Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 222

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч Ё.Цогтзандан, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

улсын яллагч Б.Уранчимэг,

шүүгдэгч Б.Хатанзориг, түүний өмгөөлөгч Ю.Тогмид,

иргэдийн төлөөлөгч Д.Далайжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Батзоригийн Хатанзоригт холбогдох эрүүгийн 201525031666 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Боржигон овогт Батзоригийн Хатанзориг, 1989 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Төв аймагт төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, архитектур мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн наран 12 дугаар гудамжны 191 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УУ89062539;

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд дурьдсанаар/,

Шүүгдэгч Б.Хатанзориг нь 2016 оны 8 дугаар сарын 19-нөөс 2016 оны 8 дугаар сарын 20-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 31 дүгээр гудамж, 463 тоотод Н.Борисыг гар утас хулгайлж авлаа гэх шалтгаанаар зодож, түүний бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:        

Шүүгдэгч Б.Хатанзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талуудын саналаар хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Б.Хатанзориг яллагдагчаар мэдүүлэхдээ: “... Би 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр найз Энхсүрэнтэй хамт хотын төвд архи уугаад шөнийн 02:00 цаг болж байх үед Энхсүрэнтэй хамт Чингэлтэйд байдаг түүний гэрт нь ирсэн чинь гэрийнх нь түлхүүр байхгүй байсан. Ингээд Энхсүрэнгийн хамаатны эгч Цэвэлмаагийн ажилуулдаг дэлгүүр дээр нь түлхүүр авах гээд очиход дэлгүүр нь хаалттай байсан. Тэгээд гэр нь ойролцоо байдаг гээд Энхсүрэн намайг дагуулаад тэр Цэвэлмаа гэдэг эгчийнхээ гэрт очсон. Тэгэхэд эгч нь байхгүй нөхөр нь байсан.  Ингээд Энхсүрэн бид хоёр тэднийд ороод би тэр ахтай нь танилцсан юм. Танилцахад тэр ах өөрийгөө Борис гэж танилцуулж байсан. Ингээд Борис ах Энхсүрэн бид гурав архи уухаар болоод Энхсүрэн бид хоёр гараад дэлгүүр хаасан болохоор 7-н буудлын баарнаас нэг шил 0.75 литрийн Хараа архи, хоёр шил Боргио пиво аваад буцаад хохирогч Борисын гэрт нь очоод авч очсон архи пивоо хувааж уусан. Архи пиво ууж дуусгаад 03:00 цаг нэлээд өнгөрөөгөөд унтахаар болоод хэвтсэн. Би унтахаасаа өмнө Борис ахаас утасны цэнэглэгч гуйж аваад гар утсаа цэнэглээд галын өрөөнд нь тавиад унтсан юм. Ингээд өглөө 08:00 цагийн үед хаалга онгойгоод гаднаас хүн орж ирэхээр нь би сэрээд хартал хохирогч Борис ах гаднаас орж ирж байсан. Тэгээд орж ирэнгүүтээ шууд ирээд миний хөнжлийг хуу татаад одоо манайхаас яв гээд намайг хөөсөн. Энэ үед Энхсүрэн миний хажууд унтаж байсан. Тэгээд Энхсүрэн бид хоёр цуг явъя гээд хоёулаа босоод хувцсаа өмсөөд би галын өрөөнд нь цэнэглээд орхисон байсан гар утсаа авах гэхэд миний гар утас алга болчихсон байсан. Тэгээд Борис ахаас миний гар утас хаана байна харсан уу? гэж асуухад хохирогч Борис би тэр утсыг чинь мэдэхгүй одоо манайхаас яв гээд намайг хөөгөөд байсан. Үүнээс болоод Борис ахыг гар утас хулгайлчихлаа гээд маргалдсан. Маргалдаж байх үед Энхсүрэн бие засна гээд гараад явсан. Энэ үед нь хохирогчийг би нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон. Хохирогч бас зөрүүлээд миний нүүр рүү гараараа цохисон. Тэгээд би уурлаад хохирогч Борис ахыг нүүр болон цээж гэдэс рүү нь хэд хэдэн удаа гараараа цохиж зодсон. Ингээд байж байтал гаднаас Энхсүрэн орж ирээд намайг салгасан. Ийм л асуудал болсон юм…” гэжээ /хх-68-69/.

 Н.Борис хохирогчоор мэдүүлэхдээ: “…2016 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө байх Олимп гэртэй сууж байхад шөнө 01 цагийн үед байх гаднаас манай эгч Долгорын хүүхэд болох Энхсаруул хажуудаа нэг найзыгаа дагуулчихсан 0.75 литрийн нэг шил архи, 0.5 литрийн 2 шил пиво барьчихсан манайд орж ирсэн юм. Тэгээд авчирсан архийг нь бид гурав хувааж уусан. Тэгээд өглөө сэрэхэд хамаг бие өвдөөд, гэрийн хамаг юмыг буулгаад хаясан байсан. Тэгээд Энхсүрэнд хандаж “би яасан юм бэ” гэж асуухад Энхсүрэн “та манай найзтай зодолдсон” гэж хэлсэн юм. Тэгээд би босож ус уучихаад бие өвдөөд хэвтээд өгсөн юм. Тэгээд Энхсүрэн найзтайгаа гараад яваад өгсөн би өдөржин бие өвдөөд босож чадахгүй хэвтэж байхад цагийг сайн санахгүй байна. Манай охин Алгирмаа ирээд намайг эмнэлэг рүү аваад явсан юм. Намайг хэн зодсон талаар мэдэхгүй байна. Энхсүрэн болон найзтай нь хамт архи ууж байсан, тэгээд хэсэг хугацааны дараа сэрэхэд хамар бие өвдөөд ам хамраас цус гарчихсан шүд унасан байсан юм. Намайг хэн яаж, яах гэж зодсоныг нь мэдэхгүй байна. Харин өглөө сэрж юу болсон талаар асуухад Энхсүрэн “та манай найзтай зодолдсон” гэж хэлсэн юм. Тухайн үед Энхсүрэн би гадаа байж байсан. Та хоёр дотор зодолдсон гэж хэлсэн. Намайг хэн зодсон, энэ гэмтлийг хэн учруулсныг нь мэдэхгүй, юу ч санахгүй байна. Энхсүрэн найзтайгаа манайд ирэхээс өмнө би архи уугаагүй эрүүл байсан юм. Харин Энхсүрэн манайд ирэхдээ найзтайгаа нилээд халамцуу байсан. Тэгээд тэр хоёрын авчирсан архийг бид гурав хувааж уусан юм. Тэгээд архи ууж байгаагаа л санаж байна, өөр зүйл санахгүй байгаа юм. Өглөө босоход хамаг бие өвдөөд хамар, амнаас цус гарсан юм. Архи ууж байхад болон архи уухаас өмнө тэр хоёртой маргалдсан зүйл байхгүй. Энхсүрэнгийн найзыг нь танихгүй залуу байсан юм. Өглөө сэрэхэд Энхсүрэн “Балай юм шиг манай найзтай зодолдоод” гэж хэлсэн юм. Бид хоёр юунаас болж маргалдсан талаар надад хэлээгүй. ...Хатанзориг намайг гар утас хулгайлж авлаа гэх шалтгаанаар зодсон гэж байсан. Би түүний гар утсыг хулгайлж аваагүй. Яагаад тэр утас нь алга болсныг мэдэхгүй. Надад одоо ямар нэгэн санал гомдол байхгүй. Надад эмчилгээний зардал төлсөн байгаа. Тийм болохоор одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй…” гэжээ /хх-29-34/.

Гэрч Б.Алигэрмаа мэдүүлэхдээ: “...Би нөхөр О.Баясгалангийн хамт хөдөө Төв аймгийн Батсүмбэр сум луу явчихаад 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 16:00-17:00 цагийн орчимд Чингэлтэй байдаг аавынхаа гэрт нь ирсэн юм. Тэгээд яг аавынхаа гэрийн хашааны үүдэнд иртэл манай аавын эгчийн хүү болох Энхсүрэн нөхөр бид хоёрын урд талд таксинаас буугаад гэр лүү орж харагдсан. Мөн Энхсүрэнтэй хамт хоёр залуу хамт орсон бөгөөд нөгөө такси нь тэр гурвыг буулгачихаад яваад өгсөн. Тэгээд нөхөр бид хоёр машинаа байрлуулчихаад хашаа луу яваад ортол байшингаас байж бай гээд  дотор нь чанга чанга дуугараад байхаар нь нөхөр бид хоёр ортол аав гэртээ том өрөөний буйдан дээр дээшээ хараад хэвтчихсэн, нүүр ам нь хөхөрчихсөн мөн цус нөж болчихсон хэвтэж байсан бөгөөд Энхсүрэнтэй хамт байсан нэг өндөрдүү биетэй урт үстэй залуу нь аавыг дээрээс нь дарчихсан саарал өнгийн биеийн тамирын цамцаар цусыг нь арчиж байсан. Тэгээд би Энхсүрэнгээс аав яасан юм гэж асуухад Энхсүрэн надад шөнө аав чинь гарч яваад хүнд зодуулчихаад ороод ирлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр аавыг дагуулж гараад гэртээ аваачсан. Тэгээд гэрээсээ түргэн дуудаад  аавыг  гэмтлийн эмнэлэгт аваачиж өгсөн. Тухайн үед аав бол нэг их сайн ярьж чадахгүй байсан ба эмнэлэг явж байх замдаа Энхсүрэнтэй  хамт явж байсан өндөр залуу нь намайг зодсон гэж  хэлсэн. Тэр үед бол Энхсүрэн намайг зодсон гэж хэлээгүй...” гэжээ /хх-35-37/. 

Гэрч О.Баясгалан мэдүүлэхдээ: “...Би эхнэр Б.Апигэрмаагийн хамт хөдөө Төв аймгийн Батсүмбэр сум луу явчихаад 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 16:00-17:00 цагийн орчимд Чингэлтэй байдаг хадам аав Н.Борисын гэрт ирсэн юм. Тэгээд яг хадам аавын хашааны урд ирэх үед хадам аавын эгчийн хүү болох Энхсүрэн нь эхнэр бид хоёрын урд мөн хоёр залуугийн хамт таксинаас буугаад аавын хашаа луу  орсон. Нөгөө буулгасан такси нь бол шууд яваад өгсөн. Тэгээд би машинаа байрлуулчихаад эхнэрийн хамт буугаад хадам аавын гэрт орсон чинь  манай хадам аав Борис хүнд зодуулсан байдалтай нүүр ам нь хавдаад цус болчихсон том өрөөний буйдан дээр дээшээ хэвтчихсэн Энхсүрэнтэй хамт өөрөөс  нь өндөрдүү биетэй урь үстэй залуу нь аавын дээрээс тонгойчихсон  саарал цамцаар нүүрэн дээрх цусыг нь цэвэрлээд зогсож байсан. Тэгэхээр нь эхнэр бид хоёр Энхсүрэнгээс юу болсныг нь асуухад  хадам аавыг урд шөнө  гарч яваад хүнд хүнд зодуулчихаад ороод ирсэн гэж хэлсэн. Тэгээд ааваас бас юу болсныг нь асуухад аав бас л шөнө жалганы тэнд явж байгаад танихгүй хүнд зодуулчихсан гэж хэлж  байсан. Гэхдээ тухайн үед манай хадам аав эрүү ам нь гэмтчихсэн байсан болохоор олигтой сайн ярьж чадахгүй байсан. Ингээд эхнэр бид хоёр аавын аваад машиндаа суулгаад гэр лүүгээ явсан юм. Гэрт очоод түргэн дуудаад шууд оройдоо суулгаад гэр лүүгээ явсан юм. Гэрт очоод түргэн дуудаад шууд тэр оройдоо гэмтлийн эмнэлэг лүү авч явж хэвтүүлсэн. Эмнэлэг явж байх замдаа хадам аав Борис нь хадам ээж Цэвэлмаад хэлэхдээ Энхсүрэнгийн найз гэх өндөр Хатанзориг гэдэг залууд зодуулсан гэдгээ хэлсэн…” гэжээ /хх-38-40/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ¹11671 тоот шинжээчийн дүгнэлтэд:

“…1. Борисын биед зүүн уушигны няцрал, баруун уушигны бүрэн бус авчилт, цээжний хөндий дэх хий, шингэн хуралт, зүүн талын 7,8-р, баруун талын 4,5-р хавирганы хугарал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, доод хана, зүүн гайморовын хөндийн урд хана, дотор хана, хажуу ханын хугарал, хоёр шүдний булгарал, зүүн нүдний алим, зүүн хацар, шанаа, эрүү, дух, баруун шанаа, хүзүү, цээж, бүсэлхий, нуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Зүүн уушигны няцрал, баруун уушигны бүрэн бус авчилт, цээжний хөндий дэх хий, шингэн хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 31.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн талын 7,8-р баруун талын 4,5-р хавирганы хугарал, зүүн гайморовын хөндийн урд хана, дотор хана, хажуу ханын хугарал гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна. Бусад гэмтлүүд нь тус, тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Хоёр шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 10% алдагдуулна…” гэжээ /хх-46-47/.

Шүүгдэгч Б.Хатанзоригийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-73/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-71/, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн “төрсний бүртгэлийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт”, хохиролд 1.050.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт /хх-16/ зэргийг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх тэдгээрийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Б.Хатанзориг нь 2016 оны 8 дугаар сарын 19-нөөс 2016 оны 8 дугаар сарын 20-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 31 дүгээр гудамж, 463 тоотод Н.Борисыг гар утас хулгайлж авлаа гэх шалтгаанаар зодож, түүний бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруутай болох нь хохирогч Н.Борисын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Хатанзоригийн үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Хохирогч Н.Борис нь эмчилгээний зардалд 1.050.000 авсан болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Хатанзоригоос нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй тухайгаа мэдүүлсэн байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.   

            Шүүх шүүгдэгч Б.Хатанзоригт ял шийтгэл оногдуулахдаа түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирогчид хохирол төлбөр төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх  боломжтой гэж дүгнэв.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Батзоригийн Хатанзоригийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Хатанзоригт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурван/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Хатанзоригт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хатанзоригт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.ХАЛИУН

 

           ШҮҮГЧИД                                                                  Ё.ЦОГТЗАНДАН

 

                                                                                                Н.БАЯРМАА