Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 153

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг, Аривжихын 2-4 тоотод оршин суух Боржигон овогт О.У- /РД:ЗФ89053120/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багт байрлах Үлэмж Инвест ХХК-нд холбогдох

987000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 сарын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 сарын 04-ний өдөр 139/2018/00022/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Г.Шинэ-Оргил, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Анхбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Харлаг овогт Мөнхтөрийн Анхбаяр /РД:ЗЮ88060110/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч О.У- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Үлэмж Инвест ХХК-ий барьж ашиглалтанд оруулсан 12 айлын орон сууцны барилгын 1 давхарын 04 тоот 47м2 бүхий 2 өрөө байрыг худалдан авахаар тус компанитай 2016 оны 6 сарын 15-ны өдөр Орон сууцны захиалгын гэрээ байгуулсан билээ. Худалдан авахаар тохиролцсон байрны 1 м2-ын үнэ нь 1050000 төгрөг ба нийт 49350000 төгрөгийг Захиалгын гэрээний 2.4 дэх хэсэгт заасан хуваарийн дагуу Үлэмж Инвест ХХК-ий 5450500311 тоот дансанд шилжүүлж төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Үлэмж Инвест ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2 дахь хэсэгт Албан татвар суутган төлөгч нь бараа ажил үйлчилгээ борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчдөд олгоно гэж заасны дагуу худалдан авагч талд төлбөрийн баримт олгох хуулиар хүлээсэн үүрэгтэй бөгөөд бидний зүгээс байрны төлбөрийг бүрэн төлж барагдуулснаас хойш өнөөг хүртэл төлбөрийн баримтыг гаргуулахаар тус компаний удирдлагад хандсан боловч шийдвэрлэж өгөхгүй удааширсаар байна. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэлх хувийг буцаан олгох хууль, журам хүчин төгөлдөр үйлчилж байгаа ба Үлэмж Инвест ХХК нь төлбөрийн баримт гаргаж өгөөгүйгээс бид татварын урамшууллаа авч чадахгүй хохироход хүрээд байна. Иймд Үлэмж Инвест ХХК-аас байр худалдан авахад төлсөн 49350000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын 20% болох 987000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үлэмж Инвест ХХК-тай 2016 оны 6 сарын 15-ны өдөр Орон сууцны захиалгын гэрээ байгуулан 1 м2-ын үнэ нь 1050000 төгрөгөөр 47м2 байрыг 49350000 төгрөгөөр худалдаж авсан. Эхний урьдчилгаа болох 14805000 төгрөгийг 2016 оны 08 сарын 22-нд тус компанид шилжүүлсэн. Үлдэгдэл 34 сая төгрөгийг тухайн оныхоо 12 сард багтаан шилжүүлж, нийт 49350000 төгрөгийг төлж барагдуулсан. Тухайн ондоо багтаан нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг хэвлэж өгөхийг Үлэмж Инвест ХХК-аас гуйсан болсон аргалсаар байгаад он гарсан. Он гарсны дараа татвараас 10-аад хоног сунгасан хугацаанд баримтаа өгөхийг бид шаардаж байсан боловч тэр болгонд татгалзаж байсан. Бид 2017 оны 03 сард бид албан ёсоор татварын байгууллагад гомдол гаргасан. Тухайн үед 2017 ондоо багтаагаад нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг хэвлэж өгнө гэж татварын байгууллагатай тохиролцож байсан. Гэтэл өдийг хүртэл баримтыг хэвлэж өгөөгүй. Манай байрны 7,8 айл ийм байдлаар хохирсон. Иймд 987000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байсан. Хариуцагч тал 29440735 сая төгрөгийн баримтыг 2018 оны 01 сарын 08-нд хэвлэж өгсөн. Үлдсэн үнийн дүнгийн баримтыг удахгүй хэвлэж өгнө, нэхэмжлэлээ татаад авчих гэж хэлж байсан. Дараа нь бид баримтыг шаардахад танайх 2016 оны 06 сарын 15-ны өдөр гэрээ байгуулсан байна гээд үлдсэн үнийн дүнд баримт хэвлэж өгөхгүй гэж хэлсэн. Иймд 398185 төгрөгийг Үлэмж Инвест ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Нямдагва шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт 12 айлын орон сууц барин 2016 оны 08 сарын 10-нд ашиглалтанд оруулсан. Тус орон сууцнаас нэхэмжлэгч О.У- нь 47 мкв бүхий 2 өрөө орон сууцыг 1050000 төгрөгийн үнэтэйгээр худалдаж авсан нь үнэн бөгөөд худалдан авах гэрээг 2016 оны 06 сарын 15-ны өдөр хийж, урьдчилгаа төлбөр болох 14805000 төгрөгийг төлж үлдэгдэл төлөх ёстой 70 хувь буюу 34545000 төгрөгийг 2016 оны 12 сарын 27-ны өдөр төлж дууссан. Манай компани 2016 оны 09 сарын 01-нээс албан ёсоор нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч компани болсон. Иймд нэхэмжлэгч О.У-ын нэхэмжилсэн 49350000 төгрөгийн 2 хувь буюу 987000 төгрөгийг гаргаж өгөх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд 2016 оны 09 сарын 01-нээс хойшхи нэхэмжлэгч О.У-д өгөх ёстой 30000000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг 2017 оны 12 дугаар сард нөхөн олгосон юм. Одоо манайхаас О.У-д 4545000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын баримт хэвлүүлж өгөх юм. Уг 4545000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг 2018 оны 04 сарын 01-ний дотор олгож хохиролгүй болгоно гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч О.У- нь Үлэмж Инвест ХХК-аас байр худалдан авахад төлсөн 49350,0 мянган төгрөгний 20 хувь болох 987000 төгрөгийг гаргуулах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Анхбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг бууруулж хариуцагч Үлэмж Инвест ХХК-аас 398185 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч Үлэмж Инвест ХХК-ны төлөөлөгч Б.Нямдагва нь 30000000 төгрөгийн баримтыг олгосон. Одоо 4545000 төгрөгийн баримтыг хэвлүүлж олгоно гэж маргажээ.

Нэхэмжлэгч О.У-, хариуцагч Үлэмж Инвест ХХК нарын хооронд 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 06 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдож байна. /ХХ-5-6/

Нэхэмжлэгч О.У- нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж хариуцагч Үлэмж Инвест ХХК-д байрнытөлбөр болох 49350,0 мянган төгрөгийг шилжүүлсэн байна. /ХХ-7-8/

Хариуцагч Үлэмж Инвест ХХК нь 2016 оны 09 сарын 01-нд нэмэгдсэн өртгийн албан татварын төлөгчөөр бүртгүүлсэн байх боловч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хуульд заасан хугацаанд Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлээгүй байна. /ХХ-39/

Хариуцагч Үлэмж Инвест ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчөөр хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй нь бусдын өмнө хүлээсэн үүргээс /Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17.3.2-д зааснаар бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно/ чөлөөлөх үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж хариуцагч Үлэмж Инвест ХХК-аас 398185 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч О.У- нь улсын тэмдэгтийн хураамжид 28238 төгрөгийг урьдчилан төлсөнийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Үлэмж Инвест ХХК-аас 398185 төгрөгөнд тооцогдох 12595 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2-т зааснаар хариуцагч Үлэмж Инвест ХХК-аас 398185 /гурван зуун ерэн найман мянга нэг зуун наян тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.У-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28238 /хорин найман мянга хоёр зуун гучин найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Үлэмж Инвест ХХК-аас 12595 /арван хоёр мянга таван зуун ерэн тав/төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.У-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА