Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 154

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваадаргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Адаацаг сумын 1-р баг, Тавины 1-3 тоотод оршин суух Баяуд овогт А.О- /РД:ЗА65052006/-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Адаацаг сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдох

Дундговь аймгийн Адаацаг сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийг 2018 оны 01 сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 сарын 19-ний өдөр 139/2018/00055/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Г.Шинэ-Оргил, нэхэмжлэгч А.Оюунчулуун, хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч А.О- шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дундговь аймгийн Адаацаг сумын Хүүхдийн цэцэрлэгт 31 жил тасралтгүй цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байгаад 2015 оны 10 сарын 01-нд өндөр насны тэтгэвэрт хөнгөлттэй нөхцөлөөр гарахаар өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөөд чөлөөлөгдсөн ба цэцэрлэгийн удирдлагатай тохиролцож мөн өдөрт цэцэрлэгийн туслах багшаар ажилд орсон. Гэтэл тус цэцэрлэгийн эрхлэгч 2017 оны 07 сарын 24-ний өдрийн Б/03 тоот тушаал гаргаж намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн ба миний бие Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар шүүхээс намайг үндэслэлгүйгээр ажлаасаа чөлөөлөгдсөн гэж үзэж намайг хуучин эрхэлж байсан ажилд минь эгүүлэн тогтоосон. Шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2017 оны 12 сарын 04-ний өдрөөс би ажилдаа орж ажил үүргээ гүйцэтгэж байсан ба 2018 оны 01 сарын 04-ний өдрийн 01 тоот тушаалыг Б.Мөнхцэцэг нь гаргаж мөн намайг ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэж үзэж намайг ажлаас чөлөөлсөн байна. Яагаад Хөдөлмөрийн гэрээ сунгагдахгүй болсон талаар огт надад мэдэгдээгүй, намайг ажлаас чөлөөлөх гэж байгааг мөн мэдэгдэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Би ажил албан тушаалаа хэвийн хэмжээнд гүйцэтгэж байсан ба ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Иймд намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлснийг тогтоож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг тооцуулж гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч нь 2015 оны 9 сарын 23-нд тэтгэврээ тогтоолгох хүсэлтэй байна гэсэн өргөдөл гаргасныг үндэслэж 2015 оны 10 сарын 01-ний өдрийн Б/06 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, ар гэрийнх нь байдлыг харгалзан үзээд тухайн өдөр нь буюу 2015 оны 10 сарын 01-ний өдрийн Б/07 тоот тушаалаар түр ажиллуулахаар ажилд нь эгүүлэн томилон ажиллуулсан. 2017 оны төсөвт тэтгэлэг нь суугдаж 2017 оны 7 сарын 24-нд А.О- нь тэтгэмжээ авах өргөдөл гаргаснаар үүрэгт ажлаас нь 2017 оны 07 сарын 24-ний Б/03 тоот тушаалаар чөлөөлж тэтгэлэгийг олгосонд, ээлжийн амралттай хугацаанд болон ямар ч мэдэгдэл, үндэслэлгүй, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоогүй байхад халсан гэж иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэснээр А.Оюунчулуунд 2017 оны 08 сарын 04-нөөс шүүхийн шийдвэр гарсан 71 хоногийн хугацаанд олгох олговор 1900599 төгрөг болон олгох олговороос хуульд заасан хувь хэмжээгээр эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл бусад татваруудыг тооцож барагдуулсан. Мөн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 13-ны өдрийн 139/ШШ2017/00395 тоот шийдвэрийн дагуу нэхэмжлэгч А.Оюунчулуунтай хийсэн 2017 оны 01 сарын 05-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний үйлчлэлийг 2017 оны 12 сарын 04-ний өдрөөс сэргээн цаашид бэлтгэл бүлгийн туслах багшаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болтол ажиллуулахаар 2017 оны 12 сарын 04-ний өдрийн Б/12 тоот тушаалаар томилон ажиллуулсан. Уг тушаалын нэг хувийг А.Оюунчулуунд өгсөн. А.О- нь 2015 оны 10 сарын 01-нээс тэтгэврээ тогтоолгон мөн өдрөөс эхлэн туслах багшаар нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийн тэтгэлэгээ автал түр тушаалтай ажиллан 2017 оны 08 сард уг тэтгэлэгээ авснаар 2018 оны 01 сарын 05-ны өдөр хүртэл хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан гэрээний хугацаа цаашид сунгагдахгүй болсон тул 2018 оны 01 сарын 05-ны өдрөөс бэлтгэл бүлгийн туслах багшийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэ хүн чөлөөлөгдөхөө мэдэж байсан. Удирдлагаа үл хүндэтгэдэг хүн түмний нялх хүүхдүүдтэй яаж харьцаж ажиллах нь ойлгомжтой тул цаашид хамтарч ажиллах боломжгүй, хөдөлмөрийн гэрээний хугацаа цаашид сунгагдахгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч А.О- нь Дундговь аймгийн Адаацаг сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхцэцэг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч А.О- болон Адаацаг сумын Хүүхдийн цэцэрлэг хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д зааснаар 2017 оны 01 дугаар сарын 05 ны өдрөөс 2018 оны 01 дугаар сарын 05 ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээ болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдааны явцад гаргасан тайлбараар нотлогдож байна. /ХХ-20-23 хуудас/

Нэхэмжлэгч А.О- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, хөдөлмөрийн гэрээ цаашид сунгагдахгүй болсон талаар, ажлаас чөлөөлөх гэж байгаа талаар надад мэдэгдээгүйд гомдолтой байна гэж маргаж байгаа боловч ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг сунгахгүй талаар мэдэгдэх үүргийг хуулиар хүлээгээгүй байна.

Хариуцагч Адаацаг сумын Хүүхдийн цэцэрлэг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 31.1.3-д зааснаар 2018 оны 01 дугаар сарын 05 ны өдрөөс туслах багш А.Оюунчулууныг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцэж байх тул нэхэмжлэгч А.О- Дундговь аймгийн Адаацаг сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.О- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.О- Дундговь аймгийн Адаацаг сумын Хүүхдийн цэцэрлэгийн туслах багшаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА