5. Гэрч Ш.Ж ий мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...Миний бие Ө сумын 00 дугаар багт нөхрийн хамт амьдардаг. Манай хашаанд нөхөр бид хоёр нэг байшинд, хадам дүү Х.Р  ээжтэйгээ амьдардаг байсан ба ээж нь өнгөрсөн жил өвчний улмаас нас барж ганцаараа амьдрах болсон. Манай хашааны урд талд С.Л  гэх эмэгтэй А.Т ын хамт нэг байшинд, түүний дүү С.Б  нь 70 гарсан настай ээж Н.Хилтесханы хамтаар амьдардаг.

Тухайн өдөр манай хадам дүү Х.Р  С.Л тай тэдний хашаан дотор хэрэлдээд түүн рүү салаавч гаргаад “чи надаас юу олж идэх юм” гэж хэлсэн. Тэр үед С.Л  түүн рүү дайрч хэл амаар доромжилж байхад түүний хүү А.Т  Х.Р ын нүүр рүү нэг удаа цохиход Х.Р  биеийнхээ зүүн талаар унасан. Тухайн үед унахдаа цементийн ирмэг дээр унасан. Тэр үед би А.Т ыг татаж аваад байж байхад С.Б  гүйж ирээд Х.Р ын нүүр рүү гараа атгаж байгаад нэг удаа цохиход амнаас нь цус гараад түүний шүд унасан. Тэгээд бүгд яваад өгсөн байгаад болсон асуудал энэ юм. Х.Р  бага зэрэг архи уучихсан байсан бөгөөд А.Т , С.Б  нарт гар хүрч зодож цохисон асуудал байхгүй. Х.Р ын зүүн дээд талын үүдэн 1 шүд унасан ба тухайн шүдийг С.Б  цохих үед унасан юм.

... А.Т  нь “ээж С.Л г хэл амаар доромжилсон” гэж М.Р ыг нэг удаа цохих үед газар цементэд унасан. Мөн С.Б  ирээд М.Р ыг цохих үед дахиад газарт унасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэлд/,

3.1.6. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч ажилтай К.Х ын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 657 дугаартай “1.Иргэн Х.Р ын биед зүүн талын далны ясны хугаралттай, дээд уруулд хавантай, хэгзэрсэн, дээд эрүүний үүдэн зүүн талын 1 шүд унасан, зүүн далны хэсэгт хавантай, зөөлөн эдийн бэртэл гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо бүхий зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл. З.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4.Иргэн Х.Р ын дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

3.1.7. Шинжээч К.Х ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Дээрх гэмтлүүдийн зүүн талын далны ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, харин дээд уруулд хавантай, хэгзэрсэн, дээд эрүүний үүдэн зүүн талын 1 шүд унасан, зүүн далны хэсэгт хавантай гэмтэл нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг.

Дээрх гэмтлүүдийн далны ясны хугарал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаа, харин дээд уруулд хавантай, хэгзэрсэн дээд эрүүний үудэн зуун талын 1 шүд унасан, зүүн далны хэсэгт хавантай гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч А.Т , С.Б  нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч А.Т  “хохирогч Х.Р ыг ганц алгадсан, түүнийг бүлэглэж зодоогүй”, шүүгдэгч С.Б  “Х.Р ыг нэг удаа цохисон маань үнэн” гэх тайлбарыг, шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс “Шүүгдэгч А.Т , С.Б  нар нь бүлэглэж, хохирогч Х.Р ыг зодоогүй, гэм буруугийн талаар маргаантай” гэх дүгнэлтийг тус тус гаргаж, гэм буруугийн талаар мэтгэлцсэн болно.

5. Хоёр ба түүнээс дээш олон хүн нэг гэмт хэргийг хамтран үйлдэхдээ хүн бүр өөрийн үүрэгтэй оролцож санаа бодол, үйлдэл хөдөлгөөнөө нэгтгэж, гэмт хэргээ туйлд нь хүргэхэд чиглэсэн, хүч чармайлтаар нэгдсэн нэгдмэл санаа зорилго тавьсан эсэхийг чухалчилдаг.

6. Гэм буруугийн шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, хэрэг ач холбогдолтой талаас дүгнэхэд шүүгдэгч А.Т , С.Б  нар нь хохирогч Х.Р ыг “С.Л г хэл амаар доромжилсон” хэмээн зодож, хохирогч Х.Р ын бие, эрүүл мэндэд хохирол учруулах биеийн хүчний давуу байдал, нөхцөл боломжийг бүрдүүлсэн энэ үйлдлийг гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзнэ.

7. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн Ш.Ж  нь хохирогч Х.Р ын бэр эгч нь, гэрч С.Л  нь шүүгдэгч А.Т ын ээж, шүүгдэгч С.Б ы төрсөн эгч нь байна. Гэрч Ш.Ж ий өгсөн мэдүүлгийг шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч ажилтай К.Х ын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 657 дугаартай “...иргэн Х.Р ын биед зүүн талын далны ясны хугаралттай, дээд уруулд хавантай, хэгзэрсэн, дээд эрүүний үүдэн зүүн талын 1 шүд унасан, зүүн далны хэсэгт хавантай, зөөлөн эдийн бэртэл гэмтлүүд тогтоогдлоо...” гэх дүгнэлттэй харьцуулан үзэхэд шүүгдэгч А.Т ын өмгөөлөгчийн “...гэрч Ш.Ж  өс хонзонгийн улмаас шүүгдэгч нарын эсрэг мэдүүлэг өгсөн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

8. Шүүгдэгч А.Т ын өмгөөлөгчийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт дурдсан “хохирогч Х.Р , гэрч Ш.Ж  нарыг мөрдөн шалгах ажиллагааны үед нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл”-ийг нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд мөрдөгчөөс хохирогч Х.Р , гэрч Ш.Ж  нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 4. “Нүүрэлдүүлж мэдүүлэг авах ажиллагааг эхлэхдээ хүн тус бүрээс бие биеэ таних эсэх, хоорондоо ямар харилцаатай болохыг асууж, дараа нь тодруулах гэж байгаа зүйлийн талаар мэдүүлэг өгч байгаа хүн тус бүрд асуулт тавина.” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн болно. 

9. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

10. Эрх зүйн дүгнэлт.

10.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

10.2. Хүний халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт Монгол Улсын иргэн “халдашгүй, чөлөөтэй... байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

10.3. Шүүгдэгч А.Т , С.Б  нар нь хохирогч Х.Р ын дээрх хуулиар баталгаажуулсан халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд “...зүүн талын далны ясны хугаралттай, дээд уруулд хавантай, хэгзэрсэн, дээд эрүүний үүдэн зүүн талын 1 шүд унасан, зүүн далны хэсэгт хавантай, зөөлөн эдийн бэртэл” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

10.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1. “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, ...3. “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж заажээ.

10.5. Улсын яллагчаас шүүгдэгч А.Т , С.Б  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар буюу “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн”-ээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Т , С.Б  нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн үйлдэж “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

10.6. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч А.Т , С.Б , хохирогч Х.Р  нарын зүй бус харилцаа нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.  

11. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

11.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

11.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн  510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.

11.3. Шүүгдэгч А.Т , С.Б  нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Р ын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1 дэх заалтад заасан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Х.Р аас мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд “шүүгдэгч нараас гэмт хэргийн хор уршигт 1.000.000 төгрөг төлүүлж авсан, уучлалт өгсөн, өөр нэхэмжлэх зүйл үгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч А.Т , С.Б  нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч А.Т , С.Б  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх” дүгнэлтийг,

Хохирогч Х.Р аас “Шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх тайлбарыг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс “эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчтай санал нэг байгаа, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тэнсэж өгөх” дүгнэлтийг тус тус гаргасан болно. 

2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.Т , С.Б  нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч А.Т , С.Б  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

2.3. Шүүгдэгч А.Т , С.Б  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг, мөн зүйлийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг тус тус эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.4. Шүүгдэгч С.Б  нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй, харин шүүгдэгч А.Т  нь урьд нь хоёр удаа ял шийтгүүлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2.5. Хохирогч Х.Р ын шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай хүсэлтийг, мөн  шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс шүүгдэгч А.Т , С.Б  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан ял оногдуулах дүгнэлтийг тус тус хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөлд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна хуулийн дээрх хэм хэмжээг хэрэг хянан шийдвэрлэхэд заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг болгоогүй, хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэрэглэх эсэхийг шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэхийг дурдах нь зүйтэй.

2.6. Шүүгдэгч А.Т , С.Б  нар нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хор уршгийг төлж барагдуулсан байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Т , С.Б  нарын тус бүрд 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.

2.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т , С.Б  нарт зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ тэдний оршин суугаа нутаг дэвсгэр болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т , С.Б  нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй. 

2.8. Шүүгдэгч А.Т , С.Б  нарт оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.  

2.9. Энэ хэрэгт шүүгдэгч А.Т , С.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй. 

2.10. Шүүгдэгч А.Т , С.Б  нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Т, С.Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Т , С.Б  нарын тус бүрд 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т , С.Б  нарт зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ тэдний оршин суугаа нутаг дэвсгэр болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т , С.Б  нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч А.Т , С.Б  нарт оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч А.Т , С.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Т , С.Б  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч А.Т , С.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ