Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/84

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Р.Очирсүрэн /Сонгинохайрхан дүүргийн прокурор/,

шүүгдэгч ********** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2208034101957 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эмээ, дүү нарын хамт *******,******* тоотод оршин суух,

- урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 364 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 45.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

- Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 45.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, *******, /РД: /.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч нь 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр буюу 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гүрэн” хоолны газрын тогооч З.Цэвээннямд “Гор газ” ХХК-ний ажилтан байна, газын баллоныг авч явах хэрэгтэй байна” хэмээн хуурч, тус компанийн лого бүхий гадуур хувцсыг өмсөж очин бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан тус хоолны газраас 60 литрийн багтаамж бүхий газын баллоныг залилан мэхлэн авч “Гор газ” ХХК-нд 210.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо, 12-р байрны урд байрлах автомашины ил зогсоолын манаач *******д “Зам засвараас явж байна 42-79 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн ачааны тэвшин дээр байгаа 4 ширхэг газын баллоныг авах гэсэн юм” гэж худал хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, ******* эзэмшлийн 42-79 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн ачааны тэвшин дээр байсан 640.000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг газын баллоныг залилан авсан,

- Мөн 2022 оны 08 сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 6-р хороо, 59-р байрны 1-р давхарт үйл ажиллагаа явуулдаг “Тенан Калби” Солонгос хоолны ресторанаас “танайх хугацаа дууссан баллон ашиглаж байх тул сольж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Хийн тулга” ХХК-нд 375.000 төгрөгийн хохирол учруулан залилан мэхэлж бусдад нийтдээ 1.225.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********** мэдүүлэхдээ: “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарын хохирлыг барагдуулах хүсэлтэй байна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү..” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Цагдаагийн байгууллагад 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 3 дахь тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******:

“...Би “Гор газ” ХХК-ны нягтлан бодогч байгаа юм. Манай байгууллага нь ахуйн хэрэглээний газ болон автомашины газ мөн газын баллон сэлбэг хэрэгсэл худалдан борлуулдаг юм. Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Титэм Плаза” төвийн 2 давхарт байдаг “Гүрэн” нэртэй хот пот ресторанд ахуйн хэрэглээний газ нийлүүлдэг. “Гүрэн” ресторан нь ахуйн газ дуусахаар манай байгууллагын утсанд хандаж газ дууссан талаар дуудлага өгдөг. 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Титэм Плаза” дотор байрлах “Гүрэн” ресторанаас залгаад газ дууссан гэж дуудлага өгөхөөр нь манай байгууллагын борлуулагч ажилтан очсон байсан. Уул нь “Гүрэн” ресторанд 14 литрийн 2 ширхэг газын баллон ашиглаж байсан ба тэр 2 ширхэг баллон бол манай байгууллагын өмч бөгөөд манай байгууллагаас “Гүрэн” ресторанд 14 литрийн 2 ширхэг баллон тавьж өгсөн. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр манай байгууллагын газ хүргэлтийн ажилтан “Гүрэн” ресторанд очиж газ солиод баллон авах гэсэн чинь тухайн байгууллагын ажилтан нь “танай байгууллагын ажилтан манай байгууллагаас газын баллон аваад явсан” гэж хэлсэн байсан. Уул нь манай байгууллагаас газын баллон “Гүрэн” ресторанаас аваагүй. Хүргэлтийн ажилтантай орой ажил тарах үед баллоны тооцоо хийхэд 1 баллон дутуу байхаар нь асуухад “Гүрэн” рестораны ажилтанд 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүн худлаа хэлээд газын баллон авч явсан гэж хэлсэн. “Гүрэн” ресторанд байсан гэх баллон нь манай байгууллагын газын баллон байгаа юм. Манай байгууллага нь “Гүрэн” ресторанд газын баллон тавьж өгсөн. Манай компанийн зүгээс гомдолтой байх тул хуулийн дагуу шийдэж өгнө үү... ” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 5-6,16-17 дахь тал /,

Гэрч *******:

“...2022 оны 06 дугаар сарын сүүлээр намайг ажил дээрээ байж байхад 14 цагаас 15 цагийн хооронд үл таних 30 орчим насны эрэгтэй хүн ирээд “би “Гор газ” компаниас явж байна. Танай байгууллага дээр байгаа газын баллоныг яаралтай солих хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гал тогооны өрөө лүүгээ ороод газын баллоноо тухайн хүн өгсөн. Тэгээд тухайн хүн газын баллоныг аваад гараад явсан. Тэгээд тухайн өдрөөс хойш 2-3 хоногийн дараа “Гор газ”-ын ажилчид ирээд “газын баллоноо сольж өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “юу яриад байгаа юм бэ танай ажилчин 2-3 хоногийн өмнө ирж авсан” гэж хэлэхэд “манай байгууллага ирж аваагүй” гэж хэлээд байсан. Тэгээд байгууллагын дарга болох Нандин-Эрдэнэд хэлэхэд бид хэд залилуулсан талаар мэдсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Ц-1517 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 38-40 дахь тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 101-104 дэх тал/,

Хохирогч *******:

“...Би Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо, 12-р байрны урд байрлах төлбөртэй зогсоолд өөрийн тээврийн хэрэгслээ байрлуулдаг юм. 2022 оны 07 дугаар сарын 10-ний өдөр тухайн зогсоол дээр өөрийн 4279 УНК улсын дугаартай “Тоёота Хино” маркийн тээврийн хэрэгслээ байрлуулсан. Ингээд 2022 оны 07 дугаар сарын 14-ний орой 20 цагийн үед ажилдаа гарах гээд тээврийн хэрэгсэл дээрээ ирэхэд ачаан дээр байсан 4 ширхэг газын баллон байхгүй байсан. Тэгээд тухайн зогсоолын манаачаас асуухад “өчигдөр буюу 07 дугаар сарын 13-ны өдөр 1 залуу ирээд аваад явсан” гэж хэлсэн. Алдсан эд зүйлийн тухайд 30кг бүхий 4 ширхэг ашиглаж байсан газын баллон байсан, 1 ширхэг нь 160.000 төгрөгийн үнэтэй бөгөөд тухайн баллонуудыг сарын өмнө 640.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 110-111 дэх тал/,

Гэрч *******н:

“...Би Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо, 12-р байрны урд талын төлбөртэй зогсоолд манаачаар ажилладаг. Тухайн төлбөртэй зогсоолд зам ангийн компанийн газын баллон ачсан ачааны автомашин байнга ирж тавьдаг байсан. 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед 20 гаран насны туранхай биетэй өндөр шар залуу намайг 00 явсан хойгуур намайг хүлээж байгаад надтай уулзаад “юм авах гэсэн юм” гэж хэлэхээр нь “юу авах гэсэн юм” гэсэн чинь “газын баллон авах гэсэн юм” гээд зогсоолд байсан ачааны автомашины дээр байсан 4 ширхэг газын баллоныг тайлж аваад такси бариад явсан. Тэр залуу өөрийгөө тухайн зам ангид ажилладаг гэхээр нь би итгээд өгч явуулсан чинь 2022 оны 07 дугаар сарын 14-ний орой 21 цагийн үед зам ангийн компанийн хүмүүс ирээд “баллон алга болсон байна” гэж хэлэхээр нь би болсон явдлыг хэлсэн. Би тэр газын баллон авч явсан залууг танихгүй, одоо харвал танина 170 см өндөртэй, туранхай биетэй, шар цараатай, монхор дуу хамартай 20 орчим насны залуу хүн байсан. Тэр залуу намайг байхгүй байх хооронд аваад явах боломж байсан боловч намайг хүлээж байгаад газын баллон авч явсан болохоор нь тухайн зам ангийн хүн юм байна гэж бодоод итгээд өгч явуулсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 118-119 дэх тал/,

Гэрч :

“...Би тухайн өдөр өөрийн төрсөн охин болох Ганчимэгийн хамт таксинд явж байхад Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лаурис” зочид буудлын ард талд 20-25 насны орчим үл таних эрэгтэй хүн гараа өргөөд зогсож байсан тэгээд тухайн хүн дээр очоод зогсоод тухайн хүн миний 43-05 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суусан тэгээд тухайн хүн “эгчээ ийшээ эргээд замаараа юм аваадахъя” гэж хэлсэн тэгээд тухайн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах авто зогсоол дээр очсон тэгээд тухайн зогсоод дээр очоод миний тээврийн хэрэгсэлд 3-4 ширхэг улбар шар өнгөтэй газын баллон ачсан тэгээд тухайн хүн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 7-н буудалд байдаг газ зардаг дэлгүүр явна гэж хэлсэн. ...удалгүй тухайн үл таних хүн гарч ирээд “за болчихлоо эгчээ хотын төв орно” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 121-122 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч :

“...Миний бие 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр өөрийн ажил болох Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Дашваанжил” ХХК ажил дээрээ байж байтал 13-15 цагийн орчимд үл таних 25-30 насны орчим залуу орж ирээд “ахаа надад 4 ширхэг газын баллон байна худалдаж авах уу” гэж асуусан. Тэгээд “ямар үнэтэй юм” гэж асуухад “та хэдэд авах юм” гэж надаас асуухаар нь би “1 ширхгийг нь 75.000 мянган төгрөгөөр авъя” гэж хэлсэн. Тэгээд би ажлын эгч болох Оюунаа эгч рүү залгаад “эгчээ 4 ширхэг газын баллон зарна гээд нэг хүн ороод ирлээ яах уу” гэж асуухад “яадаг хүн” гэж асуусан. Тэгэхээр нь би “уурхайд ашиглаж байсан баллон гэнээ” гээд хэлэхэд “за за тэгээд тухайн хүнийхээ бичиг баримтыг тэмдэглэж аваарай” гэж хэлсэн. Тэгээд би тухайн хүнд “ширхэг газрын баллоныг чинь 75.000 мянган төгрөгөөр нийт 300.000 мянган төгрөгт авъя чи надад иргэний үнэмлэхээ канондож ир” гэж хэлсэн. Тэгсэн тухайн хүн “за” гэж хэлээд гарч яваад иргэний үнэмлэхийн хуулбараа өгөөд тухайн 4 ширхэг газын баллоноо надад өгөөд бэлнээр 300.000 мянган төгрөг аваад явсан. Би тухайн хүнийг өмнө нь харж байгаагүй, тухайн хүн нь 170-75 см орчимтой, 30 орчим насны, шар царайтай, үсээ баруун тал руугаа унагаасан байталтай эрэгтэй хүн байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 127-128 дахь тал/,

Эд зүйлийг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтаст 141-143 дахь тал/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 137-138 дахь тал/,

Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн шуурхай дуудлагын хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 183-184 дэх тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч :

“...Би “Хийн Тулга” ХХК-ны борлуулалтын ажилтан бөгөөд манай байгууллагын үйл ажиллагааны чиглэл нь баллонтой газ худалдан борлуулах болон сэлбэг хэрэгсэл нийлүүлдэг юм. Манай байгууллага нь зоогийн газар болон бусад аж ахуй нэгж байгууллагад баллонтой газ хэрэгтэй үед хүргэлтээр өгч баллон ашиглуулж газаа худалдан борлуулдаг. Баянгол дүүргийн 6-р хороо, 59-р байранд үйл ажиллагаа явуулдаг “Тенэн калби” нэртэй Солонгос хоолны газарт манай байгууллага 50л баллонтой газ 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүргэж өгсөн ба манай байгууллага тус хоолны газар 2 дахь өдөр болон хагас сайн өдөр баллонтой газ нийлүүлж хүргэж өгдөг. 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр над руу “Тенэн калби” нэртэй Солонгос хоолны газраас залгаад надад хандаж “нэг хүн ирэхээр нь танай байгууллагын ажилтан байна гэж бодсон. Тэр хүн баллонтой газ залилаад аваад явчих шиг боллоо танай байгууллагын хүн манай баллоныг авч явсан уу” гэж надаас асуусан тэр үед нь би түүнд хандаж “үгүй тийм юм байхгүй” гэж хэлсэн. Тэр үед манай байгууллагын өмч болох 50л баллонтой газыг үл таних хүн авч явсан байсан. Баллонтой газны баллон нь манай байгууллагын өмч, харин газ нь тэр байгууллага худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 244-245 дахь тал/,

Гэрч **********:

“... тэр эрэгтэй газ шалгачхаад “танайх 4 газтай юм байна 1 газны чинь хугацаа дуусчихсан байна би хугацаа дууссан газ аваад явлаа буцаагаад сольж өгнө” гэхээр нь би 50 кг баллонтой газаа өгөөд явуулсан. Тэгээд би буцаад хоолны газраа орж ирээд байж байтал Мөнх-Эрдэнэ “ямар хүн ирсэн бэ” гэхээр нь “газын шалгалтаар явж байна гэнэ 1 газны хугацаа дуусчихсан байна гээд аваад явчихлаа” гэтэл Мөнх-Эрдэнэ “чи юу яриад байгаа юм тийм юм байхгүй газны компани руу залгаад асуу” гэхээр нь би “Хийн Тулга” газны компани руу залгаад “танайхаас газ шалгахаар хүн явуулсан уу” гэхээр гэж асуухад “үгүй” гэсэн ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 196-197 дахь тал/,

2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Э.Дэлгэрмаагийн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 198-199 дэх тал/,

“Дамно” ХХК-ий 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн БГ2-22-1498 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 207-208 дахь тал/,

Шүүгдэгч ийн: “...өөрийн хийсэн гэмт үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 4 дэх тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.  

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч нь үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, нийт 885.000 төгрөгийг гаргуулж, нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгох” гэсэн дүгнэлтийг гаргав. 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч нь:

2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гүрэн” хоолны газрын тогооч З.Цэвээннямд “Гор газ” ХХК-ний ажилтан байна, газын баллоныг авч явах хэрэгтэй байна” хэмээн хуурч, тус компанийн лого бүхий гадуур хувцсыг өмсөж очин бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан тус хоолны газраас 60 литрийн багтаамж бүхий газын баллоныг залилан мэхлэн авч “Гор газ” ХХК-нд 210.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Жавзандулам, гэрч 3.Цэвээнням нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Ц-1517 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар,

- Мөн 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо, 12-р байрны урд байрлах автомашины ил зогсоолын манаач *******д “Зам засвараас явж байна 42-79 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн ачааны тэвшин дээр байгаа 4 ширхэг газын баллоныг авах гэсэн юм” гэж худал хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, ******* эзэмшлийн 42-79 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн ачааны тэвшин дээр байсан 640.000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг газын баллоныг залилан авсан болох нь хохирогч Д.Ганболд, гэрч *******, Д.Нарантуяа, иргэний нэхэмжлэгч Г.Наранцогт нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр,

- Мөн 2022 оны 08 сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 6-р хороо, 59-р байрны 1-р давхарт үйл ажиллагаа явуулдаг “Тенан Калби” Солонгос хоолны ресторанаас “танайх хугацаа дууссан баллон ашиглаж байх тул сольж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Хийн тулга” ХХК-нд 375.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Шижирбаатар, гэрч Ц. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Э.Дэлгэрмаагийн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, “Дамно” ХХК-ий 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн БГ2-22-1498 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн шуурхай дуудлагын хуудас зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах ба ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

“Хуурч” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг ойлгоно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ийг үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “Гор газ” ХХК-д 210.000 төгрөг, хохирогч “Хийн тулга” ХХК-д 375.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Наранцогтод 300.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол төлбөрийг нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгчээс нийт 885.000 төгрөгийг гаргуулж, хохирогч “Гор газ” ХХК-д 210.000 төгрөг, “Хийн тулга” ХХК-д 375.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Наранцогтод 300.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 2 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч ийг үргэлжилсэн үйлдлээр Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, урьд удаа дараа эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч нийгэмшихгүй, хүмүүжихгүй байгаа түүний хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний энэ хэрэгт цагдан хоригдсон 72 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2208034101957 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ийг үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ийг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч д оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 72 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ээс нийт 885.000 төгрөгийг гаргуулж, хохирогч “Гор газ” ХХК-д 210.000 төгрөг, хохирогч “Хийн тулга” ХХК-д 375.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Наранцогтод 300.000 төгрөгийг тус тус олгосугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ