Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2024/0746

 

 

 

 

 

 

 

    Нэр бүхий ************** нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 114/ШШ2024/00** дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, Э.Б нарын давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.

 

Шүүх бүрэлдэхүүн:

 

Шүүх хуралдааны даргалагч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

 

Нэхэмжлэгч Нэр бүхий **** нар

Хариуцагч Сэлэнгэ *********** хурал

Хариуцагч Сэлэнгэ ****************

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

 

Хэргийн индекс: 159/2024/00**/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 030 дугаар шийдвэрээр “Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.4, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3** дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам”-ын 5 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэр бүхий 13 байгууллагын 238 захиргааны албан хаагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж” болгож шийдвэрлэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “... Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “... Засаг дарга, хот, тосгоны Захирагч дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголыг боловсруулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлд өргөн мэдүүлнэ...” 34 дүгээр зүйлийн 34.2.1-т “... дээд  шатны төсөвт тодотгол хийсний улмаас тухайн шатны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага бий болсон...” гэх заалтуудыг үндэслэсэн нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульд тодорхойлсон байтал хуулийн дагаж мөрдөх хугацаа болоогүй байх хуулийн заалтыг анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т зааснаар хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.  Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3** дугаар тогтоолын 6 дугаар хавсралтын 2.3-д “... Орон нутагт ажилласны нэмэгдлийг тухайн орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутгийн болон улсын төсвийн байгууллагын төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид нэмж олгох асуудлыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно...” гэх заалтад Засгийн газрын 2024 оны 1** дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон нь тухайн заалтыг заавал хэрэгжүүлэхийг үүрэг болгосон заалт биш бөгөөд төсвийн нөхцөл боломжийг харгалзан тухайн шатны төсөвт хамаарах албан хаагчдад орон нутагт ажилласны нэмэгдлийг олгож болох эрх олгосон зохицуулалт юм. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага буюу Засгийн газрын 3** дугаартай журмын 5 дахь заалтад орсон нэмэлт өөрчлөлтийг цаг хугацааны хувьд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хугацааг заасан боловч Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “... Төсвийн жил нь тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно...” гэх мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “... энэ хуулийн 4.1.30-д заасан орон нутгийн төсвийн суурь зарлагыг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ...” гэх 58.1.3-т “... улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг...” гэх заалтуудын дагуу орон нутгийн 30 хувийн нэмэгдлийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгох боломжгүй бөгөөд төсвийн жил тухайн оны төсвийн жилд тодотгол хийснээр төсвийн шууд захирагч болон төсвийн ерөнхийлөн захирагч нарын хооронд төсвийн тодотголыг хийн улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэгийг орон нутгийн төсөвт тусгасны үндсэн дээр улсын төсвийн төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдлийг авах эрх үүсэх эрх зүйн нөхцөл нь Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Засаг дарга, хот, тосгоны Захирагч дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголыг боловсруулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон төсвийн тодотголыг боловсруулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлд өргөн мэдүүлнэ” 34.2.1-д “... дээд шатны төсөвт тодотгол хийсний улмаас тухайн шатны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага бий болсон...” гэх заалтуудыг үндэслэсэн нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульд тодорхойлсон. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан тусгай зарчмыг баримтлаагүй,Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 106 дугаар зүйлийн 106.4, 107 дугаар зүйлийн 107.4-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журамд нийцээгүй, “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангахгүй байх тул мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2, 121.1.1, 121.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нар нь Сэлэнгэ аймгийн улсын төсвийн байгууллагууд болох Татварын газрын 9, Мал эмнэлгийн газрын 25, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 41, Улсын бүртгэлийн газрын 36, Нийгмийн даатгалын газрын 39, Хүнс, хөдөө аж ахуйн газрын 16, Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 6, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 1, Стандарт хэмжил зүйн газрын 17, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс 3, Боловсролын газрын 12, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 33 захиргааны албан хаагчид байна.

Тэрээр Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 3** дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан “Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам”-ын 4 болон 5-д заасан заалтыг биелүүлж, 2023.07.01-2024.04.01 хүртэлх хугацааны орон нутгийн нэмэгдлийг орон нутгийн төсвөөс олгохыг Сэлэнгэ аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргад  даалгах нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

            1. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 3** дугаар тогтоолоор төрийн албан хаагч нарт олгох нэмэгдэл хөлс олгох журмыг 6 хавсралтаар баталсан, 6 дугаар хавсралт нь анх “Төрийн үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам” гэж батлагдсанаас хойш дараах өөрчлөлтүүд орсныг нэхэмжлэгч нар үндэслэжээ:

1.1. Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар 57 дугаар зүйлд "57.17. Захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгож болно."[1] гэсэн заалт нэмснийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар 2022 оны 489 дүгээр тогтоолоор 2018 оны 3** дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан дээрх журмын гарчгийн “үйлчилгээний албан хаагчид” гэсний өмнө “захиргааны болон” гэж нэмж, дугаарлалтын “4” гэснийг “6” гэж өөрчилж, дараах агуулгатай 4, 5 дугаар заалтыг нэмсэн:

“4. Орон нутагт ажилласны нэмэгдлийг захиргааны албан тушаал эрхэлдэг орон нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагчид албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувиар бодож орон нутгийн төсвөөс сар бүр олгоно.

5. Орон нутагт ажилласны нэмэгдлийг захиргааны албан тушаал эрхэлдэг орон нутгийн захиргааны байгууллагын төрийн захиргааны албан хаагчид 80 хүртэл хувиар нэмж олгох асуудлыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно.".

            1.2. Үүний дараа Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 242 дугаар тогтоолоор дээрх 3** дугаар тогтоолын 6 дугаар хавсралтын 5 дахь заалтын “орон нутгийн захиргааны” гэсний дараа “болон улсын төсвийн” гэж нэмсэн,

1.3. Мөн Засгийн газрын 2023 оны 272 дугаар тогтоолоор уг 5 дахь заалтад оруулсан нэмэлтийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна.

            1.4. 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаар тогтоолоор мөн 3** дугаар тогтоолоор баталсан 6 дугаар хавсралтаар баталсан уг журмыг бүхэлд нь өөрчилж, уг журмыг 2024.04.01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заажээ.

            2. Анхан шатны шүүх зарим нотлох баримтыг буруу үнэлсэн, хариуцагчаар татагдсан Сэлэнгэ аймгийн иргэдийн төлөөлөгчийн Хурал, Засаг дарга болон нэхэмжлэгч иргэдийн хооронд цалин хөлс олгохтой холбоотой эрх зүйн харилцаа үүсэх эсэхэд дүгнэлт өгөлгүй шууд нэхэмжлэгч иргэн тус бүрд цалин хөлсний бүрэлдэхүүнд багтах орон нутгийн нэмэгдэл хөлсийг олгохыг даалгасан нь биелэгдэх боломжгүй болсноос гадна энэ талаарх маргааны үйл баримтад хэрэглэх Төсвийн тухай хуулийн заалтыг хэрэглээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарласан, мөн хариуцагчийн сонгох боломжийг хэрэглэсэн байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсэг үндэслэлтэй байна.

    1. Нотлох баримт буруу үнэлсэн талаар:

2.1.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1** дугаар тогтоолоор 2023 оны тодотгосон төсөв батлахдаа сумд болон аймгийн төсвөөс санхүүждэг …байгууллагуудад 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс орон нутгийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн гэж үнэлж, улмаар хариуцагч Хурал, Засаг дарга нарыг орон нутгийн төсвийн болон улсын төсвийн байгууллагын захиргааны албан хаагчдыг ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг зөрчсөн гэх дүгнэлтэд хүрсэн нь  үндэслэл муутай болжээ.

2.1.2. Уг 1** дугаар тогтоолд тухайн орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагуудад зарцуулах урсгал зардлын хэмжээг заасан байх бөгөөд орон нутгийн нэмэгдлийг олгох талаар тусгайлан нэмж тусгаагүй байна.

2.1.3. Мөн бодит нөхцөл байдалд улсын төсвийн байгууллагын захиргааны албан хаагч нарт орон нутгийн нэмэгдэл олгохтой холбоотой дээд шатны төсөвт тодотгол хийсэн баримт байхгүй, улсын төсвөөс ямар нэгэн дэмжлэг үзүүлээгүй байхад Төсвийн тухай хуулийн 34.2.1-д зааснаар дээд шатны төсөвт тодотгол хийсний улмаас тухайн шатны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага бий болсон” бол тодотголыг боловсруулан, хуралд өргөн мэдүүлж Засгийн газрын шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

2.1.4. Сэлэнгэ аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 1** дугаар тогтоолд Монгол Улсын 2024 оны тодотгосон төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг үндэслэсэн нь уг тогтоолоор шийдвэрлэсэн бусад асуудалд хамааралтай болохоос дээд шатны төсвөөс орон нутгийн нэмэгдэл олгуулахаар шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй, хэрэв улсын төсвөөс улсын төсвийн байгууллагын ажилтны “орон нутгийн нэмэгдэл”-ийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд орон нутгаар дамжуулах шаардлагагүй, шууд тухайн улсын төсвийн байгууллагуудад нь олгохоор байна.

2.1.5. Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ** дугаар тогтоолоор 2018 оны 3** дугаар тогтоолын 6 дугаар хавсралтыг бүхэлд нь өөрчилсөнтэй холбоотой батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон нь 2024.04.01-ээс хэрэгжиж байх бөгөөд энэ нь маргааны үйл баримтад хамааралгүй, нэхэмжлэгч нь үүнээс өмнө хэрэгжиж байсан 6 дугаар хавсралтын 4, 5 дугаар заалтын дагуу 2023.07.01-ээс  2024.04.01 хүртэлх нэмэгдлийг олгохыг даалгахаар нэхэмжлэлээ тодорхойлсон байхад энэ талаарх баримтыг үнэлж, Засгийн газрын шийдвэрийг биелүүлээгүй гэдэгт хамааруулж дүгнэсэн нь буруу болжээ.

    1. Биелэгдэх боломжгүй шийдвэр гаргасан талаар:

2.2.1. Нэхэмжлэгч нар нь аймгийн улсын төсвийн байгууллагуудад ажилладаг захиргааны албан хаагч нар байх бөгөөд хариуцагч аймгийн Хурал болон Засаг даргатай шууд хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд орох боломжгүй, ажил олгогч нь биш байхад цалин хөлсний бүрэлдэхүүнд орох “орон нутгийн нэмэгдэл”-ийг нэхэмжлэгч тус бүрт олгохыг даалгасан нь биелэгдэх боломжгүй шийдвэр болжээ.

2.2.2. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: …16.5.3.батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох;” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч нарын ажиллаж буй байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч нар нь цалин  хөлсийг тогтоож олгох үүрэгтэй.

2.2.3. Энэ хуулийн дагуу Засгийн газын 2018 оны 3** дугаар тогтоолын 6 дугаар хавсралтад анхнаасаа 6 дахь заалтаар “Орон нутагт ажилласны нэмэгдлийг тухайн байгууллага жил бүрийнхээ төсөвт тусгаж олгоно.” гэсэн заалт байсан бөгөөд дугаарлалт нь өөрчлөгдсөн боловч одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгааг шүүх анхаараагүй байна.

    1. Хууль буруу хэрэглэсэн талаар:

2.3.1. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д “Цалин хөлсний хэмжээг тогтооход дараах зарчим баримтална: 102.1.1.ижил үнэлэмжтэй ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтны цалин хөлсний хэмжээ адил байх; …102.1.4.хүйсээр болон бусад үндэслэлээр ялгаварлан гадуурхахгүй байх;” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

2.3.2. Хариуцагч нар нь цалин хөлсний хэмжээ тогтоодог этгээд биш, улсын төсвийн байгууллагын ажилтан буюу нэхэмжлэгч нарын цалин хөлсийг тогтоож олгох үүрэггүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа ажилтан ажил олгогчийн хооронд үүсэх бөгөөд хариуцагчийг өөрийн төсөв хуваарилах бүрэн эрхийн хүрээнд орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын албан хаагч нар болон улсын төсвөөс санхүүждэг байгууллагын албан хаагч нарт ижил тэнцүү цалин хөлс өгөөгүй ялгаварласан гэж үзэх үндэслэлгүй.

2.3.3. Шүүх “… Орон нутагт ажилласны 30 хувийн нэмэгдлийг олгохоор бол орон нутгийн болон улсын төсвийн байгууллагын албан хаагч гэж ялгаварлахгүйгээр бүгдэд нь олгох, төсвийн орлого хүрэлцэхгүй санхүүгийн хүндрэлтэй тохиолдолд бүгдэд нь олгохгүй байхаар шийдвэрлэх нь хууль болон шударга ёсны зарчимд нийцнэ” гэсэн нь  Төсвийн тухай хуулийн заалтуудад нийцэхгүй, мөн Засгийн газрын тогтоолын сонгох боломж олгосон заалтыг заавал биелүүлэх үүрэг мэтээр тайлбарласан нь үндэслэл муутай байна.

2.3.4. Төсвийн тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1.6-д "улсын төсөв" гэж Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар болон улсын төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг; 4.1.27-д "орон нутгийн төсөв" гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг” ойлгохоор тус тус заасан.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5-д “орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэхээр энэ хуульд заасан чиг үүргээс бусад чиг үүргийг өөр хууль тогтоомжоор тогтоосон бол тухайн чиг үүргийг санхүүжилтийнх нь хамт шийдвэрлэн, шилжүүлдэг байх; 6.6.6.тухайн шатны төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргийг зөвхөн тухайн шатны төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлэх зарчмыг баримтлахаар заасан.

2.3.5. Эдгээр хуулийн дагуу улсын төсвийн байгууллагын захиргааны албан хаагчийн цалин хөлсийг улсын төсвөөс санхүүжүүлэх  бөгөөд цалин хөлсний бүрэлдэхүүнд орох “орон нутгийн нэмэгдэл”-ийг орон нутгийн төсвөөс шууд санхүүжүүлэх үүрэг хариуцагч нарт хуулиар ногдуулаагүй байна.

2.3.6. Сэлэнгэ аймаг нь улсын төсвөөс дэмжлэг авдаггүй, орон нутгийн төсвөөр чиг үүргээ хэрэгжүүлдэг аймгуудын нэг бөгөөд дээрх хуулийн 6.6.5-д заасны дагуу орон нутгийн нэмэгдэлд зориулж дээд шатны төсөв буюу улсын төсвөөс ямар нэгэн дэмжлэг 2023 онд өгсөн баримтгүй байна.

2.4. Сонгох боломжийг буруу тайлбарласан талаар:

2.4.1. Төсвийн тухай хуулийн 6.6.5, 6.6.6-д заасан зарчмын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 6 дугаар хавсралтын 5 дугаар заалтыг “Орон нутагт ажилласны нэмэгдлийг захиргааны албан тушаал эрхэлдэг орон нутгийн болон улсын төсвийн захиргааны байгууллагын төрийн захиргааны албан хаагчид 80 хүртэл хувиар нэмж олгох асуудлыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно” гэж сонгох боломж олгосон, харин үүрэг болгоогүй.

            2.4.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж заасан.

Энэ тохиолдолд дээрх 6 дугаар хавсралтын 5 дугаар заалтыг биелүүлэхдээ хариуцагч Засаг дарга болон Хурал нь тухайн жилийн орон нутгийн төсвийн орлого зарлагын боломжид тулгуурлан шийдвэрлэх бөгөөд “2023 онд төсвийн тодотгол хийх үед орон нутгийн төсвийн боломж байгаагүй” гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй бөгөөд сонгох боломжийг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

2.4.3. Харин орон нутгийн захиргааны албан хаагч нарт өмнө батлагдсан төсөвтөө багтааж, орон нутгийн нэмэгдлийг тухайн албан хаагчийг ажиллуулж байгаа ажил олгогч нар нь олгож Төрийн албаны тухай хуулийн 57.17-д заасныг хэрэгжүүлсэн байхад Төсвийн тухай хуулиар санхүүжүүлэх үүрэг хүлээгээгүй этгээдэд өгөх нэмэгдлийг санхүүжүүлэх боломжгүй байсны төлөө “орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын албан хаагч нарт адилхан өгөхгүй байх нь хууль болон шударга ёсонд нийцнэ” гэж сонгох боломжийг буруу тайлбарлажээ.

3. Дээрх нөхцөл байдлуудаар хариуцагч нар нь 2023 оны 07 дугаар сарын 01-нээс 2024 оны 01 сарын 01 хүртэл орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх боломжгүй гэж үзэж төвийн тодотголд улсын төсвийн байгууллагын албан хаагч нарт олгох “орон нутгийн нэмэгдэл”-д хөрөнгө зарцуулахаар тусгаагүй нь сонгох боломжийн хүрээнд байх бөгөөд хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

4. Мөн нэхэмжлэгч нь 6 дугаар хавсралтын 4-д зааснаар 20 хувийн нэмэгдлийг ч орон нутгийн захиргааны алба хаагч нарт олгосон /20+30 хувь/, гэтэл бидэнд нэг ч төгрөг олгоогүй гэх боловч Засгийн газрын 489 дүгээр тогтоолоор 3** дугаар тогтоолын 6 дугаар хавсралтад нэмсэн 4 дэх заалтад “4.Орон нутагт ажилласны нэмэгдлийг захиргааны албан тушаал эрхэлдэг орон нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагчид албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувиар бодож орон нутгийн төсвөөс сар бүр олгоно.” гэсэн нь сонгох боломжгүй, үүрэг болгосон заалт мөн боловч агуулга нь улсын төсвийн байгууллагын захиргааны албан  хаагчид чиглээгүй байх тул хариуцагчийг нэхэмжлэгч нарын нэмэгдлийг санхүүжүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй.

5. Төрийн албаны тухай хуулийн 57.17-д “орон нутгийн нэмэгдэл” өгч болохоор заасны дагуу Засгийн газрын тогтоолоор уг хуулийг хэрэгжүүлж гаргасан 2018 оны 3** дугаар тушаалын 6 дугаар хавсралтын 5-д заасны дагуу орон нутгийн төсвөөс олгоогүй тохиолдолд 6-д зааснаар тухайн шатны төсөвт тусгаж хэрэгжүүлэх нь тухайн төсвийн захирагч нарын үүрэг байх тул тухайн шатны төсөв буюу улсын төсвөөс орон нутгийн нэмэгдлийн санхүүжилтийг шийдүүлэхээр байна. 

6. Харин хариуцагч Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь дээрх Засгийн газрын тогтоолд заасан сонгох боломжийн хүрээнд 2024 оны орон нутгийн төсвийн боломжтой байдлыг харгалзан, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1** дугаар тогтоолоор /3.2.1.20-д/ 2024 оны 01 дүгээр сарын 01-нээс 04 сарын 01 хүртэл улсын төсвийн байгууллагын ажилтанд олгох “орон нутгийн нэмэгдэл”-д зарцуулах хөрөнгийг тусгасан байх тул энэ хэсгээс нэхэмжлэгч нарт хамаарах хэмжээгээр нэхэмжлэгч нарын ажил олгогчид зохих журмаар шилжүүлэхийг даалгаж нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

           

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 114/ШШ2024/00** дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.17, Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 4.1.27, 6 дугаар зүйлийн 6.6.5, 6.6.6, 16 дугаар зүйлийн 16.5.3-д заасныг баримтлан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч иргэдийн ажиллаж буй улсын төсвийн байгууллагуудад 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх “орон нутгийн нэмэгдэл”-ийг зохих журмаар санхүүжүүлж шилжүүлэхийг Сэлэнгэ аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч төрийн байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

      ШҮҮГЧ                                                      О.ОЮУНГЭРЭЛ

                    ШҮҮГЧ                                                    Ц.САЙХАНТУЯА

       ШҮҮГЧ                                                     С.МӨНХЖАРГАЛ

 

[1] 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Төрийн албаны  тухай хуулийн 57.17 дахь заалтад “үйлчилгээний болон улс төрийн албан тушаалтан” гэж нэмж өөрчилсөн.