Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/55

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

Улсын яллагч Д.Энхбаяр

Шүүгдэгч Г.Урангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овогт Галбаатарын Урангэрэлд холбогдох эрүүгийн 2309000000010 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нэхмэлчин мэргэжилтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар цэцэрлэгт багш ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 15-43 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хатгин овогт Галбаатарын Урангэрэл. /РД: ЖЮ75121808/

 

Шүүгдэгч Галбаатарын Урангэрэл нь Монгол Улсын Багшийн их сургуулийн харьяа Сургуулийн өмнөх боловсролын цэцэрлэгийн багш мэргэжлээр суралцаагүй байж D200101927 дугаартай бакалаврын дипломыг худалдан авч тусгай зөвшөөрөл, эрх олгосон боловсролын үнэмлэх, “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/19 дугаартай тушаалаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар цэцэрлэгт багшаар томилогдон орохдоо ашигласан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч Г.Урангэрэл шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Өнөрцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би Дорнод аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт 20 дахь жилдээ ажиллаж байна. 2022 онд шиг санагдаж байна. Боловсрол шинжлэх ухааны яамнаас бүх багш нар мэргэжлийн дипломыг шалгах ажлын хэсэг байгуулаад шалгаж эхэлсэн. ... надад ямар нэгэн гомдол санал байхгүй. ... гэжээ. /хх-ийн 116-117 тал/

            Гэрч Я.Номинцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн шалгалтыг Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлэх дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан. ... Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэсэн олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй тайлбар өгөөгүй байгаа мөн Боловсролын мэдээллийн сангийн бүртгэлд боловсролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар буюу pdf файлаар материалаа ирүүлээгүй зөрчлүүд байгаа...” гэжээ. /хх-ийн 54-66 тал/

 

- Монгол Улсын Боловсролын их сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/1208 дугаартай “Галбаатарын Урангэрэлийг төгссөн гэх мэдээлэл олдсонгүй. D200101927 дугаартай диплом нь өөр хүний дээр бүртгэлтэй” гэх албан бичиг /хх-ийн 83-84 тал/

- Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд томилох тухай тушаал /хх-ийн 100 тал/

- Боловсрол, Шинжлэх ухааны яам хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын “ Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт-шинжилгээ хийсэн тухай танилцуулга /хх-ийн 27-51/

-Шүүгдэгч Г.Урангэрэлийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Хатгин овогт Галбаатарын Урангэрэл нь Монгол Улсын Багшийн их сургуулийн харьяа Сургуулийн өмнөх боловсролын цэцэрлэгийн багш мэргэжлээр суралцаагүй мөртөө D200101927 дугаартай бакалаврын дипломыг худалдан авч тусгай зөвшөөрөл, эрх олгосон боловсролын үнэмлэх, “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/19 дугаартай тушаалаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар цэцэрлэгт багшаар томилогдон орохдоо ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Г.Урангэрэлийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Өнөрцэцэг, гэрч Я.Номинцэцэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Боловсрол, Шинжлэх ухааны яам хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын “ Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт-шинжилгээ хийсэн тухай танилцуулга, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоол “Хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай”, Г.Урангэрэлийн D2001001927 тоот бакалаврын дипломын хуулбар гэх, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч Г.Урангэрэлд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, улсын яллагчийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг боловсролын үнэмлэх, диплом хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Урангэрэлийг боловсролын үнэмлэх, диплом хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.Урангэрэл нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Өнөрцэцэгт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, надад ямар нэгэн гомдол санал байхгүй ... гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Урангэрэл нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн D2001001927 тоот бакалаврын дипломыг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Г.Урангэрэлийн ЖЮ75121808 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хатгин овогт Галбаатарын Урангэрэлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан боловсролын үнэмлэх, диплом хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Галбаатарын Урангэрэлийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Урангэрэл нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн D2001001927 тоот бакалаврын дипломыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Г.Урангэрэлийн ЖЮ75121808 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Урангэрэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ