Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 509

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/03269 дүгээр шийдвэртэй, “Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Тд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 24 852 869 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж болон нотариатын үйлчилгээний зардалд 364 510 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түвшиндалай,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхнасан,

Хариуцагч Г.Т,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ням,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Т нь “Р” ХХК-аас зээл авах тухай хүсэлт гаргасныг тус банк бус санхүүгийн байгууллагын Зээлийн хорооны хурлаар хэлэлцэж, 39.3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалж 18 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай, бизнесийн хэрэгцээнд ашиглах зориулалттай олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч уг зээлийг өөрийн төрсөн дүү Г.Тунгалагтай хамтарч авахыг хүсч, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож өөрийн нөхөр Т.Батмагнай, хүүхэд Б.Цолмон нарын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2205033442 дугаартай, 2 өрөө байрыг тэдгээрийн итгэмжлэн зөвшөөрснөөр барьцаалж, 45/14 дугаартай Зээлийн гэрээ, Зээлийн барьцааны гэрээг Г.Тунгалагтай хамтарч 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан.

Талууд зээлийн гэрээний хавсралтаар зээлийг эргэн төлөх графикийг хатуу тохирсон боловч 2015 оны 9 дүгээр сарын 19-нд зээлийн хугацаа дуусахад зээлдэгч нь үндсэн зээлээс 1 304 000 төгрөг, зээлийн хүүгээс 6 696 000 төгрөг төлсөн байсан. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас утсаар болон бичгээр удаа дараа шаардсан боловч тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болохыг эхэндээ хүлээн зөвшөөрч, зээлийг төлөх хугацаа зааж бичгээр баталгаа гаргаж байснаа хожим зээл төлөхөөс татгалзах болсон тул шүүхэд хандахад хүрсэн. Хариуцагч Г.Т нь зээлдэгчийн хувьд ч, барьцаалуулагчийн хувьд ч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэг хүлээсэн тул зээлийн үлдэгдэл 16 696 000 төгрөг, зээлийн хүү 6 878 751 төгрөг, нэмэгдэл хүү 997 308 төгрөг бүгд 24 852 869 төгрөгийг тэмдэгтийн хураамж, нотариатын үйлчилгээний 364 510 төгрөгийн хамт нийт 24 936 569 төгрөгийг төлөх ёстой.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний заалтыг баримтлан хариуцагч Г.Таас 24 936 569 төгрөгийг гаргуулж “Р” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар дүгээр зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагчийн барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Р” ХХК-иас Г.Тд холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ байгууллагаас би 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 18 000 000 төгрөгийн зээлийг авсан тохиолдол огт байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Миний дүүгийн “Гантус” ХХК-д зээлийг олгосон гэж дуулсан. Би дүүгийнхээ ажилд тус болох үүднээс зээл болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан болохоос зээлийг аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, “Гантус” ХХК-ийн ажлыг мэдэхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг баримтлан хариуцагч Г.Таас 24 570 059 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Р” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 366 510 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дахь заалтыг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205033422 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000095804 дугаар гэрчилгээтэй, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 28/1 байр 70 тоот 39.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351 010 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, дутуу төлсөн 1 822 төгрөгийг нэхэмжлэгч “Р” ХХК-иас гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч Г.Таас 351 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэт “Р” ХХК-ийн талд үйлчилж хуулийг буруу хэрэглэж, огт мөнгө аваагүй намайг хохироосон шийдвэр гаргасан. Хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч Г.Тунгалаг 18 000 000 төгрөгийг өөрийн бизнесийн үйл ажиллагаанд хэрэглэхээр “Ган-Тус” ХХК-ийн дансанд шилжүүлэн авсан байхад төрөл садангийн холбоотой гэх байдлаар надаас гаргуулсан. Г.Тунгалаг нь миний төрсөн дүү боловч тухайн үед дүү маань гэр бүлтэй, хувийн компанитай, өв залгамжлагч нартай бөгөөд төрсөн эгч гэдгээр надад хамаатуулж төлбөрийг гаргуулж байгаад гомдолтой байна. Улсын Дээд шүүхийн шийдвэрийг үл хайхарч, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа хуулийн хүрээнд тайлбарлаж чадаагүй, шүүгчийн болон хариуцагч талаас тавьсан асуултад, тухайлбал 18 000 000 төгрөгийг хэнд шилжүүлсэн гэх асуултад Г.Тунгалаг хүсэлт гаргаж шилжүүлсэн гэж хариулсан байхад шүүгч эсрэгээр нь огт хамааралгүй буюу мөнгө огт хүлээж аваагүй надаар төлүүлэх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Үүнээс гадна шүүх тухайн байрны хамтран өмчлөгч нарын зөвшөөрөлгүйгээр шүүхийн харъяалалд хамааралгүй үйл ажиллагаа өөр чиг үүрэгтэй байгууллагын шийдвэрлэх асуудал болох барьцааны хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хуулийн дагуу нэхэмжлэлийг шийдвэрлэж, Улсын Дээд шүүхийн тогтоолын биелэлтийг хангуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч “Р” ХХК нь хариуцагч Г.Тд холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 24 936 569 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч “Р” ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 18 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлүүлэхээр, хариуцагч Г.Т, түүний дүү Г.Тунгалаг нартай 45/14 тоот зээлийн гэрээ байгуулж, төлбөрийг эргэн төлөх хуваарьт заасан хугацаанаас хожимдуулсан тохиолдолд үндсэн зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцсон байна. /хх 8-10/

 

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Баянгол дүүрэгт байрлах 39.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалж барьцааны гэрээ байгуулж, гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг зээлдэгч Г.Тунгалагийн хүсэлтээр түүний үүсгэн байгуулсан гэх “Ган Тус” ХХК-ийн дансанд шилжүүлсэн, гэрээний хугацаа дуусахаас өмнө хамтран зээлдэгч Г.Тунгалаг нас барсан үйл баримт тогтоогджээ. /хх 6-7, 25 /

 

Анхан шатны шүүх талуудыг гэрээ байгуулсан эсэх, тэдгээр гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй гэж дүгнээд зээлийн болон барьцааны гэрээ тус бүрийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн нь зөв байна. Улмаар зээлдэгч Г.Таас үндсэн зээл 16 696 000 төгрөг, хүү 6 878 751 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 997 308 төгрөг, нийт 24 570 059 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 366 510 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Зээлдэгч нар гэрээгээр тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг тогтмол хугацаанд төлөх үүргээ зөрчсөн нь хэрэгт авагдсан зээл, хүүгийн дэлгэрэнгүй тооцоолол, төлбөр төлөх хугацаа болсон талаарх мэдэгдэл, талуудын тайлбараар тогтоогдсон тул зээлдүүлэгч гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. Харин зээлдэгч Г.Тын тухайд зээл болон барьцааны гэрээг өөрийн дүүд туслах зорилгоор байгуулсан боловч гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг бодитоор хүлээн аваагүй, түүнийг захиран зарцуулаагүй, “Ган тус” ХХК-ийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор тус компанийн дансанд шилжсэн, уг компанийн ажлыг мэдэхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч “Рилайнс” ХХК нь зээлдэгч /нас барагч Г.Тунгалаг/-ийн хүсэлтээр зээлийн 18 000 000 төгрөгийг “Ган тус” ХХК-ийн Хаан банк дахь нэрийн дансанд шилжүүлсэн талаар маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгчийн зөвшөөрсөн буюу нэрлэн заасан этгээдэд бодитоор хүлээлгэн өгсөн гэж үзнэ.

 

Зээлийн гэрээний хувьд бол хамтран зээлдэгч нар хамтран үүрэг гүйцэтгэхээр зээлийн гэрээг байгуулсан тохиолдолд зээлийн мөнгөн хөрөнгийг тэдгээрийн хэн аль нь авах эрхтэй ба Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.3 дахь хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгүүлэгч нар болно. Энэ агуулгаар дүгнэн үзвэл зээлдүүлэгч нь аль нэг зээлдэгчийн хүсэлтэд дурдсан дансанд зээлийг шилжүүлснээр өөрийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүргийг гүйцэтгэсэн гэж үзэх тул зээлдэгч буюу хариуцагч Г.Тын гаргасан “мөнгөн хөрөнгийг бодитоор хүлээн аваагүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Иймд зээлдүүлэгч “Р” ХХК нь зээлийн төлбөрийг буцаан төлөх үүргийг гүйцэтгүүлэхээр хариуцагч Г.Тд холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасантай нийцэх юм. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний төлбөрийг буцаан төлөх үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд нэхэмжлэгч аль ч үүрэг гүйцэтгэгчээс зээлийг нэхэмжлэх эрхтэй бөгөөд хэргийн нөхцөл байдлаас шалтгаалж зээлдэгч Г.Таас шаардсан нь буруу биш.

 

Харин Г.Тын хувьд хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хооронд зээл төлөх асуудлаар маргаан байгаа гэж үзвэл үүргийг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ган тус” ХХК, барьцааны зүйлийн өмчлөгч Т.Батмагнай, Б.Цолмон нарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар хүсэлт гаргасан, уг ажиллагаа хийгдээгүй гэх агуулгаар гаргасан Улсын Дээд шүүхийн тогтоолын биелэлт хангагдаагүй гэж давж заалдах гомдолд дурджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь Т.Батмагнай, Б.Цолмон нарыг гуравдагч этгээдээр болон гэрчээр оролцуулах хүсэлтээсээ татгалзсан талаар бичгээр илэрхийлсэн, шүүх хуралдааны явцад хуралдаан даргалагч “Ган тус” ХХК, Т.Батмагнай, Б.Цолмон нарыг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтээс татгалзсан эсэхийг тодруулж асуухад, хүлээн зөвшөөрсөн хариулт хэлсэн нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байна. /хх137, 179/

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Г.Тын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/03269 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 351 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                    Т.ТУЯА