Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/54

 

                                 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,

Улсын яллагч Б.Тогтох,

Шүүгдэгч ****************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн               ****************холбогдох эрүүгийн 2238003930013 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ****************нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 18-16 тоотод байрлах ****************гэрт хохирогч ****************өөрийн өмчлөлийн Samsung а13 загварын гар утас орхиод явсныг авч, бусдад зарж борлуулан хохирогч ****************622,700 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч ****************нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 18-16 тоотод байрлах ****************гэрт хохирогч ****************өөрийн өмчлөлийн Samsung а13 загварын гар утас орхиод явсныг авч, бусдад зарж борлуулан хохирогч ****************622,700 төгрөгийн хохирол учруулан бусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238003930013 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Мандшир ах над руу залгаад утас хаана байгаа юм бэ гэж асуухаар нь хашааны үүдэн дээр хэвтэж байхаар нь би зах дээр очоод 120,000 төгрөгөөр зарсан гэж хэлсэн...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хашбатын гэрт очсон чинь Батхүү байсан. Тэгэхээр нь Батхүүгээс утас яасан бэ гэж асуухад хашааны үүдэн дээр утас байхаар нь би зах дээр очоод 120.000 төгрөгөөр очиж зарсан гэж хэлэхээр нь би Батхүүг дагуулаад зах дээр очоод уулзахад салга Хуягаа гэдэг засварчин хүнд миний утсыг зарсан байна лээ. Тэгээд би тэр хүнээс утсаа авах гэтэл миний утсыг задалсан гэж байсан. 2022 оны 9-р сарын 10-ны үеэр миний төрсөн хүүхдүүд надад 688.000 төгрөгөөр авч өгч байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 14, 16-р хуудас),

Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 11 сарын 22-ны өдрийн 13 цаг болж байхад намайг гэртээ байж байхад гаднаас миний төрсөн ах Батхүү нь согтуу орж ирсэн. Гэрт орж ирээд ах нь нэг утас оллоо гээд надад нэг утас үзүүлсэн. Тэр утсыг нь харахад том дэлгэцтэй мэдрэгчтэй утас байсан. Гаднаас нь гэрийг нь харахад өнгөгүй гэртэй байсан. Би тэр утасны өнгө болон маркийг нь мэдэхгүй байна. Тэгээд би Батхүү ахад энэ утсаа байлгаж байхгүй юу гэж хэлсэн. Өөр Батхүү ах бид хоёр юм яриагүй цай уучхаад л удаагүй манай гэрээс гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 20-р хуудас),

Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 11 сарын 22-нд намайг Цагаан-Уул зах дээр гар утас авах гээд зарах гээд байж байхад нэг танихгүй залуу ирээд Samsung а13 маркийн гар утас авах уу гэхээр нь би тэр гар утсыг нь үзэхэд дэлгэц нь цоожтой байсан. Тэгэхээр нь би энэ гар утасны дэлгэц нь цоожтой юм байна. Дэлгэцийг нь л авъя гэж хэлсэн чинь 150.000 төгрөгөөр наад гар утсаа ав гэхээр нь би гар утсыг нь бүхлээр нь ашиглахгүй ганцхан дэлгэцийг нь авна дэлгэц нь 120.000-130.000 төгрөгийн хооронд байдаг юм гэж хэлээд би тэр утсыг нь 120.000 төгрөгөөр авсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-р хуудас),

Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай дүү ****************миний найз Мандширын гар утсыг аваад зарчихсан гэж сонссон...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-25-р хуудас),

Ихэрмөрөн-Аудит ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2245617200469 дугаартай “...Samsung А13 маркийн гар утас 622,700 төгрөгөөр үнэлнэ” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 28-29-р хуудас),    

     Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавалгаа, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 37-39-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2238003930013 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ****************нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 18-16 тоотод байрлах ****************гэрт хохирогч ****************өөрийн өмчлөлийн Samsung а13 загварын гар утас орхиод явсныг авч, бусдад зарж борлуулан хохирогч ****************622,700 төгрөгийн хохирол учруулан бусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч ****************(хх-ийн 14, 16-р хуудас), гэрч ****************(хх-ийн 20-р хуудас), гэрч ****************(хх-ийн 22-р хуудас), гэрч ****************(хх-ийн 24-25-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Ихэрмөрөн-Аудит ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2245617200469 дугаартай “...Samsung А13 маркийн гар утас 622,700 төгрөгөөр үнэлнэ” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 28-29-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

       Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, хохирогчийн зүгээс өөрийн эд хөрөнгөнд хайхрамжгүй хандсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

      Гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэргийг шүүгдэгч ****************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ****************нь хохирогч ****************Samsung А13 маркийн гар утсыг завшиж 622,700 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгчээс 622,700 төгрөгийг гаргуулж хохирогч ****************олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ****************нь ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 39-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч ****************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2238003930013 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

       1. Шүүгдэгч ******************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

       2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************** 250 (хоёр зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч ****************** 622,700 (зургаан зуун хорин хоёр мянга долоон зуу) төгрөгийг гаргуулж хохирогч ****************олгосугай.

      5. Эрүүгийн 2238003930013 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР