Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2019/01080

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж, ЗДТГ-т оршин байрлах СБД ОНӨААТҮГ/Регистрийн дугаар:5486599/-т холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 8.893.375 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Иш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түмэнбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СБД ОНӨААТҮГ нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/02744 дүгээр шийдвэр, Нийслэлийн  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2018/00435 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2018/00913 дугаар тогтоолуудыг биелүүлэхгүй байсан тул миний бие 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “СБД” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын удирдлагуудтай уулзаж 11.921.103 төгрөгийн цалинг олгоно уу гэж хүсэлт гаргасан. Гэвч тус байгууллага нь 3.027.758 төгрөгийг олгосон. Энэ олгосон 3.027.758 төгрөг нь 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх миний ажилгүй байсан хугацааны цалин бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 8.893.375 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Бын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд анхан шатны шүүхээс 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 06 дугаар сарын 19-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 811.564 төгрөг, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс уг мөнгөн дүнг нэмэгдүүлж 3.027.758 төгрөг, хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэж шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2018/00913 тоот шийдвэрийн дагуу тухайн өдрөөр ажилд эгүүлэн томилсон тушаалыг гаргасан. Мөн шүүхийн шийдвэрт заасан 3.027.758 төгрөгийг С.Бын Хас банкны 5002599779 тоот данс руу шилжүүлсэн. “Сүхбаатар Дэвшил” ОНӨААТҮГ-ын зүгээс С.Бын нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гаргасан шүүхийн шийдвэрийг бүрэн хэрэгжүүлсэн тул нэмж төлөх төлбөрийн асуудал байхгүй болно. Тухайн үед шийдвэрлэгдэж дууссан байхад нэмж мөнгө нэхэмжилж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй юм.

С.Бын ажилд орох тушаал, шийдвэр нь гарсан 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн уг ажилтантай холбоо барихаар ажил хүлээлцэх комиссын гишүүд утсаар нь удаа дараа залгаж, бүртгэлтэй гэрийн хаягаар удаа дараа очсон. Мөн С.Бын эхнэрийн найз гэх Шинжлэх ухаан Технологийн сургуулийн багшаар дамжуулан “эхнэрт нь хэлээд өгөөч” гэсэн хүсэлт гаргасны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр С.Б ажил олгогчтой ирж уулзсан. Ирж уулзахдаа энэ байгууллагад ажиллах боломжгүй гэсэн өргөдөл бичсэн. Эдгээрээс харахад ажилтан С.Б нь тухайн байгууллагад ажиллах ямарч сонирхолгүй, санаатайгаар ажил олгогчтой очиж уулзахгүйгээр шүүхийн шийдвэр биелүүлээгүй, ажилд томилоогүй мэтээр нэмж мөнгө нэхэмжилж байгаа нь хууль бус бөгөөд манай байгууллагын зүгээс ажиллах боломж, бололцоог бүрдүүлсэн байсан. Мөн Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заалтын дагуу С.Б нь гүйцэтгэх захирлын Б/31, Б/79 тоот тушаалуудад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Ажилд томилох тушаал нь гарсан байхад ажилдаа ирээгүй, ажилласан цаг бүртгэгдээгүй тохиолдолд тухайн хугацааны цалин хөлсийг олгох үндэслэлгүй болно.

Иймд дээрх 2 үндэслэлийн улмаас С.Бын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигч талуудаас гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч СБД ОНӨААТҮГт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 8.893.375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/31 тоот тушаалаар  нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон ч нэхэмжлэгч өөрөө ирээгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/02744 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч С.Быг “СБД” ОНӨААТҮГ-ын Захиргаа санхүү хариуцсан тасагт эрх зүйн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 3,027,758 төгрөгийг гаргуулж С.Бад олгож, С.Бын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг “СБД” ОНӨААТҮГ-т даалгаж шийдвэрлэжээ. Дээрх шийдвэр 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх 6-16/ 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд “СБД” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/31 дугаартай тушаалаар С.Быг тухайн өдрөөс эхлэн тус газрын Захиргаа, санхүүгийн тасагт эрх зүйн мэргэжилтнээр эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 3,027,758 төгрөгөөс илүү олгосон ээлжийн амралтын олговор 63,643 төгрөгийг суутгаж, 2,964,115 төгрөгийг олгожээ. /хх 27/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж зохицуулсан.

 

Нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан өдрөөс ажилд эгүүлэн томилсон өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговрыг шаардсан нь ажилгүй байсан хугацаанд хамаарах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болдог тул давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхийг хэрэгжүүлэх хугацаа нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

“СБД” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/31 дугаартай тушаалаар С.Быг тухайн өдөр урьд эрхэлж байсан ажилд нь томилсон гэж үзэхээр байх тул ажилгүй байсан хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тооцоход ажлын 143 хоног байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/02744 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчид ажлаас халагдсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны олговрыг олгохдоо сарын дундаж цалин хөлсийг 671,114 төгрөгөөр тооцжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар нэгэнт тогтоогдсон үйл баримт тул түүнийг дахин нотлохгүй.

Нэг сарын дундаж цалин 671,114 төгрөгийг 21,5 хоногт хуваахад 1 өдрийн дундаж цалин 31,214 төгрөг байна. Үүнийг 143 хоногоор үржүүлэхэд нийт 4,463,602 төгрөг байна.

Харин үндэслэлгүйгээр ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шийдвэрийг ажил олгогч уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрийн дараагийн ажлын өдөрт багтаан биелүүлэх үүрэгтэй бөгөөд ажил олгогчоос 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр С.Быг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох тухай шийдвэр гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т нийцсэн байна.

Нэхэмжлэгчээс ажил олгогч уг шийдвэрийг гаргасан талаар мэдэгдээгүй, улмаар бодитоор ажилд эгүүлэн тогтоогоогүй гэж тайлбарлаж байх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт энэ хуулийн 103.1-д заасан хугацаанд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч албадан гүйцэтгэх тухай мэдэгдлийг ажил олгогчид хүргүүлж, тогтоосон хугацаанд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд энэ хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн өөрийнх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тэрээр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилдаа очоогүйгээс гадна бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй, холбогдох холбооны хэрэгслээ ашиглаагүй болох нь тогтоогдож байх тул ажил олгогч нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ажилд эгүүлэн томилсон шийдвэр гаргаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан бүх хугацаанд 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаа хамаарахгүй. 

 

Дээрх үндэслэлээр хариуцагч СБД ОНӨААТҮГ-аас 4,463,602 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Бад олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,429,773 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй тул С.Бын ажилгүй байсан 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг зохих журмын дагуу тооцон дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан СБД ОНӨААТҮГ-аас 4,463,602 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Бад олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,429,773 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 43.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Бын ажилгүй байсан 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг СБД Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157.244 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагчаас 86,368 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Бад олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ч.БАТЧИМЭГ