| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2023/0062/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/65 |
| Огноо | 2023-02-07 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,
Улсын яллагч Б.Тогтох,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч ****************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****************холбогдох эрүүгийн 2338000000045 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ****************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хохирогч ****************хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт нь өшиглөж биеийн эрүү ясны хугарал, баруун дээд зовхи, баруун нүдний алимны салст, эрүүнд цус хуралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ****************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хохирогч ****************хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт нь өшиглөж биеийн эрүү ясны хугарал, баруун дээд зовхи, баруун нүдний алимны салст, эрүүнд цус хуралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2338000000045 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз Гантөмөртэй үл ойлголцсоны улмаас түүний биед халдаж хүндэвтэр хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Баянхүү согтоод агсам тавьж эхэлсэн. Тэгэхээр нь бид нар “за чи хувийн амьдралаа битгий яриад бай, бид нар тус тусдаа амьдралтай хүмүүс” гэж хэлэхэд үгийн зөрөөгүй Баянхүү хөлөөрөө миний нүүр лүү маш хүчтэй өшиглөж, би шууд ухаан алдсан. Нэг мэдэхэд орой нь сэрэхэд миний нүүрний зүүн талын хэсэг айхтар хавдсан байсан...Эмчид үзүүлэхэд эрүүний яс хоёр хугарсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 13-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хохирогч ****************нь эрүүл мэндийн даатгалын сангаас амбулаторийн үзлэг, мэс засал гэх тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд мөнгөн дүн нь 3,294,000 төгрөг болсон байна. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 16-р хуудас),
Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Унтаж байтал эхнэр намайг сэрээгээд ******************************** хоёр зодолдоод уналаа гэж хэлэнгүүт босоод харахад ******************************** хоёр харилцан зодолдож байсан. Би шууд салгаад ****************гэр лүүгээ харь, харь гээд явуулчихсан. **************** тэр орой нь хонохоор болсон. Би түүнд хандаж маргааш ****************дээрээ очиж учраа олоорой гэж хэлсэн. Өглөө нь ****************ыг төрсөн ах нь ирээд аваад явсан. Эхнэр энэ хоёр зодолдоод уналаа гэж хэлэхээр нь би сэрээд харах үед ****************, Гантөмөр нар хоёулаа харилцан зодолдож байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 20-р хуудас),
Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Чимээ гарахаар нь нөгөө хэд рүү харахад Гантөмөр, **************** хоёр хоорондоо зодолдож байхаар нь би нөхрийгөө шууд сэрээсэн. Нөхөр тэр хоёрыг шууд салгаад Гантөмөрийг гэр лүү нь явуулсан. Харин **************** үлдээд манайд унтсан. Маргааш өглөө Нямхүү ах нь ирээд ****************ыг Гантөмөртэй уулзуулна гээд аваад явсан. Гантөмөрийн баруун талын хөмсөг орчим нь бамбайгаад хавдчихсан байсан, өөр зүйл харагдаагүй. ****************ад ил гэмтэл, шарх харагдаагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 36 дугаартай дүгнэлтэд:
1. ****************биед эрүү ясны хугарал, баруун дээд зовхи, баруун нүдний алимны салст, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх үед байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна.
4. ****************биед үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтэл ба эрүү ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, бусад цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт (хх-ийн 27-р хуудас),
Хохирогч ****************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 44-45-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 37-39, 41-43-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2338000000045 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ****************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хохирогч ****************хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт нь өшиглөж биеийн эрүү ясны хугарал, баруун дээд зовхи, баруун нүдний алимны салст, эрүүнд цус хуралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч ****************(хх-ийн 13-р хуудас), иргэний нэхэмжлэгч ****************(хх-ийн 16-р хуудас), гэрч ****************(хх-ийн 20-р хуудас), гэрч ****************(хх-ийн 22-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 36 дугаартай дүгнэлт (хх-ийн 27-р хуудас),
Хохирогч ****************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 44-45-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ****************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ****************нь хохирогч ****************эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогч ****************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр эвлэрлийн гэрээ (хх-ийн 44-45-р хуудас) байгуулсан байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин иргэний нэхэмжлэгч Б.Мягмаржав нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 3,294,000 төгрөгийг нэхэмжилж байх ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч ****************3,294,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 18-р хуудас)-гаар тогтоогдсон ба шүүгдэгч нь нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Г.****************аас 3,294,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ****************нь урьд 2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 37-39-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байдалд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүгдэгч ****************нь 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2338000000045 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************ыг 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ****************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч ****************аас 3,294,000 (гурван сая хоёр зуун ерэн дөрвөн мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
5. Эрүүгийн 2338000000045 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г****************ад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР