Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 500

 

 

 

 

 

 

 

 

 

 

П.А, Д.Б нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03512 дугаар шийдвэртэй, П.А, Д.Бын нарын нэхэмжлэлтэй, хариуцагч А.Ут холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баасанжав,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ононбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь А.Ут 2010 оны 7 дугаар сард Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 66/4-2 тоотын 183.8 м.кв талбай бүхий 2 давхар орон сууц болон 506.23 м.кв талбай бүхий газрыг нийт 130 000 000 төгрөгөөр худалдсан. Уг орон сууц нь “Ай Энд Юу Тур” ХХК-ийн захирал П.Шүрэнцэцэгийн зээ дүү Б.Жаргалын нөхөр Д.Бын өмчлөлийнх, харин 506.23 м.кв талбай бүхий газар нь 1 гишүүнтэй “Ай Энд Юу Тур” ХХК-ийн эзэмшлийнх байсан. Д.Б гэр бүлээрээ 2010 оны 7 дугаар сараас гадаадад амьдрах болж орон сууцаа зарах болсон. Ингээд 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдөр А.Утай байрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж 110 000 000 төгрөгийг бэлнээр авсан. А.У 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдөр “Ай Энд Юу Тур” ХХК-ийн захирал П.Шүрэнцэцэгтэй 506.23 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг байгуулсан.

А.Уын хувьд үлдэх 20 000 000 төгрөгийг 506.23 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гарсны дараа өгөхөөр 2011 оны 2 дугаар сарын 08-ны өдөр бичгээр тохиролцсон. П.А нь “Ай Энд Юу Тур” ХХК-ийн захирал П.Шүрэнцэцэгийн төрсөн эгч бөгөөд Б.Жаргал нь П.Аийн охин, Б.Жаргалын нөхөр нь Д.Б юм. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд А.У нь Нийслэлийн засаг даргад холбогдуулан газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, “Ай Энд Юу Тур” ХХК-иас дээрх орон сууцны газрыг эзэмших эрхийг өөрт шилжүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн засаг даргад даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг шийдвэрлэгдэх явцад А.У 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд удаа дараа хүсэлт гаргаж 506.23 м.кв газрыг эзэмшүүлэх захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, “Ай Энд Юу Тур” ХХК-иас 66/4-2 тоот үл хөдлөх эд хөрөнгийн доорх болон орчны газрыг А.Ут эзэмших эрх шилжүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Захиргааны хэргийн шүүх 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 367 тоот шийдвэр гаргаж Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Уын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Ай Энд Юу Тур” ХХК-иас Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 66/4-2 тоот орон сууцны газрыг эзэмших эрхийг А.Ут шилжүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн ба талууд уг шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй.

А.У нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу тогтоосон талбай бүхий газрыг 2016 оны 3 дугаар сард өмчлөн авсан бөгөөд энэ хугацаанаас хойш үлдэгдэл 20 000 000 төгрөгийг төлөх үүрэг үүсч, төлөхийг шаардахад элдэв шалтаг тоочин өгөхгүй байгаа бөгөөд одоо уг 2 давхар орон сууц, газраа зарах зар өгсөн байгаа. Иймд А.Уаас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 20 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.А, Д.Б нарт олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.У нь Д.Баас 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдөр түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 66/4-2 тоот 2 давхар амины орон сууцыг болон орчны газар болох 506.23 м.кв бүхий эзэмшил газрынх нь хамт 130 000 000 төгрөгөөр худалдаж авч 110 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Гэрээ байгуулсны дараа орон сууц нь А.Уын өмчлөлд бүртгэгдсэн бөгөөд “Ай Энд Юу Тур” ХХК-тай 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж амины орон сууц болон орчны газар болох 506.23 м.кв бүхий газрыг эзэмшилдээ шилжүүлэхээр болсон. “Ай Энд Юу Тур” ХХК-ийн захирал П.Шүрэнцэцэг нь А.Ут шилжүүлсэн газраасаа “Хан Ченук” ХХК-д зарсан бөгөөд үүнтэй холбоотой тус компаниас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасан ч шүүх хүлээж авсангүй.

А.У захиргааны хэргийн шүүхэд газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой маргаан үүсгэн нэхэмжлэл гаргасан ба 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Захиргааны хэргийн шүүх А.Ут газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй Нийслэлийн засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Ай Энд Юу Тур” ХХК-иас дээрх 66/4-2 тоот орон сууцны газрыг эзэмших эрхийг А.Ут шилжүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн засаг даргад даалгасан бөгөөд энэ шийдвэрт хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй. А.У нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу 387.09 м.кв талбай бүхий газрыг 2016 оны 3 дугаар сард өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан.

Захиргааны хэргийн шүүхэд маргаан хянагдаж байх үед Д.Бын төлөөлөгчөөр оролцож байсан Б.Дөлжаргал нь үлдэгдэл төлбөр 20 000 000 төгрөгтэй холбоотой мэдэгдлийг А.Ут өгч байсан ба үүнтэй маргахгүй байгаа. А.У  худалдан авсан орон сууцныхаа талбайн хэмжээг саявтар өөрсдөө хэмжиж үзэхэд 30 м.кв талбайгаар дутуу байсан боловч энэ талаарх баримтгүй байна. Орон сууц болон 506.23 м.кв талбай бүхий газар худалдан авахаар тохирч гэрээ байгуулан бэлнээр 110 000 000 төгрөг өгсөн атал газар нь гэрээнд заасан хэмжээнээс даруй 119.14 м.кв талбайгаар дутуу олгогдон А.У хохирч үлдэж байгаа тул 20 000 000 төгрөг гаргуулах шаардлага хуульд нийцэхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Уаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б, П.А нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Уаас 257 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б, П.А нарт олгож, хариуцагч А.У шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл,журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар шүүгчийг татгалзахад хүсэлтийг хүлээж авахгүй гэж өөрөө шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. 2010 онд нэхэмжлэгч нараас 506 м.кв талбай бүхий газар худалдаж авахаар 110 000 000 төгрөг бэлнээр төлсөн боловч одоог хүртэл 119 м.кв газар дутуу, шилжүүлж өгөөгүй. Мөн үл хөдлөх хөрөнгийн талбай нь 30 м.кв-аар дутуу байгаа зэрэг үндэслэлээр 20 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн гэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

 

Нэхэмжлэгч П.А, Д.Б нар хариуцагч А.Ут холбогдуулж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч уг шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл 2010 оны 7 дугаар сард нэхэмжлэгч П.А нь Д.Баас олгосон итгэмжлэлээр түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 66/4-2 тоот 183.8 м.кв талбайтай 2 давхар амины орон сууц болон түүнд хамаарах 506.23 м.кв талбай бүхий “Ай Энд Юу Тур” ХХК-ийн эзэмшлийн газрыг хариуцагч А.Ут 130 000 000 төгрөгөөр худалдаж, 110 000 00 төгрөгийг бэлнээр авч, 20 000 000 төгрөгийг гэрчилгээ гарсны дараа төлөхөөр тохиролцон “Гурвалсан хэлцэл” хийж, “Ай Энд Юу Тур” ХХК-ийн захирал П.Шүрэнцэцэг, нэхэмжлэгч П.А, хариуцагч А.У нар зөвшөөрч гарын үсэг зурсан байна. Иймд шүүх уг гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүсгэсэн гэж эрх зүйн харилцааг зөв дүгнэжээ. /хх 6, 92/

 

Хариуцагч А.У нь төлбөрийн үлдэгдэл 20 000 000 төгрөг шаардсан нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэлээ гэрээгээр тохирсон газрын хэмжээ 506.23 м.кв талбайд хүрээгүй буюу 119 м.кв-аар, орон сууц нь 30 м.кв-аар дутуу байсан гэж тайлбарлан маргасан.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар гэрээний зүйл нь тогтоосон тоо, хэмжээний хувьд доголдолтой гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Хэрэв худалдсан эд хөрөнгө доголдолтой байсан бол худалдан авагч тал Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд зааснаар гэрээг цуцлах, доголдлыг арилгуулах эсхүл доголдолтой хэсгээр үнийг бууруулах талаар шаардлага гаргах эрх байдаг боловч энэ талаар хэрэгт авагдсан баримтгүй байгаа нь тухайн эд хөрөнгийг биет байдлын доголдолтой гэж үзэхгүй.

 

Иймд анхан шатны шүүх гэрээний зүйлийн үнийг бүрэн төлөөгүй худалдан авагч А.У нь үлдэгдэл төлбөр 20 000 000 төгрөгийг худалдагчид төлөх үүрэгтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ононбаяр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг шүүх зөрчиж, шүүгчээс татгалзсан татгалзлыг тухайн шүүгч өөрөө шийдвэрлэсэн гэж давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

 

2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны явцад гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг шударгаар шийдвэрлэхэд эргэлзээтэй гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар шүүгчээс татгалзсан байна. Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 101/ЕШ2017/01684 дугаартай захирамжид “хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгч хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх нь эргэлзээтэй гэх үндэслэлгүй” гэж дүгнэн шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хангаагүй байна. /хх 57-65/

 

Улмаар 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч талын “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох” тухай хүсэлт тус бүрийг шүүх хэрэгсэхгүй болгосон захирамж гаргажээ. Үүнтэй холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “ач холбогдолтой хүсэлт хэрэгсэхгүй болгосон” гэж дахин шүүгчийг татгалзан гаргах хүсэлт хэлсэн.

 

Шүүгч дээрх хүсэлтийг шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчоос гаргаж байгаа хүсэлт гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.3 дах хэсэгт зааснаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна. Харин “Хүсэлт шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт “шүүгчийн татгалзлыг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нь найруулгын алдаа байх бөгөөд хуралдааны явцад гаргасан хэргийн оролцогчийн хүсэлтийг шүүгч өөрөө шийдвэрлэх эрхтэй тул энэ талаар гаргасан захирамжийг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Учир нь шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ дагуу хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбоотой шүүгчээс татгалзсан асуудлыг өмнө нь буюу 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэсэн захирамж хэрэгт байх бөгөөд мөн адил үндэслэлээр татгалзан гаргах хүсэлтийг шүүх хангаагүй байна. /хх 127-129/

 

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03512 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 257 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                    Т.ТУЯА