Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/118

 

 

 

 

 

  2023         02        07                                   2023/ШЦТ/118

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,

  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,  улсын яллагч Б.Батцэцэг, шүүгдэгч А.Н /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Нт холбогдох эрүүгийн “2211 00740 1278” дугаартай, 186/2023/0064/Э индекстэй хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, хххх  тоотод түр оршин суудаг гэх,

         - урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзах ял,

           - Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ял,

           - Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 334 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

           - Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 514 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 2 /хоёр/ cap 09 хоногийн хугацаагаар хорих ял,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 525 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаан/ cap 08 хоногийн хугацаагаар хорих ял,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар  тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт Алтангэрэлийн Наранбаатар /РД:УШ90043052/,

          Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч А.Н нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм ашиглан, 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Усан сангийн 2 дугаар гудамжны 33 тоот хашаанаас иргэн О.Огийн эзэмшлийн 52-35 УБК улсын дугаартай, цагаан өнгийн приус-11 маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

          1.1.Шүүгдэгч А.Н  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн, мэдүүлэг өгөхгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Огийн:...2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 15 цагийн үед цуг амьдардаг Батбаяр дэлгүүрээс 0.75 граммын “Хараа” гэх нэртэй архи аваад бид хоёр хувааж уугаад гэртээ байж байтал миний таньдаг А.Болороо, нэг улаан малгайтай эрэгтэйтэй манайд орж ирээд бид хоёрын архинаас тэр хоёр хувааж уусан. Бид гурав удаагүй 5 минут болсон байх тэр айлаас гараад гэрлүүгээ ирсэн чинь манай гэрийн хашааны хаалга онгорхой байсан. Нойл орох гээд явж байтал миний автомашин байхгүй байсан, би гайхаад миний машин байхгүй байна гэж Болороо, Батбаяр  хоёрт хэлэхэд, Болороо 102-луу дуудлага өгөөд, удалгүй цагдаа ирсэн. Саарал өнгийн приус-11 маркийн     52-35 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өөрийн нэр дээр байдаг эзэмшигч нь би өөрөө юм. Би автомашинаа бэлэн 5.000.000 төгрөгөөр “Да” хүрээ захаас худалдан авч байсан. Хамтран эзэмшигч байхгүй. Надад журмын хашаанд төлж авах мөнгө байхгүй байсан тул би цагдаа дээр ирж автомашинаа хүлээж авч чадахгүй байсан. Миний автомашин Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байрлах журмын хашаанд байгаа. 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш журмын хашаанд байсан хоногийн төлбөр зэрэг нь нийлээд 350.000 төгрөг болсон машины гадна талаас эвдэрсэн гэмтсэн зүйл байхгүй байна машинд байсан эд зүйл болон машины бичиг  баримт зэрэг бүгд байсан гэх мэдүүлэг. х-ийн 15-18 дугаар тал/,

           2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Ц.Эгийн:..Тухайн тээврийн хэрэгсэлийг 1.000.000 төгрөгөөр авна гээд 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Би өөрөө тэр эрэгтэйг хайж явж байгаад  510.000 төгрөг бэлнээр авсан, одоо би тухайн иргэнээс эд хөрөнгийн хохирол болох 490.000 төгрөг авна. Хохирлоо барагдуулж авмаар байна гэх мэдүүлэг. /хх-ийн 20 дугаар тал/, 

          2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Амарсанаагийн:...буцаад машинд суугаад хойшоо телевиз талруугаа эргээд телевизийн замыг хөндлөн гараад гудамж руугаа ороод замаа зааж явсаар байгаад цагаан өнгийн 52-35 гэсэн улсын дугаартай Приус-11 маркийн автомашин байсан хашаанд очсон. Надаас та өөрийнхөө машины түлхүүрийг өгч бай адилхан приус-11 юм чинь гэж хэлээд машины түлхүүрийг сугалж аваад хашаа руу орсон…газрын бичгийн эзэмшлийн нэр нь Осоржамаа гэсэн нэртэй байсан. Удаад байхаар нь би араас нь очиход түлхүүр таарахгүй байна гэхээр нь би өөрийнхөө машины түлхүүрийг буцаагаад авсан. фэйсбүүк дээрээс машины задаргааны хоёр, гурван дугаар луу залгаж ярьж байгаад 89892886 гэсэн дугаартай хүн машиныг чинь авъя гэж хэлсэн. 830.000 төгрөгийг миний данс руу шилжүүлж авсан. Удахгүй машин худалдаж авсан залуугийн эхнэр гэх эмэгтэй залгаад “ахаа энэ нэг л сэжигтэй байна, хулгайн машин байна” гэхээр нь би надад бас сэжигтэй санагдсан, ”Леон” зочид буудлын гадаа буулгасан гэж хэлсэн. Би замыг зааж өгсөн гэх мэдүүлэг.х-ийн 32-33 дугаар тал/,

          2.4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Хишигдаваагийн:...авсан машин доторхоо шалгатал, Осоржамаа гэсэн эзэмшигчтэй машины гэрчилгээ болон бусад баримт бичиг гараад ирэхээр нь сэжиг аваад залгасан дугаар луу нь залгатал тэр таксины жолооч хүн байсан. Төмөр замын вариатаа өнгөрөөд “Лион” гэх зочид буудлын гадаа буусан гэхээр нь эхнэр бид хоёр очоод тэнд байдаг караокег шалгатал машин зарсан залуу гараад ирсэн. Бид хоёр цагдаа дуудаад ирэхгүй болохоор нь тэр залууд бэлэн байсан 510,000 төгрөгийг авсан. Үлдэгдэл мөнгөө маргааш өглөө 10 цагт шилжүүлэхээр болоод явсан. Машин зарсан залуу Осоржамаагийн машин гэж хэлж байсан гэх мэдүүлэг.х-ийн 28 дугаар тал/,

          2.5.Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-622/3983 дугаартай “тээврийн хэрэгсэл 5,500,000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 40-43 дугаар тал/,

          2.6.Ашид билгүүн” ХХК-ийн 1001154 дугаартай “тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 30,000,000 төгрөг” гэх тайлан.х-ийн 152-154 дүгээр тал/,

 

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Улсын яллагч: Хавтаст хэргээс хохирогч О.Огийн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-18 дугаар тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-11 дүгээр тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 46-49 дүгээр тал/, хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-622/3983 дугаартай үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 40-43 дугаар тал/, гэрч Б.Амарсанаагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/, гэрч А.Хишигдаваагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар тал/, гэрч А.Амаржаргалын мэдүүлэг /хавтаст хэргийн 145 дугаар тал/, “Ашид билгүүн” ХХК-ийн 1001154 дугаартай тайлан /хавтаст хэргийн 152-154 дүгээр тал/, Сэжигтэн А.Нын мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дүгээр тал/, гэрч А.Амаржаргалаас гаргаж өгсөн нотлох баримтууд /хавтаст хэргийн 146-149 дүгээр тал/, яллагдагч А.Нын мэдүүлэг /хавтаст хэргийн 116-117 дугаар тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлуулав. 

          3.2. Шүүгдэгч: хавтас хэргээс тусгайлан  судлуулах зүйл байхгүй гэв.

          Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.      

Шүүгдэгч А.Н нь 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Усан сангийн 2 дугаар гудамжны 33 тоот хашаанаас иргэн О.Огийн эзэмшлийн 52-35 УБК улсын дугаартай, цагаан өнгийн приус-11 маркийн тээврийн хэрэгслийг, машин механизм ашиглан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг  үйлдсэн  гэм буруутай  болох нь:

           - хохирогч О.Огийн:...2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 15 цагийн үед цуг амьдардаг Батбаяр дэлгүүрээс 0.75 граммын “Хараа” гэх нэртэй архи аваад бид  хоёр хувааж уугаад гэртээ байж байтал миний таньдаг А.Болороо, нэг улаан малгайтай эрэгтэйтэй хамт манайд орж ирээд бид хоёрын архинаас тэр хоёр хувааж уусан. Бид гурав удаагүй 5 минут болсон байх тэр айлаас гараад гэрлүүгээ ирсэн чинь манай гэрийн хашааны хаалга онгорхой байсан. Нойл орох гээд явж байтал миний автомашин байхгүй байсан, би гайхаад миний машин байхгүй байна гэж Болороо, Батбаяр хоёрт хэлэхэд, Болороо 102уу дуудлага өгөөд, удалгүй цагдаа ирсэн. Саарал өнгийн приус-11 маркийн 52-35 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өөрийн нэр дээр байдаг эзэмшигч нь би өөрөө юм. Би автомашинаа бэлэн 5.000.000 төгрөгөөр “Да” хүрээ захаас худалдан авч байсан. Хамтран эзэмшигч байхгүй. Надад журмын хашаанд төлж авах мөнгө байхгүй байсан тул би цагдаа дээр ирж автомашинаа хүлээж авч чадахгүй байсан. Миний автомашин Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байрлах журмын хашаанд байгаа. 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш журмын хашаанд байсан хоногийн төлбөр зэрэг нь нийлээд 350.000 төгрөг болсон машины гадна талаас эвдэрсэн гэмтсэн зүйл байхгүй байна машинд байсан эд зүйлс болон машины бичиг  баримтууд бүгд байсан гэх мэдүүлэг. х-ийн 15-18 дугаар тал/,

           - иргэний нэхэмжлэгч Ц.Эгийн:..тухайн тээврийн хэрэгслийг 1.000.000 төгрөгөөр авна гээд 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Би өөрөө тэр эрэгтэйг хайж явж байгаад бэлнээр 510.000 төгрөг авсан, одоо би тухайн иргэнээс эд хөрөнгийн хохирол болох 490.000 төгрөг авна. Хохирлоо барагдуулж авмаар байна гэх мэдүүлэг. /хх-ийн 20 дугаар тал/, 

         - гэрч Б.Амарсанаагийн:...буцаад машинд суугаад хойшоо телевиз талруугаа эргээд телевизийн замыг хөндлөн гараад гудамж руугаа ороод замаа зааж явсаар байгаад цагаан өнгийн 52-35 гэсэн улсын дугаартай Приус-11 маркийн автомашин байсан хашаанд очсон. Надаас та өөрийнхөө машины түлхүүрийг өгч байгаа ч адилхан приус-11 юм чинь гэж хэлээд машины түлхүүрийг сугалж аваад хашаа руу орсон. Тэр үед би газрын бичгээ машинд ил орхисон байхаар нь үзтэл газрын бичгийн эзэмшигчийн нэр нь Осоржамаа гэсэн нэртэй байсан. Удаад байхаар нь би араас нь очиход түлхүүр таарахгүй байна гэхээр нь би өөрийнхөө машины түлхүүрийг буцаагаад авсан. фэйсбүүк дээрээс машины задаргааны хоёр, гурван дугаар луу залгаж ярьж байгаад 89892886 гэсэн дугаартай хүн машиныг чинь авъя гэж хэлсэн. Тэгсэн чинь 830.000 төгрөгийг миний данс руу шилжүүлж авсан. Удахгүй машин худалдаж авсан залуугийн эхнэр гэх эмэгтэй залгаад “ахаа энэ нэг л сэжигтэй байна, хулгайн машин байна” гэхээр нь би надад бас сэжигтэй санагдсан, ”Леон” зочид буудлын гадаа буулгасан гэж хэлсэн. Би замыг зааж өгсөн гэх мэдүүлэг.х-ийн 32-33 дугаар тал/,

          - гэрч А.Хишигдаваагийн:...авсан машин доторхоо шалгатал, Осоржамаа гэсэн эзэмшигчтэй машины гэрчилгээ болон бусад баримт бичиг гараад ирэхээр нь сэжиг аваад залгасан дугаар луу нь залгатал тэр таксины жолооч хүн байсан. Төмөр замын вариатаа өнгөрөөд “Лион” гэх зочид буудлын гадаа буусан гэхээр нь эхнэр бид хоёр очоод тэнд байдаг караокег шалгатал машин зарсан залуу гараад ирсэн. Бид хоёр цагдаа дуудаад ирэхгүй болохоор нь тэр залууд бэлэн байсан 510,000 төгрөгийг авсан. Үлдэгдэл мөнгөө маргааш өглөө 10 цагт шилжүүлэхээр болоод явсан. Машин зарсан залуу Осоржамаагийн машин гэж хэлж байсан гэх мэдүүлэг.х-ийн 28 дугаар тал/,

           - Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-622/3983 дугаартай “тээврийн хэрэгсэл 5,500,000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 40-43 дугаар тал/,

          - Ашид билгүүн” ХХК-ийн 1001154 дугаартай “тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 30,000,000 төгрөг” гэх тайлан.х-ийн 152-154 дүгээр тал/ шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүдэгчээс хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч нь хохирсон иргэний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсныг шүүгдэгч, хохирогч, гэрч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар иргэний өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглаж хулгайлж байгаа А.Нын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн        2.4-д заасан “учрах саадыг арилгах зорилгоор, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Ныг “учрах саадыг арилгах зорилгоор, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв. 

         Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

         Шүүгдэгч А.Нын  гэм буруугийн үйлдлийн  улмаас хохирогч О.Од 350.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Эд 490.000 төгрөгийн хохирол учирсан,  мөн шүүгдэгч нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ бусдын машин механизмыг ашигласан байх тул дээрхи ашигласан тээврийн хэрэгслийн үнийн дүнтэй  тэнцэх хэмжээний  хөрөнгийг гаргуулж  улсын   орлого  болох нь  зүйтэй  байна.  

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдэж  олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос  албадан гаргуулна гэж” ... мөн хуулийн 2 дахь хэсэгт  “ Гэмт хэрэг үйлдэж  олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид  заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар  хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж заажээ.

            Иймд шүүгдэгч А.Наас 30.840.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Од 350.000, иргэний нэхэмжлэгч Ц.Эд 490.000 төгрөгийг тус тус олгох, улсын  орлогод 30.000.000 төгрөгийг оруулах нь зүйтэй  гэж  шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч А.Нт 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдан ирсэн 62-53 УБК улсын дугаартай цагаан өнгийн приус-11 маркийн автомашиныг эзэмшигч О.Од буцаан олгох, шүүгдэгч А.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүгчийн захирамжийг хэвээр үргэлжлүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах,  шүүгдэгчийн цагдан хоригдсон 32 /гучин хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, эдлэх ялыг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:   

1.Шүүгдэгч А.Ныг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “учрах саадыг арилгах зорилгоор, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч А.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нын цагдан хоригдсон 32 /гучин хоёр/  хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.  

           5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  болохыг дурдсугай.

           6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 62-53 УБК улсын дугаартай цагаан өнгийн Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг хохирогч О.Од буцаан олгосугай.

           7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510  дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Наас нийт 30.840.000 төгрөгийг гаргуулж,  хохирогч О.Од 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Эд 490.000 /дөрвөн зуун ерэн мянган/  төгрөгийн тус тус олгож, шүүгдэгч А.Наас 30.000.000 /гучин сая/ төгрөгийг  гаргуулж улсын орлого болохыг тус тус дурдсугай.

           8.Шүүгдэгч А.Нт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

    10.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Нт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.БАТЖАРГАЛ