Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 150

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг, Равжихын 14-12 тоотод оршин суух, Харчин овогт Ц.Н-ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 01 сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 сарын 19-ний өдөр 139/2018/00056/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Н-, нарийн бичгийн дарга Г.Шинэ-Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1967 онд төрсөн. Улсад 21 жил ажилласан. Үүнээс 1985 оны 07 сарын 20-ноос 1989 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Худалдаа нийтийн хоолны трест Дэлгэрхангай ресторанд зөөгч хийж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, гэрэл зураг зэргийг үндэслэн 1985 оны 07 сарын 20-ноос 1989 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Худалдаа нийтийн хоолны трест Дэлгэрхангай ресторанд зөөгчөөр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Н- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Ц.Н- нь 1985 оны 07 сарын 20-ноос 1989 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Худалдаа нийтийн хоолны трестийн харъяа Дэлгэрхангай ресторанд зөөгчөөр ажиллаж байсан болох нь:

1. Дундговь аймгийн архивын тасгийн 2018 оны 01 сарын 10-ны өдрийн 29 тоот тодорхойлолт /ХХ-14/,

2. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 01 сарын 12-ны өдрийн 08/40 тоот албан бичиг /ХХ-13/,

3. Гэрэл зургууд /ХХ-4-12/,

4. Гэрч Д.Алтансүхийн ...Намайг 1986 онд Худалдаа нийтийн хоолны трестийн Дэлгэрхангай ресторанд ажилд ороход Ц.Н- зөөгчөөр ажиллаж байсан. Ажилд яг хэдэн онд орсон талаар мэдэхгүй байна. 1990 он гартал ажиллаад гарч байсан. Бид хамт нэг дор ажиллаж байсан юм. Би Худалдаа нийтийн хоолны трестийн Дэлгэрхангай ресторанд 1986-1999 оныг дуустал зөөгч, тогооч зэргээр ажилласан. Хэргийн 4-р хуудсанд Худалдаа нийтийн хоолны трестийн Дэлгэрхангай рестораны ажилчдын зураг байна. Бид шалыг нь ховхлоод засвар хийж байсан юм. Тэр үеэр авахуулсан зураг байна. 5-р хуудсан дахь зураг нь 1986 онд авахуулж байсан зураг байна. Ц.Н- нь хамгийн арын эгнээний баруун гар талаас 4 дэх нь байна. Эхний эгнээний зүүн гар талаас нэг дэх хүн бол Ихбаяр байна. 6 дахь хуудсанд байгаа зураг нь манай хамт олон 1988 онд Сүм хөх бүрдэд, бага газрын чулуунд авахуулсан зураг байна. Наранчимэг 2 дахь эгнээний баруун гар талаас нэг дэх нь байна. Арын эгнээний баруун гар талаас 2-т би байна. 7 дахь хуудсанд байгаа зураг нь мөн Сүм хөх бүрдэд амралтаар авахуулсан зураг байна. Наранчимэг эхний эгнээний 2-т байна. 8, 9, 10 дахь хуудсанд байгаа зураг нь хайлаастын аманд авахуулсан зураг байна. 8 дахь хуудсанд байгаа зурагны зүүн гар талаас 1-т би байна. 9 дэх хуудсанд байгаа зурагны эхний эгнээний 2-т Наранчимэг, арын эгнээний баруун гар талаас 2-т би байна. 10 хуудсанд байгаа зурагны урд талд Наранчимэг, би арын эгнээний баруун гар талаас 1-т байна. 11 дэх хуудсанд байгаа зураг нь 1986 онд авахуулсан зураг байна. Би голын эгнээний баруун гар талаас 6-д байна. Н.Дэлгэрмаа 2 дахь эгнээний зүүн гар талаас 2-т байна, 2 дахь эгнээний баруун гар талаас 3 дахь нь Ихбаяр байна. 12 дахь хуудсанд байгаа зураг малтаар авахуулсан зураг байна. 1986 оны зураг байна. Голын эгнээний зүүн гар талаас 3-т би байна.... гэх мэдүүлэг /ХХ-19/

5. Гэрч Г.Ихбаярын ...Ц.Н- нь 1985 оноос Худалдаа нийтийн хоолны трестийн Дэлгэрхангай ресторанд зөөгчөөр орж байсан. 1990 он хүртэл ажиллаад гарч байсан. Бид хамт ажиллаж байсан юм. Би Худалдаа нийтийн хоолны трестийн Дэлгэрхангай ресторанд 1984-2001 оныг дуустал тогоочоор ажилласан. Хэргийн 4-р хуудсанд Худалдаа нийтийн хоолны трестийн Дэлгэрхангай рестораны ажилчдын зураг байна. 5-р хуудсан дахь зураг нь 1989 онд Худалдааны Соёлын төв ашиглалтанд ороход нээлтийн үеэр авахуулж байсан зураг байна. Ц.Н- нь хамгийн арын эгнээний баруун гар талаас 4 дэх нь байна. Эхний эгнээний зүүн гар талаас нэг дэх хүн бол би байна. 6 дахь хуудсанд байгаа зураг нь манай хамт олон 1988 онд Сүм хөх бүрдэд амралтаар авахуулсан зураг байна. Наранчимэг 2 дахь эгнээний баруун гар талаас нэг дэх нь байна. Манайх 2 ээлжээр ажилладаг байсан. Ц.Н-ийн ээжлийнхний авахуулсан зураг байна. 7 дахь хуудсанд байгаа зураг нь мөн Сүм хөх бүрдэд амралтаар авахуулсан зураг байна. Наранчимэг эхний эгнээний 2-т байна. 8, 9, 10 дахь хуудсанд байгаа зураг нь мөн эдний ээлжийнхний авахуулсан зураг байна. 11 дэх хуудсанд байгаа зураг нь 1985 онд наадмын дараа авахуулсан зураг байна. Н.Дэлгэрмаа 2 дахь эгнээний зүүн гар талаас 2-т байна, 2 дахь эгнээний баруун гар талаас 3 дахь нь би, миний баруун гар талд Ц.Н- байна. 12 дахь хуудсанд байгаа зургийг би сайн үзэхгүй байна... гэх мэдүүлэг /ХХ-20/

6. Гэрч Н.Дэлгэрмаагийн ...Ц.Н- нь Худалдаа нийтийн хоолны трестийн Дэлгэрхангай ресторанд 1985 оны 07 сараас 1989 оныг дуустал зөөгч, туслах тогоочоор ажилласан. Тухайн ажил мэргэжлийн уралдаан шалгаруулдаг байсан. Хэдэн оныг нь санахгүй байна, Ц.Н- нь ажил мэргэжлийн уралдаанд орж шагнуулж байсан. Ажилдаа сайн хүүхэд байсан. Би Худалдаа нийтийн хоолны трестийн Дэлгэрхангай ресторанд 1981-1989 оныг дуустал тогоочоор ажилласан. Хэргийн 4-р хуудсанд Худалдаа нийтийн хоолны трестийн Дэлгэрхангай рестораны ажилчдын 1987 онд авахуулж байсан зураг байна. 5-р хуудсан дахь зураг нь мартын 8-наар авахуулж байсан зураг байна. Ц.Н- нь хамгийн арын эгнээний баруун гар талаас 4 дэх нь байна. эхний зүүн гар талаас нэг дэх хүн бол Ихбаяр, кассчин Адъяа, ахлах тогооч Хүрэлтогоо зэрэг хүмүүс байна. 6 дахь хуудсанд байгаа зураг нь манай хамт олон 1988 онд Сүм хөх бүрдэд амралтаар авахуулсан зураг байна. Наранчимэг 2 дахь эгнээний баруун гар талаас нэг дэх, 7 дахь хуудсанд байгаа зураг нь мөн Сүм хөх бүрдэд амралтаар авахуулсан зураг байна. Наранчимэг эхний эгнээний 2 дахь, жолооч Сумъяа, кассчин Надмид зэрэг хүмүүс байна. 8, 9, 10 дахь хуудсанд байгаа зургийг харахгүй байна. 11 дэх хуудсанд байгаа зураг нь 1985 онд наадмын дараа авахуулсан зураг байна. Оюунцэцэг тогоочтой хамт олон байна. Би 2 дахь эгнээний зүүн гар талаас 2-т байна, 2 дахь эгнээий баруун гар талаас 3 дахь нь Ихбаяр байна. 12 дахь хуудсанд байгаа зураг нь 1986 оны шинэ жилийн зураг байна.... гэх мэдүүлэг /ХХ-21/ зэрэг баримтуудаар шууд,

7. Гэрч Г.Ихбаярын Худалдаа нийтийн хоолны трестээс 1974 оны 08 сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-22-23/,

8. Гэрч Н.Дэлгэрмаагийн Өмнөговь аймаг дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас 1974 оны 06 сарын 26-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-24/ зэрэг баримтуудаар дам нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Харчин овогт Ц.Н- /РД:ЗЮ67121202/-ийг 1985 оны 07 сарын 20-ноос 1989 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Худалдаа нийтийн хоолны трестийн харъяа Дэлгэрхангай ресторанд зөөгчөөр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дүгээр зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА