Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2019/108

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 19..  оны .. сарын ..-ний өдөр төрсөн, эмэгтэй, .. хот .. дүүрэг .. дугаар хороо, .. тоотод оршин суух, Б- овогт Б-гийн Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 19.. оны .. сарын ..-ны өдөр ... дүүрэгт төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ... дүүргийн .. дүгээр  хороо, .. тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй  боловч одоо .. дүгээр хороо, .. тоотод аав ээжийн хамт түр оршин суух, эрүүгийн хэргийн улмаас Хорих 0427 дугаар ангид цагдан хоригдож байгаа Г- овогт О-ийн Д-д / РД:................/  холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8.200.000 төгрөг  гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар  сарын  22-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х-, Э.Э-, хариуцагч О.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ц.Амарбилэг  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Б.Б-э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 онд 06 дугаар сард О.Д-тэй танилцаж уулздаг болсон. О.Д- нь Б- гэдэг хүнд өртэй гээд 2017 оны 07 дугаар сарын 28-нд надаар цалингийн зээл авахуулж 2.000.000 төгрөг зээлж авсан. Миний машин болох TOYOTA Prius маркын 05-19 УНЕ дугаартай авто машиныг унаж яваад эвдэж зарахад хүргэсэн. Машиныг зарж О.Д-д 3.000.000 төгрөгийг зээлүүлсэн. О.Д- нь үүнээс хойш хэсэг хугацаанд алга болсон. 2017 оны 12 дугаар 20-ны өдөр О.Д-тэй уулзаж эргээд нийлэхдээ чиний зээлийг хамт төлөлцье сайхан амьдарья гээд  түрээсийн байранд нэг сар хамт амьдарч байх хугацаандаа хоёулаа машинтай болъё ажлын хажуугаар таксинд явъя гэж хэлээд 2018 оны 1 сарын 4-ний өдөр нэмж 3.000.000 төгрөгийн цалингийн зээл авч өгсөн. Энэ мөнгөөр Arande Xd УНЦ 69-90 дугаартай машин хүнээс худалдаж авсан. О.Д- нь машин аваад удаагүй ажлаасаа гарч хэрэг төвөгт орооцолдож гурван сар алга болсон. 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр уулзаад би шүүхээс тэнсэн авсан намайг шүүхэд битгий өгөөч гэж гуйгаад 3 сарын хугацаанд төлж барагдуулна гэсэн  гэрээг хийж нотариатаар батлуулсан. Гэрээ хийснээс хойш 3 сарын хугацаанд ямар ч мөнгө өгөөгүй. О.Д- нь удаа дараа итгэл эвдэж, хуурч эд хөрөнгө болоод сэтгэл санааны хохирол үзүүлсэн тул О.Д-өөс Багануур хот руу ирж очсон зардал, мөн улсын тэмдэгтийн хураамж 200.000 төгрөг нийт 8.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х-, Э.Э- нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б-э Д-тэй 2017 оны 06 сард танилцаж найзалж нөхөрлөсөн байдаг. Анх Б- гэж хүнд өртэй өрөө нэхээд байна гэж хэлээд 1.800.000 төгрөг, дараа нь Оюутолгойд ажилд орох гээд 3.100.000 төгрөг хүнд өгнө гээд цалингийн зээл авахуулж 3.100.000 төгрөг, дараа нь машин авъя гээд 3.000.000 төгрөг дахин нэмж зээлдэж аваад “Arande xd” маркын машин авсан байдаг. Үүнээс хойш цувуулж авсан мөнгө нь нийтдээ 8.265.000 төгрөг авсан байгаа, энэ нь дансны хуулгаар тогтоогдоно. Энэ мөнгөнүүдийг дансаар болон бэлнээр авсан. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан. Авсан мөнгөө төлөхгүй байж байгаад 2018 оны 04 сарын 06-ны өдөр төлбөр барагдуулах хэлцэл байгуулаад нотариатаар баталгаажуулсан байгаа. Өгсөн 8.265.000 төгрөгөөс 8.200.000 төгрөгийг нэхэмжилсэн. Өнөөдөр шүүх хуралдаан дээр өгсөн тайлбараас харахад 7.900.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байх шиг байна. Нэхэмжлэл дээрээ 200.000 төгрөгийг ирж очсон зардал, тэмдэгтийн хураамж гэж бичсэн байгаа, ирж очсон зардал, улсын тэмдэгтийн хураамжийн мөнгө биш зээлдүүлсэн мөнгө гэдгийг тайлбарлаж хэлмээр байна  гэв.

 Хариуцагч О.Д- нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: О.Д- миний бие Б.Б-этэй хамтран амьдарч байх хугацаандаа 8.000.000 төгрөгний зээл авч хамт хэрэглэсэн нь үнэн. Уг мөнгөнөөс 2.000.000 төгрөг өрөнд өгсөн бусад нь хамт амьдрах хугацаанд хэрэглэсэн болно. 2.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч О.Д- нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 1.800.000 төгрөг зээлдэж аваад Б- гэж хүнд өрөндөө өгсөн, дараа нь 3.100.000 төгрөг аваад Оюутолгойд хүнд ажил оруулж өгөөрэй гэж өгсөн. Тэгээд ажилд орж чадаагүй, нөгөө хүнээсээ 3.100.000 төгрөгөө буцааж авч чадаагүй. Дараа нь 3.000.000 төгрөг авч өөрөөсөө 2.000.000 төгрөг нэмж гаргаад “Arande xd” машин худалдаж авсан. Энэ машин одоо надад байгаа, Б-ийг өрөндөө авбал ав гэж хэлсэн. Би шүүхэд хариу тайлбар ирүүлэхдээ 3.100.000 төгрөгийг хүнд авч өгснөө мартсан байсан байна. Би Б-эд 427.000 төгрөг буцааж өгсөн. Энэ мөнгийг төлөх төлбөрөөс хасуулмаар байна. Над руу бага багаар мөнгө шилжүүлж байсан, тэр мөнгөнүүдийг хоёулаа л хамтран амьдарч байхдаа хэрэглэсэн. Би одоо эрүүгийн хэрэгт холбогдоод цагдан хоригдож байгаа, төлбөрийг төлөхөд хэцүү байна, ах дүү нартайгаа ярина, нэхэмжилсэн мөнгөний талыг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.     

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Б.Б-э нь хариуцагч О.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8.200.000 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлагыг  шүүхэд гаргажээ.

Хариуцагч О.Д- нь 7.900.000 төгрөг зээлдэж авснаа хүлээн зөвшөөрч байгаа боловч 4.900.000 төгрөгийг зээлдэж аваад бусдад төлөх өрөндөө болон ажилд орох зорилгоор бусдад өгсөн гэж, шаардлагаас үлдэх хэсгийг “Хамтран амьдрах хугацаандаа Б-этэй хамт хэрэглэсэн, 427.000 төгрөгийг буцааж төлсөн, эрүүгийн гэмт хэргийн улмаас цагдан хоригдож байгаа үндэслэлээр төлөх боломжгүй, 8.200.000 төгрөгийн 50 хувийг төлнө” гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч Б.Б-э нь хариуцагч О.Д-ий хүсэлтээр 2017 оны 07 сарын 28-ны өдөр А.Б-ын  ХААН банкны 5042073484 тоот данс руу гүйлгээний утга гэсэн хэсэгт Д- 89212084 гэж бичин 1.800.000 төгрөгийг шилжүүлсэн, 2017 оны 08 сарын 17-ны өдөр О. Д-ий ХААН банкны 5750441514 тоот данс руу 3.100.000 төгрөг, 2017 оны 08 сарын 27-ны өдөр 80.000 төгрөг, 2017 оны 09 сарын 05-ны өдөр 25.000 төгрөг, 2017 оны 10 сарын 29-ний өдөр 200.000 төгрөг, 2017 оны 11 сарын 18-ны өдөр 60.000 төгрөг нийт  6 удаагийн үйлдлээр 5.265.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН  банкны 5018102474 тоот данснаас данс хооронд шилжүүлсэн, 2018 оны 01 сарын 07-ны өдөр өөрийн эзэмшлийн  ХАС банкны 5002281240 тоот дансан дахь мөнгөнөөс АТМ-ээр дамжуулан 4 удаагийн үйлдлээр 3.000.000 төгрөг авч бэлнээр,  нийт 8.265.000 төгрөгийг О.Д-д өгсөн болох нь ХАС банкны дансны хуулга, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, мөнгөн шилжүүлгийн баримтууд, талуудын хооронд 2018 оны 04 сарын 06-ны өдөр байгуулагдсан төлбөр барагдуулах хэлцэл               / хэлцлээр “ О.Д- нь хамтын амьдралтай байхдаа авч хэрэглэсэн 8.000.000 төгрөгийг 2018.04.06-наас 2018.08.06-ны хооронд төлж барагдуулна” гэж тохиролцсон /,  хариуцагч О.Д-ий  шүүх хуралдаанд өгсөн “Анх 1.800.000 төгрөг зээлдэж аваад Б- гэж хүнд өрөндөө өгсөн, дараа нь 3.100.000 төгрөг аваад Оюутолгойд хүнд ажил оруулж өгөөрэй гэж өгсөн. Дараа нь 3.000.000 төгрөг авч өөрөөсөө 2.000.000 төгрөг нэмж гаргаад “Arande xd” машин худалдаж авсан “ гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч О.Д- нь Б-ээс зээлдэж авсан мөнгөө төлөхгүй байсан учраас нэхэмжлэгч Б-э нь залилан мэхэлсэн гэж Цагдаагийн байгууллагад гомдол мэдүүлж шалгуулсан боловч О.Д-ийг залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн нь  тогтоогдоогүй гэж үзэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын 2017.10.30-ны өдрийн 2062 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж, 2018.04.24-ний өдрийн 825 тоот тогтоолоор 180601173 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэжээ.

Хариуцагч О.Д- нь 7.900.000 төгрөг зээлдэж авснаа хүлээн зөвшөөрч зээлдэж авсан мөнгөний 50 хувийг төлнө, үлдэх шаардлагыг хамтран амьдрах хугацаандаа Б-этэй хамт хэрэглэсэн учраас төлөхгүй гэж тайлбарлаж байгаа боловч татгалзлынхаа үндэслэлийг тайлбарлаж чадаагүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг  өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, 38 дугаар  зүйлийн 38.1-д “Зохигч гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын  үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа  өөрөө гаргаж өгөх, цуглуулах  үүрэгтэй “ гэж  заасан  үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “ Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх  зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг  тус тус хүлээнэ” гэж, 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ”, 208.2-д “Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй “  гэж тус тус  хуульчилснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч Б.Б-э нь гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй байна.

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар зээлдүүлэгч Б.Б-э нь 8.265.000 төгрөгийг зээлдэгч О.Д-д зээлдүүлсэн үйл баримт тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь 8.200.000 төгрөг нэхэмжилсэн байх тул шаардлагын хүрээнд шүүх шийдвэрлэнэ.

Нэхэмжлэгч Б.Б-ийн ХААН банкны 2019.03.04-ний өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар хариуцагч О.Д- нь өөрийн 5750441514 тоот данснаас нэхэмжлэгчийн 5018102474 тоот дансанд 2018.01.05-ны өдөр 427.000 төгрөг  шилжүүлсэн байх тул зээлдэж авсан мөнгөнийхөө зарим хэсгийг буцаан төлсөн гэж үзэн нэхэмжилсэн 8.200.000 төгрөгөөс 427.000 төгрөгийг хасаж үлдэх 7.773.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.                   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “ нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 146.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 7.773.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 139.318 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтууд нь нотлох баримт гаргах, цуглуулах хуульд заасан шаардлагыг хангасан, хэрэг маргааныг тал бүрээс нь бодитойгоор хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага  болгон ТОГТООХ нь:

          1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Г- овогт  О-ийн Д-өөс 7.773.000 /долоон сая, долоон зуун далан гурван мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б- овогт Б-гийн Б-эд олгож,  427.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Д-өөс 139.318 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-эд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         П.ЦЭЦЭГДУЛАМ