| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 105/2023/0103/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/131 |
| Огноо | 2023-01-25 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/131
2023 01 25 2023/ШЦТ/131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,
нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
хохирогч Э.Х,
шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт Ж.М-д холбогдох эрүүгийн ......... дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр .....суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ...... ажилтай. Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 13 дугаар байрны 1-3 тоотод оршин суух хаягтай, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар ял оногдуулахгүйгээр тэнсэж шийтгэгдсэн.
...... овогтой Ж.М, /РД: *********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.М нь 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 18-20 цагийн хооронд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дунд Дарь-Эхийн 1-700 тоотод Э.Х-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө найз Батбуянтай уулзаад бид 2 гадуур гар утас худалдааны төвүүдээр явсан. Орой 5-6 цагийн хооронд гэртээ ирээд бид 2 пиво уусан, пиво ууснаасаа болоод согтсон байсан, юу болсныг санахгүй байна” гэв.
Хохирогч Э.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэртээ дүүтэйгээ хамт гэрээ цэвэрлээд, дүү бид 2 хоол хийж байсан. М ах согтуу орж ирж байсан, дүүг зайрмагт явуулах хоорондоо намайг хүчиндсэн. Би сэтгэл санааны хувьд хүнд байгаа, хүүхдээ харахаар уйлчих гээд дотор маш хэцүү байгаа. Энэ хэргийг зөндөө олон удаа мартах гэж хичээсэн даанч чадахгүй, одоо хүүхдээ харахаар уйлчих гээд байгаа” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 19 дэх тал/,
- Хохирогч Э.Х-ын “ ...2021 оны 1 дүгээр сарын 26-нд намайг гэртээ Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн .... тоотод гэртээ байж байтал манай хүргэн ах болох М нь гаднаас согтуу орж ирсэн, 18 цаг 30 минутын орчимд байсан шиг санагдаж байна. Би том өрөөндөө зурагт үзэж байтал М нь намайг хүчиндсэн юм. Би тухайн үед эсэргүүцэл үзүүлсэн боловч яаж ч чадаагүй, тэр өдөр манай гэрт манай төрсөн дүү Б байсан бөгөөд болсон явдлыг мэдсэн. Тэгээд манай гэрт орой З эгч ирсэн бөгөөд би болсон явдлын талаар эгчид хэлсэн чинь З эгч М-тай хэрэлдсэн. Тэгээд орой 21 цагт ээж ирэхэд нь би болсон явдлын талаар хэлээгүй. Тэгээд 1 сарын 28-ны өдөр би ээжтэйгээ шүүхийн шинжилгээний үндэсний төвд шинжилгээ өгөхөд шүүхийн шинжилгээний шинжээч эмч манай ээжид охин чинь хүчиндүүлсэн гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дахь тал/,
- Гэрч Б.Н-ийн “...2021 оны 01 дүгээр сарын 26-нд орой 21 цаг 29 минутын орчим манай бага хүү Б миний ***** дугаартай ***** охин Х дугаараас залгаад ээж цагдаа дууд гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу болсон юм бол гээд хүргэн М руу залгахад манай том охин З утас аваад ээж та хүрээд ир гэсэн... 27-нд Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирж гомдол гаргасан юм... Х нь ... М ах намайг 26-нд хүчирхийлсэн гэж хэлсэн. Тухайн өдөр М нь миний бага хүү Бадар- Ууганыг зайрмагт явуулаад хаалга үүдээ түгжээд хүчирхийлсэн гэсэн. Би хүү Б-аас болсон явдлын талаар асуухад М намайг зайрмагт явуулсан. Би зайрмаг аваад буцаад гэртээ ирэхэд гэрийн хаалга түгжээтэй байсан, хаалга нүдээд байтал М ах ууртай хаалга онгойлгосон. Тэгээд эгч З-г дуудсан гээд хэлсэн. Би зайрмагт явсан гэсэн." гэх мэдүүлэг /хх-ийн 26 дахь тал/,
- Насанд хүрээгүй гэрч Э.Б-ы “...2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр би эгч Х-ын хамтаар гэртээ байсан. Тухайн өдрийн орой 19 цаг 30 минутын үед гаднаас эгч З-гийн найз залуу М нь орж ирсэн. М ах гаднаас орж ирэхдээ халамцуу орж ирсэн. Тэгээд намайг миний согтуу байгааг ээждээ битгий хэлээрэй гэсэн. Удалгүй намайг зайрмаг аваад ир гээд мөнгө өгөөд дэлгүүр рүү явуулсан. Гэрт М ах Х эгч хоёр үлдсэн. Тэгээд би дэлгүүр ороод гэртээ ирсэн ба дэлгүүр ороод 5 минут орчим болсон. Гэртээ ирэхэд хаалга цоожилчихсон хөшиг хаачихсан байсан ба би хаалгаа онгойлгохгүй болохоор нь би хаалгыг тогшсон. Тэгээд 20-30 секундийн дараа М ах хаалга онгойлгож өгсөн ба фудволктой дотуур өмдтэйгөө байсан. Гэрт дотор ороход Х эгчийн үс нь арзайчихсан сууж байсан. Х эгч тэр үед дээгүүрээ цамцтай доогуураа өмдтэй байсан. Тэгээд би М ахтай хамт хоол хийх гээд эхэлж байтал М ах хойд өрөө рүү ороод унтчихсан. Тэгээд унтсан хойно нь Х эгч надад өмнө нь Идэрээ ах намайг ингэж би яг одоо 2 дахь удаагаа ийм байдалд орж байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дэх тал/,
- Гэрч Э.З-гийн “...Би 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ажил хийхээр гэрээсээ гарсан... тухайн өдрийн орой 16 цагийн үед би найз залуу М-ыг ажил дээрээ дуудсан. Манай найз залуу М нь 18 цагийн үед манай ажил дээр ирсэн. Ирэхдээ найз Б гэх залуугийн хамтаар ирсэн ба тэр хоёр согтуу ирсэн. Тэгээд ирж надад юм өгчхөөд явах гэхээр нь би согтуу байсан тул Б -гийн гэрт хоночих гэж хэлсэн. Тэгээд би ажлаа хийж байтал М нь над руу залгаад ээж гэрт байгаа юм уу асуучих, хэрвээ байхгүй бол би гэртээ чимээгүй очоод унтаад өгье гэж хэлсэн. Тэгээд би ээж рүү залгахад гэрээс гараад явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ээжид за за гэж хэлчхээд М руу залгаад ээж гэрээс гараад явж байна гэнэ, чи гялс очоод унтчих гэж хэлсэн. Тэрнээс хойш удаагүй М над руу залгаад гэрт ирчихлээ гэж хэлсэн. Залгаснаас нь хойш удаагүй манай бага дүү Б нь над руу залгаад аниа та над руу хүрээд ир гээд уйлж байгаа юм шиг ярьсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад юу ч хэлээгүй утсаа салгасан. Тэгээд би эргүүлээд залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд би М руу залгахад утсаа авсан ба наана чинь юу болоод байгаа талаар асуугаад Б -тай ярья гэхэд эргээд залгая гээд салгасан. Тэгээд би ажлынхаа газрын ахыг гуйж гэр рүүгээ хүргүүлээд гэртээ 20 цагийн үед ирсэн. Гэрт ирэхэд Х хоол хийгээд Б том өрөөнд байсан ба М унтаж байсан. Тэгээд би Х-гоос юу болсон талаар нь асуухад М ах гэж хэлээд уйлаад байсан. Тэгэхээр нь би М-ыг сэрээх гэтэл сэрэхгүй байсан. Тэгээд нэлээн удаж байгаад сэрээгээд чи Х-той унтчихсан байна гэж хэлсэн. Тэгтэл юу яриад байгаа юм би юу гэж тэгж байдаг юм, битгий тэнэг юм яриад бай гэж уурласан. Тэгээд чи салмаар байгаа юм бол тэрийгээ хэл гээд уурлаад хувцсаа аваад явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дэх тал/
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ...... дугаартай “...1.2. Ж.М нь бэлгийн харьцаанд орох чадвартай байна. 3. Ж.М нь бэлгийн замын халдварт дох, тэмбүү, заг хүйтэн, трихоминаз өвчингүй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 59-60 дахь тал/
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ..... дугаартай шинжээчийн: ...1.2.3. Э.Х ын охин хальс 5 цагийн байрлалд цагаан өнгийн сорвижил бүхий хуучин урагдалтай байна. Хэдийд үүссэнийг тогтоох боломжгүй. 4, 5. Шинжээч эмч Б.Г-гийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр “Э.Х-ын биед үзлэг хийхэд тогтоогдсон “...гадна суурь шилжих нугалаанд салст ойролцоогоор 0,4см цуурсан, бага зэрэг цус шүүрсэн, цусан бүлэн тогтсон... салст шинэ цууралттай...’’ гэсэн нь 48 цагийн дотор эдгэрэх боломжтой. 6. Шинжээч эмч Б.Ганзоригийн 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдөр гаргасан дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 100 дугаар хуудас/ /хх-ийн 100-104 дэх тал/
- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 128 дахь тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ж.М нь 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 18-20 цагийн хооронд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дунд Дарь-Эхийн 1-700 тоотод Э.Х-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ...... дугаартай шинжээчийн: ...1.2.3. Э.Хын охин хальс 5 цагийн байрлалд цагаан өнгийн сорвижил бүхий хуучин урагдалтай байна. Хэдийд үүссэнийг тогтоох боломжгүй. 4, 5. Шинжээч эмч Б.Ганзоригийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр “Э.Х-ын биед үзлэг хийхэд тогтоогдсон “...гадна суурь шилжих нугалаанд салст ойролцоогоор 0,4см цуурсан, бага зэрэг цус шүүрсэн, цусан бүлэн тогтсон... салст шинэ цууралттай...’’ гэсэн нь 48 цагийн дотор эдгэрэх боломжтой. 6. Шинжээч эмч Б.Ганзоригийн 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдөр гаргасан ....... дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.” гэх дүгнэлт, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Ж.М нь хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Баасанжав гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч Ж.М нь гэм буруу дээр маргаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хууль зүйн үр дагаврыг бүрэн ойлгосон. Хохирогчийн зүгээс гомдолтой гэж байгаа ч гэхдээ яг алинд нь гомдоод байгаа вэ гэдгээ ялгаж чадаж байгаа юм уу, гэр бүлийн харилцаа тогтвортой явж байхад дундуур нь ахыгаа уучлаарай гэдэг байдал нь хүн чанарын асуудал, нөгөө талдаа ёс зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл зөв. Шүүх хуралдааны явцад хохирогчоос уучлалт гуйж байна, миний буруу гэж байна, одоо байгаа 400.000 төгрөгөө хохиролд төлье, мөн нэг удаагийн сэтгэл заслын үйлчилгээнд хамруулъя, тэр сэтгэл заслын үйлчилгээний төлбөрийг төлөхөө өөрөө илэрхийлж байна, 1 жилийн сургалтын төлбөрийг төлье, гэвч ажилтай орлоготой, нийгэмд хэвийн байж явах гээд байна гэдгээ илэрхийлж байна. Хохирогч үүнийг бас хүлээж авч байгаа байх. Магадгүй эмэгтэй хүнд төрсний дараах сэтгэл гутрал явагддаг, үүнийг эмэгтэй хүн бүр даван туулдаг. Энэ сэтгэл гутралыг эмэгтэй хүний хувьд байгалийнхаа жамаар давж гарах ёстой байдаг. Шүүгдэгчийн зүгээс хохирогчоос уучлалт гуйж байгааг хүлээн авна уу” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисун, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол “Хүчиндэх”...гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Ж.М нь хохирогч Э.Хын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Иймд шүүгдэгч Ж.М-ын үйлдэл нь “Хүчиндэх” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ж.М нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ж.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Ж.М нь бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Баасанжав эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Өмгөөлөгчийн зүгээс нэгэнт гэм буруу дээр маргахгүй байгаа учраас зайлшгүй хорих ял оноолгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-т зааснаар зүйчилж өгнө үү. Хүний амьдрал богинохон, заавал хорих ял өгснөөрөө энэ этгээд нийгэмшихгүй. Улсын яллагчийн зүгээс цээрлэл гэж хэлж байгаа байх. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго, эрүүгийн хуулийн зорилго нь өөрөө хохирогчийн эрх ашиг сонирхлыг хамгаалах, хохирол төлбөрийг барагдуулах ийм концепцтэй учраас М-ын зүгээс хохирлыг бүрэн хэмжээнд барагдуулъя, хэрэв бид өнөөдөр баримттай байсан бол баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрийг бүрэн барагдуулах боломжтой байсан. Цаашид сэтгэл заслын үйлчилгээний төлбөрийг төлөөд явъя, мөн сургалтын төлбөрийг төлье гэдгээ илэрхийлээд байгааг шүүх харгалзаж үзэж хүлээн авч байна гэдэг байдлаар хандаж байна. Хохирогчийн зүгээс уучлалт хүсч байгааг хүлээж авсан байх, гомдол нь өнөөдөр бас тайлагдаж байгаа байх гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дэх хэсгийг хэрэглэж өгнө үү” гэв.
Шүүх шүүгдэгч Ж.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн асуудалд маргахгүй байгаа, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг тус тус харгалзан үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэв.
Бусад асуудал:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ж.М нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Э.Х нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм хорын хохирол баримтаар нэхэмжлээгүй тул энэ тогтоолоор шийдвэрлэх хохирол үгүй байна.
Хохирогч харин сэтгэл зүйн хувьд хэцүү хямралтай байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн бөгөөд цаашид гарах гэм хор, хор уршгийн хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ж.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .... овогт Ж.М-г “Согтуурсан үедээ хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй үед хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-ыг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖ