Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2021/0234

 

 

2021 03 29 128/ШШ2021/0234

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т О Ч /РД/,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өгсөн өргөдлийг хүлээж авч шийдвэрлээгүй Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, өндөр насны тэтгэврийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс тогтоон олгохыг хариуцагчид даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Пү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Ч******* нь улсад 44 жил 3 сар, үүнээс 1981 оны 8 дугаар сараас 2010 оны 12 дугаар сарын 15-ны хүртэл цагдаагийн байгууллагад, 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл прокурорын байгууллагад тасралтгүй ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэрт гарахаар болсон. Одоо 59 настай.

Улсын ерөнхий прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/283 дугаартай тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэнээр ажлаас чөлөөлөгдсөн. Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасан Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж заасныг үндэслэн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өргөдөл өгсөн боловч тус хэлтсийн холбогдох албан тушаалтнууд өргөдлийг хүлээн авахгүй, амаар тайлбар өгч олон хоногоор чирэгдүүлж, эрх ашгийг зөрчиж байна.

Энэхүү үүссэн асуудлаар нэхэмжлэгчийн адил эрх нь зөрчигдсөн хүмүүсийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаж шат шатны шүүхийн шийдвэр хэд хэдэн удаа /өмнө нь 6-7 прокурор шүүхээр тогтоолгосон байдаг/ төрийн байгууллага, албан тушаалтны зүгээс иргэний хуулиар олгогдсон эрхийг нь зөрчсөн болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоон олгохыг эрх бүхий байгууллагад даалгах шийдвэр гаргасан бөгөөд энэ нь шүүхийн практик болсон байхад төрийн үйлчилгээний байгууллагууд энэхүү шүүхийн практикийг хэрэглэхгүй байгаа нь зарим талаар иргэд, төрийн байгууллагад чирэгдэл учруулж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс иргэн О.Ч*******ын өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өгсөн өргөдлийг хүлээн авч шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоон олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү.

Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өгсөн өргөдөл, материалыг хүлээн аваагүй, шийдвэрлээгүй хариуцагч байгууллагын эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоон олгохыг даалгах шаардлага гаргасан, шаардлагаа дэмжиж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 3.3-т Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.5-д Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж заасан. Төрийн байгууллага нь хууль дээдлэх зарчмаар ажиллах ёстой. Иргэний гаргасан гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны иргэн О*******ы Ч******* нь нэхэмжлэлдээ 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. гэж заасныг үндэсэлэн тэтгэвэр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн заалтад прокуророор ажилласан нөхцлөөр нас харгалзахгүй тэтгэвэр тогтоох заалт байхгүй тул О.Ч*******ын ажилласан хугацаагаар 60 наснаас өмнө өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийг биш, Нийгмийн даатгалын ерөнхий газрыг хариуцагчаар татах нь үндэслэлтэй гэж харагдаж байна. Учир нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран зөвшилцсөний дагуу Улсын Их Хурлаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 2021 оны 01 дүгээр сарын 15-нд шүүгчийн тэтгэвэр тогтоолгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулсан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан тохиолдолд асуудал шийдэгдэх үндэслэлтэй гэж харагдаж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу нэхэмжлэгчийн тэтгэвэр тогтоолгох өргөдлийг манайх авах боломжгүй. Манай байгууллага зөвхөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг баримталж ажилладаг. Өөр хуулийг баримтлах бол дээд шатны байгууллагаас чиглэл ирдэг. Тиймээс Прокурорын тухай хуулийн 60.3 дахь заалт манайд хамааралгүй.

Тэтгэврийн өргөдөл хүлээж авдаг бүртгэл гэж байхгүй, шууд тэтгэврийн байцаагч дээр ирдэг. Тэтгэврийн байцаагч тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй бол шууд буцаадаг. Буцаасан бүртгэл, хүлээж авсан бүртгэл гэж байхгүй.

Өргөдөл гаргасан өдрөөр тэтгэвэр тогтоолгох эрх нь үүснэ. Тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн бүрэн материал бол тэтгэврийг тэр өдрөөр нь тогтооно, тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй буюу 60 нас хүрээгүй учир тэтгэврийн байцаагч өргөдлийн материалыг нь хүлээж авахгүй. гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Ч******* нь Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өгсөн өргөдлийг хүлээж авч шийдвэрлээгүй Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, өндөр насны тэтгэврийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс тогтоон олгохыг хариуцагчид даалгах шаардлага гаргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдаж шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд, холбогдох хуулийн төслийг хэлэлцсэн тэмдэглэлүүдийг үнэлээд, хууль тайлбарлан хэрэглэж дараах үндэслэлээр нэхэмжлэлийн дээрх шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

О.Ч******* нь 1961 оны 4 дүгээр сарын 15-нд төрсөн, эрэгтэй, тэрээр 1981 оны 8 дугаар сараас цагдаагийн байгууллагад 29 жил, 4 сар ажиллаж, 2010 оны 12 дугаар сарын 16-наас прокуророор томилогдон ажиллаж байгаад 59 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргаснаар Улсын ерөнхий прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/283 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор албанаас чөлөөлөгджээ.

Түүний ажилласан байдал болон шимтгэл төлсөн жил, нас, тэтгэврийн хэмжээний талаар талууд маргаагүй, харин Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д заасныг хэрхэн тайлбарлаж хэрэглэх, тодруулбал Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт 55 насанд хүрсэн эрэгтэй прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж зааснаар прокуророор ажиллаж байсан эрэгтэй хүн өөрөө хүсвэл 60 насанд хүрэхээс өмнө өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй эсэх талаар хууль хэрэглээний хувьд маргаж байгаа болно.

Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. хэмээн прокурорын нийгмийн баталгааг буюу өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх хугацааг тэтгэвэрт гарах насны дээд хязгаар-аар болон мөн насаар /хүйсийн хувьд ялгамжтай/, эсхүл ажилласан жилээр нь нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож болохоор тухайлан заасан байна.

Уг хуулийн төслийг хэлэлцсэн хууль тогтоох байгууллагын хуралдааны тэмдэглэлүүдэд энэ зүйл, хэсгийг хэлэлцсэн агуулга, санал хураалтаар дэмжигдсэн томьёоллоос үзвэл 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгийн агуулгыг үгчлэн тайлбарлан хэрэглэж болохоор тодорхой томьёолжээ.

Тэрээр хуулийн энэ зүйл, хэсгийн 55 насанд хүрсэн эрэгтэй прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэх зохицуулалтын дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлтээ гаргасан байх бөгөөд Улсын ерөнхий прокурорын тушаалаар энэ зүйл, хэсгийг болон Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлнө гэсэн заалтыг баримтлан төрийн албанаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлсөн, ингэснээр мөн өдрөөс тэтгэвэр тогтоолгох эрх болон үр дагавар үүсгэсэн байна.

Прокурорын тухай хууль нь прокурорын чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны зарчим, баталгаа, прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, бие даасан байдлыг хангах эрх зүйн үндсийг тогтоох бөгөөд бие даасан байдлыг хангах эрх зүйн үндэст прокурорын эрх зүйн байдал буюу прокурорын хараат бус байдал, улс төр, нийгэм, эдийн засгийн баталгааг нарийвчлан зохицуулсан, тухайлбал нийгмийн баталгаанд ийнхүү тэтгэвэрт гарах нас, нас харгалзахгүйгээр прокуророор ажилласан жилийг харгалзуулан тогтоосноос гадна, прокурор ажил үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алдсан бол олгох буцалтгүй тэтгэмж, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаас гадна эдлэх ээлжийн амралтын хугацаа зэргийг тухайлан зааж, уг хуульд зааснаас бусад нийгмийн баталгаатай холбоотой асуудлыг Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжоор зохицуулахаар тусгажээ.

Өөрөөр хэлбэл прокурорын эрх зүйн байдал, баталгааг нарийвчлан тусгасан энэ хуулиар тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаарыг 60 насаар тогтоосон бөгөөд эрэгтэй прокурорын тэтгэвэр тогтоолгох насыг 55 гэж тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх насыг нарийвчлан заасан, энэ нь төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг, тэр дундаа төрийн албанаас чөлөөлөгдөх үндэслэлийг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх заалттай уялдсан байна.

Ер нь төрийн алба хаах насны дээд хязгаарыг хуульд өөрөөр заагаагүй бол 65 байхаар Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т, харин Прокурорын тухай хуульд прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас гэж дээрхээс өөрөөр зааж, үүнээс гадна мөн насаар хүйсийн хувьд ялгамжтай байдлаар эмэгтэй прокурор 50 нас, эрэгтэй прокурор 55 нас хүрсэн бол, эсхүл ажилласан жилээр нас харгалзахгүйгээр буюу прокуророор 25 жил ажилласан бол хүсэлтээ гаргаж тэтгэвэр тогтоолгож болохоор тухайлан заасан, улмаар төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн нь, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн нь албанаас чөлөөлөх үндэслэл болохоор хуульчилсан байна.

Харин хариуцагчийн тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй гэж тэтгэвэр тогтоолгох өргөдлийг хүлээн авч шийдвэрлээгүй үндэслэлээ болгон тайлбарлаж буй Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль нь шимтгэл төлж тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд дээр дүгнэснээр тэтгэвэр авах эрх үүсэх харилцааг ийнхүү нарийвчлан зохицуулсан өөр хуулийг хэрэглэхээс татгалзах, хэрэглэхгүй байх эрх захиргааны байгууллагад олгоогүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ.

Иймээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заагаагүй тул тэтгэвэр авах эрх үүсэхгүй хэмээх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчийн гаргасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдөл материалыг хүлээн авч шийдвэрлээгүй буюу хүлээн аваагүй буцаасан эс үйлдэхүй нь хууль бус байна.

Нэхэмжлэгч нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр албанаас чөлөөлөгдөн 10 дугаар сарын 01-ний өдөр тэтгэвэр тогтоолгох өргөдөл, материалаа өгсөн боловч тэтгэврийн байцаагч нь хүлээж аваагүй буцаасан гэж маргасныг хариуцагч няцаагаагүй бөгөөд харьяалах тэтгэврийн байцаагч нь тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй гэж үзэж өргөдөл материалыг буцаасан, өргөдлийг хүлээж аваагүй татгалзаж буцаасан талаар бүртгэл хөтөлдөггүй, түүний тэтгэвэр тогтоолгох өргөдөл болон ажилласан жилийн тооцоолол тус хэлтэст байхгүй хэмээн албан бичгээр болон шүүх хуралдаанд тайлбарласан болно.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн олгохоор зааснаар тэрээр тэтгэвэр тогтоолгох өргөдөл, материалаа өгөхөөр хандсан 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч байгууллага тэтгэвэр тогтоон олгох үүрэг үүссэн байх тул 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоон олгохыг хариуцагчид даалгах шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Прокурорын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 60 дугаар зүйлийн 60.3, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, О.Ч*******ын өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гаргасан өргөдөл материалыг хүлээж авч шийдвэрлээгүй Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс тогтоон олгохыг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА