Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/75

 

 

 

                              

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Г.Гармаа, шүүгдэгч Т.********, түүний өмгөөлөгч З.Жадамбаа, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ******** овогт ********ын ********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2110007011133 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ******** дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 2 дугаар гудамжны 62 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ******** овогт ********ын ******** /РД: ********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.******** нь 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өөрийн танил М.********тэй фейсбүүкээр холбогдож “...тусгай үүргийн нислэгт нэрийг нь багтааж Англи улсаас Монгол Улсад авчирна, онцгой комисст таньдаг хүн байгаа...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2,500,000 төгрөгийг түүний эхнэр болох Б.*******ийн Хаан банкны 502хххх375 дугаартай данснаас өөрийн Худалдаа Хөгжлийн банкны 410ххх125 дугаарын данс руу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 60-1 дүгээр байрны 37 тоотоос шилжүүлэн авч, хохирогч Б.********д 2,500,000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

 

          Шүүгдэгч Т.********: “...2020 оны 07 дугаар сарын 04-ний үед ******** гэж найз маань надтай холбогдсон. Бид хоёр “Шангри ла”-д хамт ажилладаг байсан. Ээж нь Англи улсад ажиллаж амьдардаг, тухайн улсын иргэн байдаг. Тухайн үед Англи улсаас Монгол Улсад ирэх гээд нэрээ өгсөн ч болохгүй байна гэж байсан. Тухайн үед онцгой комиссын шийдвэрээр хүүхэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүдийг хамгийн түрүүнд авч байсан. Франкфуртаас сард нэг удаа нислэг ирж байсан. Яллах дүгнэлтэд дурдагдаж байгаа “Солонгос улсаас хоёр хүн авч ирсэн гэж хэлж байсан” гэж байгаа нь үнэн. Ямар нэгэн байдлаар худлаа хэлээгүй. Надад онцгой комисст таньдаг хүн байсан уу гэвэл байсан, одоо ч байгаа. Жишээ нь тухайн үед ахалж ажиллаж байсан Ууганбаяр гээд хүмүүс байна, би Ганболд гэж хүний жолооч, хамгаалагчаар 3-4 жил орчим ажилласан. Тухайн үедээ буюу 2008-2012 оны үед олон хүнтэй танилцаж байсан. Би найздаа тусалъя гээд туслаад ийм зүйл болсон. Надад мөнгө зээлүүлээд энэ ажлыг хийгээд өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Би “Гранд плаза”-д нагац эгчийнх нь лангуун дээр очиж энэ ажлыг хийж өгнө, болохгүй бол мөнгийг нь буцааж өгнө гэсэн бичиг хийж өгсөн байдаг. Шүүхээс гэм буруутай гэж үзэх юм бол маргах зүйл байхгүй, 1,280,000 төгрөгийг зээлсэн мөнгөнөөсөө төлсөн байгаа. Эрүүгийн хэрэг мөн эсэх, залилах гэмт хэрэг мөн эсэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр иргэний шүүхээр шийдвэрлүүлж болох болов уу гэсэн бодол төрж байна...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Б.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай нөхөр Ганбаатарын ******** нь 2019 оны 08 дугаар сард Англи улс руу явсан, 2020 оны 07 дугаар сард буцаж ирэх гэсэн Ковид-19 цар тахлын улмаас Монгол Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Монгол улсын хилийг хаасан, зөвхөн тусгай үүргийн нислэгээр гадаад улсаас Монгол улсдаа хүмүүс ирж байсан, манай нөхөр албан ёсоор хүсэлтээ элчин сайдын яаманд гаргасан, тэгээд шийдэгдэхгүй болохоор нь өөрийнхөө танил ********тэй холбогдсон юм байна лээ, ******** тухайн үед манай нөхрийг тусгай үүргийн нислэгт багтаана, Монгол Улсад оруулж ирнэ, онцгой комисст таньдаг хүн байгаа гэж хэлсэн гэсэн. Манай нөхөр над руу холбогдоод Худалдаа хөгжлийн банкны 410033125 дугаартай ******** гэх хүний дансыг явуулаад 2,500,000 төгрөг шилжүүлчих, дараа нь үлдэгдэл 2,500,000 төгрөг авна гэж байна гэж надад хэлэхээр нь би итгээд гэртээ буюу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ******** тоотод байхдаа өөрийн данснаас ******** гэх хүний данс руу 2,500,000 төгрөгийг “Zeelew” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн, түүнээс хойш хоёр удаа тусгай үүргийн онгоцоор хүмүүс ирсэн бөгөөд манай нөхрийн нэр байгаагүй, ...3 удаагийн нислэгээр манай нөхөр бүртгүүлсэн дарааллын дагуу Элчин сайдын яамнаас холбогдож тэр хүний ямар нэг оролцоогүйгээр 2020 оны 09 дүгээр сард Монгол Улсдаа ирсэн, ********гээс мөнгөө авахаар холбогдоход янз бүрийн шалтаг шалтгаан хэлсээр байгаад өдий хүрсэн...” /хавтас хэргийн 27 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Г.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 08 дугаар сард Англи улс руу сурч, ажиллах зорилгоор явсан. ...Удалгүй Ковид-19 цар тахал гарч ажилгүй, сургуульгүй болсон, тэгээд Монгол Улс руу буцах гэхэд хил хаасан байсан учир боломжгүй, зөвхөн тусгай үүргийн нислэгээр явах боломжтой байсан. ...Тэгээд би Англи улс дахь элчин сайдын яаманд Монгол улс руу явах хүсэлтээ 2020 оны 04 дүгээр сард гаргасан, 3 сар орчим хүлээгээд бүтэхгүй байсан бөгөөд 2-3 нислэг явсан ч миний нэр орохгүй байсан. Тэнд хүмүүсээс таньдаг хүнтэй яривал хурдан нэр нь ороод буцна гэх яриаг сонсож хуучин Монгол Улсад хамт ажиллаж байсан ********тэй фейсбүүк чатаар холбогдож Монгол Улс руу буцах хүсэлтэй байгаа талаараа хэлэхэд би нэг хүнээс асууж өгье, Солонгос улсаас хоёр хүнийг тусгай үүргийн нислэгээр авчруулсан хүнээс асуугаад үзье ...гэж хэлсэн, тэгээд хэд хоногийн дараа болохоор чи материалаа бүрдүүлээд явуул гэсэн, би холбогдох материалаа бүрдүүлээд файл хэлбэрээр ******** рүү явуулсан, мөн эмээ Даваа нь өндөр настай учир хорооны тодорхойлолт бичиг баримтыг нь ******** өөрөө очиж манай эгчээс авсан, тэгээд удахгүй нэрийг чинь тусгай үүргийн нислэгт оруулна, нийт 5,000,000 төгрөг болно, тусгаарлалтын мөнгө нь тусдаа тэрийг нь өөрөө даагаарай гэсэн, би за гэж зөвшөөрөөд 2,500,000 төгрөгийг одоо өгье, үлдэгдэл 2,500,000 төгрөгийг нь Монгол Улсад очиж байгаад өгье гэж хэлсэн, тэгэхэд ******** цаад хүмүүс нь нэр чинь орчихвол үлдэгдэл мөнгөө нэхнэ гэсэн, би тэгэхэд нь за тэгвэл нэр орчихвол болно гэсэн. Тэгэхэд ******** надад урьдчилгаа 2,500,000 төгрөгийг өг гэхээр нь дансыг нь авч эхнэр ********д энэ талаар хэлж тайлбарлан мөнгийг нь шилжүүлчих гэсэн. ...Мөнгө авснаас хойш хоёр сарын хугацаанд хоёр тусгай үүргийн нислэгт миний нэр багтаагүй. ...2020 оны 09 дүгээр сард Англи улсын элчин сайдын яамнаас холбогдож хүсэлт гаргасан байна, явах хүсэлтэй хэвээрээ байгаа юу гэж надаас асуухаар нь зөвшөөрч 2020 оны 09 дүгээр сарын 15-ны нислэгээр ирсэн, энэ асуудалд ********гийн ямар нэгэн оролцоо хамаарал байхгүй...” /хавтас хэргийн 29-30 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Т.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Г.********ийн эгч С.Лхагвасүрэн гэх хүнээс Г.********ийн иргэний үнэмлэхийн хуулбар гадаад паспорт болон иргэний үнэмлэхийн хуулбарыг авч Улсын Онцгой комиссын шуурхай штабын хүсэлт хүлээн авах ажилтнуудад хэд хэдэн удаа өгч байсан. ...********ийг ирүүлэхийн тулд би 2020 оны 07 дугаар сараас хойш 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 3-4 удаа материал аваачиж өгсөн...” /хавтас хэргийн 109-110 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Өргөдөл  /хавтас хэргийн 19 дэх тал/,

- Хохирогч Б.*******ийн Хаан банкны дансны хуулга /хавтас хэргийн 64 дэх тал/,

- Фейсбүүк мессенжерээр харилцсан зурвасын хуулбар /хавтас хэргийн 65-80 дахь тал/,

- Т.********гийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хавтас хэргийн 95-98 дахь тал/,

- Улсын онцгой комиссын нэгдэн шуурхай штабын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 397 дугаартай албан бичиг /хавтас хэргийн 114 дэх тал/,

- Шүүгдэгч Т.********гийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 35 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 36 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 48 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 34 дэх тал/,  зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Т.******** нь 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өөрийн танил болох М.********тэй фейсбүүкээр холбогдож “...тусгай үүргийн нислэгт нэрийг нь багтааж Англи улсаас Монгол Улсад авчирна, онцгой комисст таньдаг хүн байгаа...” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж 2,500,000 төгрөгийг түүний эхнэр болох Б.*******ийн Хаан банкны 502хххх375 дугаартай данснаас өөрийн Худалдаа Хөгжлийн банкны 410ххх125 дугаарын данс руу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 60-1 дүгээр байрны 37 тоотоос шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч Б.*******ийн “...Манай нөхөр Ганбаатарын ******** нь 2019 оны 08 дугаар сард Англи улс руу явсан бөгөөд 2020 оны 07 дугаар сард буцаж ирэх гэхэд Ковид-19 цар тахлын улмаас Монгол Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу хил хаасан зөвхөн тусгай үүргийн нислэгээр хүмүүс гадаад улсаас Монгол улсдаа ирж байсан байсан манай нөхөр албан ёсоор хүсэлтээ Элчин сайдын яаманд хүсэлтээ гаргасан тэгээд шийдэгдэхгүй болохоор нь өөрийнхөө танил ******** гэх хүнтэй холбогдсон юм байна лээ ******** тухайн үедээ манай нөхрийг тусгай үүргийн нислэгт багтаана, Монгол Улсад оруулж ирнэ онцгой комисст таньдаг хүн байгаа гэж хэлсэн гэсэн. Манай нөхөр над руу холбогдоод Худалдаа хөгжлийн банкны 410033125 дугаартай ******** гэх хүний дансыг явуулаад 2,500,000 төгрөг шилжүүлчих дараа нь үлдэгдэл 2,500,000 төгрөг авна гэж байна гэж надад хэлэхээр нь би итгээд гэртээ буюу Хан-Уул дүүргийн 1-р хороо ******** тоотод байхдаа өөрийн данснаас ******** гэх хүний данс руу 2,500,000 төгрөгийг “Zeelew” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн юм түүнээс хойш хоёр удаа тусгай үүргийн онгоцоор хүмүүс ирсэн бөгөөд манай нөхрийн нэр байгаагүй, ...3 удаагийн нислэгээр манай нөхөр бүртгүүлсэн дарааллын дагуу Элчин сайдын яамнаас холбогдож тэр хүний ямар нэг оролцоогүйгээр 2020 оны 09-р сард Монгол Улсдаа ирсэн, ********гээс мөнгөө авахаар холбогдоход янз бүрийн шалтаг шалтгаан хэлсээр байгаад өдийг хүрсэн...” /хавтас хэргийн 27 дахь тал/ гэсэн,

Гэрч Г.********ийн: “...2019 оны 08 дугаар сард Англи улс руу сурч, ажиллах зорилгоор явсан. ...Удалгүй Ковид-19 цар тахал гарч ажилгүй, сургуульгүй болсон тэгээд Монгол Улс руу буцах гэхэд хил хаасан байсан учир боломжгүй, зөвхөн тусгай үүргийн нислэгээр явах боломжтой байсан. ...Тэгээд Англи улс дахь элчин сайдын газарт би Монгол улс руу явах хүсэлтээ 2020 оны 04 дүгээр сард гаргасан юм тэгээд 3 сар орчим хүлээгээд бүтэхгүй байсан бөгөөд 2-3 нислэг явсан ч миний нэр орохгүй байсан. Тэнд хүмүүсээс таньдаг хүнтэй яривал хурдан нэр нь ороод буцна гэх яриаг сонсож хуучин Монгол Улсад хамт ажиллаж байсан ********тэй фейсбүүк чатаар холбогдож Монгол Улс руу буцах хүсэлтэй байгаа талаараа хэлэхэд би нэг хүнээс асууж өгье, Солонгос улсаас хоёр хүнийг тусгай үүргийн нислэгээр авчруулсан юм хүнээс асуугаад үзье ...гэж хэлсэн тэгээд хэд хоногийн дараа болохоор чи материалаа бүрдүүлээд явуул гэсэн тэгээд би холбогдох материалаа бүрдүүлээд файл хэлбэрээр ******** рүү явуулсан тэгээд мөн эмээ Даваа нь өндөр настай учир хорооны тодорхойлолт бичиг баримтыг нь ******** өөрөө очиж манай эгчээс авсан тэгээд удахгүй нэрийг чинь тусгай үүргийн нислэгт оруулна нийт 5,000,000 төгрөг болно, тусгаарлалтын мөнгө нь тусдаа тэрийг нь өөрөө даагаарай гэсэн би за гэж хүлээн зөвшөөрч 2,500,000 төгрөгийг одоо өгье үлдэгдэл 2,500,000 төгрөгийг нь Монгол Улсад очиж байгаад өгье гэж хэлсэн тэгэхэд ******** цаад хүмүүс нь нэр чинь орчихвол үлдэгдэл мөнгөө нэхнэ гэсэн би тэгэхэд нь за тэгвэл нэр орчихвол болно гэсэн. Тэгэхэд ******** надад урьдчилгаа 2,500,000 төгрөгийг нь өг гэхээр нь дансыг нь авч эхнэр ********д энэ талаар хэлж тайлбарлан мөнгийг нь шилжүүлчих гэсэн. ...Мөнгө авснаас хойш хоёр сарын хугацаанд хоёр тусгай үүргийн нислэгт миний нэр багтаагүй. ...2020 оны 09-р сард Англи улсын элчин сайдын яамнаас холбогдож хүсэлт гаргасан байна явах хүсэлтэй хэвээрээ байгаа юу гэж надаас асуухаар нь зөвшөөрч 2020 оны 09 дүгээр сарын 15-ны нислэгээр ирсэн энэ асуудалд ******** ямар нэгэн оролцоо хамаарал байхгүй...” /хавтас хэргийн 29-30 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч Т.********гийн: “...Би Г.********ийн эгч С.Лхагвасүрэн гэх хүнээс Г.********ийн иргэний үнэмлэхийн хуулбар гадаад паспортын хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг авч Улсын Онцгой комиссын шуурхай штатын хүсэлт хүлээн авах ажилтнуудад хэд хэдэн удаа өгч байсан. ...********ийн ирүүлэхийн тулд би 2020 оны 07 дугаар сараас хойш 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 3-4 удаа материал аваачиж өгсөн...” /хавтас хэргийн 109-110 дахь тал/  мэдүүлгүүд, Б.*******ийн Хаан банкны дансны хуулга /хавтас хэргийн 64 дэх тал/, Фейсбүүк мессенжерээр харилцсан зурвасын хуулбар /хавтас хэргийн 65-80 дахь тал/, Т.********гийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хавтас хэргийн 95-98 дахь тал/, Улсын онцгой комиссын нэгдэн шуурхай штабын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 397 дугаартай албан бичиг /хавтас хэргийн 114 дэх тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх гэсэн шунахайн сэдэлтээр хуурамч мэдээлэл, эд зүйл, бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх, урьдын танил харилцааг ашиглах, итгэл эвдэх, худал амлах зэрэг аргаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлж, өмчлөгч өөрийн хөрөнгийг өөрөө өгөхөд хүргэж, хохирол учруулдаг бөгөөд шүүгдэгч Т.******** нь Г.********тэй хамт ажилладаг байсан урьдын харилцааны явцад бий болсон харилцааг ашиглаж, тусгай үүргийн нислэгт нэрийг нь багтааж Англи улсаас Монгол Улсад авчирна, онцгой комисст таньдаг хүн байгаа гэж төөрөгдөлд оруулан түүний эхнэр Б.********эс 2,500,000 төгрөгийн өөрийн Худалдаа хөгжлийн банкны дансыг ашиглан шилжүүлэн авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Т.******** нь тохиолдлын шинжтэй нөхцөлийн улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг, хохирлыг төлж барагдуулаагүй зэрэг нөхцөлийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******ийн эд хөрөнгөд 2,500,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүхийн шатанд шүүгдэгчээс 1,280,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн гэж 2 хуудас баримт гаргаж өгсөн боловч тухайн баримтад 450,000 төгрөгөөр “uuganhuu-s zeellee tulluu”, 380,000 төгрөгөөр “********-с зээл төлөв”, 450,000 төгрөгөөр ямар нэг тодорхой утгагүйгээр Г.********ийн дансанд шилжүүлсэн байна. Дээрх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, мөн тухайн мөнгийг шүүгдэгч Т.******** хохирогч Б.********д гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлсөн гэж үзэхгүй, хохирогч Б.******** тухайн мөнгийг Г.********ээс хүлээж авсан талаар тодорхойгүй байх тул шүүхээс нотлох баримтаар үнэлж хохирлын зарим хэсэг төлөгдсөн гэж үзэх боломжгүй байна. Иймд гэм буруутай этгээд Т.********гээс 2,500,000 төгрөг гаргуулж, хохирогч Б.********д олгох хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн 2110007011133 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Т.******** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчээс “...Эрүүгийн хэрэг мөн эсэх, залилах гэмт хэрэг мөн эсэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр иргэний шүүхээр шийдвэрлүүлж болох болов уу гэсэн бодол төрж байна...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зохиомол байдлыг зориудаар бий болгосон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг эвдсэн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн санаа зорилго, сэдэл юу байгааг анхаарч үзэх ёстой, ...******** ********тэй харилцаа үүсгэсэн үү, ******** эхэлж харилцаа үүсгэсэн үү гэдгийг анхаарах хэрэгтэй, хохирлыг *******ийн данснаас М.********ээс ********д зээлэв гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн, мөн баталгаа гаргасан байдаг. Одоо тухайн мөнгийг төлж чадаагүй байгаа, гэхдээ тухайн мөнгийг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа, 2023 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр 1,280,000 төгрөгийг ********ийн данс руу зээл төлөв гэсэн утгатайгаар шилжүүлсэн тул 1,280,000 төгрөг төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь шүүгдэгч Т.******** нь дээрх мөнгийг Б.********эс “зээлсэн” гэх боловч өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүйн дээр Т.******** мөнгө авахдаа М.********ийг Англи улсаас ирэх тусгай үүргийн нислэгт нэрийг нь таньдаг хүнээр дамжуулан дараалал дайруулан оруулах, авчруулах талаар хэлж байсан нь хохирогч Б.*******ийн “...Т.******** нь Монгол Улсад ирүүлнэ, ингэхдээ онцгой комисст таньдаг хүн байгаа гэж хэлсэн гэсэн. Манай нөхөр над руу холбогдоод ******** гэх хүний Худалдаа хөгжлийн банкны 410033125 дугаартай дансыг явуулаад 2,500,000 төгрөг шилжүүлчих, дараа нь үлдэгдэл 2,500,000 төгрөг авна гэж надад хэлэхээр нь би итгээд гэртээ байхдаа буюу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ******** тоотод байхдаа өөрийн данснаас Т.******** гэх хүний данс руу 2,500,000 төгрөгийг “Zeelew” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн, түүнээс хойш тусгай үүргийн хоёр ч удаагийн онгоцоор хүмүүс ирсэн боловч манай нөхрийн нэр байгаагүй...” гэсэн, гэрч Б.********ийн “...******** өөрөө манай эгчээс хорооны  тодорхойлолт авсан, тэгээд удахгүй нэрийг чинь тусгай үүргийн нислэгт оруулна, нийт 5,000,000 төгрөг болно, тусгаарлалтын мөнгө нь тусдаа, тэрийг нь өөрөө даагаарай гэхэд нь би зөвшөөрч 2,500,000 төгрөгийг одоо өгье, үлдэгдэл 2,500,000 төгрөгийг нь Монгол Улсад очиж байгаад өгье гэж хэлсэн, тэгэхэд ******** цаад хүмүүс нь нэр чинь орчихвол үлдэгдэл мөнгөө нэхнэ гэсэн, би тэгэхэд нь за тэгвэл нэр орчихвол болно гэсэн. Тэгэхэд ******** надад урьдчилгаа 2,500,000 төгрөгийг нь өг гэхээр нь дансыг нь авч эхнэр ********д энэ талаар хэлж тайлбарлан мөнгийг нь шилжүүлчих гэсэн...” гэсэн, шүүгдэгч Т.********гийн “...нэг хүн оруулж ирэхийн тулд олон хүмүүсээс туслалцаа хүсдэг, ...********ийг ирүүлэхийн тулд ...3-4 удаа материал аваачиж өгсөн...” гэсэн мэдүүлгээр нотлогдох бөгөөд “зээлсэн” гэсэн нь дээрх мэдүүлгээр няцаагдаж байна.

Шүүгдэгч Т.******** нь Г.********ийг ирүүлэх талаар түүний хувийн мэдээлэлтэй холбоотой баримтуудыг Улсын онцгой комиссын бичиг хүргэгчид өгч байсан гэсэн нь Улсын онцгой комиссын нэгдсэн шуурхай штабын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 97 дугаар албан бичигт “Ганбаатар овогтой ******** нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Амар зочид буудалд тусгаарлагдсан. Англи улсаас тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэдийн хүсэлтийг тухайн улсад суугаа манай улсын элчин сайдын яам хүлээн авч, шийдвэрлэж байсан болно.” гэсэн баримтуудаар үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл гадаад улсад байгаа Монгол улсын иргэд Монгол улс руу тусгай үүргийн нислэгээр ирэх тухай хүсэлт, нотлох баримтыг тухайн гадаад улсад үйл ажиллагаа явуулж байгаа Монгол улсын Элчин сайдын яамаар дамжуулан шийдвэрлүүлж байсан бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байсан Улсын онцгой комисс хүсэлт, баримт бичиг хүлээж авдаггүй байсан байна.

Шүүгдэгч Т.******** нь найз Г.********т туслах зорилготой байсан, улмаар тусалсан, үүний хариуд Г.******** Монгол улсад тусгай үүргийн нислэгээр ирсэн гэх боловч энэ талаар шүүгдэгчийн мэдүүлгээс өөр баримтгүйн дээр урьдчилан амлаж, “зээл” гэж шан харамж аваад байгаа үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн шүүгдэгч Т.********д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******** овогт ********ын ********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулсны улмаас эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********ын ********г 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Т.********д шийтгэсэн 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.******** оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.******** /РД: ********, ******** дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 2 дугаар гудамжны 62 тоотод оршин суух хаягтай/-ээс 2,500,000 /хоёр сая, таван зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Б.******** /РД: ********, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, ******** тоотод оршин суух хаягтай/-д олгосугай.

 

6. Эрүүгийн 2110007011133 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Т.******** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР