| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 128/2024/0515/З |
| Дугаар | 221/МА2024/0760 |
| Огноо | 2024-12-03 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2024/0760
Г.Гын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/06*** дугаар шийдвэрийг нэхэмжлэгч Г.Гын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Г.Г
Хариуцагч Сүх****************
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 128/2024/0*****/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 06*** дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг тус тус баримтлан Г.Гын нэхэмжлэлтэй, Сүхбаа*************гад холбогдох “Сүхбаа*************гын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/5*** дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгч Г.Г дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “... Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг ...” төрийн захиргааны байгууллага болох хариуцагч Сүхбаа*************га нь нэхэмжлэгч Г.Г миний газар эзэмших эрхийг дуусгавар болгосон эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх захиргааны А/5*** дугаарын захирамж, шийдвэр гаргахын өмнө зохион байгуулсан сонсох ажиллагаанд эрх, ашиг хөндөгдөх газар эзэмшигчийг оролцогчоор оролцох, ямар хууль тогтоомж зөрчиж байгааг мэдэгдэх, тайлбар гаргах, нотлох баримт гаргах, санал гаргах сонсох ажиллагаанд оролцох оролцооны эрхээр хангаж өгөөгүй байна. Хариуцагч нь энэ үүргээ хэрэгт нотлох баримтаар авагдсан “Өнөөдөр” гэх сонины 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1***-рт нийтэлснээр хязгаарласан нь газар эзэмшигчийн сонсох ажиллагаанд оролцох оролцооны эрхийг хязгаарласан, сонсох эрхээр хангаагүй үйлдэл гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн “Оролцогчийг сонсох” заалтын 26.1-д заасан “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнөх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаартайлбар, санал гаргах боломж олгоно.” Мөн зүйлийн 26.2-д заасан “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ.”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-рт “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ", мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-рт “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж тус тус заасан байна. Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 15-р зүйлийн Оролцогчийн эрхийг тодорхойлсон 15.1-д заасан оролцогчийн эрх эдлэх боломжоор иргэн Г.Г намайг хангаагүй, 2023 оны 12 дугаар сарын сүүлчээр миний эзэмшиж байсан зуслангийн газрын бүртгэл нь кадастрын бүртгэлээс алга болсонг гэнэт мэдэж гайхаж, энэ тухай Сүхбаатар дүүргийн Газрын алба дээр биеэр ирж асууж, тодруулж, газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэр гаргасан байсанг мэдсэн юм. Миний эзэмшиж ашиглаж буй 9906***96 харилцах утасны дугаар нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Газар эзэмших эрхийн 2011 онд байгуулагдсан гэрээнд бичигдсэн байгаа ба одоо ч энэ харилцах утасны дугаарыг иргэн Г.Г би ашиглаж байгаа болно. Газар эзэмшигч надад сонсох ажиллагаанд оролцох, сонсох ажиллагааны мэдээлэл хүргэх боломж бүрэн байсан. Төрийн байгууллагуудын ашиглаж байгаа иргэний бүртгэлтэй холбоотой бүх цахим сүлжээг ашиглах боломж байсныг хариуцагч болон төрийн захиргааны байгууллага нь ашиглаагүй, мэдээлэл хүргэх үүргээ хангалтгүй биелүүлсэн, зөрчсөн гэж үзэж байна. Газар эзэмшигч нь эзэмшлээр олгосон газраа зориулалтаар нь огт ашиглаагүй орхигдуулсан шинж байхгүй. Газрын эрх цуцлагдах хүртэл газрын төлбөр буюу эзэмших эрхийн төлбөр тооцоог жил бүр хугацаанд нь төлж үүргээ биелүүлж байсан. Төлбөрийн зөрчил гаргаагүй. Мөн тухайн газар дээр 2 удаа хөрөнгө оруулалтаар хашаа барьж, хашаалж зуны улиралд зусланд гарж ажиллаж байсан. 2021 онд эзэмшиж буй зуслангийн газрын Газрын төлөв байдлын үнэлгээг өөрийн зардлаар хийлгэж дүгнэлт гаргуулсан. Сүхбаа*************гын захирамжаар 2011 онд надад олгосон зусоангийн эзэмшил газар нь зуслан, суурьшлын бүс байгуулахыг хориглосон газрын бүсэд багтаж байгаа юм байна. Миний эзэмшиж байсан зуслангийн газар нь 2015 онд батлагдсан Усны тухай хууль, тогтоомж болон түүд нийцүүлэн эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас гаргасан онцгой хамгаалалтын бүс тогтоосон талбайд хамрагдан орсон байх тул иргэн надад дүйцүүлэх хэлбэрээр өөр газарт зуслангийн газар эзэмшлээр дүйцүүлэн олгох зарчмыг баримтлаагүй, сонсох ажиллагаанд оролцох эрхийг хангаагүй, тухайн захирамж гарсаныг эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд болох иргэн Г.Г би хожим хойно нь мэдсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/06*** дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч Г.Гын хүчингүй болгуулахыг хүссэн Сүхбаа*************гын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/5*** дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Усны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэг, 22.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Усан сан бүхий онцгой хамгаалалтын бүсэд, зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй зэрэг нөхцөл байдал тодорхойлогдсон тул сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг Өнөөдөр сонины 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 186 дугаар нийтэлсэн боловч тайлбар ирүүлээгүй байх тул хавсралтад заагдсан 69 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосонд тооцсонд нэхэмжлэгч Г.Г багтаж газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.
2. Анхан шатны шүүх “... Нэхэмжлэгчээс газраа зориулалтын дагуу ашиглаж байсан гэх боловч хашаалаагүй, барилга, байгууламж бариагүй, инженерийн шугам сүлжээнд холбоогүй байна. Хэдийгээр өмнө нь буюу 2011-2019 онуудад зундаа зусаж байсан, хашаалсан боловч хулгайд алдсан, 2021 онд газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт гаргуулсан гэх боловч энэ нь газрыг зориулалтын дагуу ашиглаж байсныг, мөн газар эзэмших эрхийг сэргээх үндэслэл болохгүй.” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
3. Нэхэмжлэгч нь тухайн газрыг 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221 дугаар захирамжаар “зуслан”-ийн зориулалтаар эзэмших эрхтэй болсноос хойш хашаа барьсан боловч зарим нь алдагдсан, зарим зун хүүхдүүдтэйгээ гарч зусланд гарч ашиглаж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг буруутгах үндэслэлгүй байна.
Зуслангийн зориулалттай газарт заавал барилга байгууламж барьж тогтмол ашиглах ёстой гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хашааны зарим нь хулгайд алдагдсаныг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж үзэж, газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл гэж үзэхээргүй байна.
4. Хариуцагч нь дээрх үндэслэлийг зааснаас гадна анх 2007 оноос хойш 17 жилийн туршид нэхэмжлэгчид эзэмшүүлсний дараа маргаан бүхий актыг гаргахдаа Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосноос үзвэл “усны онцгой хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлсэн өөрийн алдаатай шийдвэрээ хүчингүй болгосон агуулга мөн тусгагджээ.
4.1. Газар эзэмших эрх олгох үед 2004 оны Усны тухай хууль үйлчилж байсан тус хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д “Усны эх, ундаргад онцгой хамгаалалтын бүс тогтооно.
31.2.1.онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, эмийн болон хүнс, техникийн зориулалттай ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэж заасан.
4.2. Харин 2012 оны Усны тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 22 дугаар зүйлийн 22.1-д “Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно.” гэж, 22.2-д “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно: 22.2.1.онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэж зааж, онцгой хамгаалалтын бүсийн хэмжээг тодорхой зааж, хориглох үйл ажиллагааг нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон үед мөрдөгдөж байсан хуульд заасантай адил зохицуулжээ.
4.3. Үүнээс үзвэл нэхэмжлэгчид газар олгоход мөрдөгдөж байсан болон одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Усны тухай хуулиар онцгой хамгаалалтын бүсэд зуслангийн зориулалтаар газар эзэмшихийг хориглоогүй байна.
4.4. Гэвч уг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А/230/127 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэм мөрдөх журам”-ын 2.5-д “Онцгой хамгаалалтын бүсэд дор дурдсанаас бусад бүх төрлийн үйл ажиллагаа явуулахыг болон зуслан, суурьшлын бүс байгуулахыг хориглоно:” гэж зааснаар зуслангийн зориулалтаар эзэмшихийг хориглосон, тухайн үед нэхэмжлэгчийн газрыг энэхүү үндэслэлээр хүчингүй болгоогүй.
4.5. Мөн нэхэмжлэгчийн гаргуулсан Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дүгнэлтийн 16-д /хэргийн 10 дугаар хуудасны ар тал/ “... Гал үер усны аюулгүй байдал зөрчигдөөгүй, ...” гэж заасан, нэхэмжлэгч нь газрын төлбөрөө тухай бүрд төлж байсан нь тогтоогдож байгаагаас үзвэл нэхэмжлэгчийн ямар нэгэн буруутай үйл ажиллагаа байхгүй байна.
5. Эдгээр нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн шийдвэр нь эерэг үйлчлэлтэй акт бөгөөд хариуцагч нь уг актыг өөрөө хууль зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д “энэ хуулийн 48.2.1-д заасан тохиолдолд захиргааны актыг гарсан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасан хугацааг баримтлаагүй байна.
6. Уг хуулийн агуулга нь актын /эерэг/ үйлчлэл нь чиглэсэн хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой байх ба хариуцагч нь уг эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх, нөгөө талаас Усны тухай хуулийг дагаж мөрдөх, уг хуулийг зөрчсөн алдааг заавал засаж нийтийн ашиг сонирхлыг хангах үүрэгтэй.
6.1. Энэ тохиолдолд хариуцагч нь Усны тухай хуулийг мөрдөж бусдад эерэг үйлчлэлтэй өөрийн хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгохдоо өөрийн бүрэн эрхийн хүрээнд тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчигдөх эрх, ашиг сонирхлыг хамгийн бага хөндөгдөх байдлаар шийдвэрлэх, боломжгүй бол учирсан хохирлыг арилгаж дээрх хуулиудыг нэг мөр хэрэгжүүлэхээр байна.
6.2. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийг Газрын тухай хууль зөрчсөнтэй холбогдуулж энэ талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй бөгөөд дээр дурдсанаар Газрын тухай хуулийг зөрчөөгүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
7. Харин хариуцагч нь Усны тухай хуулийн заалтын дагуу шийдвэр гаргахдаа дээр дурдсан нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг харгалзан дахин шийдвэрлэхэд энэхүү шийдвэр саад болохгүйг, мөн анхан шатны шүүх маргаан бүхий актаар Эрчим хүчний зурвас газрын хамгаалалтын зурвас зөрчигдсөн талаар заагаагүй байхад нэхэмжлэлийн хүрээнээс хэтэрч маргаан бүхий актаар шийдвэрлээгүй, маргаагүй асуудлаар нотлох баримт цуглуулж, эрчим хүчний зурвас газартай давхцалтай гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасныг зөрчсөнийг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/06*** дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сүхбаа*************гын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/5*** дугаар захирамжийн Г.Гад холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ