Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/79

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж, шүүгч Г.Золбоо, шүүгч Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Б.Солонго,

иргэдийн төлөөлөгч С.Анударь,

шинжээч Э.Баасанжав /цахимаар/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ад холбогдох эрүүгийн 2205000002401 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, ******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо тодорхой оршин суух хаяггүй,

- урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ял шийтгүүлж байсан, ******* овогт ******* , /РД: *******/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 7-р хороо, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хашаан дотор байрлах дулааны худгийн орчим хохирогч И.ыг “чанга ориллоо” гэх үл ялих зүйлээр шалтаглан, төмөр мэт зүйлээр цохиж, зодож, өшиглөж түүний биед нь зүүн чамархай яснаас цөмөрч зүүн зулай руу үргэлжилсэн хугарал, баруун зулай ясны үргэлжилсэн хугарал, хоёр тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины хоёр талд бөмбөлгийн зулай, чамархай, баруун тал бөмбөлгийн духны дэлбэн, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, хоёр чамархай, зүүн дух, баруун зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, толгойн хуйх, ясны хальс, хоёр чамархайн булчингийн тархмал цус хуралт, зүүн хацрын нум, хамар ясны далд хугарал, хоёр чихний дэлбэн, баруун зулайн хуйхны няцарсан шарх, баруун чих, зүүн чамархайд цус хуралт, баруун 2, 3, 4, 5, 6, зүүн 2, 3, 4-р хавирга, өвчүү ясны далд хугарал, гялтан, зөөлөн эдэд цус хуралт, хоёр дээд, доод зовхи, хүзүү, цээж, баруун бугалгад цус хуралт, баруун хацар, шанаа, сарвуу, зүүн хацар, мөр, хамрын нуруу, дээд уруул, эрүү, хүзүү, хэвлийд зулгаралт бүхий олон тооны шарх, гэмтэл учруулан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлэхдээ: “...Миний дүүгийн амь насыг маш олон удаагийн давтамжтай, онц харгис хэрцгийгээр хохироосонд маш их гомдолтой байна. Амь хохирогчийн оршуулгын зардалд 4.080.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Э.Баасанжав мэдүүлэхдээ: “...Амь хохирогчийн тархинд үүссэн хугарал, гэмтлүүд нь 2 удаагийн үйлчлэлээр үүссэн бөгөөд тархинд үүссэн цусан хураа, тархмал цус хуралтууд нь гавлын ясны гэмтэлтэй хамт үүссэн. Амь хохирогчид үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтэл байсан ба  зүүн хацар, хамар ясны хугарал нь тус тусдаа мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинжээчийн дүгнэлтэд хавирга, өвчүү ясны далд хугарал тодорхойлогдоогүй бөгөөд амилуулах үйл ажиллагаа буюу зүрхэнд массаж хийх явцад үүсэх боломжтой. Мөн баруун зулайн чамархайд мэс заслын цооног гаргасан нүхтэй байсан...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Цагдаагийн байгууллагад 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр холбоо мэдээллийн хэрэгслээр ирүүлсэн:

“...гэмтэл согог судлалын үндэсний төвийн хашаанд хоёр хүн зодолдоод нэг нь хөдлөхгүй болчихлоо” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл:

“...дулааны шугамаас 6м 10 см зайд улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон шорооны хэсэг байх бөгөөд уг хэсгээс дээж авч 45 дугаартай цэгээс урд зүгт 65 см зайд 79 см урттай арматур төмрийн мөр байсныг хэрэгт ач холбогдолтой гэж хураав. Тус 45 дугаартай цэгээс 1м 20 см зайд саарал өнгийн цементийн хагархай байсныг эд мөрийн баримтаар хураан авлаа...” гэсэн, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 20-23 дахь тал/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл:

“...баруун нүдний дээд доод зовхинд 7х2.5 см, зүүн нүдний дээд доод зовхинд хөхөлбөр өнгийн цус хуралттай. Баруун хацар шанаа хамарсан 12x10 см, зүүн хацарт 4x3 см, дээд уруулд 1.5x05 см, баруун шанаад 5x3 см, баруун гарын сарвууны 3-р хурууны ар хэсэгт 4x1 эрүүний зүүн доод хэсэгт 2.5x1, 1.5x1 см хүзүүний урд хэсэгт 5x4, зүүн мөрний урд хэсэгт 7х1.5 см, хүйсээс дээш 6 см зайд 2.5x1.7 см хэмжээтэй хүрэн ягаан өнгийн зулгаралтуудтай, баруун чихний дэлбэнд 3 см, 1 см, зүүн чихний дэлбэнд 2 см, толгойн баруун чамархайн хуйхны дээд хэсэгт 7x6 см талбайд голдоо 1 см хэмжээтэй шархтай, баруун чихний ар хэсэгт хуйханд 5x2 зүүн чихний чамархайн дээд хэсэгт 6x4 см хэмжээтэй, хүзүүний зүүг хажуу хэсэгт 10x6 см баруун бугалгын гадна доод хэсэгт 6x5 см хөхөлбөр өнгийн цус хуралтуудтай...” гэсэн, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 24-30 дахь тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл:

“...мөрдөгч би сэжигтэн аас “та урд өгсөн мэдүүлэгт өгсөн газраа зааж өгч чадах уу? гэхэд тэрээр чадна” гэснээр албаны машинтай *******ын зааж өгсөн Баянгол дүүргийн 7-р хороо, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ертөнцийн зүгээр зүүн талд очив. Сэжигтэн ******* мод хаясан гэх газрыг заасан тул уг газрыг *******аар заалган гэрэл зургаар бэхжүүлэв. ...уг мод олдсон газраас зүүн урд хэсэгт 4 метрийн зайд траншейн байх ба уг траншейны зүүн хэсэгт матраас байх ба сэжигтэн ******* уг газарт хохирогчийг зодсон гэж заасан тул уг хэсгийг заалган гэрэл зургаар бэхжүүлэн авав...” гэсэн, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 15-19 дэх тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн:

“...Би ын төрсөн эгч нь байгаа юм. ... миний хоёр дахь дүү байсан юм. той би 1999 онд Улаанбаатар хотод сүүлд уулзсан. Сүүлд он сарыг нь мартсан байна, гэмтлийн эмнэлгийн энд тэнд байж байна гэж ярьсан. эхнэрээсээ салаад 20-30 жил гаруй болсон. ..Манай Баянзүрх дүүргийн хаяг дээр явдаг байсан. ...Мужаан мэргэжилтэй. Зан байдлын хувьд хүнд их тусархуу найрсаг их хөнгөн хийсвэр хүн байгаа юм. Архаг хууч өвчин байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 54 дэх тал/,

Гэрч *******:

“...2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажил дээрээ байж байхад нэг цагдаа хаалга цохиод гарсан чинь гадаа чинь хүн байна, та хүрээд ир гэхээр нь гараад харсан чинь манай энд байдаг Ариука гэх залуу газар хэвтсэн байдалтай нэг чихнээс нь цус гарсан байсан. Би эмнэлгийн хүлээн захаас тусламж авахаар дуудсан чинь гарч ирээгүй тул тухайн цагдаа бид хоёр түрдэг дамнуурга авч хүлээн авахад хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дахь тал/,

Гэрч Б.Анх-Эрдэнийн:

“....Би 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн орчимд гэртээ байж байтал гэмтлийн эмнэлгийн “Морг”-ын баруун талд байрлах траншейны хажууд 2 хүн байсан. Тэгсэн нэг хүн нь газар хэвтчихсэн байсан. Нөгөө хүн дээрээс нь уг хэвтэж байгаа хүний толгой, нүүр, биеийн хэсэгт гараараа цохиод хөлөөрөө дээрээс нь дэвсээд, газар хэвтэж байгаа хүн огт хөдлөхгүй байхад дээрээс нь татаж үзээд ахин цохиж зодож байсан. Тэгээд би шууд цагдаад дуудлага өгчихсөн бөгөөд уг зодсон хүн нь явчих болов уу гэж бодоод дахин цагдаа руу залгасан. Би нөгөө хүнийг зугтчих байх гэж бодоод гэрээс гараад хартал нөгөө зодож байсан хүн нь явчихсан байсан. Манайх 105 дугаар байрны 1-р давхарт байдаг бөгөөд урд зүгт гэмтлийн “Морг”-руу харсан цонхтой. Манай гэрээс 150 метр орчимд зайд байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 62-63 дахь тал/,

Гэрч :

“....2022 оны 10 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө тус цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр жижүүрийг бүрэлдэхүүнийг ахалж 24 цагаар үүрэг гүйцэтгэх хугацаанд Бугат 10-аас гэмтлийн эмнэлгийн арын 105-р байрны урд 2 хүн зодолдоод нэг нь босохгүй байна” гэх дуудлага мэдээллийг Бугат 113-р чиглэлд шалгасан байгаа. ...би үзлэгээ явуулж байхад гэмтлийн эмнэлгийн хашааны зүүн талд байрлах төмөр хашааны завсраар уртдуу куртиктэй, саравчтай малгайтай, хар бараан царайтай үл таних хүн нөхцөл байдлыг ажиглаж харж байгаа харагдсан. ...үзлэгээ дуусгах дөхөж байхад гэмтлийн эмнэлгийн дээд талын онгоц буудаг зогсоолын дээд талын шатны орчмоос түрүүний хашаан завсраар харж байсан хүн хараад зогсож байхаар нь би урдаас нь очоод уг хүнийг шатаар буулгаж ирсэн. Уг хүний хамар хэсэгт шинэ шалбарсан шархтай, баруун хөлийн пүүз хоншоор хэсгээрээ хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон шинэ цусан толбо мэт зүйл байхаар нь “та юун хүн бэ, энүүгээр юу хийгээд эргэж тойрч яваад байгаа юм бэ” гэж асуухад би уг траншейнд сүүлийн 2 жил гаруй ирэн очин амьдарч байгаа гэсэн. Би гутал чинь яагаад цустай байгаа юм бэ гэхэд “би хүнтэй маргалдаж зодолдсон юм шиг байна” гэж байсан. ...Уг хүн согтолтын хувьд гайгүй юм шиг санагдсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 66 дахь тал/,

Гэрч ын:

“...ГССҮТ-ын моргийн шатаар доошоо буугаад моргийн зүүн талд байдаг траншейны нүхэн дээр очиход хэн болох нь тодорхойгүй, толгойн тус газраасаа их хэмжээний цус гарч нүүр нь цусанд будагдсан, арзгар үстэй 50 орчим насны тэнэмэл маягийн хүн хэвтэж байсан. Дээш нь татаад үзэхэд ...Ариука гэдэг иргэн байсан. Уг хүн нь өөрийгөө авч явах чадваргүй, толгойноос их хэмжээний цус гарсан, ам нь ангалзсан байдалтай байсан тул моргийн хаалгыг цохиж онгойлгоход Дорж гэх хүн гарч ирсэн. ...Дорж насилк авчраад дамжилж дамнуурга дээр тавиад моргийн хаалгаар оруулаад дээшээ амилахуйн өрөөнд аваачиж өгсөн. Дорж тухайн үед Ариукаг таньж байсан ба тухайн өдөр энэ хавиар хүмүүстэй архи уугаад орилолдоод байсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 69 дэх тал/,

Гэрч гийн:

“...2020 оноос хойш орох орон, очих газаргүй болоод 3, 4 дүгээр хорооллоор гороолж хог түүдэг болсон. 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Панда” хочит Анхаа, “Өлөн” хочит Баяраа, “Хавирга” хочит Зулаа, Сараа эгч бид нар архи ууж өнжсөн. Би нэг мэдэхэд тасраад унтаад өгсөн байсан. Нэг сэрэхэд хажууд Анхаа, Баяраа нар хэвтэж байсан. Зулаа, Сараа нар гараад явсан байсан. Өнөөдөр бол Увсын Ганбаатай архи уугаагүй. 2 хоногийн өмнө Увсын Ганбаатай архи уусан. Ариукатай бол ойрд огт архи уугаагүй....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 71 дэх тал/,

Гэрч ын: /хоч “Панда” Анхаа/

“...2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би Амьдрах ухаан дээр очиж хувцсаа сольж өмсөөд 21-р хорооны Бадамаагийн горооны цэг дээр өдрийн 15 цагийн үед ирсэн. Тэнд “Өлөн” Баяраа Бадамаагийн хогийн цэгийн гадаа унтаж байсан цугтаа ганц юм уучихъя гээд Бадамаагийн дэлгүүрээс “Шим” нэртэй 7000 төгрөгийн архи аваад Шижирээгийн танканд очсон. ...Би , нартай өнөөдөр тааралдаагүй. Гэмтлийн тэр хавиар Ариука буюу , буюу /Увс Ганбаа/ нар яваад байдаг юм. Гэмтлийн эмнэлгийн моргийн эсрэг талд байрлах танканд амьдардаг байгаа....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 75 дахь тал/,

Гэрч ийн: /хоч “Өлөн” Баяраа/

“...Би буюу хоч нь асрахын Ариука гэж дууддаг Ариукаг танина таньж мэддэг болоод 2-3 жил болж байна. буюу хоч нь “Шарин” гэж дууддаг “Шарин”-г таньж мэддэг болоод 2 жил орчим болж байна. Өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагийн үед энэ хоёртой Баянгол дүүргийн 7-р хороо, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ард талд таарсан. Таарах үед буюу “Шарин” эрүүл байсан, буюу асрахын Ариука таг согтуу байсан энэ 2 хаанаас хаашаа явж байсныг би мэдэхгүй байна хальт таараад мэнд мэдчихээд зөрцгөөсөн тухайн үед ганцаараа явж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 78 дахь тал/,

Гэрчы:

“...би талийгаачийн төрсөн дүү байгаа юм. Би сүүлд 2018 оны намар шиг санаж байна машинд мөргүүлээд хөлөө гэмтээсэн гээд ГССҮТ-д хэвтсэн байхад нь эргэж очиж уулзсан. ...Пүрэвсүрэн гэж хүнтэй сууж байгаад 1995 оны үеэс салсан. Пүрэвсүрэн бид нартай огт холбоотой байдаггүй. Сая ажил явдлыг үеэр ч ирээгүй. Энэ хүн өөр хүнтэй суугаад явсан гэдэг. ...нийт 4.000.000 төгрөгийн хохирол учирсан байгаа...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 91 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2809 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээч эмчийн:

“...Талийгаач И. нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Элэгний хатуурал өвчин нь үхэлд хүргээгүй байна. Талийгаачийн цогцост зүүн чамархай яснаас цөмөрч зүүн зулай руу үргэлжилсэн хугарал, баруун зулай ясны үргэлжилсэн хугарал, хоёр тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины хоёр талд бөмбөлгийн зулай, чамархай, баруун тал бөмбөлгийн духны элбэн, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, хоёр чамархай, зүүн дух, баруун зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, толгойн хуйх, ясны хальс, хоёр чамархайн булчингийн тархмал цус хуралт, зүүн хацрын нум, хамар ясны далд хугарал, хоёр чихний дэлбэн, баруун зулайн хуйхны няцарсан шарх, баруун чих, зүүн чамархайд цус хуралт, баруун 2, 3, 4, 5, 6, зүүн ,3,4-р хавирга, өвчүү ясны далд хугарал, гялтан, зөөлөн эдэд цус хуралт, хоёр , дээд, доод зовхи, хүзүү, цээж, баруун бугалгад цус хуралт, баруун хацар, шанаа, сарвуу, зүүн хацар, мөр, хамрын нуруу, дээд уруул, эрүү, хүзүү, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цусанд 1.7 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Цус нь 1-р бүлгийн харьяалалтай байна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 93-99 дэх тал/,

Шинжээч эмч Э.Баасанжавын:

“...зүүн чамархайн яснаас цөмөрч зүүн зулай руу үргэлжилсэн хугарал, баруун зулай ясны үргэлжилсэн хугарал, хоёр талд бөмбөлгийн зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины хоёр талд бөмбөлгийн зулай, чамархай, баруун тал бөмбөлгийн духны дэлбэн, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус хуралт, хоёр чамархай, зүүн дух, баруун зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн хацрын нум, баруун 2-6, зүүн 2-4 р хавирга, өвчүүний далд хугарал, гялтан, зөөлөн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...амь насыг аврах боломж байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 105-107 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 5318 дугаартай шинжээчийн:

“...шинжилгээнд ирүүлсэн “*******” гэж хаягласан цусанд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис болон спирт илрээгүй” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 113-114 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 5319 дугаартай шинжээчийн:

“...*******” гэж хаягласан цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 116-117 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 5370 дугаартай биологийн шинжилгээ хийсэн шинжээчийн:

“...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас хураан авсан гэх хар саарал өнгийн чулуу болон хүрэн бор өнгийн хөрсний дээж, 17см х 17см хэмжээтэй, 7 см дөртэй бетон чулуу, 79 см урттай арматурын төмөр цус илэрсэн. 50 см урттай, бургасны мөчир дээр цус илрээгүй. Дээрх объектууд дээр шүлс, арьсны хэсэг илрээгүй. Уг илэрсэн цус нь 0(I) бүлгийн харьяалалтай хүний цус байна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 127-128 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 5372 дугаартай биологийн шинжилгээ хийсэн шинжээчийн:

“...Шинжилгээнд ирүүлсэн холбогдогч *******ын өмсөж явсан гэх “Nike air” гэсэн бичигтэй, ногоон эрээн өнгийн үдээстэй, цагаан саарал өнгийн оруулгатай хар өнгийн пүүз нь шинжилгээнд тэнцэж байна. Холбогдогч *******ын өмсөж явсан гэх “Nike air” гэсэн бичигтэй, ногоон өнгийн үдээстэй, цагаан саарал өнгийн оруулгатай хар өнгийн пүүз дээр цус илэрсэн, шүлсний ул мөр илрээгүй. Жич: Хамрын хөндийгөөс ялгарах эмгэг шүүрэл буюу нусны биологийн шинжилгээгээр тогтоохгүй. Уг илэрсэн цус нь 0(I) бүлгийн харьяалалтай хүний цус байна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 141-142 дахь тал/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 06 дугаартай:

“...******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.  ******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ******* нь хэрэг хариуцах чадвартай байна. ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан байна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 104-105 дахь тал/,

Шүүгдэгч *******ын:

“...2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би өөрийн авсан байсан архиа хувааж өгөхөөр гэмтлийн эмнэлэг дээр очсон. ...авсан архиа той хамт ын траншейны аман дээр суугаад хоёулаа хувааж уусан. 0.75 л хэмжээтэй 1 шил архи 0.5 л хэмжээтэй бас нэг шил архи хувааж уусан. Архиа уугаад сууж байтал “ааваа, ээжээ, ахаа, эгчээ” гээд орилоод байхаар нь би чимээгүй байж бай гэж хэлсэн. Гэтэл гартаа барьж байсан модоороо миний хамар луу цохиод шалбалаад цус гарсан. Би уур хүрээд ын барьж байсан модыг булааж авахад сууж байснаа босоод ирсэн. Тэгэхээр нь би модоороо ыг тонгойхоор нь ар руу хэсэгт 2-3 удаа цохисон. Би тэгээд дахиж цохисон эсэхээ санахгүй байна, уур хүрээд яваад өгсөн. ...нэлээн явж байгаад буцаад нөгөө газартаа ирэхэд цагдаагийн машин ирчихсэн. байгаагүй. ...би 3 дугаар бүлгийн цустай. Өөр яаж цохиж зодсоноо мэдэхгүй байна, санах гээд орж ирэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 10-12  дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч ******* нь “Хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “онц харгис хэрцгийгээр” алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч амь хохирогчийн амь насыг хохироосон, хэргийн үйл баримт, гэм буруугийн хувьд маргахгүй. Харин прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйл ангийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож байна. Онц харгис хэрцгий аргаар алсан гэдэг нь хүнийг алахын өмнө, алах явцдаа хохирогчид олон тооны шарх гэмтэл үүсгэж, тарчлаан зовоосон харгис шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж санаатайгаар үйлдсэн байдаг. Хүнийг онц харгис хэрцгий аргаар алах гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлд хандах сэтгэхгүйн харилцаа, хохирогчийг тарчлаах, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй харгалзан үзэх бөгөөд эдгээр нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримтууд тогтоогдсон байх ёстой байдаг. Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь зөвхөн “чанга ориллоо” гэсэн шалтгаанаар хандаж болохгүй бөгөөд миний үйлчлүүлэгчийн хамар луу бургасаар цохисон учраас уурлаад харилцан зодолдсон. Гэнэтийн уураас болж гэнэт үүссэн санаа зорилго байгаа болохоос биш онц харгис хэрцгий аргаар алах гэсэн төлөвлөсөн санаа зорилго байгаагүй. Мөн хохирогчийн тархинд үүссэн хугаралтай холбоотойгоор тархины аалзан хальсан доорх цусан хураа, тархины зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсэж, дээрх бусад гэмтэл тус тусдаа хүчин зүйлсийн нөлөөгөөр үүсгэгдээгүй. Хавирга, өвчүү ясны далд хугарал нь амилуулах үйл ажиллагаа буюу зүрхэнд массаж хийх явцад үүсэх боломжтой гэдэг. Бусад гэмтэл нь харилцан зодолдох явцад үүссэн хөнгөн гэмтлүүд байдаг. Онц харгис хэрцгий алах гэмт хэргийн субьектив санаа нь тухайн хүнийг ална гэсэн санаа зорилготой байдаг. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан миний үйлчлүүлэгчид зүйлчилсэн зүйл ангийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 7-р хороо, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хашаан дотор байрлах дулааны худгийн орчим хохирогч И.ыг “чанга ориллоо” гэх үл ялих зүйлээр шалтаглан, төмөр мэт зүйлээр цохиж, зодож, өшиглөж түүний биед нь зүүн чамархай яснаас цөмөрч зүүн зулай руу үргэлжилсэн хугарал, баруун зулай ясны үргэлжилсэн хугарал, хоёр тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины хоёр талд бөмбөлгийн зулай, чамархай, баруун тал бөмбөлгийн духны дэлбэн, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, хоёр чамархай, зүүн дух, баруун зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, толгойн хуйх, ясны хальс, хоёр чамархайн булчингийн тархмал цус хуралт, зүүн хацрын нум, хамар ясны далд хугарал, хоёр чихний дэлбэн, баруун зулайн хуйхны няцарсан шарх, баруун чих, зүүн чамархайд цус хуралт, баруун 2, 3, 4, 5, 6, зүүн 2, 3, 4-р хавирга, өвчүү ясны далд хугарал, гялтан, зөөлөн эдэд цус хуралт, хоёр дээд, доод зовхи, хүзүү, цээж, баруун бугалгад цус хуралт, баруун хацар, шанаа, сарвуу, зүүн хацар, мөр, хамрын нуруу, дээд уруул, эрүү, хүзүү, хэвлийд зулгаралт бүхий олон тооны шарх, гэмтэл учруулан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр алсан болох нь:

- Цагдаагийн байгууллагад 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр холбоо мэдээллийн хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэлүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрч Ц.Дорж,*******, М.Дөлгөөнтамир, , , , , шинжээч эмч Э.Баасанжав нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтүүд, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг бөгөөд хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдоно.

“Онц харгис хэрцгийгээр алсан” гэж хүнийг алахын өмнө болон алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, өлсгөж цангаасан, осгоосон, шатаасан, хайрсан, түлсэн, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд саад учруулсан, ойр дотны хүмүүсийн дэргэд алж, тэднийг шаналгасан зэрэг аргыг ойлгоно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар “Миний үйлчлүүлэгч амь хохирогчийг “онц харгис хэрцгий” аргаар алаагүй” гэж хэргийн зүйлчлэлээр маргасан.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч ******* нь хохирогч И.ыг үл ялих зүйлээр шалтаглан эрх чөлөөнд нь халдаж, хүч хэрэглэж, улмаар түүний биед олон тооны шарх, гэмтэл учруулж “онц харгис хэрцгий аргаар” алсан болох нь тогтоогдсон.   

Тодруулбал “онц харгис хэрцгий арга” гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэснийг хамааруулан үздэг ба шинжээчийн дүгнэлтэд дурдсан “зүүн чамархайн яснаас цөмөрч зүүн зулай руу үргэлжилсэн хугарал, баруун зулай ясны үргэлжилсэн хугарал, хоёр талд бөмбөлгийн зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины хоёр талд бөмбөлгийн зулай, чамархай, баруун тал бөмбөлгийн духны дэлбэн, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус хуралт, хоёр чамархай, зүүн дух, баруун зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал” бүхий гэмтлүүд нь хохирогч И.ыг “өвтгөн шаналгаагүй, тарчилган зовоогоогүй, зовж зүдрэхээр байдал бий болгоогүй” гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг “Хүнийг алах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “онц харгис хэрцгийгээр” алсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.”  гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж, 3 дахь хэсэгт “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж, мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хохирогч нас барсан ... тохиолдолд түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж тус тус хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч И.ын төрсөн эгч *******ийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь хуульд нийцжээ.

Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь талийгаачийн ажил явдалд гарсан нийт зардал болох 4.080.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч ******* нь хохирол төлбөр төлөөгүй байх тул шүүгдэгч *******аас 4.080.000 төгрөгийг гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******эд олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхээс шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлөх талаар ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг ажлын 3 хоногийн хугацаагаар завсарлуулсан ба, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******эд хохирогчийн оршуулгын зардлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан хохирол төлбөрийг төлсөн, мөн хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн өөрийгөө илчилсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа тул дээрх нөхцөл байдлыг харгалзан 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг “Хүнийг алах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “онц харгис хэрцгийгээр” алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн оршуулгын ажил явдалд гарсан зардлыг нөхөн төлсөн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт цагдан хоригдсон 92 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

-Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205000002401 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “17смх17см хэмжээтэй 7 см өндөртэй бетон чулуу, 79 см урттай арматурын төмөр, 50см урттай бургасны мөчир, 1 хос пүүз” зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг “Хүнийг алах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “онц харгис хэрцгийгээр” алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******ыг 13 /арван гурван/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 92 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “17смх17см хэмжээтэй 7 см өндөртэй бетон чулуу, 79 см урттай арматурын төмөр, 50см урттай бургасны мөчир, 1 хос пүүз” зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч *******ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ                   

                  ШҮҮГЧИД                                  Г.ЗОЛБОО

                                                                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ