Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2021/0713

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч И ХХК

Хариуцагч Н дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Н даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ******* дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 02-06/3940 тоот мэдэгдлийг Н даргын 2021 оны ******* дүгээр захирамжийн хуулбарын хамт 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан. Энэхүү захиргааны акт нь манай байгууллагын хууль ёсоор газар эзэмших, тухайн эзэмшиж буй газарт оруулсан хөрөнгө оруулалтын үр шимийг хүртэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

Н даргын 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн ******* дүгээр захирамж нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг тус тус үндэслэн гарсан бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох харилцааг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлээр зохицуулсан ба үүнд Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан үндэслэл хамаарахгүй юм. Одоогийн И ХХК-ийн эзэмшиж буй газрын анхны эзэмших эрх үүссэн нь 1998 оноос эхтэй бөгөөд Н даргын захирамжийн хүндэтгэн үзэх шалтагаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

1.Иргэн Д.Б С ХХК-ийг үүсгэн байгуулсан ба 2004 оноос Ч.М, Д.Б нар нь С ХХК-ийн албан ёсны хувьцаа эзэмшигчид болсон. С ХХК нь 1998 оноос Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд 65.000 м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаад Н даргын 2004 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар захирамжаар 156.000 м.кв газар эзэмшихээр болсон. Тухайн үед Туул голын эрэг дагуу иргэд, аж ахуйн нэгжүүд барилгын болон ахуйн хогийг их хэмжээгээр хулгайгаар асгаж байсан. Туул голын эрэг дагуу газар нь хогийн цэг, орон гэргүйчүүд болон архичид, биеэ үнэлэгчдийн оромж болсон байсныг хамгаалж цэвэрлэх зорилготой байсан.

Энэ ажлын хүрээнд Туул голын эрэг дагуу эмх цэгцтэй орчин үеийн тохижилттой орон сууцны хороолол байгуулах тухайн үеийн Нийслэлийн удирдлагуудын шийдвэр гарч Н даргын 2007 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 208 тоот захирамжаар 233.000 м.кв, мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаар тогтоол гарч Хан-Уул дүүргийн 1, 11 дүгээр хороо, Зайсан толгой орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг баталсан. Уг төлөвлөгөөний дагуу Н даргын 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 449 тоот захирамжаар С ХХК-д 273.000 м.кв газрыг эзэмшүүлсэн ба С ХХК нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй зуун мянган айлын орон сууцны хөтөлбөрийн хүрээнд тухайн газар орон сууцны цогцолбор хороолол барьж байгуулахаар төсөл боловсруулан ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө батлуулж, эрх бүхий байгууллагуудаас техникийн нөхцөл, барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авч ажиллаж эхэлсэн.

Н даргын 2010 оны 204 тоот захирамжаар С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хамаарал бүхий компаниудад төсөл төслөөр нь дээрх 273.000 м.кв газрыг хэсэгчлэн шилжүүлж эзэмшүүлсэн. С ХХК-д 143.863 м.кв, хувьцаа эзэмшигч Д.Б-ийн хамаарал бүхий М ХХК-д 74.427 м.кв, хувьцаа эзэмшигч Ч.М-ын хамаарал бүхий И ХХК-д 23.210 м.кв, хувьцаа эзэмшигч Д.Б-ын Ж ХХК-д 31.500 м.кв газрыг тус тус шилжүүлэн С ХХК нь төслийн ерөнхий удирдагчаар ажиллаж эхэлсэн.

2.Нэгдсэн төслийн хүрээнд 2009 онд Тэнгэр вилла хотхоны 34 айлын амины орон сууц, 2011-2014 онуудад Ривер гарден-1 орон сууцны хорооллын 330 айлын 7 давхар 15 ширхэг, 10 давхар 5 ширхэг, 15 давхар 1 ширхэг, 19 ширхэг амины орон сууц, Монголиан таймс скуэр 152 айлын 11 давхар 3 ширхэг, 14 давхар 2 ширхэг орон сууцыг барьж ашиглалтад оруулан улсын комисст хүлээлгэн өгсөн. 2014 оноос өнөөг хүртэл Ривер гарден-2 орон сууцны хорооллын 448 айлын 14 давхар 8 ширхэг, Таймс скуэр хотхоны 256 айлын 16 давхар 4 ширхэг орон сууц, Хан хилс орон сууцны хорооллын 312 айлын 14 давхар 6 ширхэг орон сууцыг барьж ашиглалтад хүлээлгэн өгөхөөр барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэж байна.

3.С ХХК, Н ХХК, М ХХК, И ХХК, Ж ХХК нар төслийн хүрээнд дээрх орон сууцны иж бүрэн хорооллыг барихын тулд барилгажих талбайд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг барьж байгуулсан. Үүнд:

-Ус сувгийн удирдах газрын Техникийн нөхцөл олгох комиссын 2008 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 249 тоот техникийн нөхцөлийн дагуу 1000 м урт цэвэр усны шугам татаж, төвийн бохир усны ф 1000 мм-ийн шугамд холбохын тулд 2500 м урт шугам хос хоолойг барьж ашиглалтад оруулсан. Тус ажлыг сантехник угсралтын Г ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээний дагуу нийт 1.150.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн.

үлш, эрчим хүчний яамны техникийн нөхцөл олгох комиссын 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 291 тоот техникийн нөхцөлийн дагуу гадна дулааны шугамын холболтыг 12-р магистраль шугамнаас нийт 1100 м урт шугам хоолойг татаж нэгдсэн ЦТП-г суурилуулсан. Тус ажлыг сантехник угсралтын М, ГМ, М зэрэг компаниудаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу нийт 3.100.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн.

-Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК-ийн 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 17/2009 тоот техникийн нөхцөлийн дагуу 110/10/6 кв-ын Өмнөд дэд станцад өөрсдийн зардлаар 2 ширхэг 25квА-н цахилгаан хуваарилах байгууламж байрлуулан тус дэд станцаас 6000 квт чадалтай 6500 м урт хос кабель шугам татаж шинээр 1 ширхэг РП, 3 ширхэг хуваарилах байгууламж барьж орон сууцны хорооллыг цахилгаанаар тэжээж байна. Тус ажлыг цахилгаан хангамжийн тусгай зөвшөөрөлтэй Г, Х, П зэрэг компаниудаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу нийт 2.900.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн.

-Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх нийт төлөвлөж буй 3.45 км урт авто замын ажлаас 2020 оны байдлаар 2000 орчим м авто замыг хатуу хучилттай болгоод байна. Тус замын ажлыг авто зам барих тусгай зөвшөөрөл бүхий Нек, Төгс үржих зэрэг компаниудаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу 3.450.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн.

-Улаанбаатар хотын Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх орон сууцны хорооллын үерийн хамгаалалтын зураг төслийг Г ХХК-иар хийлгүүлэн эрх бүхий байгууллагуудтай зөвшилцөн  2013 онд тус далангийн зурганд нэмэлт, өөрчлөлт оруулан зураг төслийн Э ХХК-иар хийлгүүлэн Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвөөр магадлал хийлгэн 2300 м урт, 3 м өндөр төмөр бетонон далангийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн.

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 7226 тоот албан бичгээр байгаль орчинд нөлөөлөх ерөнхий байдлын үнэлгээг, 2016 онд Н ХХК-иар байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийлгэж тухайн газарт үнэлгээний үндсэн дээр орон сууцны хороолол барихад татгалзах зүйлгүй гэсэн дүгнэлт гарсан.

-Монголын номер нэг ногоон орчинтой орон сууцны хороолол болох үүднээс Туул голын хөвөөгөөр Н ХХК-тай хамтран 80.000 орчим төрөл бүрийн мод, бут, сөөгийг тарьж ургуулсан. Улаанбаатар хотод хамгийн орчин үеийн шийдэл бүхий амьдрахад тааламжтай, эрүүл ногоон орчинтой орон сууцны шинэ суурьшлын бүсийг барьж байгуулж байна.

-Нийгмийн хариуцлагын хүрээнд Богдхан уулын нэг хэсэг болох Их тэнгэрийн амны баруун талын нүцгэн уулыг ойжуулахаар 1.200.000 төгрөгийн төсөвтэй төслийг Н ХХК-тай хамтран хэрэгжүүлж өнөөдрийн байдлаар төсөл 70% хэрэгжиж, тарьсан 30.000 мод, бут, сөөг нь 95%-ийн ургалттай байна.

-Таймс скуэр орон сууцны хотхонд англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Сакура бүрэн дунд сургууль, 100 хүүхдийн цэцэрлэг тус тус ажиллаж байна.

4.Газрын тухай хууль, Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн С ХХК болон хамаарал бүхий этгээдүүдийн компаниудад олгосон газар дээр бид гэрээний нөхцөлийн дагуу орон сууцны зориулалтаар ашиглан газар эзэмшигчийн эрх, үүргээ зохих ёсоор биелүүлсээр ирсэн. Орон сууцны томоохон цогцолбор хотхонд сургууль, цэцэрлэг байх нь иргэдийн хэрэгцээнд нийцэх бөгөөд сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэхэд дэм болох зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/245 тоот захирамжаар манай эзэмшил газрыг 42.740 м.кв болгон өргөтгөсөн нь бидний гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж байсны нэг илрэл гэж үзнэ. Үүний дагуу эскиз зураг төсөл хийгдэж 2017/20-06 тоот архитектор төлөвлөлтийн даалгавар 2017 ионы 10 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан.

5.Өнөөдрийн байдлаар манай хэрэгжүүлж буй төсөлд С ХХК, Н ХХК, М ХХК, И ХХК, Ж ХХК тэргүүтэй 60 орчим гадаад, дотоодын компаниудад 3180 орчим инженер техникийн болон үндсэн буюу туслах мэргэжлийн ажилчид ажиллаж байна.

Тэнгэр вилла, Ривер гарден 1, 2, Таймс скуэр, Хан хилс зэрэг хотхоны зарим барилга ашиглалтад орон оршин суугчдаа хүлээн аваад багагүй хугацаа өнгөрсөн, одоо ч үргэлжлэн баригдаж байгаа нь нэгэнт нийтэд илэрхий үйл баримт юм. Харин цар тахал Ковид-19 өвчний нөхцөл байдал, түүнийг дагаж барилгын материалын үнэ, тээвэр ложистикт гарч буй саатал зэрэг нь төслийн үйл ажиллагаанд нөлөөлж байна.

6.Н дарга ******* тоот захирамжийн үндэслэлээ 2 жил дараалан ашиглаагүй гэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй буруу шийдвэр болсон гэж үзэж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 18-р тогтоолоор Зайсан толгой орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг зөвшөөрч баталсны дагуу Улаанбаатар хотын холбогдох байгууллагууд техникийн нөхцөл олгохдоо С ХХК тэргүүтэй төслийн компанид 500000 м.кв газрын хамран барилгажуулахад шаардагдах нэгдсэн дэд бүтцийг бий болгох шаардлага тавьж байснаар бид дээр дурдсан дэд бүтцийг өөрсдийн хамтын хөрөнгөөр бүтээсэн бөгөөд үүнийг түшиглэн барилга байгууламжийг шат даараатайгаар эхлүүлж, заримыг нь ашиглалтад хүлээлгэн өгсөөр байна. Энэхүү нэгдсэн том төслийг газар эзэмшигч 4 компани тус бүрээр нь салган авч үзэх боломжгүй, газраа зориулалтын дагуу ашиглаж буй эсэхэд цогц байдлаар үнэлэлт дүгнэлт хийн шийдвэр гаргах нь бодит байдалд илүү нийцнэ.

Гэтэл Н дарга шийдвэрээ гаргахдаа өөрийн доорх албан тушаалтнуудын дутуу дулимаг мэдээлэлд үндэслэн өнгөц буруу шийдвэр гаргасан нь харагдаж байна.

Иймд Н даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ******* дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: И ХХК-д Н даргын 2017 оны А/245 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42740 м.кв газрыг орон сууц, цэцэрлэгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Дээрх маргаан бүхий газар нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан ойн сан бүхий газар, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд багтсан бөгөөд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Арга хэмжээ авах тухай 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 02-01/1355 дугаартай албан бичгийг ирүүлсэн болно.

Тус компани нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасныг тус тус зөрчсөн байх тул Н даргын 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн ******* дүгээр захирамжаар И ХХК-ийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна.

Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 02-06/2638 дугаар албан бичиг, 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 02-06/2867 дугаар албан бичгээр тус тус сонсох ажиллагааг явуулсан байна. Маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгч талд  Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 02-06/3940 дугаартай албан бичгээр мэдэгдсэн болно.

Иймд Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээг авч, хууль дүрмийн хүрээнд тус захирамжийг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И ХХК-иас Н даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ******* дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж маргаан бүхий Н даргын захирамжид заасан үндэслэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.

С ХХК, И ХХК-иуд 2010 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо нутаг дэвсгэрт байрлах 23210 м.кв газрыг шилжүүлэхээр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, тус компаниуд Нийслэлийн газрын албанд хүсэлт, холбогдох баримтын хамт гаргасныг үндэслэн Нийслэлийн газрын албаны 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 204 дүгээр захирамжаар И ХХК-д маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн байна.

Улмаар нэхэмжлэгчид Н даргын 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/245 дугаар захирамжийн үндэслэн 000321674 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж 42740 м.кв газрыг орон сууц, сургууль, цэцэрлэгийн зориулалтаар эзэмшүүлжээ.

Тус газар эзэмших гэрчилгээг Н даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ******* дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо /хуучнаар 11 дүгээр хороо/-ны нутаг дэвсгэрт Н даргын 2017 оны А/245 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгогдсон И ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.

 Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлйн 4.1.2, 4.1.4 дэх хэсэгт заасан төрөөс газрын талаар баримтлах газар төрийн хяналт, хамгаалалтад байх, газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх зарчмын хүрээнд Нийслэлийн Засаг дарга мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т заасан газар эзэмшигчээс газрыг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах нийтлэг бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ. гэж зааснаар нөхцөл байдлыг тогтоож, нотлох үүрэгтэй юм.

Хариуцагч И ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох захирамждаа Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно. гэж заасныг үндэслэсэн боловч нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газар нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам болон кабель шугамын хамгаалалтын зурваст ороогүй болох нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/1781 дүгээр албан бичгээр тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: 39.1.4.газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон;, 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. гэж зааснаар Нийслэлийн Засаг дарга И ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газар ашиглаагүй гэх үндэслээ хангалттай нотлоогүй гэж үзлээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Нийслэл Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний үндсэн шийдлийг хэрэгжүүлэх, дэд бүтцийн шугам сүлжээнд ойр байрлалтай гэр хорооллыг барилгажуулах зорилгоор Хан-Уул дүүргийн 1, 11 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 1 хорооны 500.0 га нутаг дэвсгэрт хийгдсэн Зайсан толгой орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө-ний зураг төслийг зөвшөөрч баталсны дагуу нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрын орчимд ус, дулааны техникийн нөхцлийг шийдсэний үндсэн орон сууцны хотхон, хороолол баригдсан болох нь хэрэгт авагдсан С ХХК-иас ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч И ХХК эзэмших эрх бүхий газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглахаар 2011 онд Стандарт хороолол-ын Стандарт хотхон-ын эскиз зураг, 2014 онд үйлчилгээтэй орон сууцны цогцолбор хорооллын эскиз зураг, 2017 онд 1200 хүүхдийн ерөнхий боловсролын сургуулийн цогцолбор, 106 айлын багш сурагчдын орон сууцны эскиз зураг гүйцэтгүүлэн батлуулсан, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 187 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн МЗХ2017/20-06 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар авсан, Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх Стандарт орон сууцны хорооллын үерийн хамгаалалтын зураг төсөл боловсруулан үерийн далан байгуулан ажиллаж байгаа зэрэг нь хэрэгт авагдсан дээрх баримтууд болон шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна.

Дээрх байдлаар нэхэмжлэгч нь эзэмших эрх бүхий газраа орон сууц, сургууль, цэцэрлэгийн зориулалтын дагуу ашиглахаар Барилгын тухай хуульд заасан барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай техникийн нөхцөл, зураг төсөл зэрэг баримт бичгийг батлуулан ажиллаж байсан нь тогтоогдож байх тул түүнийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ******* дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1.            Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч И ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Н даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ******* дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

2.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Н даргаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН