Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 219

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор, 

улсын яллагч Ц.Мөнхжаргал,

шүүгдэгч Ц.Ганбаатар, түүний өмгөөлөгч Т.Баярбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Цэрэндашийн Ганбаатарт холбогдох эрүүгийн 201624000878 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Цэрэндашийн Ганбаатар, 1976 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон 4 дүгээр гудамжны 14 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ХЗ76070474.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/;

Шүүгдэгч Ц.Ганбаатар нь 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 19 цаг 06 минутын үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-1125 дугаар гудамжны замд Хьюндай аксент маркийн 15-88 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөний улмаас Б.Чинтогтохын эзэмшлийн Ниссан мурано маркийн 04-50 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 1.133.240 төгрөгийн шууд, 1.593.240 төгрөгийн нийт хохирол учруулсан зам тээврийн осол гаргаж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан  шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэснийг зөрчин, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ц.Ганбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хавтаст хэргийн бичгийн нотлох баримтуудаас:

Шүүгдэгч Ц.Ганбаатар мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэхдээ: “…2016 оны 9 дүгээр сарын 21-ний орой хашаандаа Х.Верна маркийн 15-88 УБЛ дугаартай автомашинаар ухарч гарах гэж байгаад гудамжинд зогсож байсан Ниссан Мурано маркийн 04-50 УНЕ дугаартай автомашины зүүн хойд хэсэг рүү мөргөчихсөн. Тэгээд би толиндоо нэг хартал гайгүй юм шиг болохоор нь шууд зугтаагаад явчихсан юм. Би өдөр нь нэг пиво уучихсан байсан ба манай эхнэр Баярмаа орж ирээд хэрүүл хийгээд байхаар нь уурандаа гарах гэж байгаад нөгөө машиныг мөргөсөн. Би өдөр 12 цаг өнгөрч байхад 0.5 граммын нэг пиво уусан байсан ба машин жолоодоод хашаанаас гарах үед бол зүгээр байсан…/хх-51-52/, …Осол хэрэг гарснаас хойш гаргасан алдаагаа үнэхээр их ухамсарлаж байна. Нөгөө хүнд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан ба үнэлгээгээр гарсан 1.593.240 төгрөгийг өгч гомдол, саналгүй болгосон…” гэжээ /хх-55/. 

Иргэний нэхэмжлэгч Б.Чинтогтох мэдүүлэхдээ: “...2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр би нөхөр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-1125 тоотод оршин суух хадмындаа очсон. Тэгээд хашааны үүдэнд машинаа тавьчихаад хэсэг байж байхад гадаа тас хийх чимээ гарахаар нь гараад хартал доошоо уруудаад нэг цагаан өнгийн бололтой машин тоос татуулаад зугтаж байсан. Тэгэхээр нь би машинаа асаагаад араас нь явтал нөгөө машин байхгүй болохоор нь эргээд иртэл урд талын хашаанаас хоёр эмэгтэй гарч ирсэн ба танай хашаанаас гарсан машин манай машиныг мөргөөд явчихлаа гэтэл бид нар танихгүй гээд байсан. Тэгэхээр нь цагдаа дуудаад хэмжилт хийлгэсэн. Үнэлгээгээр 1.593.240 төгрөг гарсан бөгөөд 1.593.240 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан учир одоо надад нэмж нэхэмжлэх зүйл байхгүй…” гэжээ /хх-10/.    

Иргэний хариуцагч Ц.Гансүх мэдүүлэхдээ: “…Уг авто машиныг миний төрсөн дүү Ганбаатар хэсэг хугацаанд халтуур хийгээд хэдэн төгрөг олъё гээд байхаар нь өгчихсөн байсан. Учирсан хохирлыг Ганбаатар бүрэн барагдуулсан гэсэн. Машинд үнэлгээ хийлгээгүй байгаа ба үнэлгээ хийлгэх шаардлаггүй. Ганбаатараас нэхэмжлэх зүйлгүй…” гэжээ /хх-23/.

 Гэрч Н.Баярмаа мэдүүлэхдээ: “…2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр би ажлаа тараад гэртэй иртэл манай нөхөр гэртэй байж байсан ба хүүхдийн эцэг эхийн хуралд суух ёстой байсан. Тэгээд уг асуудлаас болоод хоорондоо маргаад жаахан хэрүүл хийтэл манай хүн уурлаад гэрээсээ гараад удаагүй байтал хүмүүс шуугилдаад явчихаар нь гараад хартал хойд айлын үүдэнд хүмүүс гараад ирчихсэн манай машиныг нэг цагаан өнгийн машин мөргөчихөөд явчихлаа гэсэн. Гарахад хашааны хаалга онгорхой байсан ба би нөгөө хүмүүст цагаан өнгийн машин бол манай машин биш ээ гэж хэлчихээд эргээд гэртэй орсон. Дараа нь цагдаа нар ирээд миний нэрийг асуугаад явсан. Ер нь бол манай хашаанд хоёр машин байдаг юм. Нэг нь манай хамаатны дүү Эрдэнээгийн машин, нөгөө нь манай нөхрийн 15-88 УБЛ улсын дугаартай машинууд байдаг юм. Манай нөхөр машинаа асаагаад гарч байгааг бол анзаараагүй. Дүүгийн машин байхгүй байсан. 15-88 улсын дугаартай машин манай хадам ах Гансүхийн машин байгаа юм. Манай нөхөр түр зуур унаж байя гээд авсан байсан…” гэжээ /хх-19-20/.

Улаанбаатар хотын цагдаагийн газар, Техникийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №600 тоот дүгнэлт:

“1. Х.Аксент маркийн 15-88 УБЛ дугаартай авто машины жолооч Цэрэндашийн Ганбаатар нь Монгол Улсын Замын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолоо дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан  шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”, 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.       Ниссан мурано маркийн 04-50 УНЕ дугаартай авто машины жолооч Батдоржийн Чинтогтох нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна

           Жич: Х.Верна маркийн 15-88 УБЛ дугаартай авто машины стандартын шаардлага хангаагүй, иж бүрдэлтийн эвдрэл нь осол хэрэг гарахад нөлөөлөөгүй байна” гэжээ /хх-43-44/,

Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх 4-6/,

“Ашид билгүүн” ХХК-ийн автомашины эвдрэл, хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх 28-29/,

Шүүгдэгчийн ял шалгах хуудаст түүнийг урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүйг тодорхойлсон байна /хх-61/, мөн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт лавлагаа /хх 59-60/, хохирол төлбөрт 940.000 төгрөг хүлээлгэн өгсөн, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 727.000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-64/ зэргийг шинжлэн судлалаа. 

Шүүгдэгч Ц.Ганбаатар нь 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 19 цаг 06 минутын үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-1125 дугаар гудамжны замд Хьюндай аксент маркийн 15-88 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөний улмаас Б.Чинтогтохын эзэмшлийн Ниссан мурано маркийн 04-50 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 1.133.240 төгрөгийн шууд, 1.593.240 төгрөгийн нийт хохирол учруулсан зам тээврийн осол гаргаж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан  шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”  гэсэн заалтыг зөрчсөн гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан осол хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь ослын акт, хэмжилтийн зураг, гэрэл зургийн үзүүлэлт, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нарын мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, техникийн шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэг авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, зохих эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. 

Хэргийн иргэний нэхэмжлэгч нь гомдол, саналгүй гэснийг дурьдах нь зүйтэй.

            Шүүх шүүгдэгч Ц.Ганбаатарт ял шийтгэхдээ, түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж, оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Цэрэндашийн Ганбаатарыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ганбаатарыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ганбаатарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар нь эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ХАЛИУН