| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2023/0021/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/22 |
| Огноо | 2023-01-27 |
| Зүйл хэсэг | 18.12.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О ,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, улсын ахлах өмгөөлөгч С.Т ,
шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А д холбогдох эрүүгийн 2213********** дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.А , 1971 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн У суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, яс үндэс Казах, суурь боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн У сумын 00 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй. РД:БК71******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.А нь Баян-Өлгий аймгийн У сумын 00 дугаар багт оршин суух хаягтай өөрийн төрсөн хүү болох А ийн И 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нас барсан байхад бодит байдлыг нуух замаар А.И гийн нэр дээр төрөөс олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмж 100.000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар дуустал хугацаанд 1.700.000 төгрөг, мөн А.И гийн тэжээгч нас барсны тэтгэвэрт сар бүр олгогдох 288.000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар дуустал хугацаанд 4.896.000 төгрөгийг тус тус авч, нийт 6.596.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас гаргасан мэдүүлэг.
1.1. Шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирол 6.596.000 төгрөгийг төлж өгнө гэв.
1.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О мэдүүлэхдээ: “Шүүгдэгч Б.А нь нийгмийн халамжийн сангаас олгох хүүхдийн мөнгө болон тэжээгчээ алдсаны тэтгэврийг бага хүү нь болох А.И нас барсныг бүртгүүлээгүйн улмаас 2022 оны 12 сар хүртэл хууль бусаар авч, улсад нийт 6.596.000 төгрөгийн хохирол учруулсан. Тодруулбал 2021 оны 8, 9,10,11 сар буюу 5 сарын хугацаанд сар бүр 288.000 төгрөгөөр нийт 1.440.000 төгрөг, 2022 онд 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал 12 удаа 288.000 төгрөгөөр 3.456.000 төгрөг нийт 4.896.000 төгрөгийн тэжээгч алдсаны тэтгэврийг хууль бусаар авсан байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн тухайд манай байгууллагын банкны хаалт нь дараа сарын 02-ны өдөр ирдэг бөгөөд анх мөрдөн байцаалтын шатанд 1.600.000 төгрөг гэж харагдаж байсан.
Өнөөдрийн байдлаар 2021 оны 11 дүгээр сарын мөнгө нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр А гуайн дансанд нөхөж орсон байна. Тэгэхээр нийт 17 удаа буюу 1.700.000 төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмжид авсан байна. Иймд улсад нийт 6.596.000 төгрөгийн хохирлын улсад учруулсан байна. Шүүгдэгч Б.А ийн учруулсан 6.596.000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж байна” гэв.
2. Эрүүгийн 2213********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Хаан банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 0000000 дугаартай албан бичгээр ирүүлсэн иргэн Б гийн А ийн 5190******, А ийн И н 5190****** дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 08-21 дэх тал/,
2.2. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0000000 дугаартай “...цахим мэдээллийн санд А ийн И н нас барсны бүртгэл бүртгэгдээгүй тухай” албан бичиг, А.И н оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эцэг Х.А ийн иргэний бүртгэлийн лавлагаа, эх Г.Р ы нас барсны бүртгэлийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 27-31 дэх тал/,
2.3. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “иргэн Б.А нь өрх толгойлсон эцэг мөн ба 2011 оны 05 дугаар сараас эхлэн халамжийн сангаас тэжээгч алдсаны тэтгэврийг 18 насанд хүрээгүй А.И гийн нэр дээр авч байсан болно. Мөн А.И нь 2018 оны 03 дугаар сараас хүүхдийн мөнгөн тэтгэмжинд хамрагдаж байгаа болно” гэх тодорхойлолт /хавтаст хэргийн 33 дахь тал/,
2.4. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01/1603 дугаартай “иргэн А ийн И н нас барсныг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр бүртгэсэн тухай” албан бичиг, нас барсны бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
2.5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 59-63 дахь тал/,
2.6. Гэрч Б.К ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 77-79 дэх тал/,
2.7. Гэрч К.Е ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 82-83 дахь тал/
2.8. Гэрч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 86-87 дахь тал/,
2.9. Гэрч А.Ы ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 90-91 дэх тал/,
2.10. Гэрч А.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 96-97 дахь тал/,
2.11. Гэрч Д.А ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 107-108 дахь тал/
2.12. Гэрч А.А ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 111-112 дахь тал/,
2.13. Яллагдагч Б.А ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 141-142 дахь тал/,
2.14. Шүүгдэгч Б.А ийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.А ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
3.1. Хэргийн үйл баримтын талаар.
Шүүгдэгч Б.А нь Баян-Өлгий аймгийн У сумын 00 дугаар багт оршин суух хаягтай өөрийн төрсөн хүү болох А ийн И 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нас барсан байхад бодит байдлыг нуух замаар А.И гийн нэр дээр төрөөс олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмж 100.000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар дуустал хугацаанд 1.700.000 төгрөг, мөн А.И гийн тэжээгч нас барсны тэтгэвэрт сар бүр олгогдох 288.000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар дуустал хугацаанд 4.896.000 төгрөгийг тус тус авч, нийт 6.596.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
3.1.1. Хаан банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 0000000 дугаартай албан бичгээр ирүүлсэн иргэн Б гийн А ийн 5190******, А ийн И н 5190****** дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 08-21 дэх тал/,
3.1.2. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0000000 дугаартай “...цахим мэдээллийн санд А ийн И н нас барсны бүртгэл бүртгэгдээгүй тухай” албан бичиг, А.И н оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эцэг Х.А ийн иргэний бүртгэлийн лавлагаа, эх Г.Р ы нас барсны бүртгэлийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 27-31 дэх тал/,
3.1.3. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “иргэн Б.А нь өрх толгойлсон эцэг мөн ба 2011 оны 05 дугаар сараас эхлэн халамжийн сангаас тэжээгч алдсаны тэтгэврийг 18 насанд хүрээгүй А.И гийн нэр дээр авч байсан болно. Мөн А.И нь 2018 оны 03 дугаар сараас хүүхдийн мөнгөн тэтгэмжинд хамрагдаж байгаа болно” гэх тодорхойлолт /хавтаст хэргийн 33 дахь тал/,
3.1.4. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01/1603 дугаартай “иргэн А ийн И н нас барсныг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр бүртгэсэн тухай” албан бичиг, нас барсны бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
3.1.5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...Тус аймгийн У сумын 00 дугаар багийн иргэн А ийн И нь 2012 оны 10 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сарыг хүртэлх нийгмийн халамжийн сангаас хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр авч байсан байна. Өөрөөр хэлбэл иргэн А.И гийн нэр дээр 2012 оны 10 дугаар сараас 2020 оны 03 дугаар сарыг дуусталх хугацаанд сар бүр 20.000 төгрөгөөр 1.800.000 төгрөгийг, 2020 оны 04 дүгээр сараас 2022 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр 3.200.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авсан байна. А.И нь 2012 оны 10 дугаар сараас өмнөх хугацаанд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг огт авч байгаагүй байна.
Мөн А.И гийн нэр дээр нийгмийн халамжийн сангийн тэжээгчээ алдсаны тэтгэвэрт түүний эцэг болох Б.А нь 2020 оны 12 дугаар сараас эхлэн одоог хүртэл хугацаанд сар бүр 288.000 төгрөгөөр, нийт 6.912.000 төгрөгийг авсан байна. Нийгмийн халамжийн тухайн хууль тогтоомжид зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 18 нас хүртэл олгодог бөгөөд иргэн Б гийн А ийн эхнэр нь нас барсны улмаас насанд хүрээгүй хүүхдүүдэд нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох эрх үүссэн тул 2020 оны 11 дүгээр сарын дуустал хугацаанд Б.А тэжээгчээ алдсаны тэтгэврийг авах ёстой. Өөрөөр хэлбэл иргэн Б.А ийн хүүхэд А.И нь 2020 оны 11 дүгээр сараас өмнөх хугацаанд нас барсан гэж үзвэл түүний ах болох А.Ы нь 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн тул 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тэжээгчээ алдсаны тэтгэвэр автоматаар зогссон байх ёстой. Гэтэл түүний дүү болох А.И г нас барсны бүртгэлд бүртгүүлээгүйн улмаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр нь үргэлжлүүлэн олгогдсон байна.
...Шүүгдэгч Б.А нь нийгмийн халамжийн сангаас олгох хүүхдийн мөнгө болон тэжээгчээ алдсаны тэтгэврийг бага хүү нь болох А.И нас барсныг бүртгүүлээгүйн улмаас 2022 оны 12 сар хүртэл хууль бусаар авч, улсад нийт 6.596.000 төгрөгийн хохирол учруулсан. Тодруулбал 2021 оны 8, 9,10,11 сар буюу 5 сарын хугацаанд сар бүр 288.000 төгрөгөөр нийт 1.440.000 төгрөг, 2022 онд 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал 12 удаа 288.000 төгрөгөөр 3.456.000 төгрөг нийт 4.896.000 төгрөгийн тэжээгч алдсаны тэтгэврийг хууль бусаар авсан байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн тухайд манай байгууллагын банкны хаалт нь дараа сарын 02-ны өдөр ирдэг бөгөөд анх мөрдөн байцаалтын шатанд 1.600.000 төгрөг гэж харагдаж байсан.
Өнөөдрийн байдлаар 2021 оны 11 дүгээр сарын мөнгө нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр А гуайн дансанд нөхөж орсон байна. Тэгэхээр нийт 17 удаа буюу 1.700.000 төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмжид авсан байна. Иймд улсад нийт 6.596.000 төгрөгийн хохирлын улсад учруулсан байна. Шүүгдэгч Б.А ийн учруулсан 6.596.000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-63 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлд/,
3.1.6. Гэрч Б.К ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...иргэн Б.А нь өнөөдрийн байдлаар хүү болох А.И д хүүхдийн мөнгөн тэтгэмжид сар бүр 100.000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжид сар бүр 288.000 төгрөгийг тус тус авч байгаа. Түүний аав нь болох Б.А түүний мөнгийг авч байгаа болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77-79 дэх тал/,
3.1.7. Гэрч К.Е ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус аймгийн У сумын 00 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байна.
...А ийн И гэдэг хүүхэд нас барсан гэдгийг нь одоогоос 10 хоногийн өмнө ааваас нь сонслоо. Өнөөдрийн байдлаар А.И нь манай багийн “Хүн ам, өрхийн мэдээллийн сан”-нд Б гийн А ийн өрхийн бүртгэлд бүртгэлтэй байгаа, А.И г нас барсан гэх боловч энэ талаар улсын бүртгэлд бүртгүүлж, нас барсны гэрчилгээ аваагүй тул өрхийн мэдээллийн сангаас хасагдаагүй байгаа юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82-83 дахь тал/
3.1.8. Гэрч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...иргэн Б.А нь улсын бүртгэлийн байгууллагад хандаж албан ёсоор А.И нас барсны гэрчилгээг аваагүй байгаа байна, хаана байгааг нь мэдэхгүй байна. 2022 оны 09 дүгээр сард Улсын бүртгэлийн ерөнхий газраас шинэчилсэн бүртгэлд ороогүй, иргэний цахим үнэмлэх олгогдоогүй иргэдийн судалгааг гаргаж ирүүлсэн байсан бөгөөд дээрх жагсаалтанд А.И /РД:БК05******/-ийн нэр ирсэн тул би багийн Засаг дарга руу ярьж, А.И нь танай багт байгаа юу, яагаад иргэний цахим үнэмлэхээ авахгүй байгаа юм бэ, 10 дугаар багтаа байгаа юм уу, амьд уу, хэрэв нас барсан гэвэл хасалт хийлгэх шаардлагатай талаар аавд нь хэлээрэй гэж хэлсэн.
Улмаар 2022 оны 09 дүгээр сарын сүүлээр түүний аав гэх Б.А нь манай ажил дээр ирээд багийн Засаг дарга тантай очиж уулзаарай гэсэн, манай хүү болох А.И нь одоогоор БНКазахстан улсад нагац талынхаа хамаатнуудын гэрт амьдарч байгаад нас барсан гэж хэлсэн бөгөөд миний бие түүнд БНКазахстан Улсад нас барсан гэх нотлох баримтыг өргөдлийн хамт аваад ирээрэй, тэгээд нас барсан талаарх гэрчилгээг олгоно гэж зөвлөөд явуулсан ба дахиж надтай ирж уулзаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 86-87 дахь тал/,
3.1.9. Гэрч А.Ы ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие Б гийн А ийн 4 дэх хүү болж мэндэлсэн. Бид аав ээжээс ах дүү тавуулаа мэндэлсэн. Том эгч А.Алтынгүл нь 1997 онд төрсөн, эмэгтэй, одоогоор У сумын 02 дугаар багт нөхөр хүүхдүүдийн хамт мал маллаж амьдарч байна, 2 дахь эгч болох А.А нь 1999 онд төрсөн, эмэгтэй, одоогоор Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа, 3 дахь эгч А.Б нь 2000 онд төрсөн, эмэгтэй, одоогоор аав бид хоёрын хамт У сумын 00 дугаар багт мал маллаж амьдарч байгаа, айлын 4 дэх нь би юм.
Харин миний отгон дүү болох А.И нь 2005 онд төрсөн, эрэгтэй, 2021 оны 07 дугаар сард мухар олгой өвчний улмаас нас барсан юм. Харин манай ээж болох Р нь 2010 онд өвчний улмаас нас барсан юм" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 90-91 дэх тал/,
3.1.10. Гэрч А.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний отгон дүү болох А.И нь 2005 онд төрсөн, 2021 оны 07 дугаар сард мухар олгой өвчний улмаас нас барсан юм. Манай ээж болох Р нь 2010 онд өвчний улмаас нас барсан юм" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 96-97 дахь тал/,
3.1.11. Гэрч А.А ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...И дүү маань 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр У суманд гэдэс нь өвдөөд нас барсан гэсэн. Тэр үед би өөрөө Улаанбаатар хотод байсан. Аав А хэлэхдээ И нь удаан хугацаанд гэдэс нь өвдөөд явж байгаад нэг л өдөр гэнэт нас барсан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 111-112 дахь тал/,
3.1.12. Гэрч Д.А ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр батлагдаж, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд “Нас барсны бүртгэл”-д холбогдох заалтуудыг хуульчилж өгсөн байдаг. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар “Иргэний нас барсныг энэ хуулийн 13.2-т заасан этгээд нас барагчийн иргэний үнэмлэх болон доор дурдсан баримт бичгийн аль тохирохыг бүрдүүлж, аймаг, нийслэлд 3, сум, Дипломат төлөөлөгчийн газарт 7 хоногийн дотор бүртгүүлнэ” гэж заасан байдаг. Хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар “Дараах этгээд нас барагчийг нас барсны бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан. Үүнд мөн хуулийн 3.2.1-д нас барагчийн 18 нас хүрсэн гэр бүлийн гишүүн, эсхүл эцэг, эх, эсхүл төрөл садангийн хүний аль нэг... улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд бүртгүүлнэ” гэж заасан байдаг болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 107-108 дахь тал/,
3.1.13. Яллагдагч Б.А ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний бие У сумын 00 дугаар багт оршин сууж амьдардаг. Эхнэр Р 2011 онд нас барсан. Түүнээс хойш өрх толгойлсон хүн байгаа юм. Миний 5 дахь хүү болох А.И 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нас барсан. Би өөрөө хөдөө мал маллаж амьдарч байгаа болохоор хүүгийн маань нас барсныг бүртгүүлээгүйгээс болж төрөөс олгох хүүхдийн мөнгө, мөн тэжээгч алдсаны тэтгэврийн мөнгийг тус тус сар бүр авч явж байгаад ийм гэмт хэрэгт холбогдсонд харамсаж байна. Би хүүхдийн мөнгийг сар бүр авч байсан нь миний буруу. Харин тэжээгчээ алдсаны тэтгэмжийг ээж нь нас барсан болохоор авч байх ёстой юм байна гэж бодсон. Би өөрийн үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Миний бие төрд учруулсан хохирлыг төлж өгөхөө илэрхийлж байна. Иймд миний гаргасан үйлдэл хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү.
Миний хүү А.И 2005 онд төрсөн, 16 настай байхад 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өвчний улмаас нас барсан. Би өөрөө ХААН банкинд ганц данстай. Сар бүр авч байсан хүүхдийн мөнгө болон тэтгэмжийн мөнгө миний тухайн дансанд орж ирдэг байсан. Өөрөөр хэлбэл би нас барсан хүү болох А.И н нэр дээр төрөөс олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмж болон тэжээгчээ алдсаны тэтгэврийг ХААН банк дахь дансаараа дамжуулан авч ашиглаж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 141-142 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Б.А ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нууж, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авч “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг гаргасан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “хохирлыг барагдуулж өгөх” тайлбарыг, шүүгдэгч Б.А ээс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлж өгнө” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч Б.А ийн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргаж, гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
6. Эрх зүйн дүгнэлт.
6.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
6.2. Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. ““нийгмийн халамж” гэж эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг” ойлгохоор, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. “Нийгмийн халамжийн үйл ажиллагаанд энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан болзол, шалгуур, нөхцөлийг хангасан Монгол Улсын иргэн, Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэн, харьяалалгүй хүн хамрагдах эрхтэй.” гэж нийгмийн халамжийн хамрах хүрээг тодорхойлж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалтад “тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд;”, 13 дугаар зүйлийн 13.1.6 дахь заалтад “хүүхдийн мөнгөн тэтгэмж”-ийг тус тус нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн төрөлд багтаан хуульчилжээ.
6.3. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. “Иргэний нас барсныг энэ хуулийн 13.2-т заасан этгээд нас барагчийн иргэний үнэмлэх болон доор дурдсан баримт бичгийн аль тохирохыг бүрдүүлж, аймаг, нийслэлд 3, сум, Дипломат төлөөлөгчийн газарт 7 хоногийн дотор бүртгүүлнэ: 13.1.1. “иргэний нас барсан тухай эмнэлгийн магадлагаа;”, 13.2. “Дараах этгээд нас барагчийг нас барсны бүртгэлд бүртгүүлнэ: 13.2.1. нас барагчийн 18 нас хүрсэн гэр бүлийн гишүүн, эсхүл эцэг, эх, эсхүл төрөл садангийн хүний аль нэг;” гэж заасан байна.
6.4. Шүүгдэгч Б.А нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү А.И г өвчний улмаас нас барсан үед хуульд заасан 7 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгүүлж, нас барсны гэрчилгээ авах үүргээ биелүүлээгүй, улмаар нийгмийн халамжийн сангаас олгох хүүхдийн мөнгийг 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 12 дугаар дуустал хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр 1.700.000 төгрөг, тэжээгч нь нас барсан тэтгэврийн мөнгө 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 12 дугаар дуустал хугацаанд сар бүр 288.000 төгрөгөөр 4.896.000 төгрөг, нийт 6.596.000 төгрөгийг бодит байдлыг нууж, хууль бусаар нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг авсан нөхцөл байдал бүрэн тогтоогджээ.
6.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3. “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна.” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.А нь бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг бодит байдлыг нууж, хууль бусаар 2022 оны 12 дугаар сар дуустал хугацаанд авч, цаашид дээрх мөнгийг авах боломжгүй болж гэмт хэрэг үйлдэгдэж дууссан үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа /2022 оны 12 дугаар сар/ гэж үзнэ.
6.6. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.А ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авч “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
6.7. Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.А ийн шунахайн сэдэлт, холбогдох төрийн байгууллагын хяналт сул байдал нөлөөлсөн гэж үндэслэлтэй байна.
7. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
7.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.
7.3. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар дуустал хугацаанд нийт 6.596.000 төгрөгийн хүүхдийн тэжээгч нь нас барсны тэтгэвэр, тэтгэмжийн мөнгийг хууль бусаар авсан нь тогтоогдсон, мөн гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч нь уг 6.596.000 төгрөгийг төлж өгөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч Б.А ээс гэмт хэргийн хохиролд 6.596.000 төгрөг гаргуулан хохирогч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Б.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх” дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй” гэх тайлбарыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч Б.А хохирлыг төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан шүүхээс түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг харгалзаж өгнө үү” дүгнэлтийг тус тус гаргасан болно.
2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.А ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.
2.3. Шүүгдэгч Б.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
2.4. Шүүгдэгч Б.А нь хувийн байдлын хувьд 1971 онд төрсөн, ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эрэгтэй, малчин, урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь түүний хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаар тогтоогдож байна.
2.5. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан “шүүгдэгч Б.А хохирлыг төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан шүүхээс түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг харгалзаж өгнө үү” дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуулийн зохицуулалтыг хэрэглэхдээ шүүх шударга ёсны зарчимд нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна хуулийн дээрх хэм хэмжээг хэрэг хянан шийдвэрлэхэд заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг болгоогүй, хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэрэглэх эсэхийг шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэхийг дурдах нь зүйтэй.
2.6. Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг хууль бусаар авч “Хуул бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлж өгөхөө илэрхийлсэн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, шүүгдэгч Б.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.
2.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А д зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Баян-Өлгий аймгийн У сумаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
2.8. Шүүгдэгч Б.А д оногдуулсан 1 жил 8 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
2.9. Энэ хэрэгт шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай, шүүгдэгч Б.А ийн эзэмшлийн 2002 онд үйлдвэрлэгдсэн Уаз-31512 загварын 0000 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
2.10. Шүүгдэгч Б.А д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг авч “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А ийг 1 (нэг) жил 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А д зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Баян-Өлгий аймгийн У сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.А д оногдуулсан 1 (нэг) жил 8 (найм) сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.А эс гэмт хэргийн хохиролд 6.596.000 төгрөг гаргуулан хохирогч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт олгосугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай, шүүгдэгч Б.А ийн эзэмшлийн 2002 онд үйлдвэрлэгдсэн Уаз-31512 загварын 0000 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ